Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/238

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Э.Ундармаа /томилолтоор/

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000191 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь архи ууж согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дулаан” зочид буудалд хохирогч маргалдан улмаар толгойн тус газар нь шилэн аяга шидэж түүний эрүүл мэндэд чамархайн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нь надаас алга болгосон эд зүйлийн 700,000 төгрөгийг нэхэмжилсэн байсан.  Би гар утасны дэлгэц хагарсан болон ээмэг алга болсон гэх хохирлыг төлөхгүй. Эрүүл мэндийн болон сэтгэцэд учирсан хохирлыг төлнө...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр найз , нарын хамт ******* сум 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах Дулаан гэх буудалд өдрийн 12 цаг өнгөрөөгөөд орсон. Ингээд бид нар ганц пиво ууж байтал гаднаас гийн зүс таних гэх охин архи уусан байдалтай орж ирсэн. Ингээд пивоноос нэг татчихаад гараад явсан. Тэгснээ удаагүй 2 найз охиноо дагуулаад ороод ирсэн. Суугаад ганц нэг пиво ууж байхад араас нь 2 танихгүй залуу орж ирсэн. ...тэгэхээр нь би тухайн 3 хүүхдийг өрөөндөө ор гэх утгатай зүйл хэлсэн. Тэгэхэд хамар дээрээ сорвитой залуу нь намайг үгийн зөрүүгүй алгадсан. Тэгтэл тай хамт орж ирсэн хоёр охин нь намайг үсдэж аваад чирээд дээрээс цохиод нүүрийг минь ураад маажсан. Тэгээд л бүгдээрээ бужигнахад ... гарч гүйгээд цагдаа дуудсан. ...бүдүүн хар хувцастай өндөр охин дахиад хэрүүл хийгээд намайг цохиж зодсон. Тэгэхэд нь салгаад хөөхөд гарч явахдаа ширээн дээр байсан стаканыг тэр xap хувцастай өндөр бүдүүн охин аваад над руу шидээд толгой хагалчихсан. ...Миний хувьд гэмтлийн зэрэг тогтоосон болон хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах толгойн зүүн чамархайн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр миний өмнөх мэдүүлэгт дурдсан бүдүүн охин болох гэгч нь ******* сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах Дулаан буудлын 6 тоот өрөөнд миний толгойн тус газарт шилэн аяга шидэж миний биед хөнгөн зэргийн хохирол учруулсан. Харин гэмтлийн зэрэгт хамаарахгүй бусад гэмтлүүдийг , нар нь учруулсан. Мөн маргааны үед миний өрөөсөн монетан ээмэг гээгдэн алга болж /хаана байгаа нь тодорхойгүй, маргааны үед газарт унагаж гээсэн байх/, Самсунг А-22 загварын гар утасны дэлгэц хагарсан, үүнийгээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-14/

Гэрч Ш.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд найз , нарын хамт ******* сум 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах Дулаан гэх буудалд орсон. Ингээд бид ганц пиво уусан. Тэгж байтал гаднаас миний зүс таних хүүхэн архи уусан байдалтай ганцаараа орж ирсэн. Ингээд пивоноос нэг татчихаад гараад явсан. Тэгснээ удаагүй дахиад 2 хүүхэн дагуулаад ороод ирсэн. ..., бид 3 өрөөндөө үлдээд пиво ууж байхад дахиад нөгөө 3 хүүхэн орж ирсэн. Тэгээд хамт пиво уугаад сууж байснаа дахиад тай маргалдаад байхаар нь гарч цагдаа дуудчихаад буцаад орж ирэхэд гийн толгойноос цус гарч байсан бөгөөд над руу хар футболктой бүдүүн хүүхэн стакан шидчихлээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар дахин Дулаан буудал руу очиж 6 тоот руу очиход , , нар байж байсан бөгөөд нь бид нарыг хэл амаар доромжлоод байхаар нь хуванцар аяга аваад руу шидсэн боловч оноогүй. Тэгээд шаазан аяга аваад гийн толгой руу нь шидсэн. Ингээд бид нар бөөндөө гадагшаа гараад хэсэг маргалдсан бөгөөд нь намайг үсдээд байсан. Тэгээд цагдаа ирээд бид нарыг салгасан. Тухайн монетан ээмэг нь бужигнаж байхад алга болгосон байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэгчтэй дахин маргаан үүсгэх үед эгчийн толгойн тус газарт шилэн аяга шидчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд ******* сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах Дулаан гэх зочид буудлын өрөөнд хохирогч толгойн тус газарт шилэн аяга шидэж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь үнэн юм. Миний хувьд маргааны үед алга болсон гэх ээмэг, гар утасны дэлгэцний хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоосон тэмдэглэлтэй санал нийлж байна. Миний хувьд хохирогч уулзаж хохирлыг нь барагдуулах талаар харилцан тохиролцоно...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 263 тоот дүгнэлтэд:

1. биед зүүн чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зулгаралт, баруун зүүн бугалга, баруун дал, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зүүн чамархайн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Зүүн чамархайн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 34-35/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

- Хохирогч цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 07/

-Хөрөнгийн үнэлгээний Бан Хас ХХК-ний монетан ээмэг, гар утасны дэлгэцний үнэлгээ /хх-ийн 26-30/

- Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33/

-  Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50-52/

- Хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 56/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтуугаар Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дулаан” зочид буудалд хохирогч маргалдан улмаар толгойн тус газар нь шилэн аяга шидэж түүний эрүүл мэндэд чамархайн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б., гэрч Г. Ш., Г. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 263 тоот “... биед зүүн чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зулгаралт, баруун зүүн бугалга, баруун дал, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн чамархайн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Зүүн чамархайн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь “Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг төлнө. Харин гар утас болон монетан өрөөсөн ээмгийг гэмтээж, алга болгосон нь надад хамааралгүй тул төлөхгүй” гэж мэдүүлсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтуугаар Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дулаан” зочид буудлын 6 тоот өрөөнд хохирогч маргалдаж, улмаар *******, Г., Г. нар нь үсдэлцэж чирэх, цохих зэргээр ноцолдож зууралдсан бөгөөд зууралдаад салсны дараа гарахдаа шүүгдэгч *******  хохирогч Б. руу шилэн аяга шидэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч монетан өрөөсөн ээмэг алга болсон, гар утасны дэлгэц хагарсан  гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

            Хохирогч Б.д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж байна. Шүүх хуралд оролцохгүй, хохирлоо нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирлын үнэлгээ гаргасан төлбөр, эм, эмчилгээний зардал, маргааны үед алга болсон болон эвдэрсэн эд зүйлийн төлбөрт нийт 747,000 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн баримтыг шинжлэн судлахад эмийн сангаас эм авсан 88,050 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байна. Үүнээс гадна хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хоёрдугаар зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоон ирүүлжээ. Энэхүү гэмт хэрэг нь 2024 оны 05 дугаар сард үйлдэгдсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8-д заасан нөхцөл байдлыг харгалзан  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 төгрөг, баримтаар нэхэмжилсэн хохирогчийн эмчилгээний зардал 88,050 төгрөг, нийт 3,388,050 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Б.д олгож, хохирогч Б. нь өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 88,050 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 төгрөг нийт 3,388,050 /гурван сая гурван зуун наян найман мянга тавин/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.д олгосугай.

6. Хохирогч Б. нь өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.НАМУУНТУЯА