Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
Хэргийн индекс | 128/2017/0338/З |
Дугаар | 128/ШШ2017/0615 |
Огноо | 2017-08-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2017/0615
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийж, иргэн Д.Ж-ын Хууль сахиулахын их сургуулийн захирал, тэргүүн комиссар С.Б-ын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/651 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин буюу төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээний 12 дугаар зэрэглэлийн 3 дугаар шатлал болох 650,817 төгрөг, ахмад цолны нэмэгдэл буюу сарын үндсэн цалингийн 30 хувь болох 195.245 төгрөг, төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл буюу сарын үндсэн цалингийн 8 хувь болох 52.026 төгрөг, албан ажлын онцгой нэмэгдэл буюу сарын үндсэн цалингийн 10 хувь болох 65.081 төгрөг, нийт сарын үндсэн цалин 963.169 төгрөг бөгөөд 2016 оны 11 дүгээр сараас хойшхи цалин болох долоон сарын хугацааны цалин 6.742.183 төгрөгийг гаргуулах, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий Хууль сахиулахын их сургуулийн захиралд холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, гэрч Ч.О, Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ж миний бие тус их тус сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/428 дугаартай тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Хууль сахиулахуйн инновацийн төвд эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажилтнаар томилогдсон.
Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн захирал, тэргүүн комиссар С.Б т хандаж Төрийн албаны тухай хууль-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтын дагуу өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль-ийн хугацаа буюу 30 хоногт багтааж ямар ч хариу ирүүлээгүй тул 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хууль сахиулахын их сургуульд очиж өргөдлийн талаар лавлахад Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/651 дугаартай тушаалтай танилцуулсан бөгөөд ахмад Д.Ж намайг Төрийн албаны тухай хууль-ийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтын дагуу төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчиж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна.
Иймд Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/651 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус их сургуулийн эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Хууль сахиулахын инновацийн төвийн туршилт судалгааны ажилтнаар ажиллаж байсан ахмад Д.Ж нь албан үүргээ гүйцэтгэхдээ захирах, захирагдах ёсыг баримтлаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд ажил тасалсан гэсэн шалтгаанаар Их сургуулийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/522 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, Хууль сахиулах их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр бүлгийн 4.3.6, 6 дугаар бүлгийн 6.37.2-т зааснаар албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Ахмад Д.Ж нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шалтгаангүйгээр ажил тасалж хариуцлага алдсан нь албаны шалгалтаар тогтоогдож Их сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/651 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэн Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Иргэн Д.Ж нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлдээ бодит байдлыг гуйвуулж, төрийн албанаас халагдах болсон шалтгаанаа бүрэн гүйцэд тайлбарлаагүйгээр нэхэмжлэл гаргасан байгаа нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:
1. Д.Ж Их сургуулийн захиралд хандаж гаргасан өргөдөлдөө ...Д.Ж миний бие Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 22.1.3 дахь заалтын дагуу төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү ... гэсэн боловч Төрийн албаны тухай хуулийн өөрийн авчирч өгөөгүй, хуулийн заалт болон ямар шалтгаанаар төрийн албанаас чөлөөлөгдөх болсныг нь тодруулахаар өөртэй нь холбогдох гэхээр утсаа авдаггүй, хариуцсан шадар дарга нь очихоор хаалгаа тайлдаггүй ...
2. Д.Ж албан шалгалтын явцад ирж тайлбар өгнө үү хэмээн хүсэлт тавихад хүрэлцэн ирдэггүй бөгөөд Хяналт шилжилгээ, үнэлгээ дотоод аудитын албаны мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.О 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 14:23 цагт, 8811.... дугаарын утас руу нь залгаж холбогдоход Би хүүхдээ хүргэж өгөх гээд яарч байна хүргэж өгчихөөд ирье гэж хэлээд утсаа тасалсан. Тэр өдрөө ирээгүй бөгөөд маргааш нь буюу 11 дүгээр сарын 11-ний өдөр 13:09 цагт 9909.... дугаарын утсаар нь холбогдоход Би үдээс хойш 15 цагийн орчим очъё гэж хэлээд тэр өдрөө ирээгүй болно. Хуул сахиулахын инновацийн төвийн эрхлэгч, доктор, цагдаагийн хурандаа Б.Ж ыг та хариуцсан ажилтнаа дуудаж ирүүлнэ үү гэхэд Би гар утас руу нь удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байна. Би гэрийн хаягаар нь /Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо 16 дугаар хороолол ..-р байр .. тоот/ 2016 оны 11 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд гэрт нь очиход хүн байгаагүй бөгөөд хаалгаа тайлж өгөөгүй гэсэн тайлбар өгсөн байна.
3. Их сургуулийн захиралд гаргасан өргөдлийн хариуг нь өгөхөөр хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.О, цагдаагийн дэслэгч Т.О нар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол .. дугаар байрны .. тоотод очиж уулзахад Д.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 04/2306 дугаартай албан бичгийг танилцуулахаар өгөхөд уншиж байснаа Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа В.Б-ийн гарын үсэгтэй өргөдлийн хариуг би хүлээн авахгүй, зөвшөөрөхгүй, Их сургуулийн захирал, С.Б-ын гарын үсэгтэй хариуг хүлээн авна гэсэн байна.
Иймд иргэн Д.Ж ын Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Хууль сахиулахын инновацийн төвийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан Д.Ж нь Хууль сахиулахын их сургуулийн захиралд холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/651 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэл зэрэг нийт нэг сарын цалинг 963.169 төгрөгөөр тооцон олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаарлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэргийн оролцогчдоос нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбарыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, Д.Ж ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах үндэслэлүүдийг харгалзан үзлээ.
Нэг. Нэхэмжлэгч Д.Ж нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт дээр гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдаан хойшлуулах ямар нэгэн хүсэлт гаргаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд үргэлжлүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүх нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийг шүүх хуралдаан дээр гаргасантай адил үзэж хэргийн оролцогчийн төлөөлөгчид уншиж танилцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хоёр. Нэхэмжлэгч Д.Ж нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн захиралд төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/651 дүгээр тушаалаар төрийн албанаас халсан нь хууль бус гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлээ үндэслэсэн.
Хариуцагч маргаан бүхий захиргааны акт болох 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/651 дүгээр тушаалаар Д.Жамъяндагвыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажил тасалж, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн төрийн албанаас халсан байна.
Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8 дахь хэсэгт заасны дагуу төрийн албан хаагч нь төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх эрхтэй хэдий ч гэсэн энэхүү харилцаа нь төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн цаг хугацаанаас эхлэхгүй юм. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно гэж зааснаар төрийн албан хаагч өөрийн санаачлагаар чөлөөлөгдөх өргөдөл гаргасан тохиолдолд захиргаанаас түүнийг чөлөөлөх шийдвэр гарах хүртэл хугацаанд өөрт ногдсон үүрэгт ажлаа биелүүлж байх үүрэгтэй бөгөөд 30 хоног дотор ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй бол ажлаас чөлөөлөгдсөнд тооцогдохоор байна. Энэхүү зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчмыг хангах үүднээс чөлөөлөгдөж буй албан хаагчийн албан үүргийн үүрэг гүйцэтгэгчийг томилох, түүний ажлыг хүлээлцэх, холбогдох тооцоо хийх, эрхэлж байсан албан тушаалын үүрэгтэй хамааралтай эд хөрөнгө, холбогдох баримт бичиг, өрөө тасалгааг хүлээн авах зэрэг ажиллагаатай шууд холбоотой юм.
Иймээс төрийн албан хаагч нь ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгснөөр шууд ажилдаа ирэхгүй байх, ажлаа хүлээлгэн өгөхгүйгээр төрийн албанаас чөлөөлөгдсөн гэж үзэх боломжгүй тул Д.Ж-ын дээрх мэтгэлцээн нь үндэслэлгүй болно.
Гурав. Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/156 дугаар[1] тушаалаар баталсан Хууль сахиулахын их сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.37.6-д Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэх зохицуулалтын дагуу Д.Ж-ыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажил тасалсан үйлдэлд нь зохих албаны шалгалтыг явуулж дүгнэлт гарган түүнийг төрийн албанаас халсаныг буруутгах боломжгүй байна.
Тодруулбал, Д.Ж нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажил тасалсан болох нь ажлын ирцийн бүртгэл, гэрч нарын шүүхэд гаргасан мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно.
Түүнчлэн нэхэмжлэгчийг ажилдаа ирэхгүй байгаатай нь холбогдуулан Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн захирал М.Э албаны шалгалт явуулах хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус сургуулийн захирлын нэр дээр явуулсаны дагуу Захиргаа удирдлагын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын албаны дотоод хяналт шалгалтын мэргэжилтэн Ч.О албаны шалгалт явуулж 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн илтгэх хуудсаар дүгнэлт гарган төрийн албанаас халах санал хүргүүлжээ.
Мөн Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/522 дугаар тушаалаар Д.Ж-ыг 2016 оны 09 дүгээр сард ажил тасалсантай холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулж байсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан хугацаа дуусаагүй байхад тэрбээр дахин сахилгын зөрчил гаргасан байна.
Иймд Д.Ж нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж Хууль сахиулахын их сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.1-д Монгол Улсын хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ идэвх зүтгэл, үр бүтээл гарган биелүүлж, үр дүнг тогтоосон журмын дагуу тайлагнах, 4.3.17-д ... ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглаж, ажлын цагийн хуваарь, горимыг мөрдөж ажиллах зэрэг заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Дөрөв. Нэхэмжлэгч Д.Ж нь түүнийг төрийн албанаас халсантай холбогдуулан гаргасан гомдлыг Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хянан үзээд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолоороо Хууль сахиулахын их сургуулийн захирлын Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/651 дүгээр тушаалыг үндэслэлтэй гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Нэгтгэн дүгнэхэд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна 26.3-т "...Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна..." гэж заасан бүрэн эрхийн хүрээнд, хариуцагч үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1.8, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.3, 26.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг тус тус баримтлан Хууль сахиулахын их сургуулийн захиралд холбогдуулан гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/651 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин буюу төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээний 12 дугаар зэрэглэлийн 3 дугаар шатлал болох 650,817 төгрөг, ахмад цолны нэмэгдэл буюу сарын үндсэн цалингийн 30 хувь болох 195.245 төгрөг, төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл буюу сарын үндсэн цалингийн 8 хувь болох 52.026 төгрөг, албан ажлын онцгой нэмэгдэл буюу сарын үндсэн цалингийн 10 хувь болох 65.081 төгрөг, нийт сарын үндсэн цалин 963.169 төгрөг бөгөөд 2016 оны 11 дүгээр сараас хойшхи цалин болох долоон сарын хугацааны цалин 6.742.183 төгрөгийг гаргуулах, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий иргэн Д.Ж-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ