Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 1092

 

      2020           8              27                                           2020/ДШМ/1092                           

 

 

     Г.Гд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/449 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа болон хохирогч Н.Н нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Гд холбогдох эрүүгийн 2010006700480 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Г овгийн Гийн Г,

          Г.Г нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонсголонгийн 9-384 тоотод иргэн Н.Нтай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн зулай, дагз, хамар, зүүн хацар, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гаанжуур овгийн Гэндэнгийн Гийг 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч Г.Гд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Гд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гээс 278,000 төгрөг гаргуулж хохирогч Н.Нд олгож, хохирогч Н.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Г.Гд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  хохирогч Н.Нг О нь зодож гэмтэл учруулсан байхад намайг зодож, хөнгөн гэмтэл учруулсан гэж үзээд ял оногдуулсанд гомдолтой байна. 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 11 цагийн орчимд Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст О, Н бид нар очсон. Нг мэдүүлэг өгч байх үед О нь “намайг зодсон гэж үнэнээр нь мэдүүлвэл намайг шууд хорих учраас чи Нг куртикны ханцуйнаас татах гэж байгаад цүнхээрээ санаандгүй цохисон гэж хэлээрэй” гэж тохиролцсоны дагуу миний бие түүнийг өрөвдөөд дээрх байдлаар худал мэдүүлсэн. ... Би Нг тэгж гэмтэх хэмжээний хүчтэй цохиогүй. Харин үснээс нь зулгааж, өшиглөсөн нь үнэн. Иймд хэргийг үнэн, зөвөөр шийдвэрлэхийн тулд хэргийг буцааж, дахин шалгуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Ж.Нарантуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Н, шүүгдэгч Г.Г нар нь Отай аль аль нь гэр бүлийн холбоотой, хэрэг хардалтын улмаас үүссэн байдаг. Хавтас хэргийн 2 дугаар хуудсанд Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн лавлагааны хуудсанд “эрэгтэй, эмэгтэй хоёр согтуу хүн намайг зодоод байна гэж дуудлага өгсөн, Нтай хамтран амьдрагч О нь Г гэх хүнтэй нийлж Нг зодсон гэх мэдүүлэг авч материалжуулан шалгаж байна” гэж бичсэн байдаг. Хавтас хэргийн 4 дүгээр хуудсанд “хохирогч Н нь тухайн хэргийн газраас дуудлага өгсөн. Цагдаа очоод тэдгээр хүмүүсийг цагдаагийн хэлтэс дээр авчирч хамгийн түрүүнд хохирогч Нгаас мэдүүлэг авсан байдаг. Н мэдүүлэхдээ “миний салсан нөхөр О намайг үсдэж, хана мөргүүлж, гараа зангидаж байгаад 3-4 удаа нүүрэн хэсэгт цохиж, хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөж зодсон. Г.Г нь үснээс татаж мөр хэсэг рүү гараа зангидаж байгаад 2-3 удаа цохиж, намайг элдэвээр доромжилсон” гэсэн байдаг. Хохирогчийн хамгийн анхны өгсөн мэдүүлэг хэргийг шийдвэрлэхэд маш чухал ач холбогдолтой байсан. Гэтэл О нь Гд хандан “би хоригдчих юм бол чамд өрийг чинь өгч чадахгүй болно, одоо би архи уучихсан байгаа юм чинь намайг хорьчихно” гэсэн байдаг. Г.Г, О хоёр дотно харьцаатай байсан тул Г Огийн заасны дагуу мэдүүлгээ өгсөн байдаг. Г нь Нгийн мөр хэсэгт нь гараа зангидаж байгаад 2-3 удаа цохисон болохоо хүлээсэн. Хохирогч Нд учирсан бусад гэмтлүүдийг О гэрт байхдаа зодсоноос болж учруулсан байдаг. Г нь Огийн ятгалганд орж хэргийн үнэн байдлыг хэлээгүй. Мөн хуулийн мэдлэггүйгээсээ болсон байдаг. Хохирогч Н нь О өөрийг нь яаж, яаж зодсон гэдгийг тодорхой мэдүүлсээр байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Прокурорын шатанд хэрэг очихоор шүүгдэгч Г.Г нь бүх үнэн болсон асуудлыг бичээд өгөхөөр прокурор нь “мөрдөн байцаалтын шатанд яагаад хэлээгүй юм. Шүүхийн шатанд гаргаж өг” гэсэн байдаг. Хэрэг гарсан өдөр анх удаа өгсөн мэдүүлгийн учир шалтгааныг тогтоох талаар ямар ч дүгнэлт хийгээгүй, шалгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Гээс 278,000 төгрөг гаргуулж хохирогч Н.Нд олгуулахаар шийдвэрлэсэн нь эмчийн үзлэг хийсэн карт, эмийн жороор нотлогдоогүй бөгөөд хохирогч Н нь О өөрийг нь яаж яаж зодсон гэдгийг тодорхой мэдүүлсээр байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Прокурорын шатанд хэрэг очихоор шүүгдэгч Г.Г нь бүх үнэн болсон асуудлыг бичээд өгөхөөр прокурор нь “мөрдөн байцаалтын шатанд яагаад хэлээгүй юм. Шүүхийн шатанд гаргаж өг” гэсэн байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгжүүлээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянуулахаар прокурорын газарт буцааж хохирогчид учирсан гэмтлийг хэн учруулсныг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

            Хохирогч Н.Н давж заалдах гомдолдоо: “... шүүгдэгч Г.Г нь хийсэн үйлдэлдээ огт гэмшээгүй төдийгүй дахин худал мэдүүлэг өгч өөрийн хийсэн үйлдлийг бусдад тохох санаатай байна. ... миний хохиролд нэхэмжилсэн 1,135,750 төгрөгнөөс анхан шатны шүүх 278,000 төгрөгийг шүүгдэгч Г.Гээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Г.Гд холбогдуулан 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

            Г.Г нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонсголонгийн 9-384 тоотод иргэн Н.Нтай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн зулай, дагз, хамар, зүүн хацар, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

           

хохирогч Н.Нгийн “... Г намайг үсдэж аваад миний толгойны ард гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь өөдөөс нь түлхсэн чинь “миний нүүрийг самардчихлаа” гээд дахиж намайг барьж аваад нүүр рүү 3 удаа, духанд нэг удаа, хамар хэсэгт цохиж авсан. Тэгээд О болон баруун талын нэг залуу салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 12-13/,

 

гэрч Б.Мягмарын “... Г очоод Нг үсдээд доош нь дарсан. Тэгээд Г дахиж ирээд үсдээд доошоо дараад байсан. Гараараа 2 удаа цохих шиг болсон. Тэгэхэд би салгах гээд дундуур нь орсон байсан. Нгийн хамраас нь цус гарч, зүүн талын нүд нь бага зэрэг хавдсан байсан Тэгээд нэг нэгнийгээ үсдээд дараад зодолдоод байхаар нь О ах бид 2 салгасан. Нгийн нүд нь хавдсан байсан. Г хүзүү хавиараа маажуулсан харагдаж байсан. Тэрнээс өмнө би гэрт юу болсныг мэдэхгүй байна. О ах цохиогүй зодоонд оролцоогүй харин салгах гэж байсан” /хх 19/,

 

гэрч Б.Мягмарын шүүх хуралдаанд өгсөн”...Тэгээд нэгнийгээ үсдээд дараад зодолдоод байхаар нь О ах бид 2 салгасан.Нгийн нүүр  нь хавдсан байсан.Гмаагийн хүзүү хавиар маажуулсан харагдсан. О ах зодоонд оролцоогүй харин салгах гэж байсан”/хх-6/,

 

            шүүгдэгч Г.Гийн “... Тэр үед О нь Нг 2-3 удаа цохиод хана мөргүүлж, үснээс нь чирсэн. Тэгтэл Н Од хандан “наад гичийгээ яагаад өмөөрөөд байгаа юм бэ” гэсэн. Би Од хандан “Нг зодохоо боль” гэж хэлсэн. Тэгтэл О “энэнд ингэж хэлэхгүй бол ойлгодоггүй юм” гэж хэлсэн. Бид 2 өмнөх өдөр нь архи уусан ба тэрнээс үлдсэн архинаас уусан. Тэгээд “Нг гар” гэхэд гарахгүй байсан. Тэгээд Н гараад араас нь бид 2 гарсан чинь хажуу айлын залуу гараад ирсэн байсан. О “чи яагаад хажуу айл руу ороод амгалан тайван байдлыг нь алдагдуулаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд Н бид 2 хэрэлдээд намайг маажсан. Би Нг үснээс нь зулгаагаад өшиглөөд, цохисон тэгтэл намайг зөрүүлээд 2-3 удаа маажсан. Тэгтэл хажуу айлын залуу болох Мягмар, О нар бид хоёрыг салгасан. ... Ажлын гадаа дөнгөж иртэл араас цагдаагийн машин ирээд цагдаагийн газар руу аваад явсан. Н гэх эмэгтэй “намайг зодсон гэж гомдол мэдүүлсэн байна” гэж хэлсэн. Тэгээд О надад “худлаа мэдүүлэг өгье, би архи уучихсан болохоор намайг шууд хорино. Тэгвэл би чамд өгөх мөнгөө мөн барьцаалан зээлдэх газраас ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг чинь авч өгч чадахгүй болно. Тиймээс худлаа мэдүүлэг өгье” гэж хэлсэн. Тэгээд би худлаа мэдүүлэг өгсөн. Намайг хүчээр худал мэдүүлэг өгүүлсэн.” /хх 76-79/,        

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4213 дугаартай “... Н.Нгийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн зулай, дагз, хамар, зүүн хацар, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх 21-22/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон  тогтоогджээ.

 

          Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Г.Гийн хохирогч Н.Нтай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн зулай, дагз, хамар, зүүн хацар, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Г.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн ялын зорилгод нийцжээ.

 

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтооход шууд хамааралтай, чухал ач холбогдолтой баримтууд байх ба нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх бөгөөд дээрх баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж чадсан хуулийн үндэслэлтэй нотлох баримтууд байх тул шүүгдэгч Г.Г болон түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарын гаргасан “... мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан, уг хэргийг миний бие үйлдээгүй байхад надад ял хүлээлгэсэн нь үндэслэлгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Давж заалдах гомдолдоо дурдсан хохирогч Н.Нгийн анх өгсөн мэдүүлгийг үнэлээгүй, нягтлан шалгаагүй гэх гомдлын хувьд, хэрэг учралын газар байсан гэрч Б.Мягмар болон хохирогчийн мэдүүлгээр Т.О нь хохирогчийн эрх чөлөөнд халдаагүй болох нь нотлогдож байна.

 

          Мөн хохирогч Н.Нгийн “... анхан шатны шүүх миний 1,135,750 төгрөг нэхэмжилснээс 278,000 төгрөгийг Г.Гээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Учир нь, анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон 278,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, цаашид гарах эмчилгээний зардал, хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй.

 

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа болон хохирогч Н.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/449 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа болон хохирогч Н.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ