| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2021/01058 |
| Дугаар | 181/ШШ2021/02070 |
| Огноо | 2021-11-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2021/02070
2021 11 01 181/ШШ2021/02070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 02 дугаар хороо, 05 дугаар хороолол, Сөүл гудамж, 32 дугаар байр, 49 тоотод оршин суух, Б.С-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 07 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, Хангай хотхон, 516 дугаар байр, 140 тоотод оршин суух, И.Н /РД:ХБ59030464/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 72 716 342 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, хариуцагч И.Н, түүний өмгөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Сандаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Н манай гэрт ирээд хүүтэй мөнгө зээлээч гэж гуйхаар нь харилцан тохиролцсоны эцэст 2008 оны 06 дугаар сарын 25-ний өдөр 8 000 000 төгрөг, 2 000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлж, бичгээр гэрээ хийсэн. И.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 8 000 000 төгрөгийн хүү 320 000 төгрөг, 2000 ам.долларын хүү 80 ам.долларыг сар болгон төлсөн ба 2019 оны 05 сараас хүү, үндсэн зээлийг төлөөгүй, утсаа салган, оршин суугаа хаягтаа байхгүй, ор сураггүй алга болсон. Би түүнийг олохын тулд тасралтгүй хөөцөлдөж байсан ба 2011 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд И.Нг эрэн сурвалжлуулах өргөдөл гаргаж, тус шүүхийн 2011.11.30-ны өдрийн 1917 дугаар шийдвэрээр И.Нг эрэн сурвалжилж шийдвэрлэснээр Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн. Эрэн сурвалжлах ажиллагаанд би өөрөө ч идэвхитэй оролцож байсан бөгөөд Цагдаагийн байгууллага олохгүй маш их удсаны эцэст И.Нгийн хаягийг тогтоож өгч би шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болсон юм. И.Н нь миний мөнгийг зээл нэрээр авч хүү болон үлдсэн мөнгийг маань өгөх байх хэмээн олон жил харж хүлээсэн.
Би И.Нгаас үндсэн зээл болох 8 000 000 төгрөг, 2 000 ам.доллар зэргийг гэрээнд заасан 4 хувийн хүүтэйгээр өнөөдрийг хүртэлх хугацаагаар тооцон нэхэмжилнэ. Би маш их гомдолтой байна. Үүнд: 2009 онд 7 сар, 2010 оноос 2021 оны 3 дугаар сар хүртэлх 135 сар нийт 142 сарын хүү бодож нэхэх ба 8 000 000 төгрөгийн сарын хүү 320 000 төгрөгийг 142 сараар бодож 45 440 000 төгрөг, 2 000 ам.долларын сарын хүү 80 ам.долларыг 142 сараар бодож 11 360 ам.доллар, тухайн үеийн ханшаар 16 390 662 төгрөг болно.
Иймд И.Нгаас үндсэн зээл, хүү болох нийт 72 716 342 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч И.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2008 оны 06 дугаар сарын 25-ний өдөр Б.Сгээс 2 000 ам.доллар, 8 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тохирсон ёсоор би зээлсэн хүүгээ 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал сар бүр төлсөн. Гэрээ дууссанаас хойш 2009 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд би Б.Сд 1 280 000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлсөн. Бид анх тохирсон гэрээний хугацаа дуусахад цааш сунгаагүй бөгөөд дээрх гэрээг нотариатаар ч баталгаажуулаагүй юм.
Мөн ямар ч барьцааны гэрээ байгуулаагүй байж миний газар, байшингийн гэрчилгээг авсан. 2009 оны 5 сард мөнгөө төлж чадахгүй болсоо мэдэгдэхэд намайг заналхийлсэн учраас би мөнгөтэй л энэ хүнтэй уулзахгүй юм бол болохгүй юм байна гэж ойлгосон. 2010 оноос хойш надад хүнд хэцүү үеүд тохиолдоод 2016 оноос хойш би өвчтэй байсан. Санзайн байшин маань зуных учраас хүйтэй байдаг тул зун хаяадаа л очдог байсан, намайг сураглаж хүн очоогүй. Одоогоор 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл Б.С нь мөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргаагүй бас шаардаагүй. 13 жилийн дараа гэнэт шүүхэд хандаж 72 716 342 төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсөн байх тул зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэхдээ шүүх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзвэл Зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн хүүг бүрэн төлсөн учраас нэхэмжлэгч зээлийн хүү шаардах эрхгүй. Иймээс 2009 оны 01 сараас 05 сарыг хүртэлх хугацаанд төлсөн 1 280 000 төгрөг, 320 ам,долларыг үндсэн зээлээс хасч, үлдэх мөнгийг төлөх, ийнхүү төлөхдөө үүрэг үүсэх үеийн ханшаар төлөхөөр хуульд заасан боловч нэхэмжлэгчийн шаардсаны дагуу 1 ам,долларыг 1442,84 төгрөгөөр бодож төлөхөд татгалзахгүй гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч И.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 72 716 342 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
2008 оны 06 дугаар сарын 25-ны өдөр И.Н нь Б.Сгээс 2 000 /хоёр мянга/ ам,доллар, 8 000 000 /найман сая/ төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж, зээлийн хүүг сар бүрийн 25-ны өдөр төлөх, үндсэн зээлийг 2008.12.25-наас хэтрүүлэхгүй буцаан төлөхөөр харилцан тохиролцож Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан байна. /хх-27х/
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасны дагуу Б.С, И.Н нар нь зээлийн тохиролцоо /хх-27х/-г бичгээр хийсэн тул уг хуулийн заалтад нийцсэн байна.
Энэхүү зээлийн гэрээний дагуу зээлдэгч И.Н нь 2008.07.25, 2008.08.25-ны өдөр тус тус зээлийн хүүг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн зээлийн хүү болох мөнгийг хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байх боловч 2009 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг төлсөн талаар зохигч маргаагүй.
Хариуцагч И.Н хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр зээлийн төлбөрийн үүргийг гүйцэтгэхээс татгалзаж байна.
Б.С нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох И.Нг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 11 сарын 30-ны өдрийн 1917 дугаар шийдвэрээр И.Нг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 2021.03.16-ны өдөр И.Нгийн хаягийг тогтоож, эрэн сурвалжлах ажиллагаа зогсоосон байна. /хх-5-7х/
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж зохицуулсан тул Б.Сд 2009 оны 05 сард шаардах эрх үүссэн. Б.С нь шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д “...гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд” хөөн хэлэлцэх хугацаа түр зогсохоор зохицуулсны дагуу Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр гарсан 2011.11.30-ны өдрөөс И.Нгийн хаягийг тогтоосон 2021.03.16-ны өдрийг хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон байна.
Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул хариуцагч И.Н нь зээлийн төлбөрийн үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхгүй байна.
Зээлдэгч И.Н нь 2009 оны 01 сараас 2009 оны 04 сарыг дуустал сар бүр хүү 320 000 төгрөг, 80 ам,долларыг зээлдүүлэгч Б.Сд төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-д “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж заасны дагуу зээлдэгч И.Н зээлийн хүүг төлснөөр өрийг хүлээн зөвшөөрсөн тул 2009 оны 01 сараас 2009 оны 04 сарыг дуустал 2 000 ам,доллар, 8 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Иймээс хариуцагч И.Нгийн уг төлбөрийг үндсэн зээлээс хасуулж тооцуулна гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. Талуудын бичгээр хийсэн “Зээлийн гэрээ”-ний сар бүр хүү төлөх үүрэг 2009.04.25-ны өдөр дуусгавар болсон бөгөөд үүнээс хойш талууд зээлийн гэрээний хугацааг сунгасан тохиролцоог “бичгээр” хийгээгүй тул нэхэмжлэгч Б.С нь 2010 оноос 2021 оны 3 дугаар сар хүртэлх 142 сарын хүү шаардах эрхгүй байна.
Хариуцагч И.Н нь зээл 2 000 ам.долларыг зээлийг авсан үеийн Монгол банкны 1 ам.доллар төгрөгтэй харьцах ханшаар тооцох ёстой гэж маргаж байна.
Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт, “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэсэн зохицуулалт нь гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан мөнгөний ханшаар тооцон төлбөр гаргуулах агуулгатай зохицуулалт биш юм. Харин үүргийг гүйцэтгүүлэх үеийн ханшаар тооцон гаргуулах үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхийг хангах зорилготой юм.
Иймд нэхэмжлэгч Б.Сгийн зээлийн төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу Монгол банкны 2021.03.22-ны өдрийн хаалтын 1 ам,доллар 2,849.73 төгрөгтэй харьцах ханшаар тооцож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасантай нийцнэ. Зээлийн төлбөрийг тооцоолбол: 2 000 ам,долларыг х 2 849.73 = 5 699 460 төгрөг + 8 000 000 төгрөг = 13 699 460 төгрөг байна.
Дээрхи үндэслэлээр хариуцагч И.Нгаас зээлийн төлбөр 13 699 460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэлээс 59 016 882 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч И.Нгаас 13 699 460 /арван гурван сая зургаан зуун ерэн есөн мянга дөрвөн зуун жаран/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэлээс 59 016 882 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521 532 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Нгаас 226 447 /хоёр зуун хорин зургаан мянга дөрвөн зуун дөчин долоон/ төгрөгийг гаргуулж Б.Сд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА