Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
Хэргийн индекс | 181/2020/03824/И |
Дугаар | 181/ШШ2021/01754 |
Огноо | 2021-09-29 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2021/01754
2021 09 29 181/ШШ2021/01754
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж, Прогресс төв, 3 давхарт байрлах, ЗТ ХЗХ /УБД:9031002131, РД:5906725/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Барилгачдын 4 дүгээр гудамж, 117 тоотод оршин суух, Ч.Д /РД:ЦА62033103/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3 245 693 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 66 420 төгрөг, нийт 3 312 113 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Өлзийдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЗТ ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Д нь ЗТ ХЗХ-оос 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 1,2 хувийн хүүтэй, 2 000 000 төгрөгийн зээл, мөн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 3 хувийн хүүтэй 300 000 төгрөгийн зээл тус тус авсан. 2016 оны 8 дугаар сарын 19-ны өдөр 415 334 төгрөгийн эргэн төлөлт хийснээс хүүгийн төлбөрт 66 000 төгрөг үндсэн зээлээс 349 334 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 90 000 төгрөгийн хүү төлсөн. Үүнээс хойш дахин төлбөр төлөөгүй бөгөөд зээлийн нийт үлдэгдэл 2 442 986 төгрөгийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн.
300 000 төгрөгийн 3 хувийн хүүтэй зээлээс эргэн төлөлтөд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 10 000 төгрөгийн хүүг төлсөн ба дахин төлөлт хийгээгүй. Одоо нийт 782 900 төгрөгийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлээд байна.
Иймд Ч.Дгээс нийт 3 245 693 төгрөгийн зээлийн төлбөр, 66 420 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж нийт 3 312 113 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ч.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ЗТ ХЗХ-оос 300 000 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөг нийт 2 300 000 төгрөгийн зээл авсан үнэн. Тус хоршооноос 2 300 000 төгрөгийн зээл авахдаа зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ба нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар сарын 1,2 хувийн хүүтэйгээр зээлж аваагүй. Харин 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ЗТ ХЗХ-той №27 дугаартай Зээлийн гэрээг байгуулж 5 000 000 төгрөгийг сарын 1,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээл авахаар гэрээ байгуулсан боловч ЗТ ХЗХ нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж 5 000 000 төгрөгийг тухайн үед Ч.Д надад өгөөгүй. ЗТ ХЗХ нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бодитоор байгуулагдаагүй зээлийн гэрээний дагуу /№27 зээлийн гэрээ/ хожим бий болсон өөр төрлийн эрх зүйн харилцааг нотлох нотолгооны хэрэгсэл болгон зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсгүүдэд зааснаар хууль зүйн үндэслэлгүй байна.
Миний бие ЗТ ХЗХ-ноос нийт 2 300 000 төгрөгийг авснаас хойш нийт 515 334 төгрөгийг төлсөн байна. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хууль өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар хүү төлөхгүй ба одоо ЗТ ХЗХ-д 1 784 666 төгрөг төлөх ёстой. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1 527 447 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна.
ЗТ ХЗХ-ноос 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зээлээ буцааж төлөхийг шаардаж хүү тооцсон байдлаар баталгаа бичүүлж авсан. Тус баталгаа нь хууль бус бусдын дарамт шахалтаар хийгдсэн тул миний хүсэл зоригийн илэрхийлэл биш юм. Нэхэмжлэгч Зуун түм ХЗХ-ны нэхэмжилсэн 3 312 113 төгрөгөөс 1 527 447 төгрөгийг төлөхөөс татгалзаж, 1 784 666 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЗТ ХЗХ нь хариуцагч Ч.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 245 693 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 66 420 төгрөг, нийт 3 312 113 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
ЗТ ХЗХ нь дүрмээ баталж /хх-113-131х/, улсын бүртгэлд 2014 оны 11 сарын 25-ний өдөр бүртгүүлж /хх-5х/, Санхүүгийн зохицуулах хорооны 2015.06.24-ны өдрийн 300 дугаар тогтоолоор хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, 2018, 2021 онуудад тус бүр 3 жилийн хугацаагаар сунгуулсан байна. /хх-97-99х/
Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно” гэж заасан бөгөөд Ч.Д нь ЗТ ХЗХ-ны гишүүнээр 2014.11.25-ны өдөр элсэж, хураамж төлсөн болох нь ЗТ ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тогтоол, гишүүний дэвтэр зэргээр тогтоогдож байна. /хх-101-105х/
1. ЗТ ХЗХ нь Ч.Долгоросүрэнтэй 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулж, 300 000 төгрөгийг, сарын 3 xувийн xүүтэй, 1 сарын xугацаатай зээлдүүлсэн байна. /хх-106-108х/
Уг зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Зээлдэгч Ч.Д нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2016.05.07-ны өдөр 309 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан бөгөөд уг зээлийн төлбөрөөс 2016.05.13-ны өдөр 10 000 төгрөг төлснийг хүүнд суутгасан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Хариуцагч Ч.Д зээлийн төлбөрийг төлсөн талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Зээлийн гэрээний 2.2.4-д Зээлдэгч гэрээний хугацаа дууссан өдрөөс зээл, хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулах үүрэгтэй гэж заасан байна.
Иймд Ч.Дгээс уг зээлийн төлбөр 300 000 төгрөгийг гаргуулж ЗТ ХЗХ-нд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. ЗТ ХЗХ нь Ч.Дтэй 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр №27 тоот “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулж, 5 000 000 төгрөгийг, сарын 1,2 xувийн xүүтэй, 12 сарын xугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон боловч 2 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэж тайлбарлаж байгааг хариуцагч эс зөвшөөрч уг зээлийн гэрээг байгуулсан боловч ЗТ ХЗХ нь 5 000 000 төгрөгийг надад өгөөгүй, хожим бий болсон өөр төрлийн эрх зүйн харилцааг нотлох нотолгооны хэрэгсэл болгон зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байна.
ЗТ ХЗХ нь Ч.Дтэй 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр №27 тоот “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ” тус тус бичгээр байгуулж, 2016.06.03-ны өдөр нотариатаар гэрчлүүлж, Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн /хх-7-16х/, 2016.06.06-ны өдөр Ч.Дгийн Төрийн банкны 103300301918 тоот дансанд 5 000 000 төгрөгийг “Зуунтүм-с зээл олгов” гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн /хх-61-63х/ байх тул талуудын хооронд “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин ЗТ ХЗХ нь зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 5 000 000 төгрөгийн 3 000 000 төгрөгийг нь манай хоршооны өөр гишүүн авсан, 2 000 000 төгрөгийг Ч.Д авсан гэж тайлбарлаж байгаа тул хариуцагч Ч.Дг 2 000 000 төгрөгийн үндсэн зээлээ зээлийн гэрээний тохиролцооны дагуу төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Зээлдэгч Ч.Д уг зээлийн төлбөрөөс 2016.08.19-ны өдөр 415 334 төгрөг, 2019.10.25-ны өдөр 90 000 төгрөг, нийт 505 334 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй. ЗТ ХЗХ нь үндсэн зээлд 349 334 төгрөгийг, зээлийн хүүнд 156 000 төгрөгийг тооцож зээлийн төлбөрөөс хассан байна.
Зээлийн гэрээний 1.5-д гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийг зээл, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байх боловч гэрээний 1.6-д талууд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тохиролцоогүй тул талуудыг зээлийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар зээлдэгчээр хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин Зээлийн гэрээний 2.2.5-д Зээлдэгч энэхүү гэрээний хугацаа дууссан өдрөөс барьцаа хөрөнгийг худалдаж зээл, хүүгийн өр төлбөрийг бүрэн барагдуулах үүрэгтэй гэж заасан байх тул талуудыг зээлийн гэрээний хугацаанд хүү төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд уг зээлийн гэрээний дагуу хариуцагч Ч.Дгээс үндсэн зээлийн үлдэгдэл 1 650 666 төгрөг, зээлийн хүү 132 000 төгрөг нийт 1 782 666 төгрөгийг гаргуулж ЗТ ХЗХ-нд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Зээлдэгч Ч.Д нь 300 000 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийг 2016.05.07-ны өдөр, 2 000 000 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийг 2017.06.06-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс ЗТ ХЗХ-нд 2017.06.07-ны өдрөөс шаардах эрх үүссэн байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолдог бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар, мөн хуулийн 79.1-д үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар тус тус зохицуулсан.
Зээлдэгч Ч.Д нь ЗТ ХЗХ-ны зээлийн төлбөрийг төлөхөөр 2020.02.18-ны өдөр бичгээр баталгаа гаргасан /хх-18-19х/ тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар дахин шинээр тоологдож, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. /2017.06.07-ны өдрөөс 3 жил тоолоход 2020.06.07-ны өдөр бөгөөд 2020.02.18-ны хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, уг өдрөөс эхлэн 3 жил тоолно./
Иймд Ч.Д нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр зээлийн төлбөрийг гүйцэтгэхээс татгалзах эрхгүй байна.
Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Ч.Дгээс зээлийн төлбөр 2 082 666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЗТ ХЗХ-нд олгож, нэхэмжлэлээс 1 163 027 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч ЗТ ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр хариуцагчаас 48 272 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ч.Дгээс 2 082 666 /хоёр сая наян хоёр мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЗТ ХЗХ-нд олгож, нэхэмжлэлээс 1 163 027 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ЗТ ХЗХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 420 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Дгээс 48 272 төгрөгийг гаргуулж ЗТ ХЗХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА