| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2020/02064 |
| Дугаар | 181/ШШ2021/01042 |
| Огноо | 2021-05-28 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2021/01042
2021 05 28 181/ШШ2021/01042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, шүүгч Д.Уранчимэг, Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Н-ийг төлөөлөн Чингэлтэй дүүрэг, Эрх чөлөөний талбай, Засгийн газрын 11 дүгээр байр, 5 давхарт байрлах Хүний эрхийн үндэсний комиссын гаргасан
Ж.Н-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бус ажиллагааны улмаас учирсан хохиролд 183,956,944 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ш хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор З.О, иргэдийн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Авлигатай тэмцэх газраас 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ж.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан 170200213 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээж, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авч, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч 2 жил гаруй хугацаанд шалгасан байна.
Улмаар Нийслэлийн Прокурорын газраас Ж.Н-т яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 640 дугаартай шийтгэх тогтоолоор түүнд нийтийн алба хаших эрхийг 2 жил 6 сар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулжээ.
Ж.Н тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1015 дугаартай магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Прокурорын газраас Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1015 дугаартай магадлалыг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд Улсын Дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 46 дугаартай тогтоолоор прокурорын гомдлыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 1015 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хэргийг дахин хэлэлцэж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Прокурорт буцаасан бөгөөд Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Ж.Наранбаатарыг албан тушаалаас чөлөөлж, Тагнуулын ерөнхий газрын мэдэлд шилжүүлэх тухай Б/565 дугаартай тушаалаар түүнийг Тагнуулын ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн боловч түүнийг эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэх шалтгаанаар Тагнуулын ерөнхий газар түүнийг тухайн үед ажил, албан тушаалд томилоогүйн улмаас 1 жил 6 сар цалин хөлс, орлогогүй болж хохирсон байна.
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд төрийн албаны тухай хуулийн дагуу Ж.Н-г шилжүүлэн ажиллуулах байсан боловч түүнийг ажилд томилохгүй байгаа Тагнуулын ерөнхий газрын дарга О.Г-ийн. эс үйлдэхүйг тогтоолгох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Төрийн албаны тухай хуулийн 22.1-д заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шилжин томилогдож ирснээс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосноор Тагнуулын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/817 дугаартай Албан тушаалд томилох тухай тушаалаар түүнийг Тагнуулын ерөнхий газрын Үндэсний тагнуулын академид Эрх зүй, ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд томилсон байна. Тагнуулын ерөнхий газрын Үндэсний тагнуулын академид Эрх зүй, ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд томилогдсон учраас нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Нэхэмжлэлд дурдсан эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагаасаа бүрэн татгалзаж шийдвэрлүүлсэн. Ажилгүй байсан цалин хөлсийг ажилд томилоогүй хугацаанд биш, хамгийн гол нь эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгагдсан учраас төрөөс нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/565 дугаартай тушаалаар Тагнуулын ерөнхий газрын мэдэлд шилжүүлсний дагуу Тагнуулын ерөнхий газар тухайн үед ажил албан тушаалд томилсон бол Ж.Н нь сард 2,040,684 /хоёр сая дөчин мянга зургаан зуун наян мянга/ төгрөгийн цалин авах байсан байна. Түүний ажилгүй байсан хугацаа буюу 1 жил 6 сарын хугацаанд нийт 32,650,944 төгрөгийн цалин хөлс авахаар байжээ.
Ж.Н нь дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл буюу 1 жил 6 сар ажилгүй, орлогогүй болсон тул өөрийн өмчлөлд байсан Хан-Уул дүүргийн дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туул гудамжны байрны тоотын өрөө орон сууцаа 105,500,000 төгрөгөөр, тус байрны доор байрлах автомашины зогсоолоо 19,500,000 төгрөгөөр, нийт 125,000,000 төгрөгөөр бусдад худалдаж, өмгөөллийн зардал болон амьжиргааны зардалд 69,000,000 төгрөгийг зарцуулсан байна.
Мөн түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний нэр төрд халдсан тухай мэдээлэл цацагдсан байна. Тухайлбал, М ХХК-иас эрхлэн гаргадаг Өнөөдөр сонин-ы 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаарт Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга асан Ж.Н албан тушаалын хэрэгт холбогджээ гэх гарчигтай мэдээ нийтлэгдсэн байна. Тус сонин нь 4306 хувь хэвлэгдэж, 3800 хувь нь захиалагчид, 200 хувь нь борлуулалтаар зарагдаж нийт 4000 хувь уншигчдын гарт очсон байна.
Ж.Н нь хилс хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас түүний Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан халдашгүй, чөлөөтэй байх, гэм буруугүйд тооцогдох, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж, түүнд эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учруулсан нь Тагнуулын ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн н/208 дугаартай албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2а/895 дугаартай албан бичиг, Өнөөдөр сонины 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаар, Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээ болон холбогдох бусад баримт материалаар нотлогдож байна.
Мөн эрүүгийн хэрэгт шалгагдах хугацаандаа өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар 3 өмгөөлөгчтэй гэрээ байгуулан өмгөөлүүлэх эрхээ эдлэх явцад өмгөөллийн хөлсөнд 18.000.000 төгрөг төлсөн болох нь Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Б-тай 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр, өмгөөлөгч Т.С-тай 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон өмгөөллийн хөлсөнд 18.000.000 төгрөг төлсөн баримтаар нотлогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх заалтад ...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй..., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах талаар тус тус заасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж заажээ.
Мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Дараах ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас тухайн хүнд учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана, мөн зүйлийн 2.1 дэх хэсэгт яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгэгдсэн этгээдийг цагаатгасан бол хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэхээр заасан бөгөөд тус хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухайн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө. Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж тус тус заасан байна.
Ж.Н нь гэмт хэрэгт хууль бусаар удаан хугацаагаар шалгагдсаны улмаас сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан хохиролд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дараах хохирлыг нэхэмжилж байна.
1. Хилс хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас ажилгүй 1 жил 6 сар болсон бөгөөд энэ хугацааны цалин болох 32,650,944 төгрөг,
2. Сэтгэл санааны хохирол 60,000,000 төгрөг,
3. Нэр төр, алдар хүндэд учирсан хохирол 4,306,000 төгрөг,
4. Хилс хэрэгт холбогдон ажил эрхлэх боломжгүй болсны улмаас өрхийн орлогогүй болж, өөрийн 2 өрөө байраа зарж, үүнээс амьжиргаагаа залгуулахад ашигласан 69,000,000 төгрөг,
5. Өмгөөлөгчийн зардалд 18,000,000 төгрөг, нийт 183,956,944 төгрөгийг төрөөс нэхэмжилж байна.
Гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Н-ыннэхэмжилсэн нэхэмжлэлийн дүн, Хүний эрхийн үндэсний комиссын нэхэмжилсэн дүн 12,000,000 төгрөгөөр зөрүүтэй байна. Ж.Н нэхэмжлэлдээ 161,956,944 төгрөг гаргуулахаар дурдсан. Гэтэл Хүний эрхийн үндэсний комисс 183,956,944 төгрөгөөр тооцож, хоорондоо зөрүүтэй байдлаар нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Ж.Н-г Нийслэлийн прокурорын газраас шалгаж анхан шатны шүүхээр шийдвэрлэж давж заалдах шатны шүүхээр ороод хэрэг нь хэрэгсэхгүй болсон нь үнэн. Гэхдээ үндэслэл бүхий сэжиг байсан учраас шалгасан тул үндэслэлгүйгээр шалгасан гэж үзэх үндэслэл байхгүй.
Ж.Н өөрөө 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн учраас түүнийг хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэхгүй байна. Өөрөө бичгээр гаргаж өгсөн хүсэлт нь хавтаст хэргийн материалаас нотлогдоно. Тушаалд бичихдээ Ж.Н-н хүсэлтийг үндэслээд Тагнуулын ерөнхий газрын хүсэлтийг үндэслэсэн даргын тушаал байдаг. Тэгэхээр хууль бусаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэхгүй юм.
Сэтгэл санааны хохирол нь хавтаст хэрэгт цугласан нотлох баримтаар нотлогдож байж бид сэтгэл санааны хохирол гэж ярина. Шүүхийн практикт сэтгэл санааны хохирлыг гаргасан тохиолдол байхгүй байгаа. Сэтгэл санааны хохирлын хувьд нотлох баримт байхгүй. Үндсэн хууль, хүний эрхийн конвенцид заасныг зөрчсөн юм шиг харагдаж байгаа боловч энэ хүний хувьд шалгах үндэслэл байсан учир шалгасан.
Хоёр өрөө байраа зарж, амьжиргааны зардалд хэрэглэсэн гэж байна. Шүүх бүрэлдэхүүнээс амьжиргааны зардалд нэхэмжилсэн 69,000,000 төгрөгийн задаргааг хэлнэ үү гэж асуухад Хүний эрхийн комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч задаргааг хэлж чадахгүй байна. Үнэхээр хүн хохирсон бол бүх зүйл баримттай, задаргаа нь гарах ёстой.
Өмгөөллийн хөлс 18,000,000 төгрөг нэхэмжилж байна. Өмгөөллийн хөлс төлбөрийн хувьд энэ хүнээс 18,000,000 төгрөгийн өмгөөллийн хөлс авсан бол өмгөөлөгч татвар төлсөн баримтыг хэргийн материалд нотлох баримтаар гаргаж өгөх хэрэгтэй. Татвар төлсөн баримт хэргийн материалд байхгүй.
Өнөөдөр сонинд гарсан нийтлэлд Ж.Н албан тушаалын хэрэгт шалгагдаж байна гэж гарсан. Гэхдээ энэ хүнийг ямар нэгэн байдлаар гүтгэсэн доромжилсон зүйл нийтлээгүй.
Нэхэмжлэгч талаас шинээр гаргаж өгсөн, нотлох баримтыг үзэхэд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 0787 дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тус шүүхийн Ерөнхий шүүгч Б-ийн захирамж гарсан байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэх үндэслэл байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүх нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргах ёстой. Нэхэмжлэлээ гаргахдаа шаардлагатай нотлох баримтуудыг бүрдүүлэх ёстой. Хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийг хангаж, хамгаалах гэж яваа бол тухайн хүнийг бүрэн төлөөлж, нотлох баримтаа бүрэн бүрдүүлж, эрхийг нь хамгаалж оролцооч гэсэн зүйлийг хэлмээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасан нотлох баримтыг бүрдүүлэх, бүрдэл хангуулах шаардлагыг хамгийн сайн ойлгох ёстой.
Хэрэгт байгаа нотлох баримтууд зөрүүтэй зүйл байдаг. Төрийн албан хаагч хүний хувьд амьжиргааны зардалд зарцуулах мөнгийг миний цалин гэж би ойлгодог. Гэтэл энэ хүн цалингаасаа илүү мөнгийг амьжиргаанд зарцуулсан гэж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.
Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа бол сэтгэл санаагаар унаж Шархадны эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримт ч юм уу, хэвлэлээр гарсан мэдээллээс болж яаж хохирсон талаар нотлох баримтаа бүрдүүлэх хэрэгтэй.
Өмгөөлөгчийн хөлс 18,000,000 төгрөгийн хувьд хэлэхэд өнөөдрийн шүүхийн практикт өмгөөллийн нөхөрлөлөөс тодорхойлолт авч, хэрэгт нотлох баримтаар хавсаргуулдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.1, 8.3, 8.4 мөн хуулийн 9, 10 дугаар зүйлд зааснаар санхүүгийн баримтыг бүрдүүлэх саналыг шүүхэд хүсэлт тавьж байсан боловч хангагдаагүй. Цаашид шүүхийн практикт өмгөөлөгчид төлсөн төлбөрийг санхүүгийн болоод Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн заалтыг хангуулсны дараа тухайн нэхэмжлэлд мөнгөн дүнг оруулвал зүгээр. Үүнийг би эдийн засгийн болоод улс орны талаас бодож хэлж байна.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс нэгэнт шийдсэн асуудал тул хуулийн хүрээнд шийдэгдэх байх гэж бодож байна гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагаасаа өөрөө татгалзсан байна. Гарах үр дагаврыг ойлгосон, эрсдэл хүлээх чадвартай байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хүний эрхийн үндэсний комисс нь Ж.Н-ыг хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас учирсан хохиролд 183,956,944 төгрөгийг Засгийн газрын тусгай сангаас гаргуулж, Ж.Н-т олгуулахаар нэхэмжилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 45.8.1-т Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хүн, хуулийн этгээд өөрөө, түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл тухайн хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болно гэж заасан ба Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс нь Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т зааснаар хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хүрээнд Ж.Наранбаатарыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Хүний эрхийн үндэсний комисс нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Ж.Н нь хилс хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас ажилгүй байсан 1 жил 6 сарын цалин 32,650,944 төгрөг, сэтгэл санааны хохирол 60,000,000 төгрөг, нэр төр, алдар хүндэд учирсан хохирол 4,306,000 төгрөг, хилс хэрэгт холбогдон ажил эрхлэх боломжгүй болсны улмаас өрхийн орлогогүй болсон учир өөрийн 2 өрөө байраа зарж, үүнээс амьжиргаагаа залгуулахад ашигласан 69,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 18,000,000 төгрөг, нийт 183,956,944 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заасан.
Авлигатай тэмцэх газраас 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ж.Наранбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт 170200213 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Улмаар Ж.Н-т холбогдох 170200213 тоот эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн өдрийн 640 дүгээр шийтгэх тогтоолоор Ж.Н-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Н-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн /хх170-176/-ийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1015 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Н-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэх /хх177-180/-ээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 46 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Улмаар Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаар тогтоолоор Ж.Н-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана, мөн зүйлийн 2-д Хохирол нөхөн төлүүлэх эрх дараах тохиолдолд үүснэ: 2.3. тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон; гэж тус тус заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д хууль зөрчсөн ажиллагаа-ны эрх зүйн үр дагаврын талаар заасан боловч энэхүү ажиллагаанд холбогдох албан тушаалтны хууль бус үйлдэл бүхий үйл ажиллагаа хамаарахаас гадна яллагдагч гэмт хэрэг үйлдсэнээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа ч мөн хамаардаг. Төрөөс эрх олгогдсон тусгай албан тушаалтан, байгууллага эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг хуулийн дагуу шалгах, хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч ийнхүү зохих журмын дагуу явуулсан ажиллагааны үр дүнд тухайн этгээдийн гэм буруу нотлогдоогүй тохиолдолд дээрх эрхийн хязгаарлалт хууль бусд тооцогддог. Улмаар үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хууль бус ажиллагаанд хамааруулдаг.
Ж.Н-т холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах үүрэгтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1.-д хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогыг эд хөрөнгийн хохиролд тооцож нөхөн төлнө гэж зохицуулсан байна.
Тагнуулын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/217 дугаар Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалаар Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.9, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын мэдэлд байгаа хурандаа Ж.Н-г 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдэлд шилжүүлжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/565 дугаар тушаалаар ...Хурандаа Ж.Н-ийг Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Тагнуулын ерөнхий газрын даргын мэдэлд шилжүүлжээ.
Монгол улсын Тагнуулын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/817 дугаар тушаалаар Ж.Н-г 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс Тагнуулын ерөнхий газрын Үндэсний тагнуулын академид Эрх зүй, ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд томилсон байна.
Ж.Ннь Тагнуулын ерөнхий газрын даргад холбогдуулан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ж.Ннамайг ажилд томилохгүй байгаа Тагнуулын ерөнхий газрын даргын эс үйлдэхүй байгаа болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0787 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хэдийгээр эд хөрөнгөнд учирсан хохиролд амьжиргааны эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн орлого хамаарах хэдий ч Ж.Н-г эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгахдаа түүнийг баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн үндэслэл тогтоогдоогүй, мөн эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаагийн улмаас ажил, албан тушаалд нь томилоогүй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул Хилс хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас ажилгүй 1 жил 6 сар болсон бөгөөд энэ хугацааны цалин болох 32,650,944 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд Нэхэмжлэлийн шаардлагаасаа өөрөө татгалзсан байна. Гарах үр дагаврыг ойлгосон, эрсдэл хүлээх чадвартай байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргаж байгаа нь нэхэмжлэлийн дээрх шаардлагатай холбоотой, үндэслэл бүхий байна.
Мөн нэхэмжлэгч нь Ж.Н-г хилс хэрэгт холбогдон ажил эрхлэх боломжгүй, өрхийн орлогогүй болсон учраас өөрийн 2 өрөө байраа зарж, үүнээс амьжиргаагаа залгуулахад ашигласан 69,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т заасан нөхөн төлөх эд хөрөнгийн хохиролд хамаарахгүй, өмгөөлөгчийн хөлс 18,000,000 төгрөгийг давхардуулан нэхэмжилсэн, үлдэх 51,000,000 төгрөгийн зарцуулалтыг нотлох баримтгүй тул мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь Ж.Н-н сэтгэл санаанд учирсан хохиролд 60,000,000 төгрөг, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан хохиролд 4,306,000 төгрөгийг тус тус Засгийн газрын тусгай сангаас гаргуулахаар шаарджээ.
Монгол ньюс ХХК-иас эрхлэн гаргадаг Өнөөдөр сонины 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №161 /6454/ дугаарт Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга асан Ж.Налбан тушаалын хэрэгт холбогджээ гэх гарчигтай мэдээ нийтлэгдсэн, 2018 оны 8 дугаар сарын 23-ны Пүрэв гарагийн дугаар 4306 хувь хэвлэгдэж, 3800 хувь нь захиалагчид, 200 хувь нь борлуулалтаар зарагдаж нийт 4000 хувь уншигчдын гарт очсон болох нь Монгол ньюс ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №199/1 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хх-152/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасны дагуу хууль бусаар ял шийтгэсэн ... ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас тухайн хүнд учирсан хохирлыг ... төр хариуцна гэж заасан.
Ж.Н нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байсан, түүнийг гүйцэтгэж буй албан үүрэгтэй нь холбогдуулж, Авлигатай тэмцэх газраас 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаар Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд түүний гүйцэтгэж буй албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, улмаар ял шийтгүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацаа, нөхцөл байдлыг харгалзан Ж.Н-н нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэж, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан зарчмын хүрээнд нөхөн төлбөрт 10,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учирсан эдийн бус гэм хорын хохиролд гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт өмгөөллийн хөлс нь эд хөрөнгийн хохиролд тооцогдохыг заасан. Ж.Н нь эрүүгийн 1702002130075 дугаартай хэрэгт өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан хөлсөнд 18,000,000 төгрөг нэхэмжилсэн.
Хэрэгт авагдсан 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №18/04 тоот Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөллийн Факт консалтинг ХХН-ийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 20/13 тоот албан бичиг, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэмэлт гэрээ, Алтан гэрэгэ хуулийн фирмийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 17/2020 тоот албан бичиг зэргээр Ж.Ннь өмгөөлөгч Я.Б-д 15,000,000 төгрөг, өмгөөлөгч Р.Б-д 3,000,000 төгрөг төлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-д зааснаар хууль бус ажиллагааны улмаас учирсан хохиролд 18,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ./хх113-121/
Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газрын тусгай сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 18,000,000 төгрөг, нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаны хохиролд 10,000,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 155,956,944 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бус ажиллагааны улмаас учирсан хохиролд 28,000,000 төгрөгийг Засгийн газрын тусгай сангаас гаргуулж нэхэмжлэгч Ж.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 155,956,944 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Хүний эрхийн үндэсний комисс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.ЭНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.УРАНЧИМЭГ
йБ.ТҮМЭНЦЭЦЭГ