Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2017/0567

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө.Б

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгох;

2. Урьд эрхэлж байсантай тэнцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ө.Б миний бие 2013 оны 02 дугаар сараас эхлэн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд, бүтэц, тохижилтын хэлтэст Эрүүл орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргаар томилогдон ажиллаж байгаад тус дүүргийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар мөн өдрөөс эхлэн ажлаасаа халагдсан болно.

Дээрх шийдвэрийг би эс зөвшөөрөн Төрийн албаны зөвлөлд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан бөгөөд миний гомдлыг харьяаллын дагуу Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлдөө шилжүүлсэн байна.

Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөл нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15/57 тоот албан бичгээр албан тушаалын орон, тоо нь хасагдсан, өөрчлөгдсөнтэй холбогдон гарсан маргаан нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэрлэх маргаанд хамаарахгүй учир шүүхийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлэнэ үү гэсэн хариу өгсөн.

Би 2013 онд төрийн албаны тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд, ажлаас халсан үндэслэл нь Бүтцийн өөрчлөлтийн дагуу хийж байгаа орон тоо хасагдсан гэж Тамгын газрын дарга тайлбарлаж байгаа юм.

Манай алба өмнө нь Захиргаа, хуулийн хэлтэст харьяалагдаж байсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжаар Төрийн захиргааны удирдлагын хэлтэс болж нэр өөрчлөн миний албан тушаалын нэр Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн нэртэй боловч хэрэгжүүлэх чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод агуулгын эрс өөрчлөлт орох нөхцөл бүрдээгүй агуулга хэвээр хадгалагдаж үлдсэн нь ойлгомжтой байна.

Иймээс Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны Б/14 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23.2, 23.4, 24.1, 25.1 зэрэг заалтад дурдсан нөхцөл байдал үүсээгүй байхад төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халсан нь мөн хуулийн 27.2.1, 27.2.2, 27.2.3, 27.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.

Ер нь орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнгээр томилогдсон дүүргийн шинэ удирдлагууд нь Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдийг ээлж дараалан хоморголон халж байгаа нь төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, төрийн алба нь мэргэшсэн, тогтвортой байх гэсэн төрийн албаны зарчмыг алдагдуулж байна.

Иймд төрийн албан болон төрийн албан хаагчдын эрх ашиг, төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор үндэслэлгүйгээр ажлаас халсан тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй учраас ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзэж байна. Ө.Б нь төрийн жинхэнэ албан хаагч учраас Төрийн албаны тухай хуулиар ажиллах нөхцөл, ажлаас чөлөөлөх асуудлыг зохицуулах ёстой юм. Гэтэл Ө.Быг чөлөөлсөн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн байдаг. Тус заалт нь төрийн албан хаагчийн баталгааны тухай заалтыг барьж ажлаас чөлөөлсөн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар бүлэгт төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа гэсэн хуулийн заалтыг барьж асуудлыг шийдсэн байдаг.

Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажлаас чөлөөлөх нөхцөлийг харахдаа зөвхөн баталгааны асуудалтай холбосон гэж ойлгож байгаа. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 23, 24, 25, 26 дугаар зүйлд заасан заалтуудын аль нэгийг барьж байж шийдвэр гаргасан бол хууль зүйн үндэслэлтэй байх юм гэсэн зүйл харагдаж байна. Ө.Бын хувьд ажил албан тушаал нь буурсан зүйл харагддаггүй бөгөөд үйл ажиллагааны үр дүн болоод мэргэжлийн түвшин нь албан тушаалын шаардлага зэрэг хангаагүй гэж харагддаггүй. Үүнээс гадна тэтгэврийн нас болоогүй, төрийн алба хаах насны дээд хязгаар хүрээгүй, өөрийн санаачлагаар ажлаас гарах хүсэлт өгөөгүй, мөн түүнээс гадна 25 дугаар зүйлд заасан ажлаас халах 3 нөхцөл байгаа бөгөөд дээрх нөхцөлүүдийн аль нэгэнд нь хамаарахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл хуульд өөрөөр заагаагүй бол 2 удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн байвал гэж байдаг бөгөөд хангалтгүй биелүүлсэн үү гэхээр энэ талаар баримт хавтаст хэрэгт байдаггүй. Мөн гэмт хэрэг үйлдсэн бол энэ нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байхыг шаарддаг. Монгол Улсын харьяатаас гарсан байхыг шаарддаг. Сахилгын шийтгэл ногдуулсан зүйл байдаггүй юм.

Нийгэмд үүсээд байгаа нам солигдоход ажлаас халдаг буруу гаж тогтолцооноос болж төрийн албан хаагчдыг ажлаас халсан байгаа зүйл харагдаад байгаа юм. Иймд ажлаас үндэслэлгүй халсан энэ тушаалыг хүчингүй болгож Ө.Быг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгөх нь хууль зүйн хамгийн зөв шийдвэр юм гэв.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамжийг үндэслэн Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлах тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/486 дугаар захирамж батлагдан гарсан.

Энэхүү шинэчлэн батлагдсан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Ө.Быг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж өөрчлөгдсөн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх 1,885,032 төгрөгийн тэтгэлгийг Ө.Бын 502295.... тоот цалингийн дансанд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн.

Иймд иргэн Ө.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсантай тэнцэхүйц албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар тус дүүргийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар эрхэлж байсан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Хариуцагч нь дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж, орон тоо хасагдсантай холбогдуулан Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэл болгосон байна.

Хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, Ө.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шүүх хариуцагчийг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, 4.2.6-д төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах зарчмыг зөрчиж төрийн албанд ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл бүрдээгүй байхад хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж албан тушаалаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэхдээ дараах үндэслэлүүдийг харгалзан үзлээ.

Нэг. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/486 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг баталсан байна. Энэхүү жагсаалт ёсоор тус Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллахаар баталжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга /хуучин бүтэц/ болон Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан судлан үзэхэд тус хоёр ажлын байрны зорилго, зорилт, ажлын байранд тавигдах шаардлага зэрэг нь ижил байгаа нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Ө.Бын эрхэлж байсан Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын байрны зорилго, чиг үүргүүд нь шинээр батлагдсан Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолттой агуулгын хувьд адил бөгөөд зөрүүгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ... гэж заасны дагуу төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ч тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар хуульчилжээ.

Шинээр зохион байгуулагдсан дүүргийн Тамгын газрын Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтний чиг үүрэг нь нэхэмжлэгч Ө.Бын урьд эрхэлж байсан ажлын байрны чиг үүргээс өөрчлөгдөөгүй байхад түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгож шийдвэрлэсэн, мөн уг албан тушаалд тус байгууллагад ажиллаж байгаагүй М.Өнөрсайханыг томилсон нь хуулийн дээрх заалттай нийцээгүй байна.

Нөгөө талаар хариуцагч нь байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан байхгүй болсон орон тоо дээр ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөх нь зүйтэй боловч захиргаа албан тушаалын чиг үүрэг нь хадгалагдан үлдэж байгаа шинээр бий болсон ажлын байранд уг албан хаагчийг үргэлжлүүлэн томилох шийдвэр гаргах үүрэгтэй юм. Гэтэл ийм шийдвэр гаргалгүйгээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаараа Ө.Быг шууд чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгосон нь зохицуулалт бүхий Төрийн албаны хуулийн зүйл, заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

Иймд Ө.Быг үргэлжлүүлэн ажилд томилоогүй нь Төрийн албаны 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан ... бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаа, 27.2.3-т заасан ...үргэлжлүүлэн ажиллах эрхийг тус тус зөрчсөн гэх дүгнэлтийг шүүхээс хийж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр түүнийг тогтоож шийдвэрлэлээ.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангасантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ө.Бын нэг сарын үндсэн цалинг Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэнд тогтоосон цалин болох 458,780 /дөрвөн зуун тавин найман мянга долоон зуун ная/-н төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тооцоолон олгож, уг олговроос 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/14 дүгээр тушаалын 3 дахь заалтаар нэхэмжлэгчийн арилжааны банк дахь дансанд шилжүүлсэн 1,885,032 /нэг сая найман зуун наян таван мянга гучин хоёр/ төгрөгийн тэтгэмжийг суутган тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ө.Б-ыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ө.Б-ын нэг сарын үндсэн цалинг 458,780 төгрөгөөр бодож, ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тооцоолон, нэхэмжлэгчид тэтгэмж болгон шилжүүлсэн 1,885,032 төгрөгийг суутган олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ