| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/00698/И |
| Дугаар | 001/ХТ2024/00292 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2024/00292
Т-ийн нэхэмжлэлтэй
Иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/02381 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01461 дүгээр магадлалтай,
Т-ийн нэхэмжлэлтэй,
Ц.П-ид холбогдох
Төрд учруулсан хохирол 11,487,905 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т нь хариуцагч Ц.П-ид холбогдуулан төрд учруулсан гэм хорын хохиролд 11,487,905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/02381 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар баримтлан хариуцагч Ц.П-оос төрд учирсан хохиролд 11,487,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01461 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/02381 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “75 дугаар зүйлийн 75.2.4, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2” гэснийг “498 дугаар зүйлийн 498.5” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Т нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хариуцагч Ц.П У газрын даргаар ажиллаж байхдаа улсын бүртгэгч Ө.Нг төрийн албанаас хууль бусаар, үндэслэлгүйгээр халсныг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 158 дугаар тогтоолоор тогтоож, уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийн дагуу Ө.Нг ажилд нь эгүүлэн тогтоогоогүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр 8,031,239 төгрөгийн олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хоёр шатны шүүх энэ үеэс эхлэн шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно гэж үндэслэлгүй дүгнэсэн.
Учир нь дээрх шүүхийн шийдвэрүүд нь хариуцагч Ц.П нь Ө.Н гэх төрийн албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар, үндэслэлгүйгээр халсныг тогтоосон, мөн хууль бус шийдвэрийн үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох, эгүүлэн ажилд нь томилох эрх үүссэнийг шийдвэрлэсэн шийдвэр болохоос биш эдгээр шийдвэрүүд гарснаар төрд гэм хорын хохирол шууд учирсан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, уг шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Ө.Нд нөхөн олгож, төрийн сангийн хөрөнгөнөөс мөнгө гарсан үеэс эхэлж төрд гэм хорын хохирол бодитой учирсан гэж үзнэ.
Тодруулбал, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг биелүүлээгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төрийн сангийн хөрөнгөнөөс гаргаж, Ө.Нд нөхөн олгоогүй тохиолдолд төрд гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/277 дугаар тушаалаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу 3,456,666 төгрөгийг, мөн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу 8,031,239 төгрөг, нийт 11,487,905 төгрөгийг Ө.Нд олгосон бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Ө.Нд төрийн сангийн хөрөнгөнөөс мөнгө олгосон үеэс эхэлж төрд гэм хорын хохирол учирсан тул энэ цаг хугацаанаас шаардах эрх үүсэж, богиносгосон хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлнэ. Тиймээс дээрх шүүхийн шийдвэрүүд гарснаар төрд гэм хорын хохирол учирч, шаардах эрх үүснэ гэсэн дүгнэлт үндэслэлгүй юм.
4.1.Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийн хариуцагчаас гаргуулахаар шаардсан төрд учирсан хохирол 11,487,905 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхийн шийдвэрээр урьд шийдвэрлээгүй тул энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг арван жилээр тоолохгүй” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Төрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлс бодитоор гарсан талаарх мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллагаас хүлээн авснаар төрд гэм хорын хохирол учирсныг Т мэдсэн. Түүнчлэн Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна” гэж зааснаар энэ иргэний хэргийн хувьд төрд гэм хорын хохирол учруулсан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг 10 жил гэж үзнэ. Учир нь хариуцагч Ц.П нь Ө.Н гэх төрийн албан хаагчийг хууль бусаар, үндэслэлгүйгээр төрийн албанаас халсан, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болох Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 22-ны 158 дугаар тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01355 дугаар шийдвэр юм. Уг захиргааны болон иргэний хэргүүдэд Ө.Н нэхэмжлэгчээр оролцож байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон тул уг шүүхийн шийдвэрүүд гарсан үеэс эхэлж богиносгосон биш 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно.
Тодруулбал, нэхэмжлэгчийн төрд гэм хорын хохирол учруулсан 11,487,905 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэхтэй холбоотой өмнө нь шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэр байхыг шаардахгүй бөгөөд харин гэм хорын хохирол 11,487,905 төгрөгийг нөхөн төлүүлэх үндэслэл болсон Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 22-ны 158 дугаар тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01355 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгааг ойлгоно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.14-ний өдрийн 001/ШХТ2024/01434 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хянаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч Т нь хариуцагч Ц.Пид холбогдуулан төрд учруулсан гэм хорын хохиролд 11,487,905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “...Хариуцагч Ц.П нь У газрын даргаар ажиллаж байх үедээ буюу 2014.06.17-ны өдрийн тушаалаар тус газрын С Б-ийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ө.Н-д сахилгын шийтгэл ногдуулан төрийн албанаас халах шийдвэр гаргасан боловч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 81 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 158 дугаар тогтоолоор дээрх төрийн албанаас халсан тушаалыг хүчингүй болгож, Ө.Н-г улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 3,456,666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Түүнчлэн Ө.Н нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2014.12.05-ны өдрөөс 2015.12.18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулахаар иргэний шүүхэд хандсаны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01355 дугаар шийдвэрээр Ө.Н-д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 8,031,239 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байх ба дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу нийт 11,487,905 төгрөгийг Ө.Н-д олгосон. Төрд учруулсан хохиролтой холбоотой мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2023.10.04-ний өдрийн 3/5134 дүгээр албан бичгээр ирүүлсний дагуу энэ талаар мэдэж, мэдсэн даруйдаа шаардах эрхээ хэрэгжүүлэн хариуцагч Ц.Пид холбогдуулан 2023.12.12-ны өдөр төрд учруулсан хохирлыг нөхөн төлөхийг мэдэгдсэн байх тул 11,487,905 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Хэргийн баримтаар хариуцагч Ц.П нь У газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2014.6.17-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 811 дүгээр тушаалаар Ө.Н-г тус газрын С Б-ийн хэлтсийн Иргэний бүртгэлийн улсын бүртгэгчээс чөлөөлсөн нь хуульд нийцээгүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, хууль бусаар ажлаас чөлөөлсөн үр дагаварт Ө.Н-д ажилгүй байсан хугацааны цалин олговорт 11,487,905 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байхаар, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр тус тус зохицуулсан. Нэхэмжлэгч Т нь хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, хяналт тавих, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах чиг үүргийнхээ хүрээнд шаардах эрхээ 2023.10.04-ний өдрөөс өмнөх хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байсан байна.
Иймд хөөн хэлэлцэх хугацааг хуульд заасанд нийцүүлэн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2015.06.22-ны өдрийн 158 дугаар тогтоол гарснаас хойш тоолох тул нэхэмжлэгч 2024.01.15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хариуцагч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэсэн агуулгаар дүгнэсэн байна.
10.Давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01355 дугаар шийдвэр гарсан өдрөөс тоолох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийж улмаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болж буй Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг хэрэглээгүй гэж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
11.Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх үеийг өөрөөр тодорхойлсон байх бөгөөд хоёр шатны шүүхийн энэхүү дүгнэлт, улмаар нэхэмжлэгчийг шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх эсэх талаарх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хянан хэлэлцэв.
12.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Ц.П нь У газрын даргаар ажиллаж байхдаа 2014.06.17-ны өдрийн 811 дүгээр тушаалаар С Б-ийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ө.Н-г ажлаас халсан нь хууль бус болохыг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 581 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 158 дугаар тогтоолоор тогтоож, Ө.Н-г У газрын С Б-ийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, 2014.06.17-ны өдрөөс 2014.12.04-ний өдөр хүртэлх хугацааны цалин, нөхөн олговрыг /3,456,666 төгрөг/ зохих журмын дагуу тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01355 дугаар шийдвэрээр 2014.12.05-ны өдрөөс 2015.12.18-ны өдрийг хүртэл хугацааны олговорт 8,031,239 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэсэн, эдгээр олговрыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017.11.20-ны өдрийн А/277, 2021.04.08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар олгохоор шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.
13.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж, мөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2 “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй боловч төрд хохирол учирсанд хариуцагч гэм буруутай тохиолдолд нэхэмжлэл хангагдах учиртай байна.
Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргасан албан тушаалтны хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байхыг шаардана.
14.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Нийслэлийн прокурорын газраас 2014.05.13-ны өдөр 06 дугаар албан бичгээр У газарт хандаж прокурорын мэдэгдэл ирүүлсэн байх ба тус мэдэгдэлд” ... Х.Б-т холбогдох эрүүгийн хэрэг шалгах явцад ...Нийслэлийн бүртгэлийн газрын мэргэжилтэн Ө.Н-г гуйж бусдын нэр дээр иргэний үнэмлэх гаргуулсан болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон, ... танай ажилтан, албан хаагчдын зүгээс ...танил тал харж бусдад давуу байдал үүсгэсэн, ажилдаа хайнга хандсан нь гэмт хэрэг гарах гол нөхцөл болсон,..сахилга хариуцлага, ёс зүй, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авна уу гэжээ”. Уг мэдэгдлийн дагуу У газрын дэргэдэх Ёс зүйн хорооны 2014.05.30-ны өдрийн хурлаар Ө.Н нь улсын бүртгэлийн ажилтны ёс зүйн дүрмийн зохих заалтыг зөрчиж ажилдаа хариуцлагагүй хандсан тул ...цалинг 6 сараар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулах саналыг тус газрын дэргэдэх Т-ийн салбар зөвлөлд хүргүүлэв” гэсэн, Тус байгууллагын дэргэдэх Т-ийн салбар зөвлөлөөс дээрх Ёс зүйн хорооны дүгнэлтийг хянаад Ө.Н-ийн гаргасан ёс зүйн зөрчилд төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулах саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлахаар тогтож 44 тоот тогтоол гаргасан, уг тогтоолд салбар зөвлөлийн дарга Ц.П гарын үсэг зурсан байх бөгөөд, улмаар У газрын даргын 2014.06.17-ны өдрийн 811 дугаар тушаалаар Ө.Нг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015.06.22-ны өдрийн 158 дугаар тогтоолд “...нэхэмжлэгчид төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан “зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна” гэж дүгнэжээ.
15.Дээр дурдсан баримтуудаас үзэхэд Ө.Н-ийн гаргасан ёс зүйн зөрчил, ажлын хариуцлагатай холбоотой эхэлж У газрын дэргэдэх Ёс зүйн хороо, дараа нь Т-ны салбар зөвлөл шат дараалан хэлэлцэж шийдвэр гаргасан байх бөгөөд Ц.П өөрөө Т-ийн салбар зөвлөлийн болон байгууллагын даргын хувьд албан хаагчид шийтгэл ногдуулахдаа хуульд заасан хугацаа өнгөрсөн эсэхийг нягталж, хянах боломжтой атал илтэд болгоомжгүй байдлаар хандсанаас Ө.Н-г хууль зөрчиж ажлаас халсан түүний шийдвэр хууль бус болсон гэм буруутай байдал тогтоогдсон.
Иймд гэм хорыг хариуцах үндэслэл болсон хариуцагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм буруу тогтоогдсон гэж үзнэ.
16.Гэм хорын хохирол нэхэмжилсэн энэхүү маргааны хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан таван жилийн хугацаа хамаарах бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлд хөөн хугацааг тоолох журам зохицуулагдсан. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг.
Учир нь дээр дурдсан шүүхийн хоёр удаагийн шийдвэрийн дагуу нийт 11,487,905 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрт заасан мөнгийг Ө.Н-д төлснөөр гэм хорыг арилгасан гэж үзэх бөгөөд энэ нөхцөлд хохирлыг буруутай этгээдээс шаардах эрх үүснэ.
18.Харин Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 158 дугаар тогтоолын дагуу Ө.Нд 2014.06.17-ны өдрөөс 2014.12.04-ний өдөр хүртэлх хугацааны цалин, нөхөн олговорт 3,456,666 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017.11.20-ны өдрийн А/277 дугаар тушаалаар хөрөнгийг шийдвэрлэж, улмаар 2017.12.07-ны өдөр олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул энэ хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 5 жилийн хугацаа 2022.12.07-ны өдөр дууссан байна. Нэхэмжлэгч шүүхэд 2024.01.15-ны өдөр нэхэмжлэл гаргасан, иймээс хариуцагч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй тул энэхүү 3,456,666 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
19.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01355 дугаар шийдвэрээр Ө.Нгийн ажилд эгүүлэн тогтоох хүртэлх ажилгүй байсан 2014.12.05-ны өдрөөс 2015.12.18-ны өдрийг хүртэл хугацааны олговорт 8,031,239 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021.04.08-ны өдрийн А/80 дугаар “Хөрөнгө хуваарилах тухай” тушаал гарч Ө.Нд мөнгийг олгож, гэм хорыг бүрэн арилгаснаар төрд уг хэмжээний хохирол бодитой учирсан байна. Тийм учраас энэ үеэс дээрх 8,031,239 төгрөгийг шаардах эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан таван жилийн хугацаанд нэхэмжлэлээ гаргасан тул дээрх мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасантай нийцнэ.
20.Нэхэмжлэгч гомдолдоо, Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т “Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч Ц.П нь Ө.Нг хууль бусаар, үндэслэлгүйгээр төрийн албанаас халсныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болох Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 22-ны 158 дугаар тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01355 дугаар шийдвэр нь энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хамаарахгүйг дурдав.
21.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01461 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/02381 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч Ц.П-оос гэм хорын хохиролд 8,031,239 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод олгож, 3,456,666 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Т-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.П-оос улсын тэмдэгтийн хураамжид 143,450 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Т нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН