| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2024/0063/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/58 |
| Огноо | 2024-05-21 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/58
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн, улсын яллагч Д.Алимаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, шүүгдэгч П.Донди нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2427000000071 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Өвөрхангай аймаг, Хархорин сум, 8 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй
Гонгор овогт Пүрэвдоржийн Донди /РД: ЙС90022518/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь согтуугаар 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сум, *** багийн нутагт байрлах ****-ийн уурын зуухны гадаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж **** өшиглөх үйлдлээр түүний биед баруун уушигны дунд дэлбэнгийн эдийн няцрал, цээжны хөндийд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, баруун ташаанд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч **** гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Өвөрхангай аймгийн **** багт байх хуучин архи, спиртын хашаанд амьдардаг. *** өмнөх өдөр нь манай гэрт ирж хоносон. Бид хоёр өглөө босоод дэлгүүр ороод 0.75 литрийн “Хараа” нэртэй архи 1 шилийг аваад найз **** очиж бид гурав хувааж уусан. *** бид хоёр дахиж гараад 0.75 литрийн “цагаан хайрхан” нэртэй архи аваад *** гэрт мөн уусан. **** ард байдаг уурын зууханд **** ах /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ дуудаад байна гэж *** хэлэхээр нь бид хоёр очсон чинь ***, ***, *** /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гурав архи уугаад сууж байсан. Архи нь талдаа орсон байсан бид 5 үлдсэн архийг нь хувааж ууж дуусгаад **** бид хоёр явлаа гэж гараад хоорондоо маргалдсан. Юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Намайг заамдаад хоолой боогоод хавираад унагаасан. Би бас зуурч аваад дээр доороо ороод ноцолдож байгаад **** түрүүлж босоод намайг босоогүй байхад цээжний баруун талд суганы доод хэсэг рүү 1 удаа өшиглөснийг санаж байна. Бид хоёр тэр үедээ учраа олоод манай гэрт очиж хоносон. Гэрт эхнэр, хүүхэд байсан. ...Бид хоёр явлаа гээд уурын зуухнаас хоёулаа гарсан. Бид хоёрыг зодолдож байхыг харсан бол салгах байсан байх. **** хөх өнгийн урт түрийтэй гутал өмссөн байсан. ...Миний цээжний баруун талд суганы доод хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Ах дүүгийн хүмүүс болохоор тухайн үедээ учраа олсон. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би ****-ны өглөө 08-09 цагийн хооронд ажил руугаа явсан. ...Тэгээд 16-17 цагийн үед гэртээ ирэхэд ***, ***, түүний ээж, дүү нар бүгд байсан. Манай нөхөр ***, *** хоёр хөдөө явах унаа хайна гээд гарсан. Орой 19-20 цагийн үед манай нөхөр гаднаас толгой нь үнс болсон, баруун хавиргаа дарчихсан хоёулаа согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би хэн зодсон юм бэ гэхэд *** би зодсон гэж хэлсэн. Би эмнэлэг дуудаж үзүүлье гэхэд манай нөхөр зүгээр үзүүлэхгүй гээд унтсан. Хархорин сумын ***** хойно байх уурын зууханд архи уугаад зодсон гэж байсан. Ямар шалтгаанаас маргалдсан талаараа хэлээгүй. Тэр хоёр гаднаас орж ирэх үед хоёулангийнх нь хувцсанд урагдсан зүйл байхгүй байсан. **** нүүр хэсэг ил харагдах шарх гэмтэлгүй, харин манай нөхрийн зүүн талын гар нь цус болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 тал/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** хойно байдаг “****” ХХК-ийн уурын зууханд галч хийдэг. Тухайн өдөр би ажилтай, ажил дээрээ байж байгаад **** хөдөө явах гэж байгаа бол ахынхаа хэдэн малд тэжээл аваад явчих гэж хэлэхээр дуудсан чинь ****, *** хоёр хамт ирсэн. Тэр хоёрыг ирэхээс өмнө **** ах 0.5 литртэй “***” нэртэй талдаа орсон архи авчирсан. Би **** ахын хамт уурын зуухандаа хоёулаа гардаг байсан. ****, **** бид гурав байж байсан чинь ****, **** хоёр ирсэн. **** ах бид хоёр ажилтай байсан болохоор архи уугаагүй. ****, ****, **** ах гурав хувааж уусан. *** их согтолттой, *** гайгүй байсан. *** ах эрүүл шахуу байсан. **** ах цайндаа гэр лүүгээ явсан. **** ахыг явсанаас хойш *** орилж, хашгираад агсам тавих гээд байсан. *** ах руу *** дайраад хоорондоо барилцаад авахаар нь *** бид хоёр салгасан. Би **** ахыг хүргэж өгөх гээд түрүүлээд гарсан. Буцаад ирэхэд ****, *** хоёр байхгүй байсан. ****, **** хоёр барилцаж авснаас өөр цохиж, зодолдсон зүйл байхгүй. 2024 оны 03 дугаар сарын 16-ны өглөө *** ээж *** эгч над руу наагуур чинь юу болоод байна **** зодсон байна гэхээр нь би манай зууханд зодоон цохион болоогүй, намайг ирэхэд тэр хоёр явсан байсан гэж хэлсэн. Намайг бага байхаас *** гэж дууддаг юм гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн ****-ны өдрийн *** дугаартай “...1. **** биед баруун уушгины дунд дэлбэнгийн эдийн няцрал, цээжний хөндийд цус хуралт, баруун 4, 5 дугаар хавирганы хуучин хугарал, зүүн шуунд цус хуралт, баруун ташаанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З. Баруун уушгины дунд дэлбэнгийн эдийн няцрал, цээжний хөндийд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, баруун ташаанд зулгаралт гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун 4, 5 дугаар хавирганы хуучин хугарал гэмтлийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна. 4. Баруун уушгины дунд дэлбэнгийн эдийн няцрал, цээжний хөндийд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, баруун ташаанд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун 4, 5-р хавирганы хуучин хугарал гэмтэл нь үүсгэгдсэн цаг хугацаандаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Баруун уушгины дунд дэлбэнгийн эдийн няцрал, цээжний хөндийд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, баруун ташаанд зулгаралт гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-29 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хавтаст хэргийн 92-95 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч **** нь согтуугаар **** өдөр Өвөрхангай аймгийн **** сум, **** багийн нутагт байрлах “****” ХХК-ийн уурын зуухны гадаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж **** өшиглөх үйлдлээр түүний биед баруун уушигны дунд дэлбэнгийн эдийн няцрал, цээжний хөндийд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, баруун ташаанд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн үйл баримт, нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч **** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч **** хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч **** шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй гэж хариу мэдэгдсэн, хохирогчоос хохирол төлбөрийг хүлээн авсан. Сэтгэл санааны хохирол болон цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр хүсэлтээ илэрхийлсэн байна.
Хэрэгт хохирогчоос ор хоногийн мөнгө 300,000 төгрөг төлсөн баримт, эмийн сангаас эм тариа 9300 төгрөг, 22,000 төгрөг, 20,720 төгрөг, 4900 төгрөг, 6900 төгрөгийн баримтууд нь хохирогч эмчилгээнд зарцуулсан зардлын баримт байна. Бусад баримт нь хохиролтой ямар хамааралтай болох нь ойлгомжгүй байна. Жишээлбэл: хүнс, тамхи авсан баримт гэх мэт
Шүүгдэгчээс 500,000 төгрөгөөр хоёр удаа буюу нийт 1,000,000 төгрөгийг хохирогч **** шилжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэх үед хохирогчид хохирол төлсөн, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогчоос ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ гэх боловч хэдэн төгрөгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, хэдэн төгрөгийн цалин авч байсан талаар баримт хэрэгт байхгүй байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжгүй тул иргэний журмаар баримт бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй.
Мөн хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.
Хохирогч **** биед хүнд зэргийн гэмтэл авч, хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас авсан ба тусламж үйлчилгээний төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,583,200 төгрөгийг хариуцан төлсөн болох нь хавтаст хэргийн 70 дахь хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ”, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж, 513.2 дахь хэсэгт “Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас нийт 1,583,200 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг, хохирол төлснийг, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч ******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эрүүл мэндийн талаарх баримтыг хуулбарласан DVD-ийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээх нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт *****г 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч **** эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 1,583,200 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эрүүл мэндийн талаарх баримтыг хуулбарласан DVD-ийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА