Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2017/0097

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Пүрэв, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгонцэцэг нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 875 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Пүрэвийн гаргасан давж заалдах гомдлоор “Каркас” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Пүрэв, Р.Долгорсүрэн нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Каркас” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Долгорсүрэн, Х.Пүрэв нарын 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 875 дугаар шийдвэрээр:

“1.Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус баримтлан “Каркас” ХХК-ийн “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Долгорсүрэн, Х.Пүрэв нарын 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг баримтлан актаар ногдуулсан 44.369,3 мянган төгрөгийн торгууль, 17.982,7 мянган төгрөгийн алданги, 5,2 мянган төгрөгийн хүүг тус тус өршөөн хэтрүүлж, актаар тогтоосон төлбөрийг 133.892,1 мянган төгрөгөөр бууруулж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Пүрэв дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 16.340.100 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн шинжээчийн дүгнэлт нь зөвхөн “Каркас” ХХК-ийн худалдан авалт хийсэн гэх “Гурванбулаг сод” ХХК, “Дөрвөн гангууд” ХХК, “Арвит” ХХК-иудад холбогдох нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг шалган тэдгээрт холбогдох нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татварын хэмжээг тогтоосон болохоос “Феникс” ХХК-д холбогдох нэмэгдсэн өртгийн албан татварын падааны зөрчилд хамаарах дээрх төлбөрийн талаар ямар нэгэн дүгнэлт гаргасан, уг зөрчлийг шалгасан баримт биш юм.

Шүүх хуралдаан дээр хариуцагчийн зүгээс энэ талаар тодорхой тайлбарласан. Нэхэмжлэгчийн зүгээс ч маргаагүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт төлбөрийн хэмжээг тооцоолохдоо нийт өршөөлд хамруулах хүү, торгууль, алдангийн дүн 62357,2 мянган төгрөг, нэхэмжлэгчийн төлсөн 50000,0 мянган төгрөг, дээрх үндэслэлгүйгээр хасч буй 16340,1 мянган төгрөг нийлээд 128697,3 мянган төгрөгөөр бууруулахаар байтал 133892,1 мянган төгрөг буюу нийт 5194,8 мянган төгрөгөөр илүү тооцоолж үндэслэлгүйгээр бууруулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна”, 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг тус тус зөрчиж, ямар ч нотлох баримтгүйгээр актаар тогтоосон төлбөрийг бууруулж, анхан шатны хуралдаан дээр хэлэлцэгдэн, маргаангүйгээр тогтоогдсон асуудлаар дүгнэлт хийн шийдвэрлэсэн нь хуульд үндэслэгдээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлж дүгнээгүйгээр, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дугаар сарын 4-ний өдрийн 875 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Нэхэмжлэгч “Каркас” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...“Каркас” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Пүрэв, Р.Долгорсүрэн нарт холбогдох захиргааны хэргийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 875 дугаар шийдвэр нь хууль бус болсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасан зарчим болон 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс болж анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй.

Учир нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”, 30.1.1-т “Татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх” гэж заасан.

Гэтэл татварын улсын байцаагч нар “Каркас” ХХК-д хяналт шалгалт хийхдээ Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж татварын хяналт шалгалтыг удирдамжгүйгээр хийсэн байна. Анхан шатны шүүх хариуцагч нараас нотлох баримтаар холбогдох материалуудыг гаргуулж авах үүргээ хэрэгжүүлээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй.

Татварын улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актын эхлэл хэсэгт “...албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын ерөнхий газрын 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 7/1320 дугаар албан бичгийн дагуу...” гэж хяналт шалгалтыг удирдамжгүйгээр хийсэн нь харагдаж байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй” гэж заасан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 7 дугаар зүйлийн 7.2-д “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж тус тус заасан.

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн дугаар 875 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсан, өөрөөр хэлбэл хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарт дурдсан “...Каркас ХХК нь 8094567, 8094569 тоот НӨАТ-ын падаанаар “Феникс стар” ХХК-иас бараа материал худалдан авсан байдлаар баримт бүрдүүлэн өөрийн төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцсон зөрчил хяналт шалгалтын явцад тогтоогдсон...” гэх үйл баримтыг нотлох НӨАТ-ын 2 ширхэг падаан хэрэгт авагдаагүйгээс давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлтэй эсэх, мөн “Каркас” ХХК-ийн захирал Д.Чинбатад холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр НӨАТ-ын падааныг хуурамчаар бичсэн гэх зөрчлийн дүн 129789,1 мянган төгрөгөөр дутсан буюу түүнд ногдох нөхөн татвар, торгууль, алданги, хүү нь 16340,1 мянган төгрөг мөн эсэх, уг дүгнэлтэд үндэслэж актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 16340,1 мянган төгрөгөөр бууруулсан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Маргаан бүхий актын зөрчлийг тогтоосон хэсгийн “Гурав”-т “Гурванбулаг сод”, “Дөрвөн гангууд”, “Арвит” ХХК-иудын нэр, тамга бүхий НӨАТ-ын падааныг хуурамчаар бичүүлэн бүрдүүлсэн худалдан авалтад 2010 онд 333357,6 мянган төгрөг, 2011 онд 1092923,0 мянган төгрөг, нийт 1428298,6 мянган төгрөгийг НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайланд тусган хасч, татвар төлөхөөс зайлсхийсэн...” гэж дүгнэхдээ “Феникс стар” ХХК-ийн нэрийг оруулаагүй байна.

Харин нэр бүхий татварын улсын байцаагч нар шүүхэд хариуцагчаар оролцохдоо гаргасан тайлбар, мөн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөр огноолсон “Нотлох баримт гаргуулах” тухай шүүхэд гаргасан бичгийн хүсэлт, Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 79 дүгээр тогтоолд тус тус дурдсанаар нэр бүхий 4 компанид холбогдох, нийт 18 ширхэг НӨАТ-ын падааны зөрчил илэрсэн, тэдгээрийн 2 нь “Феникс стар” ХХК-ийн тамга, тэмдэг бүхий падаан байсан гэх бөгөөд нэхэмжлэгчийн тухайд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны явцад гаргасан гомдол, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөр огноолсон нэмэлт бичгийн тайлбар, түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус компанитай худалдан авалт хийж байсан болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гэвч улсын байцаагчаас гаргасан маргаан бүхий актад “Феникс стар” ХХК-иас бусад 3 компаний нэрийг бичсэнээс шалтгаалж шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Жаргалын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 161 дүгээр дүгнэлт нь Улсын Мөрдөн байцаах газрын ЭЗГХМХ-ийн Шинжилгээ хийлгэх тухай тогтоолд дурдсан асуудлын хүрээнд гарчээ.

Тухайлбал “Каркас ХХК 2010-2011 онд “Арвит”, “Гурванбулаг сод”, “Дөрвөн гангууд” ХХК-иудаас нийт 1.428.298.600 төгрөгийн НӨАТ-тай бараа материал худалдан авсан гэж НӨАТ-ын тайландаа тусгасан байгаа нь үнэн бодитой эсэх” гэсэн асуултад шинжээч “дээрх 3 компаниудаас 1.298.509.5 мянган төгрөгийн НӨАТ-тай падаан худалдан авсан мэтээр төлбөл зохих НӨАТ-ыг бууруулсан байна” гэж дүгнэснээс шалтгаалж татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон зөрчлийн дүнгээс 129.789,1 мянган төгрөгөөр зөрсөн, мөн энэхүү зөрүүнд хамаарах нөхөн татвар, торгууль, алданги, хүү нь нийтдээ 16.340,1 мянган төгрөг болсон байна.

Шинжээчийн зүгээс дээрх НӨАТ-ын тооцооллыг гаргахдаа нэр бүхий 3 компанийн нийт 16 ширхэг НӨАТ-ын падаанд үндэслэж хийсэн болох нь 1-р хавтаст хэргийн 156-р талд авагдсан баримтаар мөн батлагддаг.

Иймд зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэх бус харин холбогдох падааныг хэрэгт нотлох баримтаар авч, зөрүү болох 129.789,1 мянган төгрөг нь “Феникс стар” ХХК-ийн регистрийн дугаар бүхий 2 ширхэг НӨАТ-ын падаан дээрх үнийн дүнтэй тохирч байгаа эсэхэд дүгнэлт хийх байдлаар актаар тогтоогдсон төлбөрийн дүнг бууруулах эсэхийг шийдвэрлэх шаардлагатай болно.

Хариуцагчдаас актаар тогтоогдсон нийт төлбөрөөс 50.000.000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн талаарх үйл баримттай огт маргадаггүй, үүнийг хүлээн зөвшөөрдөг, гэтэл чухам ямар үндэслэлээр дээрх дүнгээр актаар тогтоосон төлбөрийг хэмжээг бууруулж байгаа нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл төлбөр төлсөн байдал нь актаар тогтоогдсон төлбөрийг бууруулах үндэслэл болохгүйг;

-мөн давж заалдах гомдолд “...шүүхийн шийдвэрт төлбөрийн хэмжээг 5194,8 мянган төгрөгөөр илүү тооцож үндэслэлгүйгээр бууруулсан...” гэснийг шалгаж үзэхэд актаар тогтоогдсон 5200 төгрөгийн хүүг 5.200.000 төгрөг мэтээр техникийн алдаатай тооцсоноос шалтгаалж гомдолд дурдсан 5194,8 мянган төгрөгийн зөрүү гарсан байгаа зэргийг анхан шатны шүүхээс хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ тус тус анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 875 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                          ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

                          ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

                          ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН