Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2021/00731

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн С сумын 8 дугаар багт оршин суух, С сумын сум дундын эмнэлэгт хүүхдийн их эмч ажилтай, утас...., РД:.... С овогт К.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн С сумын сум дундын эмнэлэг /ерөнхий эмч К.Ө, утас:9....../-т холбогдох хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Сн, хариуцагч С сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: С сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 15 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай.

Нэхэмжлэгч К.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би Б аймгийн С сумын сум дундын эмнэлгийн Ерөнхий эмчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай 15 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас энэ тушаалыг хүчингүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна. Учир нь, 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр нас барсан З гэх хүүхдийн асуудлаар үүсгэгдсэн хэрэг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болсон. С сумын сум дундын эмнэлгийн Ерөнхий эмчийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гарсан. Шүүх энэхүү хоёр үйл баримтын хоорондын зайг анхаарч үзэх хэрэгтэй. Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг миний тавьсан онош шүүхийн задлан шинжилгээний хариунаас зөрүүтэй байсан тул онош буруу тавигдсаны улмаас эмчилгээ дутуу хийгдсэн гэсэн үндэслэлээр гаргасан. Би тухайн үедээ эндсэн хүүхдэд чагнуураараа онош тавьж, эмчилгээ хийсэн. 30 жилийн турш энэхүү чагнуураараа онош тавьж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулаад ирсэн. Энэ хугацаанд алдаа дутагдал гаргаад хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаагүй. Би жирийн эмч. Хэрэв миний гаргасан онош буруу тавигдсан бол ерөнхий эмч маань эрхлэх эмчийн хувьд миний тавьсан оношийг үгүйсгээд, өвчний түүхэд холбогдох бичилтийг хийгээд, алдааг залруулах боломжтой байсан. Гэвч ерөнхий эмч К.Ө энэ боломжоо ашиглаагүй. Би тухайн үедээ түгээмэл үйлдлийн стандартын дагуу эмчилгээгээ хийсэн. Намайг хүүхдэд хүчилтөрөгчийг ац гуурсаар өгөөгүй гэж буруутгаж байна. Гэхдээ эндсэн хүүхэд уушгины хатгаатай хүүхэд биш байсан. Шүүхийн задлан шинжилгээний хариугаар нас барсан хүүхэд архаг уушгины өвчтэй, зүрхний булчингийн эмгэгтэй болохоос хурц өвчтэй байгаагүй. Тухайн хүүхдийн өвчин миний мэргэжлийн бус мэс заслын чиглэлийн өвчин байсан ч гэсэн, миний хариуцах багт харьяалах хүүхэд биш ч гэсэн би бүх талын эмнэлгийн тусламж үзүүлээд, амбулаторийн үзлэг хийсэн. Миний хувьд нас барсан хүүхэд бурхны жамаар таалал төгссөн гэж үзэж байна. Би огт эмчилгээ хийгээгүй, хүүхдийн ар гэр нь надад гомдолтой байсан бол маргааны бүхий тушаал үндэслэлтэй болох байсан. Би өвчний түүхийн өөртөө холбогдох хэсгийг бүрэн төгс бичсэн. Үүнийг дараагийн тухайн хүүхдийн харьяалах багийн эмч х.А эмч үргэлжлүүлээд бичих ёстой. Өвчний түүхийн бичигдээгүй гэсэн хэсэг нь өвчний түүхийн хамгийн төгсгөлийн хэсэг нь байсан. Бусад хэсэг нь бүрэн бичигдсэн гэдгийг хавтаст хэрэгт авагдсан өвчний түүх нотолж байна. Мөн өвчтэй хүүхдийг хяналтгүй орхисон гэдэг үндэслэлээр надад сахилгын шийтгэл оногдуулсан. Гэтэл намайг хүүхдийг хяналтгүй орхиогүй гэдгийг миний 2 сувилагч маань гэрчилж өгч байна. А эмч бас өвчний түүхэд хүүхдийн эрхий хуруу нь идээлсэн, хавагнасан гэж бичээд миний тавьсан оношийг бататгаад өгсөн. Иймд, Б аймгийн С сумын сум дундын эмнэлгийн Ерөнхий эмчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай 15 дугаар тушаалыг хүчингүй болгож, миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч С сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө 22 цагийн үед С сумын 6 дугаар багийн Ж.З гэгч өөрийн 8 сартай хүүхэд өвчтэй байгаа талаар дуудлага өгсний дагуу 5 дугаар багийн хүний их эмч Х, түргэний жолооч Е нарыг явуулсан. Дээрх хүмүүс дуудлагын дагуу явж өвчтэй хүүхдийг 02 цагийн үед сумын эмнэлэгт хүргэж ирсэн. Хүүхэд ирсний дараа хүүхдийн их эмч К.С-ийг дуудаж үзүүлсэн ба К.С нь сепсис гэсэн онош тавьж зохих эмчилгээ хийсэн байна. Өглөө 06 цагийн үед ээлжийн сувилагч Ламия над руу утасдаж эмнэлэгт хүнд хүүхэд байна, аймагт хүргэх шаардлагатай байна, та аймаг руу авч явна уу гэж хэлсэн. Би тухайн өдөр өглөө аймгийн төвд болох семинарт оролцохоор аймаг руу явах байсан ба 06:30 цагийн үед эмнэлэгт очиж хүүхдийн биеийн байдлыг үзэхэд маш хүнд, машинаар тээвэрлэх боломжгүй байсан. Тэгэхээр нь хүүхдийн их эмч А-ийг гэрээс нь очиж машинаар аваад эмнэлэгт хүргэж хүнд өвчтэй хүүхдийн хажууд үлдээгээд аймгаас хүүхдийн их эмч дууд, тэр хүртэл зохих эмчилгээ хий гээд хэлээд явсан. Тухайн хүүхэд тэр өдрийн 12 цагийн үед нас барсан байна. Талийгаач хүүхдийн ар гэр болон бусад хүмүүсээс энэ асуудлаар аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгч тэндээс мэргэжлийн хүмүүс ирж нас барсан хүүхдийн цогцост задлан шинжилгээ хийсэн. Задлан шинжилгээгээр тухайн хүүхэд нь хатгаа, зүрх судасны дутагдлаар нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Их эмч К.С нь тухайн хүүхдэд эмчилгээ хийхдээ ажлын хариуцлага алдаж онош буруу тавьсан, хүнд өвчтэй хүүхдийг хяналтгүй орхисон, өвчний түүх дутуу хөтөлсөн, хүчил төрөгч хамрын ац гуурсуур өгөөгүй зэрэг зөрчил гаргасан учир миний бие ажил олгогчийн эрх хэмжээний хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан. Би 2019 онд 2 удаа, 2020 онд 1 удаа хүүхдийн эндэгдлийн асуудлын улмаас арга хэмжээнд орсон. Хүүхдийн эмч нарын буруугаас болж би дахин дахин арга хэмжээнд орж, жинхэнэ хариуцах ёстой эмч нар нь цалингаа бүтэн аваад сууж байдаг нь шударга ёсонд нийцэхгүй. Би эрх хэмжээнийхээ дагуу сахилгын шийтгэл авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч С сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 15 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Эмнэлгийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн 1. Эндсэн хүүхдэд тавьсан онош шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу зөрүүтэй, онош буруу тавигдсанаас эмчилгээ дутуу хийгдсэн, хүчилтөрөгч хамрын ац гуурсаар өгөөгүй, хүнд хүүхдийг хяналтгүй орхиж явсан, өвчний түүх хөтлөлт бүрэн бус гэх мэт алдаа зөрчлийг үндэслэн хүүхдийн их эмч К.С-ийн цалинг 3 сар 20% буруулах сахилгын шийтгэл ногдуулсугай гэсэн эрхийн актаар нэхэмжлэгч К.С-эд сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгч К.С нь  ажил олгогчийн С сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 15 дугаар тушаалыг хүлээн авч, тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хуулийн хугацаанд гомдлоо гаргасан байна.

Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч жижүүр эмч Сьезд нь хүүхдэд эмчилгээ хийхдээ ажлын хариуцлага алдаж, онош буруу тавьсан хүнд өвчтэй хүүхдийг хяналтгүй орхисон, өвчний түүх дутуу хөтөлсөн, хүчилтөрөгч хамрын ац гуурсаар өгөөгүй зэрэг зөрчил гаргасан тул би эрх хэмжээнийхээ хүрээнд сахилгын шийтгэл оногдуулсан гэж маргасан болно.

Хариуцагч хариуцагч С сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа үйл баримтыг нотолж чадаагүй болно.

Хариуцагч С сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Өмиргүл нь маргаан бүхий тушаалдаа  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-д заасныг үндэслэж нэхэмжлэгч К.С-эд сахилгын шийтгэл ногдуулсан боловч зөрчил гаргагч К.С нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг хэзээ хэрхэн зөрчсөн тухай хариуцагч тушаалдаа тодорхой дурдаагүй байна.

Сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд нь тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч, харин сахилгын зөрчил гаргасан этгээд  нь тухайн ажил олгогчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтан байна. Харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зөрчих , ёс зүйн алдаа гаргах гэм буруутай үйлдэл эс үйлдэл байна гэжээ.  

Хариуцагч С сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 03 сарын 17-ний өдрийн 15 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалд заасан үндэслэлүүдийн талаарх зөрчлүүдийг нэг бүрчлэн шалгаж, тогтоож, зөрчлийн талаар тэмдэглэл үйлдэх, зөрчил гаргагчийн тайлбарыг авах, зөрчил гаргагчийн хуралдаан оролцуулах, энэ зөрчил нь хэний буруутай үйлдэл, эс үйлдэхгүй байгаа эсэхийг тогтоосны эцэст энэ үндэслэлүүдийг хангасны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой байсан.

Мөн сахилгын  шийтгэл  ногдуулах  үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид  урьдчилан танилцуулсан байх ёстой байтал танилцуулаагүй, уг  баримт  материалтай танилцуулж нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй байхад энэ эрхээр нь хангаагүй байхад зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч С сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч К.С-тэй харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээний 1.8-т зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж байсан байна.

Хариуцагч С сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө нь  хүүхдийн эмч К.С нь эндсэн хүүхдэд тавьсан онош шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу зөрүүтэй, онош буруу тавигдсанаас эмчилгээ дутуу хийгдсэн, хүчилтөрөгч хамрын ац гуурсаар өгөөгүй, хүнд хүүхдийг хяналтгүй орхиж явсан, өвчний түүх хөтлөлт бүрэн бус гэсэн алдаа зөрчил гаргасан гэж байгаа боловч энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 43 дугаартай Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт-ийн дүгнэлт хэсэгт....6.Талийгаач Ж.З нь зүрхний булчингийн эмгэгшлийн өвчний улмаас нас баржээ. Талийгаач Ж.Зын хоёр талын уушги архаг хэлбэрийн үрэвсэлтэй дагалдах өвчин байна. 7.Талийгаач Ж.З-ын №275 дугаартай өвчний түүхийн хуулбарт үзлэг, оношилгоо, эмчилгээний өвчний түүх хөдлөлт бүрэн бус хийгдсэн байна. Дээрх алдаанууд нь тухайн эмчийн мэдлэг, мэргэжил дээшлүүлсэн байдал, олон жилийн дадлага туршлагаас хамаарах эмчийн субьектив алдаа бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй болно. Эмч сувилагч нар сумын эмнэлгийн хэмжээнд хийгдэх төрлийн эмчилгээнүүдийг бүрэн хийсэн байна. Талийгаач Ж.З-ын зүүн хөлийн эрхий хурууны боолтыг үзэхэд ямар нэгэн идээгүй цэвэр эдгэрсэн гэсэн байна.

Мөн Б аймгийн С сумын 6 дугаар багийн иргэн Ж.З 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус сумын Сум дундын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэх гомдол мэдээллийн дагуу Б аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б хэрэг бүртгэлийн дугаартай Мөрдөгчийн тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаад, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б дугаартай Прокурорын тогтоол-оор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байна.

Энэхүү 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б дугаартай Прокурорын тогтоол-оор ...Хэргийг шалгах явцад хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний албаны эмч К.Х-ын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 43 дугаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээний:...талийгаач Ж.З нь зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас нас барсан байна. Эмч сувилагч нар сумын эмнэлгийн хэмжээнд хийгдэх төрлийн эмчилгээнүүдийг бүрэн хийсэн байна гэх дүгнэлтээр эмч сувилагч нар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдоогүй байна. Иймд уг үйлдэлд гэмт хэргийн шинжгүй үндэслэл тогтоогдож байх тул.... хэрэг бүртгэлийн хэргийг хаасан гэсэн байна.

2020 оны 07 сарын 06-ний өдрийн Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Б дугаартай магадлал, 2021 оны 05 сарын 27-ний өдрийн Б дугаартай Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд тус тус  зохигчийн маргааны үндэслэл болсон өвчтөний түүх хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаасан байдаг. Ингээд хавтаст хэрэгт маргаан бүхий өвчтөний түүхийг авч бусад нотлох баримтуудтай харьцуулан үзэхэд талийгаач Ж.З-ын 275 өвчний түүхэд үзлэг, оношилгоо, эмчилгээ, өвчний түүх хөтлөлт бүрэн бус хийсэн байдал тогтоогдохгүй байна.       

Хариуцагч С сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө нэхэмжлэгч К.С-ийн эндсэн хүүхдэд тавьсан онош шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу зөрүүтэй байна гэх боловч К.С ямар онош тавьж байсан, К.С-ийн тавьсан оношийг хэн хэзээ үгүйсгэж дүгнэлт гаргасан эсэхийг нотлох баримтаар нотолж чадаагүй, мөн эндсэн хүүхдэд онош буруу тавигдсанаас эмчилгээ дутуу хийгдсэн гэдэг нь дээрх шинжээчийн дүгнэлт болон прокурорын тогтоолд Эмч сувилагч нар сумын эмнэлгийн хэмжээнд хийгдэх төрлийн эмчилгээнүүдийг бүрэн хийсэн гэснээр үгүйсгэгдэж байна, мөн эндсэн хүүхдэд хүчилтөрөгч хамрын ац гуурсаар өгөөгүй, хүнд хүүхдийг хяналтгүй орхиж явсан гэсэн нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч К.С-ийн гаргасан сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн байхаас гадна тухайн ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан хуулиуд, сахилгын болон ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байх ёстой байтал энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Б аймгийн С сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 15 дугаартай тушаалыг  хүчингүй болгож, энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Б аймгийн С сумын сум дундын эмнэлгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-г баримтлан нэхэмжлэгч С овогт К.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймгийн С сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 15 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн С сумын сум дундын эмнэлгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН