Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 1093

 

    2020           8              27                                     2020/ДШМ/1093                                 

 

 

     О.Мд холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч О.Одхүү,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/434 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч С.Одгариг, О.Одхүү нарын гаргасан давж заалдах гомдлоор О.М холбогдох эрүүгийн 2010003530382 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Б овгийн Оийн М,

       О.М нь “... Голомт банкинд таньдаг хүнтэй, зээлийг хурдан шуурхай гаргаж өгдөг, хөөцөлдөхөд мөнгө байршуулдаг ...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж Г.Уээс 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 10 сая төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 5 сая төгрөгийг тус тус өөрийн Хаан банкин дахь 5166хххх65 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

          Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         

       Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Мыг хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Орсоогийн Мыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд О.Маас 13,000,000 төгрөг гаргуулж, хохирогч Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 77/1 дүгээр байрны 47 тоотод оршин суух, /РД:ХЛ69033106/, Тугчин овгийн Гомбын Ут олгож, шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... би үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, шүүх хуралдааны өмнө 2 сая төгрөгийг төлсөн. Цаашид үлдсэн хохирлыг сар бүр 1 сая төгрөгөөс доошгүй хэмжээгээр төлж барагдуулах боломжтой болохоо илэрхийлсэн. ...мөн 2 сартай, 5 настай, 20 настай гурван хүүхэдтэй, гэртээ хүүхдүүдээ хардаг эхнэр маань ямар ч хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч О.Мы өмгөөлөгч С.Одгариг давж заалдах гомдолдоо: “... шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогч Г.Ут хохирлын мөнгө болох 15 сая төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ар гэрийн байдлыг харгалзан үзэж, тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч О.Мы өмгөөлөгч О.Одхүү давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэрэгт авагдсан баримтуудаас харахад шүүгдэгч О.М нь шүүх хурлаас өмнө хохирогчид 2 сая төгрөг хохиролд нөхөн төлсөн, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон зэргээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдсон байна. Гэтэл шүүх хэрэг хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх үндэслэл харагдаж байна. Шүүх хурлаас хойш 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр О.Мы төрсөн эгч О.Солонго нь хохирогчид 13 сая төгрөг өгч хохирлыг бүрэн нөхөн төлсөн байна. Одоо Мы ар гэр хүнд байдалтай байна. Тэрээр эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг ба бага хүүхэд нь 2 сартай, эхнэр нь хүүхдээ хараад ажилгүй, тодорхой орлогогүй, эхнэрийнх нь эцэг, эх өвчний улмаас байнгын асаргаанд байдаг байна. Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүхэд үүрэг хүлээлгээгүй ч гэсэн дээрх нөхцөл байдлуудаас одоо дүгнэн үзэхэд шүүх хорих ялыг тэнсэн харгалзахгүй байх нөхцөл харагдахгүй байна.” гэжээ.

 

Прокурор Х.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээрээ маргаж, хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй байсан. Эдгээр нөхцөл байдлаас болоод хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

       О.М нь “... Голомт банкинд таньдаг хүнтэй, зээлийг хурдан шуурхай гаргаж өгдөг, хөөцөлдөхөд мөнгө байршуулдаг ...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж Г.Уээс 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 10 сая төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 5 сая төгрөгийг тус тус өөрийн Хаан банкин дахь 5166305065 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан болох нь:

 

       хохирогч Г.Уийн “... 2018 оны 10 дугаар сард буюу манай ажил эрчимтэй явагдаж эхлэх үед мөнгөний асуудал үүсээд, хүмүүстэй зөвлөлдөхөд манай найз “Тээвэр хөгжлийн банк зээл өгч байгаа, тухайн банкинд таньдаг нэг хүн байгаа” гээд Мтай танилцуулаад, “туслаад өгөөрэй” гээд өнгөрсөн. Дараа нь “танай банк зээл гаргаж байгаа юу” гэж ярихад “гаргаж байгаа” гэхээр нь Голомт банкинд өгсөн байсан материалаа Тээвэр хөгжлийн банкинд өгсөн. Тэгээд хоёр хоногийн дараа биечлэн очиход “Шинэ харилцагч болохоор манай банк энэхүү зээл гарах гэж удах юм байна. Харин Голомт банкинд таньдаг хүн байгаа, зээлийг чинь Голомт банкнаас гаргуулж өгье, гэхдээ мөнгө хэрэг болно шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь зээлээ хурдан бүтээчих юм шиг санагдахаар нь “би мөнгөний талаар бодож үзье, надад одоо мөнгө байхгүй” гэж хэлээд салсан. Тэгээд дараа нь “таны мөнгө бүтэж байна уу” гэж ярихаар нь би 10.000.000 төгрөг шилжүүлсэн юм. 12 дугаар сарын 5-ны өдөр би зээл юу болж байгаа талаар асуухад “таны хурал удахгүй товлогдоно” гэсэн. Тэгээд он гараад зээл маань гарахгүй байхаар нь асуухад “таны зээлийг бүтээх хүн олдчихлоо, та одоо 5.000.000 төгрөг өгөх шаардлагатай байна” гэхээр нь би бэлэн байсан мөнгөө шилжүүлээд, “үлдсэнийг нь ойрын хугацаанд олж өгье” гэж хэлсэн. Тэгээд 2 билүү 3 хоногийн дараа үлдсэн мөнгийг би өөрөө яриад шилжүүлсэн. Мөн би анх мөнгөний санал тавиагүй, Мөнхнасан надад “таны зээлийг бүтээхийн тулд мөнгө хэрэг болно шүү” гэж хэлсэн. Би өөрт байсан бүх мөнгөө хууртагдаж алдсан. Би мөнгөө хурдан гаргуулж авмаар байна. ...” /хх 7-8, 138-142/,

 

       гэрч Ж.Батхуягийн “... Би Мыг ажлын шугамаар л таньдаг. О.Манхсайхан олон жил банкны салбарт ажилласан хүн байгаа юм. Би У гэдэг хүнийг танихгүй, гэхдээ тэр хүн надтай 2019 оны 8 бил үү 9 сард байх, сайн санахгүй байна, манай ажил дээр ирсэн, уулзъя гэсэн байхаар нь “оруулчих” гээд уулзсан. Надад “О.Мтай уулзаж чаддаггүй, олддоггүй, зээл бүтээж өгнө гэхээр нь би мөнгө өгчихсөн юм” гэсэн. Тэгээд би тэр Г.У гэдэг хүнийг “Шангрила шилэн барилга дээр очиж уулз” гэсэн чинь “би очоод ирлээ, ажлаасаа гарсан гэж байна. Би одоо хаанаас олж уулзах вэ” гэхээр нь “би мэдэхгүй” гэсэн. Надаас “холбоотой байгаа юу” гэж асуусан би “холбоогүй байгаа” гэж хэлсэн. Тэр Г.У гэдэг хүн надад О.Мтай болсон процессыг бүгдийг нь ярьж өгсөн. Данс руу нь мөнгө хийсэн гэж хэлсэн, яг хэдэн төгрөг өгсөн талаар мэдэхгүй. Тэрнээс өмнө О.М 2018 он байхаа мэдэхгүй байна, ирж уулзаад “миний сайн таньдаг хүн байгаа юм аа, туслах гэсэн юм” гэхээр нь би Голомт банкны дотоод аудитын захирал Батсайхан гэдэг хүнтэй ярьж Г.Уийг уулзуулсан. Тэгэхэд Батсайхан захирал над руу дараа нь яриад “энэ хүнд зээл гаргаж өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Тэрийг нь Г.Ут өөрт нь хэлсэн гэсэн. Би О.Мд бас “боломжгүй гэж байна” гэж хэлсэн. Г.Уийг ирэхэд нь би мөн хэлсэн. Би Г.Уранчичимэгийн муу зээлдэгч үү, хугацаа хэтэрсэн үү гэдгийг мэдэхгүй. Би хүний мэдээллийг авах эрхгүй, орж үзэх шаардлага ч байхгүй. Би Г.Уийн зээлийн ангиллыг хадгалсан зүйл байхгүй.” /хх 16-17/,

 

       гэрч Б.Ганболдын “... Би Г.Уийг дагуулж урт цагаан дээр байх “Транс” банкин дээр очиж О.Мтай уулзуулсан. Тухайн үед О.М Транс банкны нэг юмных нь дарга байсан байхаа, би сайн мэдэхгүй байна. Г.Уийг О.Мтай уулзуулсан учир нь зээл бүтэхэд арай хурдан болох байх гэж бодоод л танилцуулсан. Г.У бид хоёрын хооронд ямар ч мөнгө төгрөгийн өглөг авлага байхгүй. Би ямар ч мөнгө аваагүй, надад ямар ч мөнгө өгөөгүй. Би зүгээр Г.Ут туслах гэж л О.Мтай холбож өгч уулзуулсан. О.М банкинд ажилладаг байсан мөн банкинд ажилладаг хүмүүсийг таних учраас арай хурдан бүтэх юм болов уу, дөхөм болох болов уу гэж л бодсон. Өөр зүйл байхгүй. Би тэр хоёрын дунд ямар асуудал болсон, мөнгө төгрөг өгч авахад нь байгаагүй. Нарийн ширийн зүйлийг нь сайн мэдэхгүй. Тухайн үед О.М, Г.У хоёртой утсаар л ярьж байсан. Тэр хоёрын ярианаас Г.У 15.000.000 төгрөгийг О.Мд өгсөн гэсэн байхаа. ...” /хх 18-19/,

 

       гэрч Д.Сугарын “... 2018 онд Богд банк юм уу, Шангрила хоёрын аль нэгэнд нь ажиллаж байсан. Яг алинд нь ажиллаж байсныг санахгүй байна. Шангрила дээр банкны оффис нь байдаг. Яг аль банкны оффис байдаг гэдгийг мэдэхгүй байна. 2018 онд байхаа, би бас сайн санахгүй байна. Би тухайн үед Голомт банкинд үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байсан. Тэр үед оффис дээр ирж уулзаж байсан. Зээлийн талаар л уулзсан байх. Яг тухайн үед хэн гэдэг хүний ямар зээл, яг юуны талаар уулзсаныг санахгүй байна. Надад ямар ч мөнгө өгөөгүй, би мөнгө аваагүй. Тийм яриа ч байгаагүй. Таньж мэддэг болохоор л зээлийн талаар асуусан байх. Ер нь бол манай найз хамаатан садан гэдэг ч юм уу, ямар нэг хүний талаар зээл авах талаар зөвлөгөө л авсан байх. Бямбасүрэн гэж жижиг дунд бизнесийн зээлийн хэлтсийн захирал хийдэг. Би танина. О.М энэ хүнийг танихгүй гэж бодож байна. Энэ хүн харилцагч нартай уулздаггүй, судалгаа хийдэг...” /хх 20-21/,

 

       О.Мы яллагдагчаар өгсөн “... 2018 оны 10 сард байхаа, сайн санахгүй байна. Би тухайн үед Транс банкны төсөв судалгааны хэлтсийн захирлаар ажилладаг байсан. Тэр нь Урт цагаанд байрладаг байсан. Тэгээд би ажил дээрээ байхад их сургуулийн найз Ганболд нь Г.У гэдэг хүний хамт ирсэн. Г.У нь “Голомт банкнаас зээл нэмж авах гэсэн юм, таньж мэддэг хүн байвал туслаач” гэж ирсэн. Г.У нь “банк бус болон Голомт банкнаас өмнө нь нийт 350.000.000 төгрөгийн зээлтэй байсан гэх бөгөөд үлдэгдэл нь 300.000.000 орчим төгрөг байгаа гэсэн. Тэгээд багадаа 70.000.000 төгрөг болж, өгвөл 100.000.000 төгрөг нэмж авахгүй бол эргэлтийн хөрөнгөгүй болоод байна. Мөн банк бусын зээлийн хугацаа нь дуусаад шахагдаад байна” гэж хэлсэн. “Миний зээл энэ чигээрээ яваад үргэлжилвэл эргэлтийн хөрөнгөгүй болоод зээлээ төлөх боломжгүй болоод байна” гэж хэлсэн. ... Ер нь бол “Голомт банкин дээр нэмж зээл гаргуулахад туслаач” гэж байсан. Голомт банкин дээр нэмэлт зээл хүсээд тэр нь дэмжигдээгүй гэсэн. Тэгээд “тус болооч” гэсэн. Тухайн үедээ өөр банкнаас зээл авах, өөр банкнаас зээл хүсэх тухай яриагүй. Тэгээд Голомт банкин дээр таньдаг найз нөхдөөсөө Г.Уийн нэмэлт зээлийг нь олгох боломжтой юу гэж асуусан. Тэгэхэд “Г.У гэдэг хүний барьцаа хөрөнгийг боломжтой дээд үнэлгээгээр үнэлсэн. Үүнээс илүүгээр үнэлэх боломжгүй эсвэл нэмэлт барьцаа хөрөнгө шаардлагатай” гэж хэлсэн. Мөн “өмнө авсан зээл нь 2-3 сарын дараа эрсдэлд орох гээд байгаа бол нэмж 100.000.000 төгрөг авбал нөхөж төлөх санхүүгийн боломж байхгүй” гэж хэлсэн. Тийм учраас дэмжихэд хэцүү гэж байсан. Уг нь өмнө нь авсан зээлээ хэвийн төлөөд явдаг байсан юм билээ. Тэгээд Г.Утэй уулзаад “асуудал ийм байна” гэж хэлэхэд Г.У “нэмэлт барьцаа хөрөнгө надад байхгүй” гэж хэлсэн. Би Г.Уийг “бизнесийн төлөвлөгөөгөө аваад ир” гэхэд “бизнесийн нууц” гэж хэлдэг байсан. Г.У болохоороо “ном журмаараа яваад бүтэхгүй ээ, яг ийм хариу сонсоно. Чи энэ ажлыг бүтээгээд өгчих, би чамайг шагная” гэсэн. Тэгээд надад 2018 оны 11 сард миний данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгийг өөр хүнд өгөөгүй, өөртөө л зарцуулсан. Дараа нь 2019 оны 1 сард “зээлийг нь дэмжихгүй байгаа хүнтэй уулзах гэж байна 5.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхэд надад 5.000.000 төгрөгийг хоёр хувааж шилжүүлсэн. Эхлээд 2.000.000 төгрөгийг дараа нь 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би тэр хүнтэй нь уулзаагүй, мөнгийг нь авчихсан. Тэр мөнгийг би өөртөө зарцуулсан. Дараа нь би Голомт банкны хүмүүстэй дахиад уулзсан. Голомт банкны Улаанбаатар хотыг хариуцсан захирал Сугар гэдэг хүнтэй уулзсан. Манай ангийн залуу байгаа. Мөн тусгай активийн газрын захиралтай Монгол банкны нэг газрын захирал Батхуяг гэж найзаараа дамжуулж Г.Уийг уулзуулсан. Ер нь “өмнө нь өгсөн зээл дээр нь нэмж зээл олгох боломжгүй” гэж хэлсэн байсан. “Харин өөр банкинд хүсэлт гаргаад явах юм бол манай банкны зүгээс хэвийн ангилалд нь хадгапж байя, xapин урт удаан хадгапж чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд ер нь бол чадлаараа 2-3 cap шахуу хэвийн ангилалд нь байлгаж тусалсан байгаа. Ер нь Голомт банкин дээр зээл бүтэхгүй болсон. Тэгэхээр нь би Г.Уийг “та өөр банкинд хүсэлт гарга” гэхэд надад Хаан банкинд бичсэн хүсэлт авчирч өгсөн. Тэгээд би Хаан банкны Баянзүрх салбарын захирал Буяндэлгэр гэдэг их сургууль хамт төгссөн найзаасаа утсаар “ийм асуудлаар уулзъя” гэхэд “амралтаа авчихсан” гэж байсан. Би учир байдлыг хэлэхэд “манай банкны нэг салбар дээр нь судлаад, дүгнэлт гарсан бол тэр дүгнэлтийг өөр салбар дээр өөрчлөх боломжгүй, системд бүртгэлтэй байдаг” гэж хэлсэн. Тэгээд бас Хаан банкин дээр бүтэхгүй болсон. Тэгээд Г.Уийг “би мөнгөө аваад зээлэндээ ашигла, би угаасаа бүтээж чадахгүй юм байна” гэж хэлэхэд “би 15.000.000 төгрөг аваад яахав дээ, надад 100.000.000 төгрөг хэрэгтэй байгаа. Яаж ийгээд арга чарга байвал бүтээгээд өгөөч ээ” гээд байсан. Тэрнээс хойш 2-3 удаа уулзсан. “Таны нэр дээр бол гарахгүй юм байна, итгэлтэй төрсөн ах дүү, найз нөхөд байдаг бол хөрөнгө төслөө шилжүүлээд хүсэлтээ гарга, өөр ямар ч арга байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд хамгийн сүүлд уулзахад “надад яг итгэлтэй компаниа 100 хувь өөр хүний нэр дээр шилжүүлээд төслөө шилжүүүлчих хүн байхгүй байна, итгэхгүй байна” гэж хэлсэн. Бас “бараг болчихлоо 95 хувийг нь шилжүүлээд 5 хувийг нь өөр дээрээ авахаар болчихлоо” гэсэн. Тэгэхээр нь “болохгүй” гэж хэлсэн, тэрнээс хойш дахиж уулзаагүй. Мөн хувь хүнээс зээл авч өгөх гэж үзээд чадаагүй. Дунд нь ганц нэг утсаар холбогдож байсан. Тэгээд л огт уулзаагүй. Би зээл гаргаж өгөх талаар тусалж, аль чадлаараа л хүмүүстэй уулзаж ярьсан. Огт туслаагүй биш тусалсан, зээл нь л бүтээгүй. Гэхдээ нэг юм хэлэхэд би өөрөө яг санаачилгаараа “мөнгийг нь өгье” гэж холбогдоогүй. Болж бүтэх бүх л талаар тусалсан болохоор шагнаж байгаа юм байх гэж ойлгоод мөнгийг нь буцааж өгөөгүй. ...” /хх 35-36/ гэсэн мэдүүлгүүд,

 

          Хаан банк дахь О.Мы 5166305065 дугаар, Г.Уийн 5026643141 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 50-51, 59-60/ мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

          Шүүгдэгч О.Мы “... Голомт банкинд таньдаг хүнтэй, зээлийг хурдан шуурхай гаргаж өгдөг, хөөцөлдөхөд мөнгө байршуулдаг ...” хэмээн Г.Уээс 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 10 сая төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 5 сая төгрөгийг тус тус өөрийн Хаан банкин дахь 5166305065 дугаарын данс руу шилжүүлэн авч Г.Уийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж нийт 15,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн агуулсан байна.

      

       Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Мыг бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч О.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдүүн дүгнэв.

 

Хохирогч Г.Уээс “... шүүгдэгч О.Маас хохирлын төлбөр болох 13,000,000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэдгээ илэрхийлсэн. ...” хүсэлтийг шүүгдэгч О.Маас 13,300,000 төгрөгийг шилжүүлэн авсан баримтын хамт ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 166-167/

 

Иймд шүүгдэгч О.М болон түүний өмгөөлөгч С.Одгариг, О.Одхүү нарын “…оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. …” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/434 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаатайгаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн,

 

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3.Шүүгдэгч О.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

4. Шүүгдэгч О.М 60 /жар/ хоног цагдан хоригдсон болохыг, хохирогч Г.Ут 15,000,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ