| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
| Хэргийн индекс | 128/20160/0036/З |
| Дугаар | 128/ШШ2017/0630 |
| Огноо | 2017-08-25 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2017/0630
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, шүүгч Д.Оюумаа, Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийж, Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэрийн Ө ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ө ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн, бүртгэлийн NE-019310 дугаартай өргөдлийг үндэслэж Өмнөговь аймгийн ... нэртэй 49.28 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах шаардлага бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, иргэдийн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чингис нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Ө ХХК нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ө ХХК нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Баялаг нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар зохих журмын дагуу өргөдлөө, холбогдох баримт бичгийн хамт Аймгийн Засаг даргад гаргасан билээ. Өмнөговь аймгийн Засаг дарга 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 0021Х тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон билээ.
...Ашигт малтмалын тухай хуульд заасан болзол шаардлагыг ханган шалгарсан уг талбайд ердийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олж авах боломжтой болоход, Ашигт малтмалын газраас 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 6/7414 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээрээ өргөдөл гаргасан талбай чинь өөрийн чинь талбайтай давхцаж байна гэж буюу Ашигт малтмалын тухай хуулийн 17.2.3 дахь хэсэгт заасныг баримталсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаартай шийдвэрээр тус компанид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдсэн...
Иймд Ашигт малтмалын газрын даргын өргөдлийг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, өргөдлийг хянан шийдвэрлэж үндэслэл бүхий хариу өгөхийг даалгах гэжээ.
Нэхэмжлэгч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:
...нөгөө талаас шүүхэд гаргасан 2015 оны 12 дугаар сарын 28-наас хойш 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмалын газрын даргаас 1/3254 дугаартай албан бичгээр манай компанид хариу мэдэгдсэн зэргээс шалтгаалж нэхэмжлэлийн шаардлагаа... өөрчилж ...байна.
Иймд урьд гаргасан ... Ө ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, хянан шийдвэрлэж үндэслэл бүхий хариу өгөхийг даалгах ... гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа ...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэрийн Ө ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ө ХХК-д Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Баялаг нэртэй 49 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах ... гэж өөрчилж байгааг хүлээн авна уу гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэлийн дахин өөрчилсөн шаардлагадаа:
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.4 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр дор дурьдсан байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж байгааг хүлээн авна уу. Үүнд:
1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэрийн Ө ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулах шаардлагын талаар:
Нэхэмжлэгч Ө ХХК-д Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн а-447 дугаартай захирамжаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Гүн-2 нэртэй 49.05 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх 00021Х дугаартай тусгай зөвшөөрөл анх олгогдсон.
Улмаар нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 10 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын газрын Геологийн албанд хандаж тусгай зөвшөөрлийн хүрээнд хайгуулын ажил явуулах гэж буй Улаан Хас гэх чулуу нь ашигт малтмалын түгээмэл болон ердийн аль ангилалд хамаарагдах талаар чиглэл, зөвлөмж авахаар хандсан. Дээрхи албан бичгийн хариуд Ашигт малтмалын газрын Геологийн албаны дарга 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 4/7495 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд тус албан бичигт ... Танай компаний эрж, хайх гэж буй Улаан Хас чулуу нь метал бус ашигт малтмалын ангиллаар өнгөт эрдэнийн чулууны урлаг чимэглэлийн чулуунд багтдаг бөгөөд энэ нь түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөлд хамаарахгүй тиймээс түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авч энэ төрлийн ашигт малтмал хайх, ашиглах нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсгийг зөрчиж буй асуудал бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болох тул Ашигт малтмалын тухай хуулийн дагуу зохих хайгуулын тусгай зөвшөөрлийг авч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг анхааруулж байна гэж тодорхой дурьдсан.
Ашигт малтмалын газраас ирүүлэх Улаан Хас чулууны ашигт малтмалын төрлийн талаархи нөхцөл байдал нэгэнт тодорхой болсон тул нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр "Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Баялаг нэртэй 69.20 гектар талбайд ердийн ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө хууль тогтоомжийн дагуу гаргахад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 6/7414 дугаартай албан бичгээр ... Танай компани гаргасан өргөдлийг хянан үзээд Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаартай шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдсэн. Үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэгт заасан Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байна гэх хууль зүйн шаардлагыг үндэслэсэн Тодруулбал, хариуцагч Ашигт Малтмалын Газрын Кадастрын хэлтсийн дарга нь нэхэмжлэгч Ө ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан ердийн ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурьдсан 69.20 гектар талбай нь Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн а-447 дугаартай захирамжаар нэхэмжлэгчид олгосон 49.05 гектар түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 00021X дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл бүхий талбай нь мөн нэхэмжлэгчийн ердийн ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл хүссэн талбайтай давхацсан гэх нөхцөл байдал үүссэн.
Нэхэмжлэгчийн зүгээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаартай шийдвэр болон 6/7414 дугаартай албан бичгүүдийг хүлээн аваад 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Захиргааны Ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэл, хугацаанд багтааж дээд шатны албан тушаалтанд гомдлоо гаргасан бөгөөд дээрхи байдал нь хэрэгт авагдсан /хх-23/ мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт тусгагдсан тэмдэглэл, нэхэмжлэгчийн хүсэлт уламжлах тухай 14 дугаартай албан бичиг /хх-ийн 13/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдоно.
Дээрхи байдлаар нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 92
дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд мөн хуулийн 93 дугаар
зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан дээд шатны албан тушаалтанд гомдлоо гаргаж
буй үйл баримт нь нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэрэг маргааныг
урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ хангалттай авсан болохыг тодорхой
нотлон харуулах бөгөөд дээд шатны албан тушаалтан буюу Ашигт малтмалын
газрын даргаас нэхэмжлэгчийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан
гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт
заасан хугацаанд шийдвэрлээгүй байгаа нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн
зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн үр дагаварыг үүсгэжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс Ашигт малтмалын газарт хандаж 2015 оны 09
дүгээр сарын 18-ны өдөр гаргасан Тусгай зөвшөөрөл хүсэх тухай өргөдөл,
2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан Тусгай зөвшөөрөл олгохоос
татгалзсан шийдвэрт гаргасан гомдол зэргийн хүсэл зоригийн илэрхийлэл нь
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Баялаг нэртэй 69.20 гектар
талбайд ердийн ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн
нэхэмжлэгчийн хүсэл сонирхол мөн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-
ний өдрийн а-447 дугаар захирамжаар олгогдсон 00021X дугаартай тусгай
зөвшөөрөл бүхий талбайд хийсэн хөрөнгө оруулалт зэрэг эрх ашиг сонирхол нь
хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын
2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч Ө ХХК-д холбогдох хэсгээр зөрчигдөхөд хүргэж байгаа
бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан эрхийн хүрээнд дээрхи хууль бус
шийдвэрийг хүчингүй болгуулж өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхолоо хамгаалах зайлшгүй шаардлагатай болж байна.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс Ашигт малтмалын газрын Кадастрын
хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар
шийдвэрийн Ө ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулах шаардлага гаргаж хууль ёсны эрх ашиг сонирхолоо хамгаалахад хуульд харшлах зүйлгүй гэж үзнэ.
2. Ө ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн, бүртгэлийн NЕ-019310 дугаартай өргөдлийг үндэслэж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Баялаг нэртэй 69.20 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зуйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлагын талаар: Нэхэмжлэгчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангаж мөн хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргасан. Хариуцагч нь өргөдлийг хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байна гэх үндэслэлийг зааж 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 768 дугаартай шийдвэр гаргаж тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гаргасан 768 дугаартай шийдвэр нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг зөрчиж байна гэж үзээд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Захиргааны Ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан албан тушаалтанд буюу Ашигт малтмалын газрын даргад гомдлоо гаргасан.
Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт зааснаар дээд шатны захиргааны байгууллага нь гомдлыг хүлээн авснаас хойш
30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэй бөгөөд
хуульд заасан дээрх 30 хоногийн хугацаанд гомдлыг хянан шийдвэрлэх
хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн
хууль ёсны эрх ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн зөрчил болно.
Хариуцагчийн зүгээс 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 768 дугаартай шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж буй үндэслэл буюу Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэгт заасан ...давхцалтай... гэх үндэслэл нь нэхэмжлэгчийн ердийн ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл хүссэн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өргөдөлд дурьдсан 69.20 гектар талбай нь нэхэмжлэгчид 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Засаг даргаас олгосон 00021Х дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай гэх үндэслэл бөгөөд дээрх давхцал бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэгтэй хамааралгүй, тусгай зөвшөөрөл олгох, цуцлах эрх үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай шууд холбоотойгоор үүссэн нөхцөл байдал байх тул нэхэмжлэгчийн зүгээс Кадастрын хэлтсийн 768 дугаартай шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах цаашлаад тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай үндэслэл бүхий гомдлоо дээд шатны байгууллага албан тушаалтанд гаргаж хянан шийдвэрлүүлэх эрхтэй юм.
Гэтэл дээрх байдлаар 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэж хариу өгөхгүй хугацаа
алдаж буй байдал нь үйл баримтаас шалтгаалж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх
ашиг сонирхол өнөөдрийг хүртлэх хугацаанд зөрчигдсөөр байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гомдлыг хянан шийдвэрлэхгүй байгаа дээд шатны
захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйтэй холбогдуулж Кадастрын
хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаартай шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргахаас гадна 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NЕ-019310 бүртгэлийн дугаартай өргөдлийг үндэслэж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Баялаг нэртэй 69.20 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах зайлшгүй шаардлагатай болоод байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хуульд заасан эрхийн хүрээнд гаргаж буй дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авч хариуцагч талд гардуулан үндэслэл бүхий тайлбар, татгалзалыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэрийн Ө ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулах, Ө ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн бүртгэлийн ХА-019310 дугаартай өргөдлийг үндэслэж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Баялаг нэртэй 69.20 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Нэг. Ө ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн бүртгэлийн А-019310 дугаартай өргөдлийг үндэслэж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Баялаг нэртэй 69.20 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.
Өргөдлийн материалыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 17 дүгээр зүйлд заасан Хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага болон 18 дугаар зүйлийн 18.2-т хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасны дагуу холбогдох баримт бичгийн бүрдэл хуулийн шаардлага хангасан эсэхийг хянан 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийхэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэгэн байдлаар давхцаагүй байх шаардлагыг хангаагүй байна.
Энэ талаар Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд Кадастрын хэлтсийн Зураг зүйн шүүлт хийсэн мэргэжилтэний тодорхойлолтоос үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь хүчин төгөлдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайтай давхцалтай байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцалтай байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтад заасныг үндэслэн Ө ХХК-ийн өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаартай шийдвэр гарсан нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй байна.
Хоёр. Ашигт малтмалын тухай хуулиар Ашигт малтмал, газрын тосны газрын нэгжүүдийн чиг үүргийг зааж өгсөн байдаг бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2т Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1-11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8 - 11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13- 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ гэж зааснаас үзвэл Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Кадастрын бүртгэлийн системд бүртгэлтэй хүчин төгөлдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан захирамж гарч бүртгэгдсэн байсан бол тухайн цаг үед буюу нэхэмжлэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн өргөдлийг шийдвэрлэх боломжтой байсан байна.
Өргөдөл гаргах үед нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан талаарх мэдэгдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасны дагуу Өмнөговь аймгийн Засаг дарга манайд ирүүлээгүй байсан.
Кадастрын хэлтэс нь уг өргөдөлд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан мэдэгдлийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид бүртгүүлэхдээ нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг хангаж түүний өмнө нь авсан түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн өргөдлийг зохих журмын дагуу кадастрын бүртгэлээс хасагдсаны дараа уг талбайд дахин ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжтойг мэдэгдсэн.
Үүний дараа Ө ХХК-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гүн нэртэй 49.05 гектар талбайтай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн а-557 дугаартай захирамжийг Кадастрын хэлтэс ирүүлснийг мөн сарын 15-ны өдөр бүртгэн авснаар тухайн талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломж нээлттэй болсон байна.
Иймд нэхэмжлэгч Ө ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн бүртгэлийн ХА-019310 дугаартай өргөдлийг үндэслэж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Баялаг нэртэй 69.20 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Г.М гаргасан дүгнэлтэндээ: ... Ө ХХК-ийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ө ХХК нь Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргад холбогдуулан анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, хянан шийдвэрлэж үндэслэл бүхий хариу өгөхийг даалгах гэж тодорхойлсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан Г.М нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэрийн Ө ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 49 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах[1] гэж өөрчилсөн боловч 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын
хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар
шийдвэрийн Ө ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 69.20 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах[2] гэж нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шинээр томилогдсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь Ө ХХК-ийн захирлаас 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01/09 дүгээр[3] итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэрийн Ө ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 49,28 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах гэж эцсийн байдлаар өөрчилж, тодруулсан бөгөөд энэ шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцсэн болно.
Шүүхээс хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, Ө ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үйл баримтууд.
Ө ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт 49,28 гектар талбай газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргаж холбогдох баримтуудыг[4] хүргүүлсэн байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу Өмнөговь аймгийн Засаг дарга 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/477 дугаар[5] захирамжаараа тус аймгийн Гурвантэс сумын нутагт 00021Х дугаартай[6] түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ө ХХК-д олгожээ.
Ө ХХК нь Ашигт малтмалын Кадастрын хэлтэст өөрийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг оруулан нийт 69,20 гектар газарт ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өргөдөл гаргасан нь өргөдлийн NE-026326 дугаарт[7] бүртгэгдсэн байна. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь маргаан бүхий 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар[8] шийдвэрээрээ Ө ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан талбай нь тус компаний өөрийнх нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай гэж үзэн зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч компани нь 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 10 дугаар[9] албан бичгээр компанийн эрж хайж буй Улаан хас чулуу нь түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөлд хамаардаг эсэх талаар тодруулга авахаар хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмалын газрын Геологийн албаны даргын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны 4/7495 дугаар[10] албан бичгээр Улаан хас чулуу нь металл бус ашигт малтмалын ангилалд багтдаг гэж хариу өгсөн тул Ө ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй талбайгаа өөрийн хүсэлтээр буцаан өгч Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн а/557 дугаар[11] захирамжаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хууль зүйн дүгнэлтүүд:
Ө ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэрт холбогдуулан Ашигт малтмалын газрын даргад 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр[12] албан бичгээр өөрийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан талбайг ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл болгох асуудлаар гомдол гаргаж байсан байна.
Харин хариуцагчийн зүгээс дээрх гомдолд ямар нэгэн хариу өгөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Эрх зүйн хэлтсийн 2015 оны Явуулсан баримт бичгийн бүртгэл, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Ирсэн бичгийн бүртгэл[13] болон хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагад гаргасан гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүйгээс улбаалан хугацаа хэтэрснээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргагч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү хугацаанд Ө ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан талбай нь тухайн цаг үед түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан газартай тус тус давхцалтай гэж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч Ө ХХК нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт Улаан хас нэртэй чулууны эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан бөгөөд Улаан хас чулуу нь металл бус ашигт малтмалын ангилалд хамаарах урлаг чимэглэлийн зориулалттайгаар ашиглагддаг тул Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт заасан ердийн ашигт малтмалын ангилалд хамаардаг байна.
Гэтэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалд олгогддог түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч нь Улаан хас чулуунд авахаар Өмнөговь аймгийн Засаг даргад өргөдөл гаргасны дагуу тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус тул Ашигт малтмалын газрын Геологийн албаны дарга 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/7495 дугаар албан бичгээр ...зохих тусгай зөвшөөрлийг авч хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулах... гэж үндэслэл бүхий шаардлага тавьсан байна.
Харин хариуцагч маргаан бүхий захиргааны акт болох 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэрийг гаргахдаа зохицуулалт бүхий хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж шүүх үзлээ.
Тодруулбал, Хариуцагчийн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа үндэслэл болгосон Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй гэж заасан зохицуулалт нь түгээмэл тархацтай ашигт малмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан талбайгаа ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл болгон шилжүүлэхээр хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид хамаарахгүй бөгөөд давхцал гэж өөр бусад аж ахуйн нэгжийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа талбай гэж ойлговол зохих юм.
Нөгөө талаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/7655 дугаар[14] албан бичигт Дээр дурдсан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь бүртгэлээс хасагдсаны дараа уг талбайд дахин өргөдөл гаргаж ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой болно гэж мэдэгдсэний дагуу Ө ХХК нь орон нутгаас авсан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө өөрийн хүсэлтээр хүчингүй болгосон нь дээрх давхцалтай гэх нөхцөл байдал арилсан байгааг илэрхийлж байна.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах гэж заасан эрхийн хүрээнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны 13/10 дугаар[15] тогтоолоор нэхэмжлэгч компанийн орон нутагт эргүүлэн өгсөн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг хамруулан тус сумын нийт 7726,3 га талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэснийг Ашигт малтмалын газар 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэж авсан бөгөөд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны 4/06 дугаар[16] тогтоолоор дээрх орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газраас нэхэмжлэгч Ө ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан талбайд хамаарах 51,94 га газрыг чөлөөлжээ. Улмаар, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ гэж зааснаар дээрх чөлөөлөгдсөн талбайг Ашигт малтмал, газрын тосны газрын зураг зүйн бүртгэлд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр бүртгэж[17] авчээ.
Түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах хуулийн шаардлагыг Ө ХХК хангасан болох нь нотлогдож байгаа бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүйгээс гадна Ө ХХК-ийн ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшихээр хүсэж буй 49,28 гектар талбайг бусад этгээдэд олгогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд Ө ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан талбайгаа ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд шилжүүлэн эзэмших эрхтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.3, 17 дугаар зүйлийн 17.2, 17.2.3 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 768 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ө ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн, бүртгэлийн NE-019310 дугаартай өргөдлийн дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 49.28 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
[1] Хавтаст хэрэг №1, 95-р тал
[2] Хавтаст хэрэг №1, 210-р тал
[3] Хавтаст хэрэг №1, 224-р тал
[4] Хавтаст хэрэг №1, 29-31-р талууд
[5] Хавтаст хэрэг №1, 40-р тал
[6] Хавтаст хэрэг №1, 7-р тал
[7] Хавтаст хэрэг №1, 24-28-р талууд
[8] Хавтаст хэрэг №1, 45-р тал
[9] Хавтаст хэрэг №2, 45-р тал
[10] Хавтаст хэрэг №2, 46-р тал
[11] Хавтаст хэрэг №1, 36-р тал
[12] Хавтаст хэрэг №2, 51-р тал
[13] Хавтаст хэрэг №2, 39-43-р талууд
[14] Хавтаст хэрэг №1, 38-р тал
[15] Хавтаст хэрэг №2, 36-р тал
[16] Хавтаст хэрэг №2, 74-р тал
[17] Хавтаст хэрэг №2, 72-р тал