Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 69

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, Улсын яллагч: Б.Мөнгөншагай, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

Шүүгдэгч: Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Бүдүүн овогт Галбаатарын Адъяатогтоход холбогдох 201715000092 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 33 настай, халх, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Бүдүүн овогт Галбаатарын Адъяатогтох /РД: ЙМ84081210/  
Шүүгдэгч Г.Адъяатогтох нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 03-ны шөнийн 01 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 31 дүгээр гудамжинд хохирогч Б.Дашдагвыг хувийн таарамжгүй харилцааны /салсан эхнэр Б.Баярмаатай хардсаны/ улмаас зодож иргэн Б.Дашдагвын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Г.Адъяатогтох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би салсан эхнэрээ хардаснаас болж Б.Дашдагвыг нүүр рүү нь цохиж, өшиглөсөн. Миний буруу. Хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  
Хохирогч Б.Дашдагва хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… Би 23 цагийн үед найз Гансэрээтэрийн хамт 9 дүгээр хороонд Баярмаагийн гэрийн гадаа очоод Баярмааг гараад ир гэж утсаар дуудсан. Баярмаа 2 хүүхэдтэйгээ хамт гарч ирээд миний машинд суусан. Би Баярмаад нэг лааз пиво өгсөн. Би түрүүнд нь айлд жаахан архи уусан байсан. Удалгүй 15 орчим минутын дараа машины ард мотоцикльтой хүн ирэхэд Баярмаа манай нөхөр байна, согтуу байгаа байх, чи хөдлөөд зогсчих гэхээр нь би хөдлөөд гудамж тойроход Г.Адъяатогтох мотоцикльтой урдуур орж ирж зогссон. Машинаас Баярмаа түрүүлээд буусан. Би араас нь буугаад Г.Адъяатогтох дээр очиход Г.Адъяатогтох үг дуугүй шууд миний нүүр рүү гараараа цохисон. Тэгээд намайг газар унахад миний нүүр рүү Г.Адъяатогтох өшиглөж зодсон. Харин Баярмаа Г.Адъяатогтохыг салгасан. Миний нүд 
харахгүй болоод нэг мэдэхэд машиныхаа ард зогсож байгаад машиндаа суусан. /хх-ийн 28-29 хуудас/  
Гэрч Б.Баярмаа хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… Б.Дашдагва манай гэрийн гадаа 24 цаг болж байхад ирээд гэрийн гадаа 30-40 орчим минут болсон. Харин манай салсан нөхөр Г.Адъяатогтох мотоцикльтой гэрийн гадаа ирээд зогссон. Харин Б.Дашдагва өөрөө машинаа зогсооход араас Г.Адъяатогтох мотоцикльтой хүрээд ирсэн. Г.Адъяатогтох миний 2 хүүхэд хаана байна гээд буугаад ирсэн. Харин Б.Дашдагва машинаас бууж ирээд хөөш Тогтохоо гэж ирээд Г.Адъяатогтохыг түлхсэн. Харин Г.Адъяатогтох чи муу юу юм бэ? гэж хэлээд Б.Дашдагвыг барьж аваад гараараа татаад газар унагаасан. Б.Дашдагва босч ирээд Г.Адъяатогтох дээр очиход Г.Адъяатогтох Б.Дашдагвыг дахин ширвээд газар унагаасан. /хх-ийн 31-32 хуудас/  
Гэрч Т.Хишигжаргал хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 04 дүгээр сарын 03-ны шөнийн 01 цаг өнгөрч байхад манай нөхөр Б.Дашдагва гэртээ хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. Би Б.Дашдагваас хэнд хаана зодуулсан юм бэ? гэж асуухад нэг танихгүй эрэгтэй хүнд гэж хэлсэн. Тэгээд Б.Дашдагвыг дагуулаад гарахад гадаа Баярмаа гэх эмэгтэй байсан. Б.Дашдагва энэ хүүхнийг би таньдаг юм. Баярмаа 2 хүүхэдтэйгээ байдаг юм. Намайг хүргээд өг гэхээр нь би очтол намайг нөхөр нь гэх залуу зодчихлоо гэж хэлсэн. /хх-ийн 33 хуудас/  
Гэрч Д.Гансэрээтэр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… Би шөнийн 24 цаг болж байхад Б.Дашдагватай 9 дүгээр багт нэг айлын хашааны гадаа очиход Б.Дашдагва утсаар нэг хүн дуудахад удалгүй нэг хүүхэн 2 хүүхэдтэйгээ гарч ирээд арын суудалд суусан. Б.Дашдагва тэр хүүхэнд нэг пиво өгсөн. Тэгээд 20-30 орчим минутын дараа нэг мотоцикльтой хүн ирэхэд тэр хүүхэн манай нөхөр ирлээ, урагшилаад зогсчих гэхээр нь би машинаа урагшаа хөдөлгөхөд тэр мотоцикльтой хүн машины урдуур орж ирээд хаагаад зогссон. Тэгтэл Баярмаа машинаас буусан. Араас нь Б.Дашдагва буусан. Би төвөг гэж бодоод машинаасаа буугаагүй. Би Б.Дашдагва, Г.Адъяатогтох нарыг зодоон хийж байхыг хараагүй, гадаа юу болж байгааг сонсоогүй. /хх-ийн 34-35 хуудас/  
Гэрч Ш.Эрдэнэбаатар хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр би Нисэхийн хойно байх дугуй засварын газар ажлаа хийж байтал 19 цагийн үед Б.Дашдагва, хэлгүй Нямбуу нар машинтай ирсэн. Хэлгүй Нямбуу дэлгүүрээс 0.75 литрийн “Соёрхол” нэртэй нэг шил архи авсан. Тэгтэл хажуу талын дугуй засварын Гансэрээтэр ирсэн. Тэгээд бид 4 архиа хувааж уусан. Нямбууг ах нь ирээд аваад явсан. Б.Дашдагва, Гансэрээтэр бид 3 дэлгүүр орж 0.75 литрийн “Хар сувд” нэртэй архи нэг шилийг аваад 10 дугаар багт байх манай гэрт очсон. Бид 3 авсан архиа хувааж уучихаад 23 цагийн орчимд тэр 2 манайхаас гараад явсан. /хх-ийн 36 хуудас/  
Гэрч Б.Бямбасүрэн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… Г.Адъяатогтох нь төлөв даруу, нийтэч зантай, ах дүү нартаа их тусархаг, одоо аав ээжтэйгээ хөдөө мал дээрээ байдаг. Г.Адъяатогтох эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байсан. Эхнэр Баярмаа нь эмнэлэгт сувилагч хийдэг. Энэ 2 салаад 1 жил гаруй хугацаа болж байна. Би юунаас болоод яагаад салсан талаар нь сайн мэдэхгүй. Г.Адъяатогтох гол төлөв хөдөө байдаг. Г.Адъяатогтохын том хүү нь 8 настай, охин нь 7 настай. Би юунаас болж салсан талаар нь мэдэхгүй байна. /хх-ийн 37 хуудас/  
Гэрч Баяржаргал хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… Г.Адъяатогтох нь даруу төлөв зантай, их нийтэч, цагаахан, хээгүй залуу байдаг. Хөдөө мал дээр байдаг малчин залуу. Г.Адъяатогтохын эхнэрийг танихгүй, харж байгаагүй, 2 хүүхэдтэй гэсэн, 1 жилийн өмнө салсан гэж байсан. Би юунаас болоод яагаад салсан талаар нь сайн мэдэхгүй. Г.Адъяатогтохыг юунаас болж эхнэр хүүхдээсээ салсан талаар нь мэдэхгүй байна. Шүүхээр ороод эвлэрсэн гэж байсан. Г.Адъяатогтох хаяа архи уучихсан л байдаг, тамхи байнга хэрэглэдэг. /хх-ийн 38 хуудас/  
Шинжээч Ц.Халтархүү хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… Иргэн Б.Дашдагвын гэмтлийг би үзэж дүгнэлт гаргасан. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос 3-н удаагийн үйлчлэлээр үүсгэхдэх боломжтой. Уг гэмтэл нь нүүрний ясны хугарал, ялтсан ясны хугарал учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Дашдагвад учирсан баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал нь нүүрээрээ газар унахад үүсэх ямар ч боломжгүй. /хх-ийн 41-42 хуудас/  
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 05ны өдрийн 121 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:... Б.Дашдагвын биед тархины доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны доргилт, зүүн алимны цус хуралт, зүүн нүдний зовхины мэс заслын оёдолтой шарх, баруун нүдний зовхины цус хуралт, зүүн хөмсөг, хамар, эрүүний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. /хх-ийн 44 хуудас/  
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №04/12 дугаартай үнэлгээний тайлан, хураан авах тогтоол, тэмдэглэл, хохиролд бэлэн мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч Г.Адъяатогтохын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Дашдагвын шүүгдэгч Г.Адъяатогтохтой сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөрт 1000000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 1-2, 11-13, 15-21, 24-27, 52-53, 56 хуудас/  
Шүүгдэгч Г.Адъяатогтохын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 90 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57-58 хуудас/  
Шүүгдэгч Г.Адъяатогтохын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 хуудас/ зэрэг болно.  
Шүүгдэгч Г.Адъяатогтох нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 03-ны шөнийн 01 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 31 дүгээр гудамжинд хохирогч Б.Дашдагватай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Адъяатогтохын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Дашдагвын би Г.Адъяатогтох дээр очиход Г.Адъяатогтох шууд миний нүүр рүү гараараа цохисон. Тэгээд намайг газар унахад миний нүүр рүү Г.Адъяатогтох өшиглөж зодсон. Гэрч Б.Баярмаагийн Б.Дашдагва машинаас бууж ирээд хөөш Тогтохоо гэж ирээд Г.Адъяатогтохыг түлхсэн. Харин Г.Адъяатогтох чи муу юу юм бэ? гэж хэлээд Б.Дашдагвыг барьж аваад гараараа татаад газар унагаасан. Б.Дашдагва босч ирээд Г.Адъяатогтох дээр очиход Г.Адъяатогтох Б.Дашдагвыг дахин ширвээд газар унагаасан. Гэрч Т.Хишигжаргалын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны шөнийн 01 цаг өнгөрч байхад манай нөхөр Б.Дашдагва гэртээ хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. Баярмаа хүргээд өг гэхээр нь очтол намайг нөхөр нь гэх залуу зодчихлоо гэж хэлсэн. Гэрч Д.Гансэрээтэрийн би шөнийн 24 цаг болж байхад Б.Дашдагватай 9 дүгээр багт нэг айлын хашааны гадаа очсон. Гэрч Ш.Эрдэнэбаатарын Б.Дашдагва, Гансэрээтэр бид 3 дэлгүүр орж 0.75 литрийн “Хар сувд” нэртэй архи нэг шилийг аваад 10 дугаар багт байх манай гэрт очсон. Бид 3 авсан архиа хувааж уучихаад 23 цагийн орчимд тэр 2 манайхаас гараад явсан. Гэрч Б.Бямбасүрэнгийн Г.Адъяатогтох эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байсан. Энэ 2 салаад 1 жил гаруй хугацаа болж байна. Би юунаас болоод яагаад салсан талаар нь сайн мэдэхгүй. Шинжээч Ц.Халтархүүгийн би 
иргэн Б.Дашдагвын гэмтлийг үзэж дүгнэлт гаргасан. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2оос 3-н удаагийн үйлчлэлээр үүсгэхдэх боломжтой. Уг гэмтэл нь нүүрний ясны хугарал, ялтсан ясны хугарал учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Дашдагвад учирсан баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал нь нүүрээрээ газар унахад үүсэх ямар ч боломжгүй гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 121 дугаар шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №04/12 дугаартай үнэлгээний тайлан, хураан авах тогтоол, тэмдэглэл, хохиролд бэлэн мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Б.Дашдагвын шүүгдэгч Г.Адъяатогтохтой сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөрт 1000000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч Г.Адъяатогтохын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.  
Шүүгдэгч Г.Адъяатогтохын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх үзлээ.    Шүүгдэгч Г.Адъяатогтоход холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  
Шүүгдэгч Г.Адъяатогтох нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэв.   
Хохирогч Б.Дашдагва нь шүүгдэгч Г.Адъяатогтохтой сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөрт 1000000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн болох нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Г.Адъяатогтоход холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Г.Адъяатогтохыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.  
Шүүгдэгч Г.Адъяатогтох нь согтуугаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “…Согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй…” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн хохирогч Б.Дашдагвын амбулаторын картыг хуулбарлаж хуулбарыг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээж, томографийн зураг, цагаан өнгийн DVD, эмчийн үзлэгийн хуудас, амбулаторын карт тус тус 1 ширхэгийг хохирогч Б.Дашдагвад буцаан олгож,   
Шүүгдэгч Г.Адъяатогтохын эзэмшлийн 1200000 төгрөгийн үнэ бүхий 55-53 ӨВЗ улсын дугаартай, ногоон өнгийн Даюун маркийн мотоцикль 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,     Шүүгдэгч Г.Адъяатогтох нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Дашдагвад 1000000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн болохыг тус тус дурьдаж,   
Тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 228 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг зарлах тухай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Г.Адъяатогтоход авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. Иймд шүүгдэгч Г.Адъяатогтоход авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь:   
1.Шүүгдэгч Бүдүүн овогт Галбаатарын Адъяатогтохыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Бүдүүн овогт Галбаатарын Адъяатогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   
3.Шүүгдэгч Г.Адъяатогтох нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Дашдагвад 1000000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн болохыг тус тус дурьдсугай.   
4.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн хохирогч Б.Дашдагвын амбулаторын картыг хуулбарлаж хуулбарыг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээж, томографийн зураг, цагаан өнгийн DVD, эмчийн үзлэгийн хуудас, амбулаторын карт тус тус 1 ширхэгийг хохирогч Б.Дашдагвад буцаан олгосугай.  
5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Г.Адъяатогтохын эзэмшлийн 1200000 төгрөгийн үнэ бүхий 55-53 ӨВЗ улсын дугаартай, ногоон өнгийн Даюун маркийн мотоцикль 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
6.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Адъяатогтоход авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.   
7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   
8.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Адъяатогтоход авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ