| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 102/2023/04580/И |
| Дугаар | 001/ХТ2024/00275 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2024/00275
Б.Мгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэрийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/02544 дүгээр шийдвэр,
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/001453 дугаар магадлалтай,
Б.Мгийн нэхэмжлэлтэй
Э.Ү, Ү.Пнарт холбогдох
Хууль бус эзэмшлээс газар болон үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай үндсэн, газар болон үл хөдлөх хөрөнгийг дундын хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Ү.Пын өмгөөлөгч Ц.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч Ү.Пын өмгөөлөгч Ц.Мэ /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Э.Ү, Ү.Пнарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар болон үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг, Э.Ү нь Б.Мд холбогдуулан газар болон үл хөдлөх хөрөнгийг дундын хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/02544 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205065568 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ....дүгээр хороо, ... ... гудамж, ... тоот хаягт байршилтай, 61 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байршилтай ................ нэгж талбарын дугаартай 415 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Э.Үд, Ү.Пнарын хууль бус эзэмшлээс чөлөөлөн, иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Баянгол дүүргийн .... дүгээр хороо, ... дугаар гудамж, .... тоот нэгж талбарын .................. дугаартай 415 м.кв талбайтай, өмчлөх эрхийн Г-.... дугаартай гэр бүлийн зориулалттай газар, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамж, ... тоотод байрлах 61 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай Ү-220............. дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Э.Үц болон Э.Үднарын дундын хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ү, Ү.Пнараас гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/001453 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/02544 дүгээр шийдвэрийг хийн 2024 оны 05 дугаар Ү.Пын өмгөөлөгч Ц.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэрэгт хариуцагч Ү.Пын өмгөөлөгчөөр 2024.01.04-ний өдрөөс оролцож эхэлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс хоёр хариуцагчтай иргэний хэрэгт 1 хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа Ц.Мэ надад шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг товлон зарлаж хэргийг шийдвэрлэсэн.
2024.04.01-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс цахимаар оролцон улмаар зохигчдын хүсэлтийн дагуу шүүх хуралдаан 2024.04.17-ны өдрийг хүртэл хойшилсон бөгөөд 2024.04.17-ны өдөр шүүх хуралдаанд оролцохоор очиход шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй буюу нотлох баримт ирээгүй гэх үндэслэлээр товыг өөрчлөн хойшлуулж, шүүх хуралдааны товыг жич мэдэгдэх болно гэж шүүгчийн туслах тайлбарласан. Гэтэл 2024.05.13-ны өдөр шүүх хуралдаан болох талаар хариуцагчийн өмгөөлөгч надад шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдээгүй, шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан "хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан.
Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд мэтгэлцэн оролцох, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг няцаах болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлан нотлох байдлаар оролцох байсан боловч анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн буюу шүүх хуралдааны тов мэдэгдээгүй шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо шүүх хурлыг удаа дараа хойшлуулсан гэх үндэслэлээр дээрх шүүх хуралдааны тов мэдэгдээгүй шүүх хурлыг хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд хийж хэргийг шийдвэрлэсэн ноцтой алдааг зөвтгөсөн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.
Ингээд нэхэмжлэгч Б.Мгийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох өвлөх эрхийн гэрчилгээ нь хуульд заасны дагуу олгогдсон эсэх нь тодорхойгүй, маргаантай байх ба эдгээр асуудлаар өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд оролцон холбогдох хүсэлт, тайлбараа гаргаж, дээрх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан мэтгэлцэн оролцох, үйлчлүүлэгч Ү.Птай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хууль зүйн туслалцааг бүрэн гүйцэд үзүүлэх бололцоог олгохгүйгээр буюу шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдэхгүй, улмаар шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хурлыг хийж, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх, тайлбар татгалзлаа нотолж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх үндсэн эрхийг хязгаарласан зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар хэлэлцэж, мөн хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ШХТ2024/01296 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагч Ү.Пын өмгөөлөгч Ц.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
7. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Ү.П, Э.Ү нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар болон үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... Би газар ба хувийн сууцны хууль ёсны өмчлөгч ... Гэтэл Э.Ү, Ү.Пнар газар эзэмших эрхийн гэрчилгээгүй боловч миний өмчийн газарт гэр барин, хувийн сууцанд 2 жил гаруй амьдарч байна. Миний бие өмчлөх эрхээ эдэлж хашаа, байшиндаа амьдаръя гэхээр хариуцагч тал суллаж өгөхгүйн улмаас орж чаддаггүй. ...” гэж тодорхойлсон.
8. Хариуцагч Э.Ү, Ү.Пнар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тайлбарын үндэслэлээ: “...Э.Ү миний бие өөрийн дүү Э.Үц, Э.М нарын хамт 2012 оноос хойш уг хашаа, байшинд амьдарсан, ... 2013 оны 11 дүгээр сард ... 15,000,000 төгрөгийг дундаасаа гаргаж, дүү Э.Үц-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан. ... Гэтэл дүү Э.Үц нь 2021 оны 8 дугаар сард зам тээврийн ослоор нас барж, талийгаачийн ажил явдлын үеэр Б.М нь дүү Э.Үцгийн гэрээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг бидэнд мэдэгдэхгүйгээр авч нотариатын байгууллагад хандаж өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Би ... талийгаач дүү Э.Үц-ийн хамтаар уг хашаа, байшинг худалдан авч засаж сайжруулан, хашаандаа амьдарч байсан бөгөөд уг хашаа, байшин болон үл хөдлөх эд хөрөнгө нь Э.Үц, Э.Ү бидний дундын хөрөнгө юм. Гэтэл Б.М нь талийгаач Э.Үц-той 2019 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө 2017 онд уг хашаа, байшинг дүү Э.Үцгийн нэр дээр бүртгүүлж амьдарч байсан. Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу уг хашаа, байшин нь талийгаач Э.Үц болон Э.Ү бидний дундын өмч ... Э.Үцгийн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш. Э.Үц-ийн хуваарьт хөрөнгө байсан ... Бид хууль ёсны оршин суугчид. ... нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ...” гэж тайлбарласан.
9. Хариуцагч Э.Ү үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлийн хүрээнд Баянгол дүүргийн .... дүгээр хороо, ... дугаар гудамж, ....тоот нэгж талбарын ................ дугаартай 415 м.кв талбайтай, өмчлөх эрхийн Г-2205004653 дугаартай гэр бүлийн зориулалттай газар, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамж, ...тоотод байрлах 61 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай Ү-220............. дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Э.Үц болон Э.Ү бидний дундын хөрөнгө болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
10. Нэхэмжлэгч Б.М нь сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлдээ “... Миний нөхөр Э.Үц ... бид 2015 онд танилцаж түүний гэрт буюу хариуцагчийн маргаж байгаа хашаа, байшинд хамт амьдрах болсон. .... 2015 оны үед дүү Э.М нөхрөөсөө салсан, өөр очих газаргүй манай хашаанд 4 ханатай гэр бариад амьдарч байсан. Э.Ү нөхрөөсөө салсан гээд охинтойгоо хамт ирсэн бөгөөд тэрээр Оюутолгойд ажилладаг ба 2019 оноос Өмнөговьд амьдрах болсон. Би жирэмсэн байсан. ... 2016 оноос эхлэн хашаандаа гарааж, өвлийн байшингийнхаа амбаарыг ... нөхөр бид хоёр өөрсдийнхөө хөрөнгөөр барьсан төдийгүй байшингаа дулаалж, засан сайжруулсан. Нөхөр маань том машин барьж гэрээс хол хэцүү байна гэсэн тул би хүүхдүүдээ аваад Сайншандад очиж ажилчдын байранд амьдарч байсан. ... эгч, дүү нар нь түр оршин суух гэсэн бүртгэлтэй байсан. Эд нар тухайн хашаа, байшинг авахад ... мөнгө оруулаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ “...Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар талийгаач Э.Үцгийн хууль ёсны өвлөгч нь нэхэмжлэгч Б.М, түүний хүүхдүүд Ү.Д, Ү.Т нар мөн учир нэхэмжлэгч Б.Мг маргаан бүхий газар болон хувийн сууцыг өвийн журмаар өмчлөн авсныг буруутгах үндэслэлгүй. ... хариуцагч Э.Үг хамтран өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул хариуцагч нар нь ороон сууцыг чөлөөлөх үүрэгтэй...” гэж дүгнэсэн.
12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Магадлалын үндэслэлдээ “... Э.Үц 2021.08.29-ний өдөр нас барж, өвлөх эрхийн гэрчилгээгээр маргаан бүхий газар, хувийн сууц түүний эхнэр Б.М, хүүхдүүд болох Ү.Д, Ү.Тнарт өвлөгдөж, өмчлөгчөөр бүртгэгдсэнийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Хариуцагч Э.Ү, Ү.Пнар нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хаягт 2020 онд түр оршин суугчаар бүртгүүлсэн. ... 2021 онд Э.Үц нас барснаар хариуцагч нарын эзэмшил дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, 2024.05.13-ны өдрийн шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хариуцагчид мэдэгдсэн байх тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй...” гэж дүгнэсэн.
13. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг адил тогтоож, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд нь талийгаач Э.Үцгийн өмчлөх эрхэд байж, түүнийг нас барснаар хууль ёсны өв залгамжлалын журмаар түүний гэр бүлийн гишүүдэд шилжиж, эхнэр Б.Мд өмчлөх эрхийн бүртгэл хийгдсэн үйл баримтыг адил тогтоосон байна. Анхан болон давж заалдах шатны шүүх тус үйл баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, үндсэн нэхэмжлэлийг хангах, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн. Харин хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд түүнд хурлын товыг хуульд заасан журмын дагуу хүргээгүйгээс шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэж чадаагүй талаар тайлбарласан байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлд хамаарч байх тул хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэхээр тогтжээ.
14. Анхан шатны шүүхээс товлон зарласан 2023.11.29-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч болон хариуцагч Ү.Пын хамт оролцох тухай хариуцагч Э.Үгийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, хариуцагч талыг өмгөөлөгчийн хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээр хангасан байна. Түүнчлэн 2023.12.13, 2023.12.25, 2024.01.24, 2024.03.06, 2024.04.01-ний өдрүүдийн шүүх хуралдааныг хариуцагч талаас гаргасан нотлох баримт гаргуулах, итгэмжлэгдсэн төлөөлөгч ба өмгөөлөгч нар тус тус хэргийн материалтай танилцах, сөрөг нэхэмжлэл гаргах тухай хүсэлтүүдийг ханган хойшлуулсан байна. Улмаар 2024.04.17-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагч талын хүсэлтээр 2024.04.01-ний өдрийн шүүгчийн 102/2024/06751 дугаар нотлох баримт гаргуулах захирамжийн биелэлтийн хангуулахаар мөн хойшлуулсан байна.
Уг захирамжийн дагуу нотлох баримтуудыг анхан шатны шүүх бүрдүүлж, 2024.05.13-ны өдрийн шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хариуцагч талд мэдэгдсэн байна. Иймд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
Иймд “Тухайн шүүхэд ирсэн нотлох баримттай танилцах нь хариуцагч талын эрхийн асуудал байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдоогүй, иргэний хэрэг үүсгэснээс хойш 8 сарын хугацаанд хариуцагч тал шүүх хуралдааны бэлтгэл хангах үүргээ биелүүлээгүй.” гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.
15. Түүнчлэн Э.Үцгийн том хүү Ү.Мийн хууль ёсоор өвлөх эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр Ү.М-г төлөөлөх эрхгүй хариуцагч Э.Ү, Ү.Пнар нэхэмжлэлийг татгалзах хууль зүйн боломжгүй юм. Учир нь тус маргааны зүйл хариуцагч Э.Ү, Ү.Пнар нь эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа эсэх, үл хөдлөх эд хөрөнгүүд нь хариуцагч нарын дундын өмчлөлийн эд хөрөнгө мөн эсэх тухай асуудал бөгөөд маргаанд хамааралгүй Ү.Мийн хууль зүйн асуудлыг шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд энэ асуудлаар тухайлан мэтгэлцэж, татгалзлаа нотлох байсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
16. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ү.Пын өмгөөлөгч Ц.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/02544 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/001453 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ү.Пын өмгөөлөгч Ц.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Э.П нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.28-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА