Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2021/01810

 

 

 

 

 

 

 

 

 

   2021        10         04                                          181/ШШ2021/01810         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, ХД 31 дүгээр байр, 01 тоотод оршин суух, Б.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 43 дугаар байр 38 тоотод оршин суух, Б.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, өмгөөлөгч Б.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “ПА” ХХК-иас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Ханбогд” хорооллын 202 дугаар байрны 63 тоотын 2 өрөө 55.01 м.кв талбай бүхий орон сууцыг 105 000 000 төгрөгөөр худалдан авсан.

Худалдан авсан орон сууцны төлбөр тооцоог бид харилцан тохиролцсоны дагуу бэлэн мөнгөөр бус бараа материалаар хийхээр болж, миний бие 105 000 000 төгрөгийн үнэ бүхий сантехникийн халаалт, цэвэр бохир усны паар радиатор буюу панэль, холбох хэрэгсэл зэргийг нийлүүлж өгсөн. Байрны тооцоог ийнхүү хийх үед тус байр нь “Капитрон” банкны зээлийн барьцаанд байсан ба 20 000 000 төгрөг банкинд төлөхөд зээлийн барьцаанаас чөлөөлөгдөхөөр байсан юм.

Тухайн үед тус компани нь манай компаний менежер Б.Б нь энэ 20 000 000 төгрөгийг хариуцан төлөх ёстой гэж тайлбарлаж байсан бөгөөд Б.Б нь тухай үед зээлийн төлөлт хийх санхүүгийн чадвар байхгүй тул “...хоёулаа Зээлийн гэрээ байгуулаад чи миний өмнөөс банкны зээлийг төлчих, би 5 сарын дотор чиний мөнгийг барагдуулна” гэж тохироод 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээг Б.Бтэй байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн болно. Ингээд бид тохирсоны дагуу 20 000 000 төгрөгийг Капитрон банкинд миний бие Б.Б-гийн өмнөөс төлж барагдуулсан болно.

Бидний хооронд байгуулсан Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дотор дууссан бөгөөд үүнээс хойш жил илүү хугацаа өнгөрөхөд Б.Б нь төлбөр барагдуулахгүй өнөөг хүртэл намайг хохироосоор явна.

Энэ хугацаанд миний бие Б.Бтэй байнга утсаар нь ярих, удаа дараа уулзах зэргээр төлбөрөө төлөхийг олон улаа шаардсан боловч Б.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй. Иймд Б.Б-гөөс зээлийн гэрээний төлбөрт 20 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан Иргэн Б.Гийн нэхэмжлэлтэй иргэн Б.Бд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Б.Гоос Б.Б нь огт мөнгө зээлж аваагүй, 2019.10.09-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу Б.Г нь Б.Бд мөнгө зээлдүүлээгүй тул уг зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Б.Г нь “ПА” ХХК-иас орон сууц худалдан авсан бөгөөд уг орон сууц нь “Пи Ай Эм Эм” ХХК-ийн Капитрон банктай байгуулсан зээл болон барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан байсан болох нь Хан-уул дүүргийн Бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар тогтоогдож байгаа тул Капитрон банкны зээлийг Б.Б төлөх үүрэгтэй байсан, Б.Бгийн өмнөөс банкны зээлийг төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм. 

Иймд нэхэмжлэлий шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б.Б-гөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний үүрэг болох 20 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг, хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж байна.

 

Зохигч талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 03-ний өдөр, нэг талаас Б.Г 20 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай хүүгүйгээр зээлдүүлэх, нөгөө талаас Б.Б зээлийг хугацааны эцэст бүхэлд нь төлөх агуулга бүхий хэлцлийг бичгээр үйлдсэн болох нь зохигчийн тайлбар, тус хэлцлийн хуулбараар /хх-4х/ тогтоогдож байна.

Тус гэрээ нь агуулга болон зорилгын хувьд, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээний зохицуулалтад хамаарч байна.

 

Нэхэмжлэгч тус гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Гэрээний үүргийн дагуу шаардлага гаргах эрхийг дүгнэн үзэхдээ тус гэрээ хуулийн дагуу хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох шаардлагатай байдаг. Хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байна.

Талуудын хооронд “Зээлийн гэрээ” нэрээр байгуулсан гэрээ нь, агуулгын хувьд хууль зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй, субъектын хувьд эрх зүйн зохих чадамжтай, субъектын шинжийг үгүйсгэх нөхцөл байдалгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

Харин хэлцлийн субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах талуудын дотоод зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцэж байгаа эсэхийн хувьд талууд маргаж байх тул тусгайлан дүгнэлт хийх нь зүйтэй.

Иргэний хуулийн зохицуулалтын дагуу хэлцэл субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус байх нь дүр үзүүлэх /Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2/, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийх /56.1.3/, үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож хэлцэл хийх /56.1.4/, субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн хувьд ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийх /58 дугаар зүйл/, хууран мэхэлж хэлцэл хийх /59 дүгээр зүйл/, хүч хэрэглэж хэлцэл хийх /60 дугаар зүйл/ зэргээр зохицуулжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар, хэлцэл бичгээр хийгдсэн ч энэ нь жинхэнэ хүсэл зориг байгаагүй болох нь тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч тус гэрээг иргэд хооронд байгуулагдсан тул гэрээний дагуу шаардах эрх нь иргэд хооронд үүссэн гэж үзсэн байна.

Зээлдүүлэгч Б.Г нь “ ...Ингээд бид тохирсоны дагуу 20 000 000 /Хорин сая/ төгрөгийг Капитрон банкинд миний бие Б.Б-гийн өмнөөс төлж, барагдуулсан болно” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаар Б.Г нь “ПА” ХХК-тай 2016.07.03-ны өдөр “Орон сууц захиалах, орон сууц захиалгаар гүйцэтгэх гэрээ” байгуулан Хан-Уул дүүргийн 4 хороонд байрлах “Ханбогд ресиденс” хорооллын 202 дугаар байрны 63 тоотын 2 өрөө 55.01 м.кв талбай бүхий орон сууцыг 107 269 500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, 2018 онд “ПА” ХХК нь Капитрон банктай Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 4 хороонд байрлах, 202 дугаар байрны 3685,563 мкь талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, “ПА” ХХК нь 202 дугаар байрны 63 тоот, 55.01 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг Б.Г-т худалдсан үндэслэлээр барьцаанаас хэсэгчлэн чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-68-86/

Мөн нэхэмжлэгч Б.Г нь орон сууцны үнэ 107 269 500 төгрөгнөөс илүү мөнгө төлсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримт талуудын тайлбараар тогтоогдоогүй тул Б.Г-ийг Б.Б-гийн өмнөөс Капитрон банкинд 20 000 000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан үндэслэл үгүйсгэгдэж байна.

 

Нэхэмжлэгч Б.Г нь нэхэмжлэлдээ “ПА” ХХК нь манай компанийн менежер Б.Б нь энэ 20 000 000 төгрөгийг хариуцан төлөх ёстой гэж тайлбарлаж байсан бөгөөд Б.Б нь тухайн үед зээлийг төлөх санхүүгийн чадвар байхгүй байсан тул ...гэж тохироод Зээлийн гэрээ байгуулсан” гэжээ.

Уг тайлбараар Б.Гийг “ПА” ХХК-ийн нэрийн өмнөөс Б.Бгөөс 20 000 000 төгрөг шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй, “ПА” ХХК болон Б.Б нарын хооронд үүссэн өр төлбөрийг барагдуулах зорилгоор Зээлийн гэрээг байгуулсан бол бусдын өөр үүрэгт үндэслэгдсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилготой хийсэн хэлцэл гэж үзэхээр байна.

Хэлцлээр барагдуулахыг хүссэн өр төлбөр “ПА” ХХК болон Б.Б нарын хооронд байхад Б.Г, Б.Б нар иргэний хувьд “Зээлийн гэрээ” хийсэн нь хэлцэл субъектив шинжийн хувьд зөрчилтэй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар, иргэд хоорондын хэлцэл мэтээр “дүр үзүүлэн” хийсэн хэлцэл байна.

Гэрээ байгуулах энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар, “дүр үзүүлэн хийсэн” хэлцлийн мөн чанарт нийцэж байх тул тус гэрээний дагуу үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах нь хуульд нийцэхгүй тул Б.Гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Зээлийн гэрээ” хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Гийн Б.Бд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н. ОЮУНТУЯА