Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 119

 

Н.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаар магадлалтай, 1728000000053 дугаар эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тайжууд овогт Н.Б нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ч.Энхчимэгийг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус тус байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдож, прокуророос Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгуулийн ялыг 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаар магадлалаар 135 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн” гэсний дараах “17.4” гэсэн заалт, мөн шийтгэх тогтоолын 7 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5” гэсний дараах “1.8” гэсэн заалтуудыг хасч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн” гэснийг “Эрүүгийн хуулийн” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхээс Н.Б эхнэр Ч.Энхчимэгийн биед халдсан үйлдлийг байнгын шинжгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж үзэж байгаа бол Н.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэрийг зодсон үйлдэл байхад бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж анхан шатны шүүхээс зүйлчлэлийг өөрчилж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй болжээ. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ч.Энхчимэгийг зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон. 2017 оны 2 дугаар сард зодсон үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарна. Хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй бөгөөд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Н.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюутын 1-47 тоотод байрлах гэртээ хохирогч Ч.Энхчимэгийг зодсон, мөн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Даланзадгад сумын Баруун сайханы 3 дугаар гудамжинд хохирогч Ч.Энхчимэгийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-ийн үйлдэлд гэр бүлийн хамаарал бүхий хүнийг “байнга” зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь хангалттай тогтоогдоогүй, харин 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Ч.Энхчимэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэн, прокуророос Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхээс Н.Батзаягийн 2017 оны 2 дугаар сарын 1 болон 9 дугаар сарын 18-нд эхнэр Ч.Энхчимэгийг зодсон үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “байнга үйлдсэн” шинж тогтоогдоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж хангалттай тогтоогдоогүй тохиолдолд тухайн хэргийн хохирогч нь гэр бүлийн хамаарал бүхий хүн байсан гэх агуулгаар хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхгүй болно.

Шүүх Н.Б-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний гэм буруу, хувийн байдал, учирсан хохирлын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.

Иймд шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлүүлэх талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй тул шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                         ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН