| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2024/0075/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/75 |
| Огноо | 2024-07-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,
Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ,
Хохирогч П.Ц
Шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Н-д холбогдох ........ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн .... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн ...... сумын ..... багийн .... тоотод оршин суух хаягтай,
Урьд нь: Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 0000 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 сар, 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, .... овогт -ын Н, регистрийн дугаар .........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Н-г хохирогч П.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Ж.Н нь 2024 оны 5 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед Завхан аймгийн Ц сумын Б багийн нутагт хохирогч П.Ц-тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүнийг хавирч унагааж цээжин хэсэгт нь өшиглөж, түүний эрүүл мэндэд зүүн 9 дүгээр хавирганы хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн талын суганы арын шугамаар 9-10 дугаар хавирганы түвшинд цус хуралт, баруун далны хэсэгт, зүүн хөх махны хэсэгт, зүүн бугалаганы хэсгүүдэд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Хохирогч П.Ц-ын “…2024 оны 5 дугаар сарын 20-ны шөнийн 02 цагийн үед Завхан аймгийн ...... сумын ..... багийн нутагт хашааныхаа гадна мотоциклоо оруулах гээд зогсож байхад мотоциклийн гэрэл тусаад манай сумын П, Б гэдэг залуучууд хүрээд ирсэн. Тэгээд би тэр хоёртой жаахан маргалдаад зогсож байсан чинь хажуу талаас ахиад нэг машины гэрэл тусаад манай сумын Н гэдэг залуу хүрээд ирсэн. Тэгээд машинаасаа бууж ирээд үгийн зөрүү байхгүй намайг хавирч унагаад цээж рүү хэд хэдэн удаа өшиглөж аваад намайг гэр рүү чирч оруулж өгөөд яваад өгсөн. Тэгээд Н-г явсаны дараа цээж хэсэгт өвдөөд байхаар нь эмнэлэг дуудаад биеэ үзүүлсэн. Би зодуулсан өдрөөсөө хойш Улиастай сум руу явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ хийлгэсэн. Рентген зураг авхуулахад баруун талын 9 дэх хавирга хугарсан байна гэж хэлсэн. Түүнээс өөрөөр надад ил харагдах ямар нэг бэртэл гэмтэл байхгүй байна.
...Манай ажил 5 дугаар сарын 15-наас зогссон. Тэгээд би 2 өдөр үнсээ ганцаараа ачиж хаясан. Тэгээд айлд очиж хоол идчихээд гэртээ харьж унтаж байгаад шээчихээд буцаад явж байсан чинь мотоциклтой хоёр залуу хөөсөн. Тэгээд би шон тойрч гүйж байсан чинь машин ирсэн. Би гутлаа тайлж шидсэн. Тэгээд ирж байсан машиныг таниад урдуур нь гүйж ортол Н бууж ирээд намайг зодсон. ...Зүүн шанаа болон миний хамрын нармайны хоёр тал нам наалдсан байсан. Түүнийг онгойлгох хагалгаанд орсон. Хохирол 4,875,215 /дөрвөн сая найман зуун далан таван мянга хоёр зуун арван тав/ төрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Б.Б-гийн “...2024 оны 5 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад би найз П-тай айлд очих гээд мотоциколтой гэрээсээ гараад явж байсан чинь манай сумын Ц ...архи уучихсан бололтой мотоциколын гэрлийн урдуур ороод ирэхээр нь бид хоёр буугаад та яаж байгаа юм бэ? гэж асуусан чинь П бид хоёрыг эхнэртэйгээ хардаад би та хоёрыг бөөгөөр хараалгаж ална гээд урдаас гутлаа тайлаад шидээд байхаар нь та боль гэж хэлээд би барьж аваад зогсож байсан чинь гудамны доод талаас машины гэрэл туссан чинь Ц ах тэр машин руу газраас архины шил аваад шидчихсэн чинь машин дотроос Н ах бууж ирээд юу болоод байгаа гээд Ц ахыг гэртээ орж унтаж амар гэж хэлсэн чинь Ц ах урдаас нь уйлаад орилоод дайрсан чинь Н ах хавирч унагаад гэртээ ор гээд чирээд аваад явсан. Тэгээд Н ах Ц-ыг гэрт нь оруулж гарч ирээд намайг чи ороод хараадах гэж хэлэхээр нь би тэдний гэр рүү орох гээд явж байсан чинь Ц хутга барьчихсан урдаас гараад ирэхээр нь би айгаад гараад ирсэн. Тэгээд гарч ирээд П-ыг дагуулаад явсан. Тэрнээс хойш ямар үйл явдал болсныг мэдэхгүй. Тухайн үед тэнд Ц манай найз П, манай нутгийн ах Н нар байсан. Н ахыг гудамжаар машинтайгаа явж байхад нь Ц архины шил шидсэнээс болж тэр хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн байх гэж бодож байна. Н ах Ц-ыг хавирч газарт унагаад чирээд гэр рүү нь авч орохыг нь бол би харсан. Ц-ыг зодож цохисон үйлдлийг нь бол би хараагүй. Ц ахын нүүрэн хэсэгт бол ил харагдах бэртэл гэмтэл харагдаагүй хутга барьж яваад хурууны өндөгөө зүсчихсэн юм шиг харагдаж байсан хуруунаас нь цус гарчихсан харагдаж байсан. Бор иштэй дунд зэрэг хэмжээтэй тонгорог байсан. Урдаас нь орсон ална гээд орилоод гараад ирэхээр нь П бид хоёр шууд яваад өгсөн. Бид хоёрыг явсны дараа юу болсоныг бол сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12-р хуудас/
Гэрч Д.П-ын “...2024 оны 05 дугаар сарын 19-ний шөнийн 00 цаг өнгөрч байхад Б бид хоёр Ц сумын Б багт байдаг тэдний гэрээс мотоциколтойгоо гараад айлд очих гээд явж байсан чинь манай сумын Ц гээд ах мотоциколын гэрлийн урдуур ороод ирэхээр нь бид хоёр зогсоод буугаад яасан бэ ахаа гэсэн чинь үгийн зөрүүгүй Б бид хоёрыг эхнэртэйгээ хардаад та хоёрыг бөөгөөр хараалгуулж ална гээд дайраад байхаар нь Б очоод барьж аваад зогсож байсан чинь гудамны доод талаас машины гэрэл тусаад гараад ирсэн Ц ах бид хоёр руу гутлаа тайлж шидсэнээ тухайн машин руу архины шил аваад шидчихсэн чинь тэр машин зогсоод дотроос нь Н ах бууж ирээд юу болоод байгаа юм бэ? гэж хэлээд Ц ахыг гэртээ орж амар гэж хэлсэн чинь урдаас нь ална гээд орилоод дайрсан чинь Н ах хавирч газарт унагаад гэр лүү нь чирээд аваад явсан. Тэгээд оруулж өгчихөөд гарч ирээд Б-г чи ороод үзээдэх гэж хэлсэн чинь Б тэдний хашаа руу ороод нэг их удалгүй буцаж гарч ирээд Ц хутга аваад гараад ирлээ хоёулаа явъя гэж хэлээд бид хоёр мотоциколоо асаагаад яваад өгсөн. ...Ц ах Н ахын урдаас нь утга учиргүй орилоод дайраад байсан болохоор тэр хоёр маргалдсан байх. Н ах Ц-ыг хавирч газарт унагаад гэр лүү нь барагцаагаар 4-5 метр газар чирсэн. Түүнээс биш сүртэй зодолдож цохилцсон асуудал бол ерөөсөө байхгүй. Ц ахын нүүрэн хэсэгт бол ил харагдах бэртэл гэмтэл харагдаагүй хутга барьж яваад хурууны өндөгөө зүсчихсэн юм шиг харагдаж байсан хуруунаас нь цус гарчихсан байсан. Би Ц-ыг хутга барьсан байхыг бол хараагүй. Б л Ц ах хутга барьчихсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/,
Гэрч С.О-ийн “...2024 оны 05 дугаар сарын 19-ний шөнө би эрүүл мэндийн төв дээр жижүүрт гарч байсан чинь шөнийн 02 цаг өнгөрч байхад манай сумын иргэн П.Ц утсаар жижүүр рүү залгаад хүнд зодуулчихлаа гэсэн дуудлага ирсэн. Тэгээд би тухайн дуудлагыг хүлээж аваад Ц сумын Б багийн доод хэсэгт байдаг Ц-ын гэрт очсон чинь Ц гэртээ ганцаараа согтууруулах ундаа уучихсан дээгүүрээ цээж нүцгэн хувцасгүй зүүн гарын ядам хурууны өндгөн хэсэг нь зүсэгдсэн шархтай цус нь тогтчихсон байдалтай байсан. Тэгээд би Ц-ын биед үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд нь бүгд хэвийн байсан болохоор ямар өвчин зовуурь байгаа талаар асууж тодруулахад Н миний цээж рүү өшиглөөд миний гурван ширхэг хавиргыг хугалаад хаячихлаа гэж надад хэлсэн. Тэгээд би хуруунд нь боолт хийж өгөөд өвчин намдаах тариа булчинд нь хийж өгөөд аймаг орж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж рентген зураг авхуулж цагдаагийн байгууллагад мэдэгдээрэй гэж захиж хэлчихээд явсан. Тэгээд тэрнээс хойш бол над дээр ямар нэгэн байдлаар орж ирээгүй. Ц-ын цээжин хэсэг энд тэндээ жижиг жижиг цохиулчихсан юм шиг хөхөрчихсөн харагдаж байсан. Тэгээд цээжний хэсэгт үзлэг хийхэд хавирга орчимдоо өвдөж байна гээд эмзэглэлтэй байсан болохоор нарийн мэргэжлийн шинжээч эмчид үзүүлэх зөвлөгөө өгсөн. Н-д зодуулчихлаа л гээд байсан яг юунаас болж маргалдсан талаар бол хэлээгүй. Намайг очиход Ц-ын биед ямар нэг хутга байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20-р хуудас/,
Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч П.Б-гийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0000000000 дугаартай “...1. П.Ц-ын биед зүүн 9 дүгээр хавирганы хугарал, зүүн долоовор хурууны өндөгний хэсэгт шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн талын суганы арын шугамаар 9-10 дугаар хавирганы түвшинд цус хуралт, баруун далны хэсэгт, зүүн хөх махны хэсэгт, зүүн бугалаганы хэсгүүдэд зулгаралт гэмтлүүд учирсан байна.
2. Зүүн долоовор хурууны өндөгний хэсэгт шарх гэмтэл нь иртэй зүйлийн бусад нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. П.Ц-ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Ж.Н нь 2024 оны 5 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед Завхан аймгийн Ц сумын Б багийн нутагт хохирогч П.Ц-тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүнийг хавирч унагааж цээжин хэсэгт нь өшиглөж, түүний эрүүл мэндэд зүүн 9 дүгээр хавирганы хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн талын суганы арын шугамаар 9-10 дугаар хавирганы түвшинд цус хуралт, баруун далны хэсэгт, зүүн хөх махны хэсэгт, зүүн бугалаганы хэсгүүдэд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Ж.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч П.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг 4,875,215 /дөрвөн сая найман зуун далан таван мянга хоёр зуун арван тав/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх уг хохирлын баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.Н-гийн хууль бус үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд учруулсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоогүй баримтууд буюу хохирогч П.Ц-ын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “.......” эмнэлэгт хамрын таславч тэгшлэх хагалгаатай холбоотой зардлын баримтууд байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Н-гийн үйлдлийн улмаас хохирогч П.Ц-ын эрүүл мэндэд “зүүн 9 дүгээр хавирганы хугарал, зүүн долоовор хурууны өндөгний хэсэгт шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн талын суганы арын шугамаар 9-10 дугаар хавирганы түвшинд цус хуралт, баруун далны хэсэгт, зүүн хөх махны хэсэгт, зүүн бугалаганы хэсгүүдэд зулгаралт гэмтлүүд учирсан” болох нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч П.Б-гийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0000000000 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Мөн тухайн цаг хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө хохирогч П.Ц-ын нүүрэнд ил харагдах шарх, гэмтэл байхгүй байсан талаар гэрч Б.Б, Д.П, С.О нар мэдүүлсэн байна.
Хохирогч П.Ц нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “20 жилийн өмнө хамрын ясаа хугалуулсан бөгөөд Ж.Н цохисны улмаас амьсгалын суваг битүүрч уг сувгаа нээлгэх хагалгаанд орсон” гэх боловч Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2024 оны 06 дугаар сарын 20-нд үзүүлсэн П.Ц-ын толгойн компьютер томографийн шинжилгээнд “...Хамрын таславч баруун тийш мурийлттай. Хамар ясны хуучин хугаралтай. ...Гавал яс болон 2 талын нүдний ухархайн ясанд бүтцийн эмгэг өөрчлөлт тодорхойлогдохгүй. 2 нүдний арын зайд болон нүдний ухархайнд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Хамрын дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн. Хамар яс гэмтэл деструкциггүй. 2 талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн” гэсэн байна.
Өөрөөр хэлбэл уг шинжилгээгээр хамар ясны хуучин хугаралтай, хамрын дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн, хамар яс гэмтэл деструкциггүй, 2 талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн гэсэн байх бөгөөд “..........” эмнэлэгт “хамрын таславч тэгшлэх хагалгаа”-нд орж эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авсан баримтууд хэрэгт авагдсан байна.
Иймд шүүх хохирогч П.Ц-ын уг 4,875,215 /дөрвөн сая найман зуун далан таван мянга хоёр зуун арван тав/ төгрөгийн хохирол нь шүүгдэгч Ж.Н-гийн хууль бус үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд учруулсан хөнгөн хохиролтой шууд шалтгаант холбоогүй байх тул хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас учруулсан Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч П.Б-гийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0000000000 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой холбоотой гарсан хохирлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгч Ж.Н-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч Ж.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Н урьд нь Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 сар, 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 48-54-р хуудас/
Шүүгдэгч Ж.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх шүүгдэгч Ж.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Ж.Н-ийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овог Ж-ын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-г 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-д оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Ж.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч П.Ц-ын эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 4,875,215 /дөрвөн сая найман зуун далан таван мянга хоёр зуун арван тав/ төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгч Ж.Н-гийн хууль бус үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд учруулсан хөнгөн хохиролтой шууд шалтгаант холбоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Н-гийн хууль бус үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан хохирлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Ж.Н-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ