| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 182/2023/03527/И |
| Дугаар | 001/ХТ2024/00285 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2024/00285
“Т ББСБ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэрийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/01434 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/01343 дугаар магадлалтай,
“Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“А” ХХК-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 172,460,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь “А” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 172,460,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/01434 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “А” ХХК-аас 129,235,373 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 33,825,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,367,429 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-аас 804,126 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/01343 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/01434 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч “А” ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 172,460,000 төрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э хяналтын шатны журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07-р сарын 01- ний өдрийн 210/МА2024/01343 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул уг магдалалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:
4.1 Шүүхээс Худалдаа Хөгжлийн банк дахь 404215232 тоот дансны хуулгаас үзвэл “Т ББСБ ХХК-иас 2019.02.27-ны өдөр 5,196,000 төгрөгийг “НДШ өр” гүйлгээний утгатайгаар, 2019.03.01-ний өдөр 119,400,000 төгрөг, 2019.03.13-ны өдөр 59,700,000 төгрөг, 2019.04.25-ны өдөр 13,200,000 төгрөг, 2019.05.03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019.05.08-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус “зээл олгов” утгатайгаар нийт 232,496,000 төгрөгийг “А” ХХК-рүү шилжүүлсэн болох нь нотлогдож байна. Гэвч уг зээлийг “А” ХХК, “Т ББСБ ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ мэтээр дүгнэсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлага хангаагүй байна гэж тайлбарласан байдаг. Зээлийн гэрээг Иргэний хуулийн 451.2-т зааснаар бичгээр хийгдээгүй гэж үзвэл Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх ба Иргэний хуулийн 56.5-ийг үндэслэн шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх эсхүл үнийг төлөх үүрэг үүснэ. Учир нь зээлийн харилцаа үүссэн нь нэхэмжлэгч компаниас зээл утгаар удаа дараа мөнгө шилжүүлж байсан хариуцагч компани нь хүү төлж байснаар зээлийн харилцаа үүссэн нь хэрэгт цугларсан баримтаас нотлогддог.
4.2 Шүүхээс хэрэгт авагдсан Худалдаа Хөгжлийн банкны 2023.12.07-ны өдрийн 411/775 тоот тодорхойлолт, “А” ХХК болон “М” ХХК-ийн 2019.03.12-ны өдөр байгуулагдсан “Ашигт малтмал нунтаг эрдэс худалдах худалдан авах гэрээ, фото зураг, мөн хэрэгт хавсаргагдсан тэмдэглэлийн дэвтэр зэргийг Х.Г, О.М нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан үнэлбэл талууд шохойн чулуу тээрэмдэх тээрмийг хөрөнгө гарган худалдан авч компанид эрдэс нунтаг нийлүүлэх талаар хамтран ажилласан гэсэн хариуцагчийн тайлбар илүү үндэслэлтэй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж дүгнэдэг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч компанитай огт хамтран ажиллаагүй дээрх нотлох баримтаар гаргаж өгсөн “А” ХХК болон “М” ХХК-ийн 2019.03.12-ны өдөр байгуулагдсан “Ашигт малтмал нунтаг эрдэс худалдах худалдан авах гэрээ”-г хэрэгжүүлэхэд тусалж зээл олгосон гэж тайлбарладаг, мөн гэрч О.М талууд хамтран ажиллаж байсан талаар мэдэхгүй гэдэг. Хариуцагч тал “Т ББСБ” ХХК-тай хамтран ажилласан талаар нэг ч баримт ирүүлээгүй байхад шүүхээс хамтран ажиллах гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай. Учир нь “Т ББСБ” ХХК нь Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн 12.1.1-д зааснаар зөвшөөрөлд зааснаас өөр төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог энэ утгаараа ч хамтран ажиллах гэрээ байгуулах боломжгүй. Гэрч Х.Г мэдүүлэхдээ “Т ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Т-тай хамтран ажиллах талаар ярилцаж байсан талаар мэдүүлдэг. Гэтэл шүүхээс 2 компани хоорондоо хамтран ажиллах гэрээ байгуулсан мэтээр дүгнэж байгаа нь ямар нотлох баримтыг үндэслэж байгаа нь ойлгомжгүй. Х.Г, Ц.Т нарын хооронд хамтын ажиллагаа байсан гэж үзэхэд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж заасан. Анхан шатны шүүхээс дүгнэхдээ мөн “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Г, “Т ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Т нарын хооронд хамтран ажиллах гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн гэтэл давж заалдах шатны шүүхээс үүнийг гуйвуулан талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхийг дүгнэсэн гэж үзсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40.1, 41.1-д хэлцлийг тайлбарлахдаа хүсэл зоригийн илэрхийлэл мөн үгийн утгыг анхаарахыг заасан нэхэмжлэгчийн зүгээс зээл олгосноо үйлдэл болон шилжүүлгийн баримт, хариуцагч хүү төлж байсныг нотлосон баримт хэрэгт өгсөөр байтал хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй байна.
4.3 “Т ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э миний бие 2024.06.27-ны өдрөөс 2024.07.17-ны өдөр хүртэл АНУ-д байсан ба энэ тухай давж заалдах шатны шүүхэд мэдэгдэж шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтийг нотлох баримтын хамт гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс хэргийн оролцогчийн эрх буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/01343 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагаас 129,235,373 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ШХТ2024/01295 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эгийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
7. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 172,460,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... “Т ББСБ” ХХК нь “А” ХХК-тай 2019.02.28-ны өдөр 1 жилийн хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. ... Мөн фидуцийн гэрээ байгуулж иргэн Б.Алтантариагийн өмчлөлийн Лексус маркийн .... УБК улсын дугаартай автомашиныг барьцаалсан. ... энэ гэрээнээс гадна бусад зээлийг олгохдоо уг гэрээг үндэслэн нэмэлт гэрээ байгуулсан. ... 2019.02.27-ны өдрөөс хойш 6 удаагийн үйлдлээр нийт 232,496,000 төгрөгийг “А” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. ... үүнээс 2022 оны 06 сард фидуцийн гэрээний дагуу автомашиныг 60,000,000 төгрөгт тохиролцож, автомашиныг биет байдлаар хүлээн авсан тул ... үндсэн зээлийн үлдэгдэл 172,460,000 төгрөг, хүү 69,435,627 төгрөг, нийт 241,895,627 төгрөгийг гаргуулах эрхтэй. ... хүүгийн төлбөр 69,435,627 төгрөгөөр багасгаж, 172,460,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.” гэж тайлбарласан.
8. Хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тайлбарын үндэслэлээ: “... 2018 оны 12 сард “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Г болон “Т” ББСБ-ийн хувьцаа эзэмшигч Ц.Т нар нь ... замын ажил гүйцэтгэж байгаа Хятад компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан ЛЗ Монгол-1, ЛЗ Монгол-2 гэсэн компаниудад замын эрдэс нунтаг нийлүүлэхээр анх ярилцаж хамтран ажиллахаар болсон. ... “А” ХХК-ийн харилцах данснаас гүйлгээ хийх замаар хамтран ажилласан. ...” гэж тодорхойлсон.
9. Анхан шатны шүүх хариуцагч “А” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 129,235,373 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Шийдвэрт
“...2019.02.28-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдсан. ... Б.Алтантариа болон “Т ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийг шилжүүлж, уг зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон. “Т ББСБ" ХХК-аас “А” ХХК-д шилжүүлсэн 232,496,000 төгрөгөөс 5,196,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “А” ХХК-ийн 2016-2017 оны нийгмийн даатгалын шимтгэлийн өр гэсэн утгатай шилжүүлэг хийгдсэн болон “А” ХХК 33,825,000 төгрөгийг “Т” ХХК-д төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар тус тус нотлогдсон ба мөнгө шилжсэн талаар нэхэмжлэгч маргаагүй. ... Талуудын хооронд үүссэн харилцаа нь зээлийн гэрээний харилцаанд хамаарахгүй байх ба харин хариуцагчийн тайлбар бусад баримтуудаар “Т ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Т болон “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Г нарын хооронд хамтран ажиллах гэрээний шинжтэй хэлцэл хийгдсэн гэж үзнэ. ... нэхэмжлэгчийн хувьд зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй. ... нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид мөнгө шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч “А” ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймд “А” ХХК-ийн шилжүүлсэн 33,825,000 төгрөгийг хасаж, үлдэх 198,671,000 төгрөгийг “Т ББСБ” ХХК шаардах эрхтэй. Зээлийн хүүнд нэхэмжилсэн 69,435,627 төгрөгөөс татгалзсан тул тус дүнг хасна.” гэж дүгнэсэн.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Магадлалд “…аливаа ББСБ нь бусадтай зээлийн гэрээний харилцаанд орохдоо зээлийн гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй. Хэрэгт ... бичгээр байгуулсан гэрээ авагдаагүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй. ... Хэрэгт авагдсан Худалдаа, хөгжлийн банкны 2023.12.12-ны өдрийн 7-411/775 тоот “Тодорхойлолт”, “А” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2019.03.12-ны өдөр байгуулагдсан “Ашигт малтмал нунтаг эрдэс худалдах, худалдан авах гэрээ”, фото зураг, мөн хэрэгт хавсаргагдсан тэмдэглэлийн дэвтэр зэргийг Х.Г, О.М нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан үнэлбэл “...талууд шохойн чулуу тээрэмдэх тээрмийг хөрөнгө гарган худалдан авч, автозамын компанид эрдэс нунтаг нийлүүлэх талаар хамтран ажилласан...” гэсэн хариуцагч талын тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжпэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй. Анхан шатны шүүх зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн атлаа үндэслэлгүйгээр хөрөнгөжих хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөрчилдөөнтэй, буруу болсон.” гэж дүгнэсэн.
11. Хоёр шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг адил тогтоосон боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг ялгаатай тогтоож, анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэсэн байна.
Тодруулбал, анхан шатны шүүх зээлийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгчээс хариуцагчид үндэслэлгүйгээр мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэж шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлсон бол давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзсэн үндэслэлээ тодорхой дурдаагүй орхигдуулсан байна.
12. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан мэргэжлийн байгууллагаас олгох зээлийн харилцаа үүсээгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.
Нэхэмжлэгч тэдгээрийн хооронд хэд хэдэн зээлийн харилцаа үүссэн гэж тайлбарлаж байгаагаас 2019.02.28-ны өдөр 1 жилийн хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан үйл баримтын тухайд хариуцагч маргаагүй бөгөөд энэ зээлийг хамтран ажиллах гэрээний дундын хөрөнгийг бүрдүүлэх хураамжийг төлөх зорилгоор нэхэмжлэгчээс авсан, улмаар тус зээлийн хариу төлбөрт тээврийн хэрэгслийг шилжүүлэх замаар энэ зээлийн харилцааг дуусгавар болгосон гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч 60,000,000 төгрөгийн зээл буцаан төлөгдсөн үйл баримтын тухайд маргаагүйн зэрэгцээ хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо дээрх 60,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хасаж тогтоосон байх тул тус 60,000,000 төгрөг нь маргааны зүйл болоогүй байна.
Нэхэмжлэгч дээрх зээлээс гадна 172,460,000 төгрөгийг хариуцагчид сарын 2.8 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж тайлбарлаж байх боловч зохигчийн хоорондын энэ дүнгээр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, харин хэд хэдэн удаагийн мөнгөн хөрөнгө шилжсэнээс нэг удаагийн шилжүүлэг нь хариуцагчийн нийгмийн даатгалын өрийг шууд төлөхөд зориулагдсан, хариуцагч “А” ХХК-ийн дансанд шилжүүлсэн бусад мөнгөн хөрөнгө хамтын үйл ажиллагаанд зарцуулагдсан, эдгээр шилжүүлгийг хийсэн эрх бүхий этгээд нь нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн хамаарал бүхий этгээд байгаа зэрэг үйл баримтуудыг хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, дансны хуулга, хуулийн этгээдийн гэрчилгээ, лавлагаанд үндэслэн гэрээний дагуу шилжүүлсэн зээл гэж үзэхгүй гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.
13. Зохигч хамтран ажилласан гэж хариуцагчийн тайлбарласан тухайн хугацаанд хариуцагч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу тус байгууллагыг итгэмжлэлгүй төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь Р.Н байсан байх ба түүнийг “Т ББСБ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан байсан Р.Н, тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Т нартай хамаарал бүхий этгээд гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК үгүйсгээгүй байна. Нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг “А” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь дансанд шилжүүлсэн байх ба тус данснаас “А” ХХК-ийг төлөөлөн зарлагын гүйлгээ хийх эрхийг Рагчаагийн Нацагдорж эдэлж байсан нь хавтаст хэргийн 71 дүгээр талд авагдсан банкны тодорхойлолтоор тогтоогджээ.
Нэхэмжлэгчийн 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулснаа хариуцагч гүйлгээ тус бүрээр нь тайлбарласан байх ба эхний удаагийн гүйлгээ болох “А” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр 5,196,000 төгрөгийг төлснөөс бусад шилжүүлэг болох нийт 227,300,000 төгрөг нь шохойн чулууны тээрмийн ажилд зарцуулагдсан болох нь 2019.03.04-ний өдрөөс 2019,12.16-ны өдрийн хооронд хийгдсэн “аж ахуйн хэрэгцээнд”, “Бонго машины төлбөр”, “туузан дамжуурга”, “гааль1, 2, 3, 4”, “тавцант жин”, “базагчийн үнэ”, “мотор болон сэлбэгийн үнэ”, “эксковаторын түрээс”, “түлшний мөнгө”, “цахилгааны мөнгө”, “цалин” гэх мэт утгатайгаар Ц.Т, Х.Г болон бусад этгээдийн данстай харьцсан нийт 338,925,789 төгрөгийн зарлагын гүйлгээгээр тогтоогдсон байна. Ц.Т нь нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Х.Г нь хариуцагч “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох үйл баримтын тухайд зохигч маргаагүй.
Эдгээр үйл баримтаас үзвэл нэг талаас “Т ББСБ” ХХК, нөгөө талаас “А” ХХК-ийн хооронд Завхан аймгийн Тэлмэн сумаас Увс аймагтай холбогдох автозам дээр замын ажил гүйцэтгэж байгаа Хятад компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан компаниудад замын эрдэс нунтаг нийлүүлэхээр анх ярилцаж хамтран ажиллахаар хүсэл зоригоо илэрхийлэн тохирсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.
14. Дээрх хамтран ажиллах харилцаанд хариуцагч “А” ХХК тээрмийн тоног төхөрөөмжийг худалдан авах зардлыг гаргах үүрэг хүлээж энэ зорилгоор нэхэмжлэгчээс 60,000,000 төгрөгийг зээлж энэ зээлээ буцаан төлсөн байна. Харин хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч “Т” ББСБ ХХК нь хамтын ажиллагаанд шаардлагатай бусад зардлыг гаргахын зэрэгцээ уг үйл ажиллагааг эрхлэн хөтөлж, удирдан зохион байгуулахаар тохирсон нь 60,000,000 төгрөгийн зээлийг зөвшөөрөн, тээврийн хэрэгслээр буцаан төлсөн тухай хариуцагчийн тайлбар, хамтын үйл ажиллагаа явуулахаар өөрийн хамаарал бүхий этгээдээ томилох замаар жил орчим хугацаанд хамтын үйл ажиллагааг нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК-ийн зааврын дагуу удирдаж байснаар тогтоогдож байна.
15. Нэхэмжлэгчээс “А” ХХК-д 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт мөнгөн хөрөнгө болох 232,496,000 төгрөгийг хамтын үйл ажиллагаанд оролцогчийн бий болгосон дундын хөрөнгө гэж үзэх бөгөөд үүнээс 60,000,000 төгрөгт хамаарах хэсэг нь зээлийн эх үүсвэрээр бүрдүүлсэн хариуцагчийн оруулсан хураамж байх бол үлдэх хэсэг болох 172,460,000 төгрөг нь нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК-ийн хураамж гэж үзэхээр байна. Түүнчлэн хариуцагч хамтын ажиллагааны талууд эхний ээлжинд оруулсан хураамжаа хамтын үйл ажиллагааны орлогоос олж авсны дараа бий болсон ашиг, алдагдлыг тэнцүү хуваахаар тохирсон талаар тайлбарласан байна.
16. Дээрх байдлаар хамтын үйл ажиллагаа зохигчийн хооронд үүссэн байж болох ч давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж дүгнэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг бүрэн гүйцэд хэрэглэсэнгүй.
Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д банк бус санхүүгийн байгууллага нь зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа явуулахыг хориглохоор заасан байна. Нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК нь ашиг олох зорилгоор шохойн чулуу тээрэмдэх үйл ажиллагааг “А” ХХК-тай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон нь дээр дурдсан хориглосон хэм хэмжээг зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул зохигчийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.
17. Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлээс үүдэх үр дагаврыг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу шийдвэрлэх учиртай буюу талууд харилцан өгсөн авсан зүйлээ буцаах ёстой. Гэвч энэ хэргийн тохиолдолд нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК нь “А” ХХК-д 172,460,000 төгрөгийг шилжүүлэхдээ мөнгийг хүлээн авагч компанийн эрхлэх үйл ажиллагаанд зориулан гагцхүү түүний өмчлөх эрхэд шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, харин хамтын ажиллагааны зориулалтаар дундын өмч үүсгэх хүсэл зоригтой байсан, улмаар энэ хүсэл зоригоо бодитой хэрэгжүүлж, өөрийн хамаарал бүхий этгээдийг уг хөрөнгийг эрхлэн удирдахаар томилж, тухайн этгээд нь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд дээрх 172,460,000 төгрөгийг “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх боломжгүй. Дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн харилцаанд “А” ХХК мөнгө хүлээж авсан нь хамтын үйл ажиллагааны зориулалттай байх ба мөнгөн хөрөнгийг үнэн хэрэгтээ “Т ББСБ” ХХК-ийн шийдвэрийн дагуу хамтын үйл ажиллагаанд захиран зарцуулжээ. Энэ нь “А” ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжөөгүй гэх дүгнэлтэд хүргэнэ.
Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр “А” ХХК-аас 172,460,000 төгрөг гаргуулах хууль зүйн боломжгүй. Нэхэмжлэгчид ийм шаардах эрх үүсээгүй байна.
Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн боловч тус гэрээний хүчин төгөлдөр байдал, түүний үр дагавар, зохигчийн шаардах эрхийн талаарх бүрэн дүүрэн дүгнэлт өгөөгүй байх тул дээрх дүгнэлтээр магадлалын дүгнэлтийг бүхэлд нь залруулна.
18. Нэхэмжлэгч зээлийн гэрээ, хамтран ажиллах гэрээ, түүнчлэн үндэслэлгүй хөрөнгөжсөн аль ч үндэслэлээр хариуцагчаас 172,460,000 төгрөгийг шаардан гаргуулах хууль зүйн боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эгийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхисон алдаа гаргасныг залруулж, энэ төрлийн алдааг цаашид гаргахгүй байхад анхаарах нь зүйтэй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/01343 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/01434 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-аас 172,460,000 төгрөг гаргуулах тухай “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлин 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,367,429 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.12-ны өдөр 804,127 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН