Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2021/01127

 

 


2021 06 04 181/ШШ2021/01127

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 22-ын товчооны зам, өөрийн байранд байрлах П ХХК /РД:5193583/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 3в барилгад байрлах М ХХК /РД:2107481/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Нарны гудамж, 29 дүгээр байр, 41 тоотод оршин суух, Д.С /РД:/ нарт холбогдох

 

Гэрээний үүрэгт 199,858,792 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ө  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай П ХХК нь хариуцагч "М" ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 29/20 дугаар бүхий Зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Уг гэрээний төлбөрийн нөхцөлийг Худалдах, худалдан авах гэрээний 3.1, 3.2-т Худалдан авагч нь Нэмэлт гэрээ-гээр тодорхойлсон cap бүрийн зээлийн худалдан авалтын нийт төлбөрийн тооцоог дараа сарын 5-ны өдрийн дотор баталгаажуулан төлбөрийг нэхэмжилсэн хугацаанд бүрэн төлж барагдуулна гэж, мөн гэрээний 3.7-р зүйлд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алдангийг хэтэрсэн хоног тутамд тооцно гэж заасан. "Мр" ХХК нь манай компанитай байгуулсан гэрээний дагуу 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 76,560,000 төгрөгийн шатахуун, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 30,135,000 төгрөгийн шатахуун, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 42,383,500 төгрөгийн шатахуун тус тус авсан бөгөөд нийт 149,078,500 төгрөгийн шатахууныг зээлээр худалдан авсан байна.

Үүнээс хойш М ХХК нь нэг ч төгрөгийн шатахууны төлбөрийг эргүүлэн төлөөгүй бөгөөд гэрээний 3.7 дугаар зүйлд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувийн алданги тооцно гэсний дагуу алданги 76,168,791 төгрөг байх ёстой боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу алдангиа тооцоход 74,539,250 төгрөгийн алданги болсон.

П ХХК-иас 2020 оны 05 сардаа багтаад 120 тонн түлш нийлүүлэхээр тохироод М ХХК-ийн хүсэлтийн дагуу түлш 2020 оны 05 сарын 28-ны өдрийг хүртэл нийлүүлсэн. Төлбөр төлбөр хугацаа 2020 оны 06 сарын 10-ны өдөр байсан. Мөн өдрөөс хойш ямар ч төлбөр төлөхгүй байсан учраас эхний төлбөрөө хийхгүй байгаа хүмүүст дараагийн өр төлбөр үүсэх учраас үргэлжлүүлээд түлш өгөх нь бизнесийн зарчмын үүднээс боломжгүй гэсэн шаардлагыг тавьсан.

Хамтран хариуцагч Д.С- хувьд компаний 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд үндсэн гэрээ байгуулах өдрөө хувийн батлан даалтын гэрээ байгуулсан. Хувийн батлан даалтын гэрээнд хэрэв үндсэн гэрээний үүргийг гүйцэтгэж чадахгүй тохиолдолд хувийн хөрөнгөөрөө батлан даалт гаргана гэж заасан. Нийт 600,000,000 төгрөгийн хувийн хөрөнгийн батлан даалт гаргасан. Бидний зүгээс хөрөнгийн батлан даалт гаргасан учраас хамтран хариуцагчаар татсан.

Хариуцагч нараас үндсэн төлбөр 149,078,500 төгрөг, алданги 74,539,250 төгрөг, нийт 223,617,750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Компаний 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.С-с батлан даалтын гэрээ хийсэн тул 200,000,000 төгрөг, Худалдах худалдан авах гэрээний дагуу Мон цэдэр ХХК-иас 23,758,958 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Учир нь, барьцаатай холбоотой асуудалд бид тохирох гэж нилээд үзсэн. Барьцааны эд хөрөнгийг Ремакс үнэлгээний компанийг аваачиж үзэхэд захын буланд байдаг талбай, сүүлийн 3 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй. Тус үнэлгээний компаниас нэгт зах зээлийн хувьд хумигдмал, хоёрт ойрын зайд имартын сүлжээ баригдаж байгаа учраас худалдааны төв 1-2 жилийн дараа үнэгүй болно, худалдаж авах хүн олдохгүй, үнэлгээ нь зах зээлийн ханш нь ч 200,000,000 төгрөгт хүрэхгүй хүрч байсан бол өөр хэрэг гэв.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагчаас өмнө нь нэхэмжлэгч рүү 46 тонн түлшийг нэмж нийлүүлээд барьцаа хөрөнгийг шууд шилжүүлж өгөх хүсэлтийг гаргасан боловч нэхэмжлэгч татгалзсан. Учир нь ковидоос хамааран манай компанийн ажил зогсонги байдалтай байсан тул үүнээс өөр аргагүй байдал үүссэн. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийлүүлэх 120 тонн түлшнээс 102,3 тонн түлшийг нийлүүлж 17,7 тонн түлшийг нийлүүлээгүй орхисон. Иймд гэрээний дагуу авах үлдэгдэл 17,7 тонн түлшээ аваад барьцаа хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин мөнгөөр төлөх ямар ч боломжгүй байгаа болно. Барьцаа хөрөнгийн зах зээлийн ханш нь хамгийн багадаа 270,000,000 төгрөг болох тул нэхэмжлэгчид хохиролгүй гэж үзэж байна.

Ковид 19-ийн улмаас төлбөр төлж чадахгүй тухайгаа, зогсонги байдалд орсон тухайгаа Петрожамп ХХК-д албан бичгээр хандахад татгалзсан хариу ирсэн. Манай компани үйл ажиллагаагаа огт явуулж чадахгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэсэн санал тавьсан гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 199,858,792 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ /хх1-2/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Д.С-г татан оролцуулж, гэрээний үүрэгт хариуцагч нараас 223,617,750 төгрөг гаргуулах, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээний дагуу Зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн 200,000,000 төгрөгийг барьцааны зүйлээр хангуулах тухай шаардлагаар нэмэгдүүлсэн /хх39-40, 46-47/ боловч 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах шаардлагаасаа татгалзсан. /хх55/

Шүүх нэхэмжлэгч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр тодруулан гаргасан хариуцагч М ХХК, Д.С нараас Зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 149,078,500 төгрөг, алданги 74,539,250 төгрөг, нийт 223,617,750 төгрөг гаргуулах тухай шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Талууд 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Худалдах, худалдан авах үндсэн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэмэлт гэрээг сар бүрийн 5-ны дотор байгуулахаар, худалдагч буюу П ХХК нь худалдан авагч буюу М ХХК-д Нэмэлт гэрээнд тусгагдсан захиалгын тоо хэмжээгээр шатахуун нийлүүлэх, худалдагч нь , нэхэмжилсэн хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлбөрийг төлж барагдуулах хүртэл хугацаанд хоног хэтэрсэн тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,2 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх9-12/

Мөн өдөр талууд Худалдах, худалдан авах Нэмэлт №1 гэрээ байгуулж, уг гэрээгээр П ХХК нь 2020 оны 5 дугаар сард 1 литр нь 1450 төгрөгийн үнэтэй, 120,000 литр шатахуун буюу 174,000,000 төгрөгийн шатахуун нийлүүлэх, уг шатахууны төлбөрийг М ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож байгуулжээ. /хх13/

Талуудын дээрх тохиролцооноос дүгнэвэл гэрээний хугацаа дуусахад гэрээний зүйлийн үнэ нэмэгдсэн байх зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол шинжийг агуулаагүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Гэрээний дагуу нэхэмжлэгч П ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 1 литр нь 1,450 төгрөгийн үнэтэй 52,800 литр шатахуун /76,560,000 төгрөг/, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 1 литр нь 1,450 төгрөгийн үнэтэй 20,500 литр шатахуун, тээврийн зардал 410,000 төгрөг /30,135,000 төгрөг/, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1 литр нь 1,450 төгрөгийн үнэтэй 29,230 литр шатахуун /42,383,000 төгрөг/ буюу нийт 149,078,500 төгрөгийн үнэтэй 102,530 литр шатахууныг Монцэдэр ХХК-д нийлүүлсэнтэй хариуцагч тал маргаагүй.

Гэрээний зүйлийг шилжүүлэн авсан худалдан авагч тал гэрээгээр тохиролцсоны дагуу үнийг заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй болохоо зөвшөөрсөн бөгөөд үүргээ зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр 149,078,500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Төлбөрийн тооцооны талаар талууд маргаагүй.

Хариуцагч тал 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Нэмэлт гэрээ №1-ээр 120,000 литр шатахуун нийлүүлэхээр тохиролцсон боловч П ХХК нь 102,300 литр түлш нийлүүлж, 17,700 литр түлш нийлүүлээгүй гэж маргадаг.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1.4-т Гэрээ байгуулснаас хойш аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон тохиолдолд нөгөө тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах эрхтэй гэж заажээ.

Худалдан авагч нь сарын 1-25-ны өдрийн хооронд нийлүүлсэн шатахууны төлбөрийг дараа сарын 10-ны дотор төлөх, сарын 26-31-ний өдрийн хооронд нийлүүлсэн шатахууны төлбөрийг дараа сарын 30-ны дотор төлж барагдуулах үүргийг гэрээний 3.2.1, 3.2.2-т зааснаар хүлээсэн тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар М ХХК-ийг 2020 оны 5 дугаар сарын 07, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрүүдэд худалдан авсан 73,300 литр шатахууны төлбөрийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны дотор, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр худалдан авсан 29,230 литр шатахууны төлбөрийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан боловч худалдан авсан шатахууны төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул П ХХК нь гэрээний 4.1.4-т зааснаар үлдэгдэл шатахууныг нийлүүлэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

Талууд гэрээний 3.7 дахь заалтаар Нэхэмжилсэн хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлбөрийг хангах хүртэл хугацаанд хоног хэтэрсэн тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,2 хувийн алданги тооцно гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага болон хуулиар тогтоосон алдангийн хувь хэмжээнд нийцсэн байна.

Хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар түүнийг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгч тохирсон хэмжээгээр хэтэрсэн хугацааны алданги шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөх алдангийн хэмжээг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нийлүүлсэн 52,800 литр шатахууны төлбөр 76,560,000 төгрөгийн алдангид 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 277 хоногоор тооцож 42,414,240 төгрөг /76,560,000х0,2%х277/,

 

2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нийлүүлсэн 29,230 литр шатахууны төлбөр 42,383,500 төгрөгийн алдангид 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 257 хоногоор тооцож 21,785,119 төгрөг /42,383,500 х0,2%х277/, нийт 80,894,149 төгрөг болох боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 74,539,250 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч талаас алдангийн тооцоололд маргаагүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ-ний 6.1-д Давагдашгүй хүчин зүйлс гэж дайн, байлдаан, онцгой байдлаас зарласан хориг, гадаад худалдааны хорио цээр, засгийн газраас тавьсан хориг, тээврийн хориг, их хэмжээний бороо, цас, үер усны аюл, гал түймэр, газар хөдлөлт болон бусад байгалийн давагдашгүй хүчин зүйлс бий болж аль нэг тал нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг хамруулан ойлгоно заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан боловч Ковид-19 цар тахлын улмаас тухайн байгууллага үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, мөн энэ нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч байгууллагад хандаж байсан талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Д.Сугартай 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан Батлан даалтын гэрээ-г бичгээр байгуулсан байна./хх15/

Уг гэрээний 1.2-т Батлан даагч нь Зээлээр худалдан авагч Худалдах, худалдан авах гэрээний дагуу үүссэн төлбөрийн үүргийг гүйцэтгэж чадаагүй, гүйцэтгэхээс удаа дараа татгалзсан тохиолдолд үл маргах журмаар үүрэг гүйцэтгэгчийн төлбөрийн үүргийг хувийн хөрөнгөөрөө хариуцан үүрэг гүйцэтгүүлэгчид төлнө, 1.3-т Батлан даалтын дээд хэмжээ 600,000,000 төгрөгийн үнийн дүн байх бөгөөд батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд М ХХК-тай байгуулсан зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ гүйцэтгэх чадвар, чадамжгүй болсон, татан буугдсан тохиолдолд 600,000,000 төгрөгийн батлан даалтын үнийн дүнг болон анз, учирсан гэм хор, гэрээ дуусгавар болохтой холбогдон гарах зардал, шүүхийн зардал, хуульчийн хөлс, хүү, торгууль зэргийг батлан даагч хариуцна гэж заажээ.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1.-д зааснаар батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх бөгөөд 462 дугаар зүйлийн 462.1.-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ гэж заасны дагуу хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгч М ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар нэхэмжлэгч Петрожамп ХХК-иас батлан даагч буюу хариуцагч Д.Сугарт мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч П ХХК-д гэрээний төлбөрийг төлөх үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон, үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Д.С-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Монцэдэр ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 149,078,500 төгрөг, алданги 74,539,250 төгрөг, нийт 223,617,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, хариуцагч Д.С-т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М-ХХК-иас 223,617,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож, хариуцагч Д.С-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,434,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 1,434,050 гаргуулж нэхэмжлэгч П-д ХХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ