Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 11

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

                  Улсын яллагч                      Д.Нямдэлэг

                  Шүүгдэгч                               Ч.Үүрцайх

                  Түүний өмгөөлөгч               Ө.Ганзориг

                  Хохирогч                               А.Төмөрбаатар

                                                                  Г.Хүрэлбаатар

                                                                  М.Амаржаргал

                    Нарийн бичгийн дарга Б.Урангоо нарыг оролцуулав.

      Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 215 дугаар  зүйлийн 215.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чулуунбаатарын Үүрцайхад холбогдох эрүүгийн 201618000298 дугаар хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 15-нд Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл 6, ааю, ээж, ах дүү нарын хамт, Дархан-Уул аймгийн Орхон сум, Дэлгэр хороолол 6-6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Чулуунбаатарын Үүрцайх, РД:/ТЛ94091517/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Үүрцайх нь 2016 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1  дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хьюндай 22-18 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7а дахь заалтыг зөрчин зам тээврийн осол гарган улмаар М.Амаржаргал, А.Төмөрбаатар, Г.Хүрэлбаатар нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 

           1. Шүүгдэгч Ч.Үүрцайхын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “.Би хохирогч нараа намайг уучлаарай. Шүүгчээ намайг уучлаарай. Ялыг минь хөнгөрүүлж өгөөч. 2016 оны 09 дүгээр сарын 15-нд би ногоогоо хурааж дуусаад Алтан намар гээд ногооны баяр хийгээд хэдэн найзуудтайгаа ууж байгаад хүнтэй уулзах гэж явж байгаад бага зэргийн манарсан байснаасаа болоод гэнэт гэр гарч ирэхэд машинаа зогсоож чадаагүй дайрчихсан гэв.

2.Хохирогч А.Төмөрбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”.. Би 2016 оны 10 дугаар сарын 15-нд найзынхаа ногооны талбай дээр ногоог нь ачиж өгөх гэж очсон. Гэтэл ногоо ачих машин ирээгүй. Тэгээд тэндээ унтсан. Гэтэл 23  цаг 30 минутын үед түс гээд дугарсан. Нэг мэдэхэд ухаан алдаад сэрсэн. Тэгээд Мөнхдөл машинаа асаагаад эмнэлэгт анхны тусламж үзүүлсэн гэв.

3.Хохирогч Г.Хүрэлбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”.. 2016 оны 10 дугаар сарын 15-нд машинаараа гэр дайраад түрээд гаргасан. Тэгээд нэг мэдэхэд бид нар гадаа байсан. Гэтэл Мөнхдөл Үүрцайх дайрсан байна гэж хэлсэн. Бид нарт анхны тусламж үзүүлээгүй. Өөрсдөө л эмнэлэг орсон. Хамт яваа хүмүүс нь бид нарыг “юун сүртэй юм бэ?” гэж хэлсэн. Бид нар согтуу байгаагүй. Би гомдолтой байна. Авгай группид байдаг. Би өвчтэй болчихлоо. Эмнэлэгт хэвтэж чадаагүй. Би өвчтэй байх хоорондоо гурил будаа дэлгүүрээс зээлсэн баримтаа аваад ирсэн. Үүнийг гаргуулж авмаар байна. Миний эмнэлэгт хэвтсэн зардлыг төлсөн гэв.

4.Хохирогч М.Амаржаргалын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”.. Би 2016 оны 10 дугаар сарын 15-нд унтаж байтал машин ирж гэр дайрсан. Нэг мэдэхэд ухаан алдаад сэрсэн гэв.

            5.Иргэний нэхэмжлэгч Э.Ариунболдын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Би 2016 оны 10 дугаар сарын 15-ны өглөө гэртээ байж байхад миний хуурай дүү болох Үүрцайх машинаа өгч байгаач би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум орж ногоо татах гэсэн юм гээд хэлэхээр нь өөрийн 22-18 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгөөд явуулсан. Ингээд миний машиныг унаж яваад Үүрцайх нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Боонгийн тохой” гэх газар архи уугаад үүнээс болоод миний эзэмшлийн машиныг унаж яваад зам тээврийн осол гаргасан байна ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

            6.Иргэний нэхэмжлэгч М.Мөнхдөлийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Би 2016 оны 10 дугаар сарын 15-16-ны шилжих шөнө миний эзэмшлийн дөрвөн ханатай эсгий гэрийг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Боонгийн тохой” гэх газарт ногооны талбай дээр барьсан байхад манай хажуу талд ногоо тарьдаг Үүрцайх гэдэг залуу согтуу “Hyundai” маркын 22-18 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад дайрч надад 540.000 төгрөгийн хохирол учруулсан. Хохиролоо нөхөн барагдуулж авмаар байна....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 38 дугаар хуудас/

            7.Хохирогч М.Амаржаргалын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Миний бие нь 2016 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө өөрийн найз нөхдийн хамт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3 дугаар баг “Боонгийн тохой” гэх газарт өөрийн найз Мөнхдөлийн гэрт амарч байсан чинь шөнө тас гээд нэг дуу чимээ гараад эхэлсэн. Бид нар юу ч мэдээгүй тэгээд эсгий гэр нураад дээрээс унь, хана, тооно унаад ирсэн. Ингээд юу болсон талаар санахгүй тухайн үед шоконд орсон байх гэр дотор байсан Төмрөө, Хүрлээ, Оюунтүлхүүр, Мөнхдөл бид тав унтаж байсан чинь ийм асуудал болсон. Тэгээд бид нар гэрээс гараад хартал нэг микроавтобус гэрийн цаана зогссон, жолооч нь шал согтуу унтаж байсан. Бид нар цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгч арга хэмжээ авхуулсан. Дараа нь харин миний биед гэмтэл учирсан нурууны 3 дугаар нугалам, шахагдаж хугаралт үүссэн гэмтлүүд байгаа энэ талаар шинжээч эмч үзээд дүгнэлт гаргасан ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/

            8.Хохирогч А.Төмөрбаатарын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... 2016 оны 10 дугаар сарын 15-нд Шаамар суманд өөрийн ногооны талбай дээр байж байхад өөрийн найз Оюунтүлхүүрийн хамт Зүүнбүрэн сумын “Боонгийн тохой” гэдэг ногоо тарьдаг газар нь очиж ногооноос нь хураалцаж ажиллахаар болсон. Тэгээд энэ өдөр Зүүнбүрэн суманд орой 18 цагийн үед очоод ачих машин нь ирээгүй Мөнхдөл, Оюунтүлхүүр бид тав орой ногоо хурааж байгаад гэрт нь унтаж байсан. Шөнө гэнэт тас гээд машин дуугараад юу болоод байгааг ойлгоогүй машин гэр хамаад явчихсан. Бид нар гадаа хэвтэж байсан. Би босох гэсэн чинь цээжин бие хөндүүр, нүүрээр зулгаралт өгөөд цус гоожсон байсан. Ингээд шууд эмчид очиж үзүүлсэн. Зүүн талын 1 дүгээр хавирга, баруун талын 2,3-р хавирга, хугарсан, зүүн дал ясны хугарал, баруун эгэмний мултрал гэсэн онош гарсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгэж одоо биеийн байдал сайжирч байна. Миний хувьд хүн машинтай дайраад явсныг мэдээгүй шоконд орсон байсан. Дараа сонсоход жолооч нь Оюунтүлхүүр, Мөнхдөл нарын хажууханд ногоо тарьдаг Үүрцайх гэдэг залуу гэсэн...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 43 дугаар хуудас/

9.Хохирогч Г.Хүрэлбаатарын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн таньдаг хуурай дүү Мөнхдөлийн ногоог хураалцах гээд Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд ирсэн. Ингээд Зүүнбүрэн сумын “Боонгийн тохой” гэдэг газар өөрийн хуурай дүү Мөнхдөлийн гэрт ногоо хураалцаад байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 15-ны орой Оюунтүлхүүр, Амаржаргал, Төмөрбаатар, Мөнхдөл нартай тавуулаа амарч байсан чинь шөнө гэнэт машин дуугараад юу болоод байгааг ойлгоогүй гэнэт гэр хамаад явчихсан. Нэг мэдсэн чинь бид нар гадаа хэвтэж байсан. Ингээд бид нар цагдаа, эмнэлэгт очоод эмчид үзүүлээд Улаанбаатар хотод ирж Үүрцайх “Манал Оч“ гэдэг нэртэй эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэсэн байгаа. Одоо биеийн байдал гайгүй эдгэрэх шинжтэй байна. Цаашдаа эмчилгээ хийлгэх бодолтой байна...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 45 дугаар хуудас/

10.Гэрч А.Тэмүүжингийн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд Үүрцайхыг таньдаг найзууд байгаа юм. Би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Боонгийн тохой” гэх газар өөрийн таньдаг Ариунболд ахын ногооны талбай дээр ногоо хураах гээд ирсэн байхад 2016 оны 10 сарын 15-ны өдөр Ариунболд ахын талбай дээр ажиллаж байсан чинь Үүрцайх надтай ирж уулзаад орой Алтан намар тэмдэглэнэ гэх үг яриа хэлээд явсан. Ингээд би Ариунболд ахын ногооны талбай дээр байж байгаад ажлаа дуусаад буугаад өөрийн цуг ажиллаж байсан Долгорсүрэнг чи намайг машинаар Үүрцайхын гэрт хүргээд өгчих гээд өөрт байсан 0.75 литрийн Улаанбаатар архиа аваад Долгорсүрэнтэй хамт Үүрцайхын гэрт очоод бид хоёр гэрт нь орсон чинь гэр дотор Батсайхан, Ариунбаатар,Үүрцайх 3 нэг шил 0.5 литрийн ViVa нэртэй архи хувааж ууж байсан. Тэгээд бид нар мэнд ус асуугаад би Долгорсүрэнг машинаас нөгөө архиа оруулаад ир гээд нэг шил 0.75 литрийн архиа оруулж ирсэн. Долгорсүрэн болохоор машинтай явж байгаа болохоор архи уухгүй гээд гараад яваад өгсөн. Харин Батсайхан, Үүрцайх, Ариунбаатар бид 4 тал шил 0.5 литрийн архиа уучихаад миний авчирсан 0.75 литрийн Улаанбаатар гэх архийг задлаад нэг нэг татацгаасан. Тэгээд ойр зуурын юм яриад сууж байхад Үүрцайх ямар нэг юм яриагүй босоод гараад явсан. Миний хувьд бие засах гэж байгаа юм болов уу гэж бодож байсан чинь буцаж орж ирээгүй харин гадаа өөрийн машинаа асаагаад хөдлөөд явсан. Хэсэг хугацааны дараа буюу удалгүй нэг эмэгтэй хүн “туслаарай” гээд орилоод байх шиг байсан. Би нөгөө хоёрт гадаа хүн орилоод байна гэж хэлээд бид 3 гэрээс гараад харсан чинь Үүрцайх машинтайгаа байхгүй байсан. Харин Батсайхан, Ариунболд хоёр чимээ гарч байгаа хүмүүс тусламж дуудаж байгаа хэсэг рүү яваад өгсөн. Би гэрийг хараад үлдсэн. Ингээд хэсэг хугацааны дараа ирэхгүй болохоор нь араас нь очсон чинь Ариунбаатар одоо цагдаа нар ирнээ Үүрцайх айлын эсгий гэр дайраад асуудал үүссэн байна чи гэртээ хариад байж бай гээд намайг явуулсан. Би гэртээ хариад унтаад өгсөн. Хэсэг хугацааны дараа цагдаа ирээд бид нарыг авч яваад шалгасан....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/

          11.Гэрч Ч.Долгорсүрэнгийн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Би Үүрцайхтай хамтран хүнсний ногоо тарьдаг юм. Ингээд 2016 оны 10 сарын 15-ны өглөө миний бие нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын төвд айлд байж байтал Үүрцайх ногооны талбай руугаа явж байна аа гэж утсаар надтай ярьсан. Тэгээд би орой ногооны талбай руугаа 19 цагийн үед Зүүнбүрэн сумын “Боонгийн тохой” гэдэг газар руу өөрийн машинаар очоод шууд Тэмүүжингийн гэрээр орсон. Тэгтэл Тэмүүжин, Үүрцайх, Батсайхан, Ариунбаатар нар “алтан намар” гэдэг баяр тэмдэглэж байна хамт очъё гэхээр нь тэгье гээд явах гэтэл Тэмүүжин гэрээсээ 0.75 л Улаанбаатар архи авч гарч ирээд миний машинд тавиад бид хоёр Үүрцайх, Батсайхан, Ариунбаатар гуравын байгаа газар очоод бид хоёр Үүрцайхын  гэрт орсон чинь архи уугаад сууцгааж байсан. Ингээд би буцаад явах гэхэд архи уу гэхээр нь машинтай явж байгаа гээд уугаагүй явлаа гэхэд Тэмүүжин архиа оруулаад ирээч гэхээр нь би 0.75 литрийн Улаанбаатар архийг оруулж өгөөд явсан. Энэ үед 20 цаг болж байсан. Би шууд гэрээс нь гараад харьж амарсан. ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/

12.Гэрч О.Батсайханы 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 10 сарын 15-ны өглөө 10 цагийн үед байх манай гэрт Үүрцайх нэг микроавтобустай ирээд намайг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Боонгийн тохой” гэх газар ороод ногоо татах гэсэн юм татаад өгөөч гэж гуйхаар нь ах дүү улсууд юм чинь тус болъё гэж бодоод Дархан-Уул аймгийн Орхон жимс ногооноос 10 цагийн үед гарч явах үедээ нэрийг нь сайн мэдэхгүй байна, хүнсний дэлгүүрээс 0.5 литрийн Viva нэртэй архи хоёр шилийг аваад бид хоёр машинтай Зүүнбүрэн сум өглөө 11 цагийн үед орсон. Тэгээд ногооны талбай дээр очиж ногоо хурааж зөөж дуусаад орой 19 цагийн үед бид хоёр эсгий гэрт орж авчирсан хоёр шил архиа хувааж уухаар болоод гэртээ ороод нэг шил архиа уусны дараа гаднаас Ариунбаатар орж ирээд бид 3 үлдсэн нэг шил архиа хувааж ууж байхад гаднаас Долгорсүрэн, Тэмүүжин хоёр орж ирээд бид нарын ууж байсан архинаас Тэмүүжин уугаад харин Долгорсүрэн машин барьж байгаа гээд уугаагүй. Ингээд Тэмүүжин Долгорсүрэнг гаднаас нэг шил архи аваад ирээч гээд гаргасан. Удалгүй гаднаас Долгорсүрэн 0.75 литрийн Улаанбаатар архи оруулж ирж өгчихөөд би явлаа гээд гараад явсан. Харин Тэмүүжин алтан намар гээд авчирсан Улаанбаатар архиа задлаад ууцгаасан. Гэхдээ бүгдийг нь ууж дуусгаагүй. Энэ үед миний ухаан санаа орж гараад согтоод байсан. Хэсэг хугацааны дараа Үүрцайх гарч явсан. Харин Ариунбаатар, Тэмүүжин бид гурав үлдсэн энэ үед ухаан санаа орж гараад би согтоод байх шиг байсан нэг мэдсэн чинь Ариунбаатар, Тэмүүжин нар гаръя босоорой гадаа хүмүүс туслаарай гээд орилоод байна гээд байхаар нь бид гурав гэрээс гараад харсан чинь Үүрцайхын унаж явж байсан машин байхгүй ойролцоогоор 200 метрийн зайнд Үүрцайхын гэрээс зүүн хойд зүгт эмэгтэй хүн “туслаарай авраарай” гэх дуу чимээ гараад байхаар нь Ариунбаатар бид хоёр тэр зүг рүү очсон чинь эсгий гэр нурсан байдалтай цаад талд нь Үүрцайхын микроавтобус зогсож байсан. Нэг эмэгтэй болохоор цагдаа дууд гээд орилоод байх шиг харагдсан. Ингээд би Ариунбаатартай хамт Үүрцайхын машин дээр яваад очсон чинь жолооны ард суучихсан, үрүүлийн хүрдэн дээр дэрлэсэн байдалтай унтаж байсан. Ингээд би цаашаа бай гээд сэрээсэн чинь сэрэхгүй Ариунбаатар бид хоёр жолоочийн хажуу талын суудал дээр суулгаад би Үүрцайхын машиныг бариад Ариунболдын гэрийн гадаа очоод Ариунбаатар төрсөн ахдаа энэ талаар ярьсан би ....” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 50-51 дугаар хуудас/

13.Гэрч Э.Ариунбаатарын 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би 2016 оны 10 сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Боонгийн тохой” гэдэг ногооны талбай дээр ногоо хурааж байсан чинь орой 19 цагийн үед Үүрцайх ягаан өнгийн микроавтобус уначихсан Батсайхан гэдэг залуутай цуг явж байхыг нь харсан. Ингээд Үүрцайх ногооны талбай дээр байдаг гэртээ алтан намар тэмдэглэх гэж байна гээд намайг хүрээд ир гэж дуудахаар нь би гэрт нь яваад очиход гадаа нь микроавтобус нь зогсож харагдсан. Би  гэрт нь явж орсон чинь Үүрцайх, Батсайхантай viva нэртэй 0.5 литрийн архи хувааж ууж харагдсан. Би тэр архинаас нь хувааж уугаад байж байтал Долгорсүрэн, Тэмүүжин хоёр гаднаас орж ирсэн. Миний хувьд тэр хоёрыг ямар машинтай ирж байгааг хараагүй. Ингээд бид тавуулаа сууж байхад Долгорсүрэн би машинтай яваа гээд ярих шиг болсон удалгүй Долгорсүрэн гаднаас 0.75 литрийн Улаанбаатар архи оруулж ирж өгчихөөд буцаад гараад явсан. Хаашаа явсан талаар мэдэхгүй, буцаж орж ирээгүй. Тэгээд бид нар тэр архийг 4-лээ хувааж уугаад ойр зуурын юм яриад сууж байтал Үүрцайх гэнэт багцаагаар 21 цагийн үед гэрээс гараад явсан. Гэр дотор Батсайхан, Тэмүүжин бид 3 үлдээд архиа талд нь ортол уугаад сууж байхад гэнэт хүмүүс машин дайраад гараад явчихлаа цагдаа дуудаарай гээд орилоод байх чимээ гарсан. Бид 3 юу болоод байнаа гээд гэрээс гарсан чинь Үүрцайх машинаа унаад явчихсан эргэн тойронд ямар нэгэн машин харагдаагүй. Бид нарын байсан гэрээс 200 метрийн зайд буюу бид нарын байсан газраас зүүн талд эмэгтэй хүн гэр дайрчихлаа цагдаа дуудаарай гээд орилоод байх шиг чимээ гарсан бид гурав болохоо байсан байна гэж бодоод Тэмүүжин гэр хараад үлдсэн би Батсайхантай цуг нөгөө гэр дайрчихлаа гэсэн газар руу /Мөнхдөлийн/ гэр рүү очсон. Түлхүүр гэдэг эгч хүн дайрчихлаа цагдаа дууд гээд орилоод байсан. Гэр дайрсан микроавтобус болохоор гэрийн цаад талд зогсож байхаар нь Батсайхантай цуг яваад очтол Үүрцайх жолооны ард суучихсан үрүүлээ дэрлээд унтаж байсан. хаалгыг нь онгойлгоод Үүрцайхыг сэрээх гэсэн боловч босохгүй байхаар нь татаж цааш нь түлхээд жолоочийн хажуу талын суудал дээр суулгаад Батсайхан жолооны ард суугаад тээврийн хэрэгслийг асаагаад манай ах Ариунболдын гэрийн гадаа аваачиж тавьсан... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 54 дугаар хуудас/

14.Гэрч Ч.Амарбаясгалангийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....миний хувьд дүүгийнхээ өмнөөс хохирогч нарыг эмнэлэгт хэвтүүлж төлбөр тооцоог нь гаргаж өгсөн үнэн. Миний хувьд Амаржаргалын эмнэлгийн төлбөр 280.000 төгрөг, Томограф 270.000 төгрөг, 41.000 төгрөгийн эм, 8200 төгрөгийн кальци, 29.300 төгрөгийн бүс авч өгсөн. Хүрэлбаатарын эмнэлгийн төлбөрт 515000 төгрөг, эрүүл мэндийн дэвтрийн 95000 төгрөг, халдвартын эмнэлэгт ор хоногийн мөнгө гээд 100000 төгрөг тушаасан. Нуруунд нь зүүх бүс гэж 40.000 төгрөг өгсөн байгаа. Цаашид эмчилгээний зардал мөнгийг нь албан ёсны баримтыг харж дүүгийнхээ өмнөөс өгнө гэж бодож байгаа......” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/

15.Гэрч М.Мөнхдөлийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Боонгийн тохой” гэдэг газар ногооны талбай дээрээ барьсан эсгий гэртээ амраад байж байсан чинь шөнө гэнэт нэг машин ирээд гэрийг маань дайрсан. Ингээд би босоод хувцасаа өмсөөд гарсан чинь нэг HUNDAI маркын 22-18 ДАР гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэрийг маань дайрсан байсан би яваад очсон жолооч нь согтуу байхаар нь би гэрт байсан Оюунтүлхүүр, Төмөрбаатар, Амаржаргал, Хүрэлбаатар нарыг зүгээр үү гэж асуусан чинь бүгдээрээ орилоод гэмтэл авчихлаа гээд орилоод байсан. Ингээд бид нар Цагдаагийн байгууллагад өөрийн эзэмшлийн машинаар хүмүүсээ сумын эмнэлэг дээр хүргэж өгөөд хэсгийн төлөөлөгчид хэлсэн....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/

16.Гэрч Д.Оюунтүлхүүрийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Миний хувьд 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16 нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Боонгийн тохой” гэдэг газар өөрийн хүү Мөнхдөлийн ногооны талбай дээрээ барьсан эсгий гэрт нь амраад байж байхад шөнө гэнэт нэг машин ирээд хүүгийн маань эсгий гэрийг дайрсан. Ингээд би босоод хувцасаа өмсөөд харсан чинь гэрийг тэр чигээр нь хамаад буйран дээр нь бид нар үлдсэн гэрийг хамчихсан харагдсан. Би босоод хувцасаа өмсөөд харсан чинь HYUNDAI маркын 22-18 ДАР гэсэн дугаартай тээврийн хэрэгсэл гэрийг маань дайрсан байсан. Энэ үед гэрт унтаж байсан Төмөрбаатар, Амаржаргал, Хүрэлбаатар нарыг зүгээр үү гэж асуусан чинь бүгдээрээ орилоод гэмтэл авчихлаа гээд байсан. Миний хүү Мөнхдөл гэр дайрсан машин руу очсон жолооч нь согтуу байна гэж байсан. Ингээд бид нар Мөнхдөлийн эзэмшлийн машинаар сумын эмнэлэг дээр хүргүүлээд хэсгийн төлөөлөгчид хэлсэн. Ингээд удалгүй цагдаагийн хүмүүүс ирээд хэмжилт хийж шалгасан....” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 61 дугаар хуудас/

17.Гэрч Д.Наранбаатарын 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар шуурхай жижүүрийн ажлын хэсэгт гарч байсан. 10 сарын 15-16-нд шилжих шөнө 00 цаг 10 минутанд Зүүнбүрэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу “Боонгийн тохой” гэдэг газар нэг согтуу жолооч иргэн Мөнхдөлийн эсгий монгол гэр дайрчихлаа гэсэн дуудлагын дагуу Шүүхийн шинжилгээний албаны шинжээч дэслэгч Баярсайханы хамт хэргийн газар очиж үзлэг шалгалтыг явуулсан. Тухайн үед хэргийн газарт хэмжилт хийж тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Ч.Үүрцайхын согтолтын зэргийг тогтоохоор стандартын шаардлага хангасан, мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөгдсөн согтолт хэмжих зориулалт бүхий АЛКО ТЕСТ-7510 багажаар хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан үзлэг шалгалтыг явуулахад 22-18 ДАР улсын дугаартай микроавтобусыг жолоодож явсан Ч.Үүрцайх нь 1.24 хувийн согтолттой согтуу байсныг түр саатуулан тухайн хүнийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын түр саатуулах байранд хүлээлгэн өгч эрүүлжүүлсэн.....” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 63 дугаар хуудас/

18.2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №458 тоот:

1.М.Мөндөлийн биед гэмтэл тогтоогдсонгүй....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 69 дүгээр хууудас/

19.М.Мөнхдөлд яаралтай тусламж үзүүлсэн байдал /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/

20.А.Төмөрбаатарт яаралтай тусламж үзүүлсэн байдал, өвчний түүх  /хавтаст хэргийн 74-80 дугаар хуудас/

21.2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №14489 тоот:

1.Төмөрбаатарын биед баруун, зүүн 1-р хавирга, баруун 2,3-р хавирга, зүүн 3-р хавирганы хугарал, зүүн дал ясны хугарал, баруун эгэмний мултрал, нүүрний зулгаралт, тархи доргилт  гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой....” гэх дүгнэлт

/хавтаст хэргийн81 дүгээр хууудас/

22.Г.Хүрэлбаатарт яаралтай тусламж үзүүлсэн байдал, өвчний түүх  /хавтаст хэргийн 85-93 дугаар хуудас/

23.2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №14488 тоот:

1.Хүрэлбаатарын биед сээрний 5,6,7-р нугаламын арын сэртэн ясны хугарал, тархи тархи доргилт  гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой....” гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 94 дүгээр хуудас/

24.“Ашид Билгүүн” ХХК-ийн хохиролын үнэлгээ /хавтаст хэргийн 98-102 дугаар хуудас/

25.Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №117 дугаартай шинжээчийн дүгнэлт:22-18 ДАР улсын дугаартай ягаан өнгийн HYUNDAI микроавтобусыг жолоодож явсан Ч.Үүрцайх 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хэвлэгдсэн В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. Үнэмлэх нь хүчинтэй байна. 22-18 ДАР улсын дугаартай ягаан өнгийн HYUNDAI маркын микро автобус нь ачааны зориулалттай В ангилалын үнэмлэхээр жолоодоход зориулагдсан байх тул ангилал нь тохирч байна.

2.Жолооч Үүрцайх нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг, 2.7 Жолоочид дор дуоьдсан зүйлийг хориглоно. а/Согтууруулах ундаа, мансууруулах болис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1. Нийтлэг үндэслэл: 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэв...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 106 дугаар хуудас/

26.М.Амаржаргалд яаралтай тусламж үзүүлсэн байдал, өвчний түүх  /хавтаст хэргийн 112-117 дугаар хуудас/

27.2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1120 тоот:

1.М.Амаржаргалын биед сээрний 3-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс шалтгаална...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 118 дугаар хууудас/

28.“Ашид билгүүн” ХХК-ийн автомашины эвдрэл хохиролын үнэлгээ /хавтаст хэргийн 128 дугаар хуудас/

29.Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас/

30.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/

31.Хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 18-25 дугаар хуудас/

32.Эд мөрийн баримт хавсаргах тогтоол,хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 26-32 дугаар хуудас/

33.Согтуурлын хэмжээ тогтоосон тодорхойлолт /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/

34.Шүүгдэгч Ч.Үүрцайхын 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн”... Би 2016 оны 10 сарын 15-ны өглөө Дархан-Уул аймгийн Орхон сумаас өөрийн таньдаг ах  Ариунболдын 22-18 ДАР улсын дугаартай микроавтобусыг өглөө 09 цагийн үед гуйж аваад Сэлэнгэ аймгийн Зүнбүрэн сум руу Орхон сумаас гэрээсээ өглөө 10 цагийн үед Батсайхантай хамт гарч яваад Зүүнбүрэн сумын “Боонгийн тохой” гэдэг газар очиж ногоо хурааж байгаад “алтан намар” гэдэг өдөрлөг ногоон талбай дээрээ 20 цагийн үед зохион байгуулаад би ногоо хурааж байсан газарт  өглөө Орхон сумын хүнсний дэлгүүрээс хёр шил Viva нэртэй архийг 22000 төгрөгөөр аваад Батсайхан, Ариунбаатар бид гурав 1 шил архийг хувааж уугаад сууж байсан чинь миний таньдаг хоёр найз Тэмүүжин, Долгорсүрэн хоёр гаднаас машинаасаа 0,75 литрийн Улаанбаатар архи авч орж ирээд тэр архийг Долгорсүрэнгээс бусад нь бүгд уусан. Ингээд байж байсан чинь би согтоод ухаан санаа орж гараад нэг мэдсэн чинь Ариунболд ахын микроавтобусыг унаад яваад өөрийн ногоон талбайн хажуу талд байдаг айлын гэрийг дайрсан, нэг мэдсэн чинь Сэлэнгэд ирчихсэн эрүүлжүүлэх байранд орсон байсан. Үнэндээ машин бариад хүний гэр дайрсан үйлдлээ санахгүй байгаа юм их согтсон байсан...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас/

35.Шүүгдэгч Ч.Үүрцайхын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн......Миний хувьд 2016 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө өөрийн найз нартайгаа нийлээд ургацын баяр тэмдэглээд би архи ууж үүнээс болж өөрийн таньдаг ах Ариунболдын эзэмшлийн 22-18 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад манай ногооны талбайн хажууд байдаг хөрш айлын эсгий гэрийг дайрч дотор нь байсан 3 хүнийг гэмтээсэн үйлдэлдээ харамсаж байна...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас/

36.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 141 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Чулуунбаатарын Үүрцайхыг 2016 оны 10 дугаар сарын 16-нд шилжих шөнийн 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1  дүгээр багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хьюндай” маркийн 22-18 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7а дахь хэсгийн заалтуудыг зөрчин ногооны талбайд байсан 4 ханатай Монгол гэрийг дайрч, дотор нь байсан иргэн М.Амаржаргал, А.Төмөрбаатар, Г.Хүрэлбаатар нарын биед хүндэвтэр гэмтэл учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн хэлэлцээд Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэж байна. Учир нь:

Мөрдөн байцаалтын шатанд цуглуулж, бэхжүүлж авсан гэрч, хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргийг эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасны дагуу хуулинд нийцүүлэн, хуулийн шаардлага хангаж авсан баримт сэлтүүд мөн гэж шүүх үзсэн тул эдгээр нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт өгч, нотолгооны эх сурвалжаа болголоо. Дараахи нотлох баримтуудыг  хуулийн шаардлага хангасан баримтууд гэж үзэж байна. Үүнд: Хохирогч М.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 40 тал/, А.Төмөрбаатарын /хх-ийн 41 тал/, Г.Хүрэлбаатарын /хх-ийн 45тал/,  Иргэний нэхэмжлэгч М.Мөнхдөлийн /хх-ийн 38 тал/, Э.Ариунболдын /хх-ийн 36 тал/, гэрч А.Тэмүүжингийн /хх-ийн 46-47/, Ч.Долгорсүрэнгийн /хх-ийн 49/, О.Батсайханы /хх-50-51/, Э.Ариунбаатарын /хх-ийн 54/, Д.Оюунтүлхүүрийн /хх-ийн 61/, /хх-ийн 70/, Д.Наранбаатарын /хх-ийн 63/ мэдүүлгүүд,  шүүх эмнэлгийн шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 458 тоот дүгнэлт /хх-ийн 69/, шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 14489 тоот дүгнэлт /хх-ийн 69/, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 14488 тоот дүгнэлт /хх-ийн 94/, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 1120 тоот дүгнэлт /хх-ийн 118/, зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн 117 тоот дүгнэлт /хх-ийн 106/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурлын зэрэг тогтоосон тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-34 тал/, зэрэг болно.

          Зам тээврийн ослын 117 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Ч.Үүрцайхыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7/а-д заасан “...жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 1.5-д “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчиж согтуугаар “Хьюндай” маркын 22-18 ДАР улсын дугаартай микро автобусыг жолоодон, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн  сумын нутаг “Боонгийн тохой” гэх газрын хүнсний ногооны талбайн захад байсан 4 ханатай Монгол гэрийг дайрч унаган гэр дотор унтаж байсан М.Амаржаргал, А.Төмөрбаатар, Г.Хүрэлбаатар нарын биед тус тус хүндэвтэр гэмтэл учруулсан гэж дүгнэсэн, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэж зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн зэрэг нь  хэргийн бодит нөхцөл байдалд нийцсэн зөв байна. Энэ талаар хэргийн оролцогч талууд болох улсын яллагч болон өмгөөлөгч, шүүгдэгч нарын дунд үгүйсгэсэн, маргаж мэтгэлцсэн зүйлгүй байна. Хохирогч нарын биед учирсан гэмтлийн зэргийн талаар гаргасан шинжээчийн дүгнэлтүүдэд ч оролцогч талууд эргэлзээгүй байна.

          Иймд шүүгдэгчийг тухайн хуулийн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуулинд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно. Энэ талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн заалтуудыг үндэслэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн “гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохиролын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан” энэ чиг үүрэгт тулгуурлан эрүүгийн хариуцлага хүлээлгэж байна.

         Шүүгдэгч Ч.Үүрцайхын архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө жолоодох чадваргүй болсон үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсоныг ноцтой үйлдэл гэж үзэж байгаа тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял хэрэглэж, хуулинд заасан хорих ял оногдуулахаар тогтов.

        Шүүгдэгч Үүрцайхад шүүхээс хорих ял оногдуулахаар тогтож, хавтаст хэрэгт хувийн байдлынх нь талаар цуглуулсан баримтуудыг үндэслэн оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.

         Хохирогч нар нь эрүүл мэндэд учирсан бодит хохиролуудаа төлүүлж авсан талаар өгсөн мэдүүлэг, тайлбарт үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.

        Хохирогчид, цаашид эмчлүүлэх шаардлага гарвал, эмчилгээнд гарсан зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхивол зохино гэж үзэв.

     Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, хавтаст хэрэгт хавсаргасан хохиролын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, эмчилгээний зардлын баримтууд, саатуулах байранд эрүүлжүүлсэн тэмдэглэл, согтуурлын зэрэг тогтоосон баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ч.Үүрцайхын  № 981421 дугаарын “В” ангилалын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж, Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлэхээр тогтох нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 22-18 ДАХ улсын дугаартай хар хөх өнгийн “Хьюндай” маркын микро автобус битүүмжилснийг хүчингүй болгож, жинхэнэ эзэмшигч Дархан-Уул аймгийн Орхон суманд оршин суух, Энхцогтын Ариунболдод буцаан олговол зохино.       

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон Чулуунбаатарын Үүрцайхыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэн” гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар шүүгдэгч Чулуунбаатарын Үүрцайхын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  Ч.Үүрцайхад оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.  

4.Шүүгдэгч Ч.Үүрцайх нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, хавтаст хэрэгт хавсаргасан хохиролын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, эмчилгээний зардлын баримтууд, саатуулах байранд эрүүлжүүлсэн тэмдэглэл, согтуурлын зэрэг тогтоосон баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүлйийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ч.Үүрцайхын №981421 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж, Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 22-18 ДАХ улсын дугаартай хар хөх өнгийн “Хьюндай” маркын микроавтобус битүүмжилснийг хүчингүй болгож, жинхэнэ эзэмшигч Дархан-Уул аймгийн Орхон суманд оршин суух, Энхцогтын Ариунболдод буцаан олгосугай. 

7.Хохирогчид нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх шаардлага гарвал, эмчилгээнд гарсан зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Чулуунбаатарын Үүрцайхад оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар нь хянан харгалзахаар тогтсугай .

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Ч.Үүрцайхад оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

10.Шүүгдэгч Ч.Үүрцайхад урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дүгээр зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

      

                                      ДАРГАЛАГЧ                         Б.НАЦАГДОРЖ