| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2020/03964/И |
| Дугаар | 183/шш2021/02219 |
| Огноо | 2021-10-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 183/шш2021/02219
| 2021 оны 10 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2021/ 02219 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Бнэхэмжлэлтэй,
Хариуцагч: холбогдох
ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ХХК-аас 37.500.000 төгрөг, ХХК-аас 25.976.000 төгрөг, нийт 63.476.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч -ийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах ХХК-ийн гольфийн талбайн үйлчилгээний барилгын гадна хана буулгалт, гадна ханын блокон өрлөгийн ажлыг 463.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон тохиролцсноор барилга байгууламжийн гүйцэтгэлийн баталгаат хугацааг 3 жилээр тогтоож гэрээний үнийн дүнгийн 5 хувь буюу 25.000.000 төгрөгийг барьцаанд суутгаж, гүйцэтгэлийн баталгаат хугацаа дууссанаар буюу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэгч талд шилжүүлэхээр тохиролцсон. Ийнхүү гүйцэтгэлийн баталгаат хугацаа дуусаж манай компанийн зүгээс гэрээний дагуу барьцаанд суутгасан 25.000.000 төгрөгийг шаардсан боловч удалгүй өгнө, захирал эзгүй байна гэсээр өнөөдрийг хүртэл барагдуулахгүй хойшлуулсаар байна. Талуудын хооронд байгуулагдсан барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцлийн 2.1.13-т алдангийн ногдуулах хэмжээ хоног тутам ажлын хөлсний нийт үнийн 0.1 хувь байна гэж заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 17.150.000 төгрөгийн алданги төлөхөөр байгаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар буюу 12.500.000 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулах үндэслэлтэй байна. Иймд ХХК-аас барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 12.500.000 төгрөг, нийт 37.500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн манай компани нь ХХК-ийн 100 хувийн охин компани ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах ХХК-ийн гольфийн талбайн үйлчилгээний барилгын гадна ханын өрлөг, метал саравчны нийлүүлэлт угсралтын ажлыг 387.000.000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцож гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Энэхүү гэрээгээр мөн ажил гүйцэтгэлийн баталгаат хугацааг 3 жилээр тогтоон гүйцэтгэлийн баталгаанд гэрээний үнийн дүнгийн 5 хувь буюу 19.100.000 төгрөгийг барьцаалж гүйцэтгэлийн баталгаат хугацаа дууссанаар гүйцэтгэгч талд шилжүүлэхээр тохиролцсон. Ийнхүү гэрээний дагуу гүйцэтгэлийн баталгаат хугацаа дуусч 5 хувийн барьцаа буюу 19.100.000 төгрөгийг шаардахад мөн л захирал эзгүй байна, удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрлээ. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэг, энэхүү гэрээний хавсралт 7-д заасан гүйцэтгэлийн баталгаа болох 5 хувь буюу 18.000.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн хавсралтын 2.2-т заасан гүйцэтгэлийн баталгаа болох 1.100.000 төгрөг, нийт 19.100.000 төгрөг байна. Талуудын хооронд байгуулагдсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцлийн 2.1.13-т алдангийн ногдуулах хэмжээ хоног тутам ажоын хөлсний нийт үнийн 0.1 хувь байна гэж заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 6.876.000 төгрөгийн алдангийг нэмж төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд ХХК-аас барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19.100.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 6.876.000 төгрөг, нийт 25.976.000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч ХХК-ийн барьж байгуулсан Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах гольфийн талбайн барилга болон барилгад орсон бүх зардал тооцоо тус компанийн тайлан, тэнцэл, байгууллагын өр авлагад тусгагдсаны дагуу ХХК-аас манай компаниас нэхэмжилж буй төлбөрийг төлж барагдуулахаар тайлбар гаргасан байх тул хариуцагч ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, талуудын хооронд байгуулагдсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн баталгаанд суутгасан 44.100.000 төгрөг болон үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс тооцсон алданги 19.376.000 төгрөг, нийт 63.476.000 төгрөгийг хариуцагч ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компанийн хувьд хувьцаа эзэмшигчид 2020 оны 07 дугаар сард солигдсон бөгөөд худалдах худалдан авах гэрээ үргэлжлэн явагдаж байх үед буюу 2020 оны 10 дугаа рсард шүүхээс зарлан дуудах хуудас ирсэн. Гэвч дэлхий даяар ковид-19 цар тахал гарч, Монгол улсад анхны тохиолдолд бүртгэгдсэнтэй холбоотойгоор хөл хорио тогтоож, манай компани бусад компаниудын адил үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. 2021 оны 01 дүгээр сард ковид-19-ын хөл хорио цуцлагдахад ********ХХК-тай холботой өрийн асуудлыг харилцан шийдвэрлэж, холбогдох бичиг баримт, ажил хүлээлцсэн акт зэргийг хүлээн авч санхүүгийн тайлан балансад тусгасан болно. Эй эс ресорт ХХК нь өнгөрсөн 2020 онд ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирч, ажилчдынхаа цалин хөлсийг олгож чадахгүй алдагдалтай ажилласан. Санхүүгийн хүндрэлээс шалтгаалан манай компанийн үйл ажиллагаа 2021 оны 07 дугаар сарын 01-ээс эхлэхээр болсон тул ********ХХК-аас нэхэмжилж буй 44.100.000 төгрөгийн өрийг 2021 оны 08 дугаар сарын 01-ээс график гарган төлөх хүсэлтэй байна. Нөхцөл байдлыг минь хүндэтгэн үзэж бидний саналыг хүлээн авахыг та бүхнээс хүсэж байна гэжээ.
Хариуцагч ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь ********ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэлийн баталгааны 25 сая төгрөгийг ХХК-ийн гольфийн клуб хаусын барилгын ажлыг хариуцахаар тохирч гэрээ байгуулсан болно. Тухайн үед уг ХХК нь байгуулагдаагүй байсан бөгөөд бид өмнөөс нь гэрээ байгуулж ажил эхлүүлсэн болно. 2020 оны 07 дугаар сарын 01-нд ХХК-ийн хувьцааг борлуулж иргэн С.****, С.**** нарт компанийн хувьцааг 100 хувь худалдан авч өр авлагыг хамт бүрэн шилжүүлсэн бөгөөд тус компани нь компанийн өр авлагыг бүрэн хариуцахаар харилцан тохиролцсон болно. Энэ клуб хаусын барилга нь ХХК-ийн үндсэн хөрөнгө бөгөөд барилгад орсон бүх зардал тооцоо тус компанийн тайлан, тэнцэлд болон байгууллагын өр авлагад тусгагдсан байгаа болно. Манай компанитай энэхүү гэрээний төлбөрийн асуудал нь ямар нэгэн байдлаар холбогдолгүй болсон тул уг төлбөрийн асуудлыг ХХК-аас гаргуулж төлбөр барагдуулах хүсэлтэй буйгаа үүгээр илэрхийлж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ХХК-аас 37.500.000 төгрөг, ХХК-аас 25.976.000 төгрөг, нийт 63.476.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 63.476.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх энэхүү үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 44.100.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 19.376.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ. Зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагч ХХК-ийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах гольфийн талбайн үйлчилгээний барилгын дээврийн ажил ба түүний дагалдах ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч ХХК нь ажлын хөлсөнд 179.000.000 төгрөг төлөхөөр, нэхэмжлэгч нь хариуцагч ХХК-ийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах гольфийн талбайн үйлчилгээний барилгын суурийн дулаалга, хаяавч цутгах ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч ХХК нь ажлын хөлсөнд 119.000.000 төгрөг төлөхөөр, мөн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагч ХХК-ийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах гольфийн талбайн үйлчилгээний барилгын гадна хана буулгалт, гадна ханын блокон өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч ХХК нь ажлын хөлсөнд 165.000.000 төгрөг төлөхөөр, мөн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагч ХХК-ийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах гольфийн талбайн үйлчилгээний барилгын гадна ханын өрлөг, металл саравчны нийлүүлэлт угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч ХХК нь ажлын хөлсөнд 365.000.000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээнүүд болон талуудын тайлбараар нотлогдож байна.
2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд талууд 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, зүүн талын орцны дээд ханын түвшин өөрчлөгдсөн ажлын хэмжээний зөрүүд 5.000.000 төгрөг, баруун талын саравчны нүүрэнд тоосгон өрлөг хийж дээвэрлэх ажлын хэмжээний нэмэлтэнд 5.000.000 төгрөг, 2 дугаар давхрын дээврийн хормойг квадрат төмрөн рам зангидаж рейклэх ажлын хэмжээний нэмэлтэнд 12.000.000 төгрөг, нийт 22.000.000 төгрөгийн ажлыг нэмж гүйцэтгэхээр тохиролцож, гэрээний 5.1-д заасан гэрээт ажлын үнэ 365.000.000 төгрөг гэснийг 387.000.000 болгож өөрчилжээ.
Дээрх ажил гүйцэтгэх гэрээнүүд болон гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний гол болон ердийн нөхцлүүд зэрэгт дүгнэлт хийвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагч ХХК, ХХК-д дээрх ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах гольфийн талбайн үйлчилгээний барилгын дээврийн болон гадна хана буулгалт, гадна ханын блокон өрлөгийн ажил, гадна ханын өрлөг, металл саравчны нийлүүлэлт угсралтын ажил, суурийн дулаалга, хаяавч цутгах ажлыг тус тус хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн болох нь ажил хүлээлцэх актаар нотлогдож байх ба энэ талаар талууд маргаагүй болно.
Харин нэхэмжлэгч нь хариуцагч ХХК, ХХК нартай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлуудыг баталгаат хугацаа болох 3 жил өнгөрсний дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойш ажил гүйцэтгэх гэрээний 5.1-д зааснаар захиалагчийн дансанд ажлын гүйцэтгэлийн баталгаа болгож үлдээсэн гэрээт ажлын төсвийн 5 хувийг олгох үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гүйцэтгэлийн баталгаанд үлдээсэн 44.100.000 төгрөгийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хугацаа хэтрүүлснээс тооцсон алданги 19.376.000 төгрөгийн хамт нийт 63.476.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч ХХК-аас -тай холбоотой өрийн асуудлыг харилцан шийдвэрлэж, санхүүгийн баланстаа тусгасан ба ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулахгүй хүндэрч, алдагдалтай ажиллаж байгаа учир 44.100.000 төгрөгийн өрийг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс график гарган төлөх хүсэлтэй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгснөөс хойш гүйцэтгэлийн баталгаат хугацаа 3 жил өнгөрсөн байх тул Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээт ажлын гүйцэтгэлийн баталгаа болгож үлдээсэн гэрээт ажлын төсвийн 5 хувь болох 44.100.000 төгрөгийг захиалагчаас шаардах эрхтэй.
Хариуцагч ХХК нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах гольфийн клуб хаусын барилгыг эзэмшигч ХХК-ийн хувьцааг холбогдох өр, авлагын хамт худалдсантай холбоотой -ийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн баталгаанд үлдсэн 44.100.000 төгрөг нь хариуцагч ХХК-ийн санхүүгийн тайланд өглөг хэлбэрээр тусгагдаж, уг 44.100.000 төгрөгийг ХХК хариуцахаар хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч нь хариуцагч ХХК-д холбогдох шаардлагаас татгалзаж, уг 44.100.000 төгрөгийг хариуцагч ХХК-аас шаардсан нь үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч ХХК нь баталгааны хугацаа дууссаны дараа төлөхөөр тохиролцсон ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 44.100.000 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч -нд төлөх үндэслэлтэй гэж үзэв.
Харин зохигчдын хооронд байгуулагдсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 2.1.13 дахь заалт нь гүйцэтгэгч ажлыг гэрээний хугацаанд гүйцэтгээгүй, тохиолдолд захиалагч ажлын хөлсний нийт үнийн дүнгийн 0.1 хувиар алданги ногдуулахтай холбоотой зохицуулалт байх тул уг заалтын дагуу гүйцэтгэгч болох нь гэрээний гүйцэтгэлийн баталгааны 44.100.000 төгрөгийг олгох үүргээ биелүүлээгүйд алданги тооцон нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй.
Талууд барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 5.1-д гүйцэтгэлийн баталгаат хугацаа 3 жилийн хугацаа дуусгавар болоход гүйцэтгэлийн баталгааг гүйцэтгэгчид олгоно гэж тохирсон байх ба уг гүйцэтгэлийн баталгааг олгох үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээгээр алданги тооцох талаар барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд заагаагүй байх тул гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 19.376.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 704.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 378.450 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-аас 44.100.000 /дөчин дөрвөн мянга нэг зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч -д, олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19.376.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 704.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 378.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР