Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1178

 

105/2019/1892/Э

 

 

 

 2020         09            10                                               2020/ДШМ/1178  

 

С.Д-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч С.Д-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/1154 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Д-ийн өмгөөлөгч Н.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлоор С.Д-эд холбогдох 1906049411950 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д-,

 

С.Д- нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь-Эхийн 1-8 тоотод С.Ү-ын нүүрэн тус газар аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, түүний цагдан хоригдсон 8 хоногийг 64 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, үлдэх 656 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлж, хохирогч С.Ү- нь эмчилгээний зардлаа цаашид жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, С.Д-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Д-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжлэгдсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдсугай.” гэжээ. Гэтэл Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч О.Нармандахын 2020 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд дурдсан эд зүйлсийг шийтгэх тогтоолд хэрхэн шийдвэрлэхийг заагаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ тэдгээрийг устах, гэмтэх, үрэгдэхээс хамгаалах арга хэмжээг авна.” гэж заасан. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Уг гэрийн хаалганы модон хашааны наана байх цус мэт зүйлээр бохирлогдсон 0.5 литрийн хэмжээтэй архины шилийг криминалистикийн ахлах шинжээч ахмад Б.Дэмчиг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн, эд мөрийн баримтаар хураан авав.” гэжээ. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн №2291 дугаартай дүгнэлтэд “...”Ерөөл” гэсэн бичигтэй архины шилний хагархай хүрэн өнгийн толботой” гэж хэргийн чухал ач холбогдол бүхий эд мөрийн баримт нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан X гэх нэртэй 0.5 литрийн архины шил “Ерөөл” гэх нэртэй архины хагархай шилээр солигдсон байсныг анхаарч үзээгүй. Мөн тогтоох хэсгийн 8-д “Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Д-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ. С.Д-ийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ЦХШЗ/355 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авсныг хэрхэх талаар шийдвэрлээгүй. Хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогчийг тавгаар цохисон уу, аягаар цохисон уу гэдэг асуудлыг бүрэн тогтоож чадаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн нөхцөл байдлыг мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан гэтэл өнөөдөр хэргийн нөхцөл байдал бүрэн бодитоор тогтоогүй байна. Хохирогч С.Ү-ын мэдүүлгээр “би нилээн согтсон байж байтал толгой дээр нэг шилэн юм хагарах шиг болж толгойноос цус гарсан. ...Та Д- гэх хүнтэй муудалцсан, маргалдсан уу” гэхэд “Би нилээн согтуу санахгүй, мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч С.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 8 дугаар сарын 21, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрүүдэд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь анхнаасаа тогтвортой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.”, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Д-эд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүгдэгч С.Д- нь 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн эхнэр Урангоог зодсон гэх хэрэгт яллагдагчаар татагдан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ талаар би 9 дүгээр сарын 4-ний өдөр мэдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байгаа тул хэргийг нэгтгэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх эд мөрийн баримтын талаар дүгнэлт хийгээгүй гэсэн давж заалдах гомдлыг гаргасан байна. Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол хэрэгт байхгүй. Эд мөрийн баримтаар тооцоогүй учраас шүүх энэ талаар шийдвэрлэх үндэслэлгүй. Харин шүүгдэгчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан талаар баримт хэрэгт байгаа бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолд шийдвэрлэлгүй орхигдуулсан өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж байна. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэД-ээгүй, С.Д-эд холбогдох энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бөгөөд тус тусдаа гэмт хэргийн шинжтэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтэх боломжтой. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч С.Д- нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь-Эхийн 1-8 тоотод хохирогч С.Ү-ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний нүүрэн тус газар нь аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч С.Ү-ийн “...би Д-тэй 12 цагийн үед утсаар яриад уулзахаар болсон. ...Би нилээн согтсон байж байтал толгой дээр нэг шилэн юм хагалах шиг болж, толгойноос их цус гарсан. ...” /хх 19-25/,

           гэрч К.Бахатгүлын “...Үүрээ нэг танихгүй залуугийн хамт архи уугаа сууж байсан бөгөөд манай нөхөр Отгонжаргал тэр хоёртой нийлээд суух гээд байхаар нь би нөхрийгөө архи уулгахгүй гээд аваад гарсан. Тэгээд дүүгийнхээ хашаанд зүлэг зулгаагаад байж байтал манай том хүү Отгонболд гүйж ирээд “Ээжээ Үүрээ ахын нүүрнээс цус, нөж гараад байна” гэхээр нь би Үүрээгийн гэр лүү ороход гэр орон нь нил цус, нөж болчихсон, Үүрээ сандал дээр суучихсан ухаан нь орж гарсан байдалтай байсан. ...Үүрээгийн хувьд эмнэлэгт байхад ухаан санаа нь орж гарсан байдалтай, надтай хамт байсан залуу намайг зодсон гэж яриад байсан. ...” /хх 31-32/,

          гэрч М.Буяндэлгэрийн “...Ү- гаднаас нүүр нь цус болчихсон байдалтай орж ирсэн. Би сэрээд юу болсон талаар асуухад “хамт архи уусан хүндээ зодуулчихлаа” гэхээр нь хамт гэр лүү нь орсон. ...” /хх 33/,

шинжээч эмч С.Одончимэгийн “...С.Ү-ын духанд шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр духны баруун хажуу талд 12 см урт зүсэгдсэн шарх үүсэх боломжтой. ...Тавгаар цохих үед дээрх гэмтэл нь зүсэгдэж болно. Таваг нь хатуу мохоо зүйлд орно. ...” /хх 152-153/, гэх мэдүүлгүүд,

“...С.Ү-ын биед духанд шарх бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10193 дүгнэлт /хх 35/,

 “...шинжилгээнд ирүүлсэн “Ерөөл” гэсэн бичигтэй архины шилний хагархай, аяга тавагны хагархай хэсгүүд, хуванцар саванд хийсэн бүдэг хүрэн өнгийн толботой марль дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Аяга, тавагны хагархай хэсгүүд, хуванцар саванд хийсэн бүдэг хүрэн өнгийн толботой марль дээрх цус нь АВО системээр А/И/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. “Ерөөл” гэсэн бичигтэй архины шилний хагархай дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн, амьтаны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Саарал ногоон алаг өнгийн 11 см хуванцар иштэй 23 см урттай 6 см өргөнтэй заазууран дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. …” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 2291 дугаартай дүгнэлт /хх161-162/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн С.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч С.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйлд зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч С.Д-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар “...эд мөрийн баримт болон шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэлгүй орхигдуулсан, ...хохирогчийг аяга, эсхүл тавгаар цохисон эсэх нь тодорхойгүй, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй тул С.Д-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Мөн өөр гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдан, шүүхэд шилжсэн тул хэргийг нэгтгэж өгнө үү. ... ” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч С.Ү-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хэргийн үйл баримт, агуулгын зөрүүгүй бөгөөд мэдүүлгийн эх сурвалж нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч М.Буяндэлгэр, К.Бахатгүл нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг С.Д-ээс өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Мөн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Д-ийг Э.Урангоог гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн гэх боловч түүний үйлдсэн болон холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэргүүд нь тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Түүнчлэн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...ногоон өнгийн заазуур нэг ширхэг, шаазан аягануудын хагархай хэсгүүд, цус мэт зүйлийн дээж, архины шил нэг ширхэгийг хураан авч үзлэгийг дуусгав. ...” гэж тусгасан /хх5-6/ байх бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр хураагдсан хагарсан тавагны хэсэг, хагархай архины шил нэг ширхэг, цусны дээж нэг ширхэгийг” эд мөрийн баримтаар тооцжээ. /хх 174/

 

Мөрдөгч нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд тусгасан эд зүйлийг 8 сарын дараа буюу 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох тогтоол гаргаж, хэргийг шүүхэд шилжүүлсний дараа хэрэгт хавсаргасан /хэргийг шүүхэд шилжүүлсэн албан тоотын дараа дугаарлагдсан/ байхад шүүх эдгээр нотлох баримтын хэрхэн үнэлсэн талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй нь буруу боловч дээрх зөрчил нь шүүгдэгч С.Д-ийн гэм бурууг үгүйсгэх, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж, хэргийг дахин шалгах ноцтой зөрчилд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Харин С.Д-эд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ЦХШЗ/355 дугаартай захирамжаар Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг /хх 41-42/ шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын 8 дахь заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Д-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн 2020/ШЦТ/1154 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Д-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ...” гэснийг “...Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Д-эд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Д-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэД-сүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                    Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН