| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2021/02043/И |
| Дугаар | 181/ШШ2021/02071 |
| Огноо | 2021-11-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2021/02071
2021 11 01 181/ШШ2021/02071
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баязүрх дүүрэг, 08 дугаар хороо, Ус-15, 05 дугаар байр, 34 тоотод оршин суух, Т.Б /РД:ЧГ77091806/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 05 дугаар хороо, өөрийн байранд байрлах, НЕБС-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7 701 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Сандаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Нийслэлийн ерөнхий боловсролын 6 дугаар дунд сургуульд холбогдуулан тус сургуулийн няравын ажлын байранд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 1 359 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12/ШШ2020/00449 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 787 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2021 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 449 тоот тогтоолоор Т.Б-г хариуцагчийн няравын ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1 359 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шийдвэрлэж магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсон. Тус иргэний хэргийн шүүхээс нэхэмжлэгч миний бие ажиллаж байсан няравын ажлын байрны 1 сарын цалинг 453 300 төгрөгөөр тогтоосон. Анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн олговрыг шийдвэрлэсэн ба хариуцагч тал шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж шүүхээс хэргийг хянан хэлэлцэх хугацаанд би цалин аваагүй.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар би 2020 оны 01 дүгээр сарын 22-оос 2021 оны 06 дугаар сарын 22-ний өдрийг хүртэлх 17 сарын цалинтай тэнцэх олговорыг нэг сарын 453 000 төгрөгөөр тооцож, нийтдээ 7 701 000 төгрөгийг хариуцагч НЕБСиас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч НЕБСийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б-г шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг нь олгосон. Т.Бнь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа орсон. Захиралтай ажилгүй байсан хугацааны цалингаа авахгүй гэж тохиролцсон гэж хэлсэн. Энэ талаар баримт байхгүй гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Бнь хариуцагч НЕБСьд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7 701 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч Т.Бнь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговорыг гаргуулах шаардлага гаргасан ба мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заажээ.
Ажил олгогчийн ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гарснаар Т.Байгалмаагийн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговор гаргуулахаар гомдол гаргах эрхийн хугацааг тоолох бөгөөд Т.Байгалмааг ажилд томилсон тушаал 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гарсан гэж зохигч тайлбарлаж байх боловч Т.Бнь шүүхэд нэхэмжлэлээ 2021.07.19-ний өдөр гаргасан тул дээрхи хуульд заасан гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00449 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 797 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.05.18-ны өдрийн 449 дугаар тогтоолоор Т.Бг хариуцагч НЕБСийн няравын ажилд эгүүлэн тогтоож, НЕБСиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 1 359 900 төгрөгийг гаргуулж Т.Б-д олгож шийдвэрлэжээ. /хх-5-13х/
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар, “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” бол ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар ажилтныг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.
НЕБСь нь шүүхийн шийдвэрийг үндэслэн Т.Б-г 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс ажилд нь томилсон гэж зохигч тайлбарлаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа орно.
Иймд нэхэмжлэгч Т.Бнь шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс ажилд томилсон өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг шаардах эрхтэй байна.
Хариуцагч НЕБСь нь Т.Б-г ажилгүй байсан хугацааны цалингаа авахгүй гэж захиралтай тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Т.Б-г шаардах эрхээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч Т.Б нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.
НЕБСь нь Т.Б-г шүүхийн шийдвэрээр тогтоосон албан тушаалд нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл томилоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, эрхийн зөрчил үргэлжилсэн байна.
Нэхэмжлэгч Т.Б-гийн нэг сарын дундаж цалин хөлс 453 300 төгрөг болохыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00449 дугаар шийдвэрээр тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасны дагуу дахин нотлохгүй.
Нэхэмжлэгч Т.Бнь энэ нэхэмжлэлээр 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх 16 сар 23 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг шаардсан байх тул дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг тооцоход 7 737 709 төгрөг /453 300 х 16 сар = 7 252 800 төгрөг, 453 300 : 21,5 = 21 083 төгрөг, 21 083 х 23 хоног = 484 909 төгрөг, 7 252 800 + 484 909 = 7 737 709 төгрөг/ болж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хариуцагч НЕБСиас 7 701 000 төгрөгийг гаргуулж Т.Б-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар НЕБС7 701 000 /долоон сая долоон зуун нэг мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 166 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч НЕБС138 166 /нэг зуун гучин найман мянган нэг зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА