| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 142/2024/00928/И |
| Дугаар | 001/ХТ2024/00301 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2024/00301
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/00966 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 207/МА2024/00085 дугаар магадлалтай,
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Э” ТӨҮГ-т холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,576,340,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, Б.Нэргүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтүшиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Э” ТӨҮГ-т холбогдуулан худалдах-худалдах авах гэрээний үүрэгт 2,576,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/00966 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Э” ТӨҮГ-аас 2,576,340,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,039,650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Э” ТӨҮГ-аас 13,039,650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 207/МА2024/00085 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/00966 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Г.Л нарын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,039,650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “А” ХХК нь “Э” ТӨҮГ-аас зарласан ЭΥΤӨΥΓ/202201223 тоот “Хүнд даацын өөрөө буулгагч автомашины жолоочийн аюулгүй ажиллагааны иж бүрдэл” нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан тул талуудын хооронд 2023.01.05-ны өдөр 2023/02-20-004 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний 3.2 дугаар зүйлд “бараа нийлүүлэх хугацаа 60 хоног” гэж заасан. Гэрээний хугацаа 2023.03.05-ны өдөр дуусахад “А” ХХК-аас нийт барааны 1/3 хувь буюу 10 ширхэг барааг нийлүүлсэн. Үлдэгдэл 20 ширхэг бараа буюу 2/3 хувийг 2023.05.03-ны өдөр гэрээний хугацаа дууссанаас хойш 60 хоногийн дараа нийлүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 9.1 дүгээр зүйлд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон бодоход 429,190,000 төгрөгийн алдангийг “Э” ТӨҮГ нь “А” ХХК-аас авах ёстой.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “А” ХХК-ийн нэхэмжилсэн алдангийг хангаж шийдвэрлээд, “Э” ТӨҮГ адилхан алданги тооцуулах эрхтэй болохыг огт бодолцохгүй хуулийг ялгавартай хэрэглэж илэрхий алдаа гаргасан.
4.1.Давж заалдах шатны шүүхийн магадлалын 5 дугаар талд “Хариуцагч “Э” ТӨҮГ нь “А” ХХК-ийг тендерт шалгаруулахдаа сонгосон үйлдвэрлэгээс өөр үйлдвэрлэгчийн бараа нийлүүлсэн гэж гэрээний үүргээс татгалзаж байгаа бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ОХУ-ын “Инновационные Ресурсосберегающие технологий” компанийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тухай заагаагүй, харин гэрээний хавсралтад “Панарома” системийн бараа нийлүүлэхээр тусгасан байх ба “SOWA” компанийн “Панарома” системийн иж бүрдэл нийлүүлэгдсэн байна...” гэжээ. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс талууд гэрээ дээр барааны үйлдвэрлэгчийг зааж өгөөгүй тул “А” ХХК-ын нийлүүлсэн “SOWA” компанийн “Панарома” системийн иж бүрдлийг гэрээний дагуу нийлүүлэгдсэн гэж дүгнэжээ. Гэтэл тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 он/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Хамгийн сайн үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно” гэж заасны дагуу “А” ХХК нь тендер сонгон шалгаруулалтад оролцохдоо ирүүлсэн ОХУ-ын “Инновационные Ресурсосберегающие технологий” компанийн үйлдвэрлэдэг “Панорама” жолоочийн аюулгүй байдлын систем нь гэрээний зүйл болсон.
Жолоочийн аюулгүй ажиллагааны системийн үйлдвэрлэгч өөрчлөгдсөнөөр үнийн дүн, зориулалт, техникийн нөхцөл бүгд өөрчлөгдөж байгаа болно. Түүнчлэн тендер шалгаруулалтад танилцуулснаас ондоо бүтээгдэхүүн ирүүлсэн нь тухайн тендерт оролцож шалгарч чадаагүй бусад оролцогч нарын эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болно.
Иргэний хуулийн 252.1 дүгээр зүйлд “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” хэмээн заажээ. Гэтэл “А” ХХК-аас нийлүүлсэн барааны хувьд гуравдагч этгээд болох ОХУ-ын “Инновационные Ресурсосберегающие технологий” компани болон тендерт шалгараагүй бусад компанийн эрх ашиг зөрчигдөж байгаа тул гомдлын шаардлага гаргах эрхтэй байна. /ОХУ-ын “Инновационные Ресурсосберегающие технологий” компани ийм гомдол гаргасан/. Улсын дээд шүүхээс үүнтэй адил төстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2024/00136 тоот тогтоолоор шийдвэрлэхдээ “Иргэний хуулийн дараах зохицуулалтын гол санаа бол биет байдлын тухайн доголдол нь ямар хэмжээтэй байхаас үл хамааран Иргэний хуулийн 251.2, 254.1-д заасан зохицуулалтыг баримтлах боломжтойгоор тусгасан. Энэ нь зөвхөн худалдан авагч талын давуу эрх буюу хязгааргүй эрх юм” гэжээ.
4.2.”Э” ТӨҮГ нь улсын төсөв бүрдүүлэгч байгууллага болохын хувьд 7000 гаруй ажилтан, албан хаагчтай, тус тусын чиг үүрэг бүхий 70 орчим цех, нэгж бүхий үндэсний хамгийн том үйлдвэрлэгч болно. Үйлдвэр нь жилдээ 2000 орчим худалдан авалтыг хуульд нийцүүлэн зохион байгуулдаг. Олон бүтцийн уялдаа холбоо, ажлын ачааллаас шалтгаалж зарим тохиолдолд алдаа гардаг ба “А” ХХК-тай 2023.08.03-ны өдөр үйлдсэн “Гэрээ дүгнэсэн акт” нь алдаатай гарсан. Ийнхүү гэрээ дүгнэсэн акт алдаатай гарсныг мэдмэгц “Э” ТӨҮГ-аас “А” ХХК-д хүчингүй болгож байгаагаа мэдэгдсэн. “А” ХХК актыг хүчингүй болгосонтой холбоотой гомдол, шаардлага гаргаагүй хүлээн зөвшөөрсөн болно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс энэхүү хүчингүй болсон актад үндэслэн “Э” ТӨҮГ нь барааны доголдлыг мэдсээр байж хүлээн авсан тул гомдол гаргах эрхээ алдсан гэж алдаатай дүгнэсэн.
“Э” ТӨҮГ нь “А” ХХК-аас нийлүүлсэн 30 иж бүрдэл системийг /туршилт хийсэн 2-оос бусдыг/ нь өнөөдрийн байдлаар хэрэглээгүй, угсарч суурилуулаагүй бөгөөд тус компанид буцаан авахыг, гэрээнд заасан шаардлагад нийцүүлэн ирүүлэхийг удаа дараа мэдэгдсэн болно.
Мөн Улсын дээд шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 001/XT2024/00136 тоот тогтоолоор ижил төстэй хэргийг “тээврийн хэрэгслийг унаж явах боломжгүй байхад заавал хүлээж авсан, шалгах ёстой гэж тайлбарлаж байгаа нь хууль болоод шударга ёсонд үл нийцнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 255 зүйлийг хэрэглэхдээ хууль болон шударга ёсонд нийцэж буйг харгалзаж үзэх шаардлагатайг дурджээ. Гэтэл манай тохиолдолд “Э” ТӨҮГ нь гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэж буй нь Иргэний хуулийн 252.1-д заасан бусдын эрхийг зөрчсөн, мөн шударга ёсонд үл нийцсэн байна. Энэхүү хүнд даацын автомашины аюулгүй ажиллагааны системийг “Э” ТӨҮГ нь 130 тонны даацтай 24 цагийн тасралтгүй ажиллагаатай “Белаз” маркийн автомашинд суурилуулахаар төлөвлөсөн бөгөөд эдгээр автомашин нь 1 бүр нь хоногт 80 орчим сая төгрөгийн ашигт ажиллагаатай үйлдвэрийн газрын хамгийн гол тоног төхөөрөмжийн нэг юм. Ийм учраас хүнд даацын автомашины аюулгүй байдал, түүнд суурилуулж буй нэмэлт төхөөрөмж нь үйлдвэрийн хувьд онцгой ач холбогдолтой болно.
4.3.Давж заалдах шатны шүүх хуралдаан 2024.08.29-ний өдөр хянан шийдвэрлэгдэхээр товлогдсон. Шүүх хуралдааны зарыг нь 2024.08.22-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтүшигт мэдэгдсэн. Гэтэл 2024.08.29-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн хувьд Улаанбаатар хотод Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхцаж байсан. Тухайн шүүх хуралдааны тов 2024.08.02-ны өдөр буюу давж заалдах шатны шүүх хуралдааны тов гарахаас өмнө нь зарлагдсан болно. Шүүхийн практикт шүүх хуралдаан давхацсан тохиолдолд өмнө нь зарлагдсан хуралдаандаа оролцох, сүүлд зарлагдсан хуралдаандаа хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлан хойшлуулах жишиг нэгэнт тогтсон билээ. Энэ жишгийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтүшиг нь давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтдээ Сүхбаатар дүүргийн шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас, шүүх хуралдааны зарыг товлосон огноог харуулах баримтыг хавсаргасан.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн хүсэлтийг “хуульд нийцэхгүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно” гэж, 34 дүгээр зүйлийн 34.4.5 дахь хэсэгт “Хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд оролцох” гэж заасан байна. “Э” ТӨҮГ нь аливаа хэрэг маргаанд эрх ашгаа хамгаалуулахын тулд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуульч томилдог ба тухайн асуудлаар тодорхой мэдээлэлтэй ажилтныг хамт томилох тохиолдол байдаг. Ийм учраас тус шүүх хуралдаанд хуульч Ц.М, худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Г.Л гэх 2 итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон бөгөөд давж заалдах шатны шүүхээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхисны дараа итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л нь “Би хуульч биш, худалдан авахын мэргэжилтэн, шийдвэрийг сайн ойлгосонгүй, хуульч Ц.Мөнхтүшигийг заавал оролцуулах шаардлагатай байна” гэж тус шүүх хуралдаанд оролцох боломжгүй болохоо тайлбарласаар байтал хүсэлтийг хуульд нийцэхгүй гэх үндэслэлээр хангахгүй орхижээ. Ингэснээр хариуцагч “Э” ТӨҮГ-ийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн алдаатай шийдвэр болсон.
Ийнхүү хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж алдаатай шийдвэр гаргасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.21-ний өдрийн 001/ШХТ2024/01433 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Э” ТӨҮГ-т холбогдуулан худалдах-худалдах авах гэрээний үүрэгт 2,576,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “...Манай компани нь 2023.01.05-ны өдөр “Э” ТӨҮГ-тай хүнд даацын өөрөө буулгагч автомашины жолоочийн аюулгүй ажиллагааны иж бүрдэл нийлүүлэхээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Бид бараа бүтээгдэхүүнийг 2023.03.03-нд 10 ширхэгийг, 2023.05.03-нд үлдэгдэл 20 ширхэгийг бүрэн нийлүүлж, техникийн тодорхойлолтод заасан чанар үзүүлэлтийн шаардлага 100 хувь хангасан бараа бүтээгдэхүүн, хүнд даацын аюулгүй ажиллагааны иж бүрдэл тоног төхөөрөмж системийг нийлүүлж, 2 сарын хугацаанд туршиж, “Э” ТӨҮГ-ын чанарын хяналтын хэлтсээс №662 дугаартай хяналтын актаар баталгаажсан. Гэвч худалдан авагч тал гэрээ дүгнэх акт үйлдсэнээс хойш гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлөөгүй тул манай компанийн зүгээс 2023.08.23-ний өдрийн 23/220 дугаартай албан бичиг, 2023.09.11 оны 23/225 дугаар албан бичгээр гэрээний төлбөр болон алдангийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөх ёстой төлбөрийг төлөөгүй. Худалдах-худалдан авах гэрээний 4.1-т зааснаар гэрээ дүгнэх акт үйлдсэнээс хойш 30 хоногт багтаан гэрээний төлбөрийг шилжүүлэх ёстой. Мөн гэрээний 9.2-т заасны дагуу “Э” ТӨҮГ нь 2023.08.04-ний өдрөөс эхлэн төлбөрийг шилжүүлэх хугацааг хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг манай компанид төлөх ёстой байна. Манай компани нь худалдан авагч “Э” ТӨҮГ-аас 2023.08.04-ний өдрөөс 2023.10.06-ны өдрийг хүртэлх алданги төлөх хугацаа 67 хоног, 1 хоногт төлөх алданги 10,734,750 төгрөг, нийт 62 хоногийн алданги 719,228,250 төгрөгийг шаардах эрхтэй боловч гэрээний 9.2-т алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу алдангид 429,390,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 2,146,950,000 төгрөг, алданги 429,390,000 төгрөг, нийт 2,576,340,000 төгрөгийг “Э” ТӨҮГ-аас гаргуулж өгнө үү” гэжээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “...Хариуцагч нь нэхэмжлэгч “А” ХХК тендер шалгаруулалтад оролцохдоо ирүүлсэн үйлдвэрлэгч буюу Инновационные Ресурсосберегающие технологий компанийн үйлдвэрлэдэг Панорама жолоочийн аюулгүй байдлын системийг эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй нийлүүлэх ёстой байсан боловч Sowa компанийн барааг нийлүүлсэн тул төлбөр төлөх үүрэг үүсэхгүй гэж тайлбарлаж байх боловч хариуцагч “Э” ТӨҮГ нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасны дагуу хариуцагч шаардлага гаргах эрхээ алдсан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Панорама жолоочийн аюулгүй байдлын системийг Инновационные Ресурсосберегающие технологий компаниас нийлүүлээгүй, Sowa компаниас нийлүүлсэн гэдгийг мэдэж байсан боловч гомдлын шаардлага гаргаагүй, бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан атлаа, хожим нь хүлээн авах боломжгүй гэж татгалзах эрхгүй. Түүнчлэн хариуцагч 2023.08.03-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт нь “Э” ТӨҮГ-ийн Ерөнхий захирлын 2020.05.04-ний өдрийн А/210 тушаалаар батлагдсан журмын хавсралт №8 тоот маягтыг үндэслэн үйлдэгдсэн. Гэтэл энэхүү тушаал нь 2023.07.31-ний өдрөөс хүчингүй болж гэрээ дүгнэх актад шинэ журам ашиглах болсон тул гэрээ дүгнэсэн акт нь хүчин төгөлдөр бус юм. Дээрх актыг хүчин төгөлдөр бус болохыг “Э” ТӨҮГ-аас 2023.09.25-ны өдрийн 131/712 дугаар албан бичгээр мэдэгдсэн гэдгийг татгалзлынхаа үндэслэл болгож байна. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасны дагуу 2023.01.05-ны өдөр байгуулагдсан гэрээг хуучин журам хүчингүй болж, гэрээ дүгнэх актад шинэ журам үйлчлэх болсон гэдгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй” гэсэн агуулгаар дүгнэсэн байна.
9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг зөв гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М хяналтын журмаар гомдол гаргасан боловч 2024.12.12-ны өдөр талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
11.Эвлэрлийн гэрээнд “...Нэхэмжлэлийн үнийн дүнгээс алдангийн төлбөр 429,390,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 2,146,950,000 төгрөгийг хариуцагч тал төлөх, талуудын эвлэрлийг шүүхээс баталж хүчин төгөлдөр болсны дараа ажлын 5 хоногийн дотор хариуцагч тал төлбөрийг нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч тал гэрээгээр нийлүүлж буй “Хүнд даацын авто машины жолоочийн аюулгүй байдлын иж бүрдлийг” “Э” ТӨҮГ-ын заасан автомашинд угсарч суурилуулах ба ашигласнаас хойш 12 сарын хугацаанд чанарын баталгааг хариуцахаар талууд харилцан тохиролцов” гэжээ.
12.Эвлэрлийн гэрээнд зохигчийг төлөөлж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нар гарын үсэг зурсан байна.
13.Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д “Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.” гэж заасан журмыг зөрчөөгүй байна.
14.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/00966 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 207/МА2024/00085 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “А” ХХК алдангид 429,390,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, хариуцагч “Э” ТӨҮГ үлдэгдэл 2,146,950,000 төгрөгийг эвлэрлийн гэрээг шүүхээс баталж хүчин төгөлдөр болсны дараа ажлын 5 хоногийн дотор шилжүүлэх, нэхэмжлэгч тал гэрээгээр нийлүүлж буй “Хүнд даацын авто машины жолоочийн аюулгүй байдлын иж бүрдлийг” “Э” ТӨҮГ-ын заасан автомашинд угсарч суурилуулах ба ашигласнаас хойш 12 сарын хугацаанд чанарын баталгааг хариуцахаар тус тус талууд харилцан тохиролцож, зохигчид эвлэрсэн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Э” ТӨҮГ нь 2024.09.30-ны өдөр төлсөн 13,039,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА