Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2024/00293

 

       Д.А, Б.Энарын нэхэмжлэлтэй

              иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэрийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2024/03140 дүгээр шийдвэр,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 210/МА2024/01631 дүгээр магадлалтай,

Д.А, Б.Энарын нэхэмжлэлтэй

“Э” ХХК, “М” ХХК, Б.З, Б.Б, С.Б нарт тус тус холбогдох

Д.А, С.Бнарыг 2000.01.01-ний өдрөөс 2014.12.12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох;

"Э" ХХК-ийн нийт хувьцаа нь С.Бболон Д.А, охин Б.Энарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгө болохыг тогтоолгох;

"Э" ХХК-ийн нийт хувьцааны 66 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.А болон охин Б.Энар болохыг тогтоолгох;

2017.03.29-ний өдөр байгуулсан "Э" ХХК-ийн 100 хувийн хувьцааг С.Бээс Б.Зд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, 2018.04.09-ний өдөр байгуулсан "Э" ХХК-ийн 100 хувийн хувьцааг Б.Згаас "М" ХХК-д шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, 2019.05.03-ны өдөр байгуулсан "Э" ХХК-ийн 80 хувийн хувьцааг "М" ХХК-аас Б.Бд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, 2019.05.03-ны өдөр байгуулсан "Э" ХХК-ийн 20 хувийн хувьцааг "М" ХХК-аас Б.Зд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох;

 "Э" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б, Б.З нар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг тогтоолгох;

Э" ХХК болон “Э” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо, Баянголын ам, Найрамдалын зам 101 тоот хаягт байрлах, 4.5 га /Сонгинохайрхан, 1-р хороонд байршилтай, 45620 м2/га/ талбайтай, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ............. тоот гэрчилгээтэй Үйлчилгээний зориулалттай/ газар болон модны үйлдвэрийн 3 барилга байгууламж, агуулах, тоног төхөөрөмж зэргийг С.Б, Д.А, Б.Эбид нарын гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох

"Э" ХХК-ийн нийт хувьцааны 80 хувийг С.Бэд буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Бд, 20 хувийг С.Бэд буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.З нарт тус тус даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М, Г.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М, Г.А, хариуцагч нарын өмгөөлөгч Э.Б, хариуцагч С.Б, Б.Б, Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, хариуцагч Б.З, хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Д.А, Б.Энар нь “Э” ХХК, “М” ХХК, Б.З, Б.Б, С.Бнарт тус тус холбогдуулан Д.А, С.Бнарыг 2000.01.01-ний өдрөөс 2014.12.12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох, "Э" ХХК-ийн нийт хувьцаа нь С.Бболон Д.А, охин Б.Энарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгө болохыг, мөн "Э" ХХК-ийн нийт хувьцааны 66 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.А болон охин Б.Энар болохыг тус тус тогтоолгох, 2017.03.29-ний өдөр байгуулсан "Э" ХХК-ийн 100 хувийн хувьцааг С.Бээс Б.Зд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, 2018.04.09-ний өдөр байгуулсан "Э" ХХК-ийн 100 хувийн хувьцааг Б.Згаас "М" ХХК-д шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, 2019.05.03-ны өдөр байгуулсан "Э" ХХК-ийн 80 хувийн хувьцааг "М" ХХК-аас Б.Бд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, "Э" ХХК-ийн 20 хувийн хувьцааг "М" ХХК-аас Б.Зд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Б.Б, Б.З нар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг тогтоолгох, “Э” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, .......................... ........ тоот хаягт байрлах, 4.5 га /Сонгинохайрхан, ...-р хороонд байршилтай, 45620 м2/га/ талбайтай, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ............... тоот гэрчилгээтэй Үйлчилгээний зориулалттай/ газар болон модны үйлдвэрийн 3 барилга байгууламж, агуулах, тоног төхөөрөмж зэргийг С.Б, Д.А, Б.Эбид нарын гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох, "Э" ХХК-ийн нийт хувьцааны 80 хувийг С.Бэд буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Бд, 20 хувийг С.Бэд буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.З нарт тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2024/03140 дүгээр шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Аийг хариуцагч С.Бтэй 2000.01.01-ний өдрөөс 2014.12.23-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10, 126 дугаар зүйлийн 126.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.А, Б.Энарын нэхэмжлэлтэй хариуцагч "Э" ХХК, хариуцагч Б.З, хариуцагч С.Б, хариуцагч Б.Б, хариуцагч "М" ХХК нарт холбогдох "Э" ХХК нь С.Бболон Д.А, охин Б.Энарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгө болохыг тогтоож, Д.А, Б.Энарт "Э" ХХК-ийн хувьцааны 66 хувийг шилжүүлэн өгөхийг даалгах, 2017.03.29-ний өдөр байгуулсан "Э" ХХК-ийн 100 хувийн хувьцааг С.Бээс Б.Зд шилжүүлсэн "Бэлэглэлийн гэрээ", 2018.04.09-ний өдөр байгуулсан "Э" ХХК-ийн 100 хувийн хувьцааг Б.Згаас "М" ХХК-д шилжүүлсэн "Бэлэглэлийн гэрээ", 2019.05.03-ны өдөр байгуулсан "Э" ХХК-ийн 80 хувийн хувьцааг "М" ХХК-аас Б.Бд шилжүүлсэн "Бэлэглэлийн гэрээ", 2019.05.03-ны өдөр байгуулсан "Э" ХХК-ийн 20 хувийн хувьцааг "М" ХХК-аас Б.Зд шилжүүлсэн "Бэлэглэлийн гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох; Э" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б, Б.З нар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг тогтоолгох, “Э” ХХК-ийн нийт /100 хувийн хувьцаа/-ны 80 хувийг С.Бэд буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Бд, 20 хувийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.З нарт даалгах, “Э” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн -р хороо .....................тоот хаягт байрлах, 4.5 га /Сонгинохайрхан, ....дүгээр хороонд байршилтай, 45620 м2/га/ талбайтай, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ............. тоот гэрчилгээтэй Үйлчилгээний зориулалттай/ газар болон модны үйлдвэрийн 3 барилга байгууламж, агуулах, тоног төхөөрөмж зэргийг С.Б, Д.А, Б.Эбид нарын гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 210/МА2024/01631 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2024/03140 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хасч,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 1 гэж дугаарлан тус заалтад "хөрөнгө болохыг тогтоож” гэснийг "хөрөнгө болохыг тогтоолгох" гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсэгт "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ааас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нийт 702,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй." гэсэн 2 дахь заалтыг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч Д.А, Б.Энар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1 Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралд нэхэмжлэгч Д.А би өөрийн биеэр оролцож тайлбараа эхлэх үед шүүхийг даргалж байсан шүүгч Д.Н нь нэхэмжлэгч миний тайлбар гаргах эрхийг хязгаарлан зогсоож шалтгаангүйгээр зүй бусаар харьцаж мэтгэлцэх боломжийг олгоогүй, зөвхөн хариуцагч талд тайлбар хийх боломжийг олгон, нэг талыг барьж давуу байдлыг олгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Иргэний хэрэгт нотлох баримтууд хангалттай байхад хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн хуулийн хүрээнд тодорхой зүйл, заалт хэрэглээгүй, ойлгомжгүй илт хариуцагч талд ашигтай байдлаар шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.3. Д.А би нөхөр С.Бтэй 2000.01.01-ний өдрөөс 2014.12.23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 184/ШШ2024/03140 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоосон буюу албан ёсны гэр бүлийн баталгаатай, нийт 21 жил 5 сар хамтын амьдралтай байсан.

4.4. С.Б, Д.А, охин Б.Энар нь хамтран амьдарч байх
хугацаандаа ....-р хороололд М Их Дэлгүүрийг шинээр барьж байгуулан
2011.08.28-нд анх ашиглалтанд оруулж байсан. Улмаар “Э” ХХК-
ийг шинээр байгуулахын тулд “М Их Дэлгүүр” ХХК-ийн үл хөдлөх
хөрөнгийг барьцаалж 2,300,000,000 төгрөгийн зээлийг авсан. Гэр бүлийн гуравдагч харьцаанаас болж харилцаа таарамжгүй байх үед С.Бнь бидний хичээл зүтгэл хөдөлмөр, дундын эд хөрөнгийн үр шим, оролцооны үр дүнд бий болсон “Э” ХХК, модны үйлдвэрийг 2 дахь эхнэрийн хүүхдүүдтэй хуйвалдаж бидэнд мэдэгдэлгүй нууцаар бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байсан.

4.5. С.Бнь бэлэглэлийн гэрээний дагуу  “М Их Дэлгүүр” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2017.03.29-ний өдөр Б.Зд,  “Э” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2018.04.09-ний өдөр “М” ХХК-д шилжүүлсэн, мөн 2019.05.03-ны өдөр  “Э” ХХК-ийн 80 хувийн хувьцааг 2019 оны 05 сарын 03-ны өдөр “М” ХХК-иас Б.Бд,  2019.05.03-ны өдөр “Э” ХХК-ийн 20 хувийн хувьцааг Б.Зд тус тус шилжүүлсэн.

Дээрх хууль бус бэлэглэлийн гэрээнүүд хийгдсэн бүх цаг хугацаанд бид албан ёсны гэр бүлийн баталгаатай хамтран амьдарч байсан. Энэ асуудал үүсэхээс өмнө нөхөр С.Бнь 2011.08.28-нд ашиглалтанд орсон “М их Дэлгүүр” ХХК-ийн 100% хувьцааг эхнэр Д.А надад мэдэгдэлгүй 2-дах эхнэрийн 4 хүүхдүүдэд 20%-ийг тус бүр өгч үүсгэн байгуулагчаар 2013 онд бүртгүүлсэн байсан. Олон жил хамтдаа зүтгэж ирсэн нөхөр С.Ббидний амьдралыг санаатай хохироосон тул гомдож 2017 онд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч асуудлыг тохиролцоод шийдъе гэснээр эвлэрсэн. Гэвч амласнаас хойш “М их дэлгүүрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж 6,265,000,000 төгрөгийн зээл нэмж авснаа нууж тус дэлгүүрийн хувьцааны 20 хувийг 2018 онд, 25 хувийг 2019 онд хуурч шилжүүлэн өгсөн байсан. “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б, Б.З нар нь үйлдвэрийн ажилд нэг ч гар бие оролцож байгаагүй болно. Миний бие гэр бүлийн дундын өмч болох “М их Дэлгүүр” ХХК, “Э” ХХК-ийг алдаад зогсоогүй, огт зээл аваагүй, гарын үсэг зураагүй байж 7,350,000,000 төгрөгийн өртэй болж хохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М, Г.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

5.1 Хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар: Нэхэмжлэгч Д.А, хариуцагч С.Бнар маргаан бүхий үйлдвэрийн барилга, байгууламж, хашаа баригдаж байхад “Сонгинохайрхан дүүрэг, ... дүгээр хороо, ......................... тоот хаягт байрлах үйлдвэрийн хажуу хашаанд өөрсдийн монгол гэрээ барин "Э" ХХК-ийн үйлдвэр баригдаж байгаа явцад хяналт тавин хажуу хашаанд нь ойрхон амьдарч байсан тул үйл явдал болсон газрын шүүх болох Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хамтын амьдралтай байсныг тогтоосон нь хууль тогтоомж зөрчөөгүй.

Давж заалдах шатны шүүх зохигчид гэрлэлтээ бүртгүүлсэн, цуцлуулсан тохиолдолд хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагагүй харин тус шаардлага нь  нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч байна хэмээн дүгнэсэн нь эргэлзээтэй нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн шинжтэй байх бөгөөд 2013 оны Улсын дээд шүүхийн зөвлөмжийн 1.4.9-д компанийн тодорхой эд хөрөнгийг нэрлэн шаардах эрхгүй гэж дүгнэсэн боловч тус зөвлөмж заавал дагаж мөрдөх шинжтэй эсэх, хэд дугаартай зэрэг нь тодорхойгүй, үндэслэлгүй байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулиар гэрлэлтийн баталгаагүй байсан хугацааг гэрлэлтээ батлуулсан, цуцлуулсан тохиолдолд шүүхээр тогтоолгох шаардлагагүй гэсэн зохицуулалт байхгүй. Иймд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд үндэслэж, түүнд захирагдаж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэхээр зохицуулсныг ноцтой зөрчсөн.

5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжихээр зохицуулсан ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг тайлбар гаргах, асуултад хариулах зэрэг боломжоор хангаагүй, хариуцагч талд давуу байдал олгож төлөөлөгч, өмгөөлөгч тус бүрд тайлбар гаргуулж, асуултад хариулт авч байсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

5.3. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: “Э" ХХК нь Д.А, С.Бнарыг хамтын амьдралтай байх хугацаанд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа нь жигдэрч хөрөнгө, орлоготой болох санхүүгийн эх үүсвэрийг талуудын хамтын хөдөлмөр, хөрөнгө, санаачилгын үр дүнд бий болсон нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, тайлбараар тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т заасан үндэслэлээр “Э" ХХК-ийг Д.А, С.Б, Б.Эбид нарын дундын хөрөнгө мөн болохыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-т Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг ...гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, ...нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болохоор зохицуулсан ба өмнө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн зарим хэсгийг шүүхээр шийдвэрлүүлсэн нь бүхэлд нь шийдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т "Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ”явчихсан юм шиг байна. гэж заажээ. Гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хүмүүсийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 125-133 дугаар заалтуудыг хэрэглэхийг хориглож, хязгаарласан зохицуулалт хуульд байхгүй бөгөөд Улсын дээд шүүхийн хууль хэрэглээний тайлбар, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хэм хэмжээнээс дээд хүчин чадалтай байж болохгүй. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т “Гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй” тул Б.Зд үнэ төлбөргүйгээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь үндэслэлгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 58.1.8 дахь хэсэгт заасан "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т “Гэр бүлийн гишүүд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна” гэж заасныг зөрчиж гэр бүлийн албан ёсны баталгаатай гишүүдтэйгээ зөвлөлдөхгүй, бие даан шийдвэр гаргаж, компанийн хувьцааг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг "хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” зэрэг үндэслэлүүдээр 2017.03.29-ний өдөр “Э" ХХК-ийн 100 хувийн хувьцааг С.Бээс Б.Зд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох нь зүйтэй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар зохицуулсан тул Б.Згаас М" ХХК, "М" ХХК-аас Б.Бд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 001/ШХТ2024/01336 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч Д.А, Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М, Г.А нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ

7. Нэхэмжлэгч Д.А, Б.Эмүжин, тэдгээрийн өмгөөлөгч Ч.М, Г.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов.

8. Нэхэмжлэгч Д.А, Б.Энар нь “Э” ХХК, “М” ХХК, Б.З, Б.Б, С.Бнарт тус тус холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ:

8.1. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч С.Бэд холбогдуулан түүнтэй 2000.01.01-ний өдрөөс 2014.12.12-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох;

8.2. Нэхэмжлэгч нар нь бүх хариуцагчид холбогдуулан хувьцаа шилжүүлэх тухай дараах 4 удаагийн бэлэглэлийн гэрээ нь тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох:

       8.2.1. "Э" ХХК-ийн 100 хувийн хувьцааг С.Бээс Б.Зд шилжүүлсэн 2017.03.29-ний өдрийн бэлэглэлийн гэрээ;

       8.2.2. "Э" ХХК-ийн 100 хувийн хувьцааг Б.Згаас “М” ХХК-д шилжүүлсэн 2018.03.29-ний өдрийн бэлэглэлийн гэрээ;

       8.2.3. "Э" ХХК-ийн 80 хувийн хувьцааг “М” ХХК-аас Б.Бд шилжүүлсэн 2019.05.03-ны өдрийн бэлэглэлийн гэрээ;

       8.2.4. "Э" ХХК-ийн 20 хувийн хувьцааг “М” ХХК-аас Б.Зд шилжүүлсэн 2019.05.03-ны өдрийн бэлэглэлийн гэрээ.

8.3. Нэхэмжлэгч нар нь бүх хариуцагчид холбогдуулан "Э" ХХК-ийн нийт хувьцааны 66 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.А болон охин Б.Энар болохыг тогтоолгох.

8.4. Нэхэмжлэгч нар нь бүх хариуцагчид холбогдуулан дараах хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгүүд нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох:

8.4.1. "Э" ХХК-ийн нийт хувьцаа;

      8.4.2. “Э” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн -р хороо .....................тоот хаягт байрлах, 4.5 га /Сонгинохайрхан, 1-р хороонд байршилтай, 45620 м2 талбайтай, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ............. тоот гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай/ газар;

     8.4.3. Модны үйлдвэрийн 3 барилга байгууламж, агуулах, тоног төхөөрөмж зэргийг С.Б, Д.А, Б.Энарын гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох.

9. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “... Бид [Д.Ариутунгалаг, С.Б] 2000 оноос хойш 21 жил хамт амьдарсан. ... "Э" ХХК-ийг 2014 онд ... С.Б бид өөрсдийн хөрөнгөөр бий болгосон, ... үүсгэн байгуулах санаачилгыг би нөхөртэйгөө хамт гаргасан. ... тус компанийг бий болгоход зарцуулсан бүх хөрөнгө нь С.Б болон миний хамтын амьдралын явцад бий болсон дундын өмчийн хөрөнгө. ... Гэтэл гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгийг миний зөвшөөрөлгүйгээр, бэлэглэлийн гэрээгээр өөрийн хуучин эхнэрийн [хүүхдүүдэд] шилжүүлэн өгсөн нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно. ... бэлэглэлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Дээрх гэрээнүүд нь надаас хөрөнгөө нуух зорилгоор хийгдсэн, тухайн бэлэглэлийн гэрээг байгуулж байгааг би мэдээгүй, бид гэр бүлээ цуцлуулаагүй байсан. ...  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу “Э" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.З, Б.Б нар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь тогтоогдсоноор тус компанийн хувьцаа нь хууль ёсны эзэмшигч нарт буцаан шилжиж, нэхэмжлэгч гэр бүлийн дундын өмчийн хөрөнгөөс өөрт болон охиндоо ногдох хувьцаа болох 66 хувийг хууль ёсны дагуу эзэмших боломжтой болно. ...” гэж тайлбарласан.

10. Хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ: “... компанийн хувьцаа нь зохигчийг гэрлэхээс өмнө бий болсон С.Бийн хуваарьт хөрөнгө, ... дундын өмч биш. ... Компани буюу хуулийн этгээд болох субъектийг бүхэлд нь өмчилнө гэсэн хууль зүйн ойлголт байхгүй. ... хувьцаагаар дамжин компанийг эзэмшинэ. ... гэр бүлийн дундын өмчийн маргаан шүүхээр нэгэнт шийдэгдсэн, ... гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. ... 2013.11.08-ны өдрийн “............. их дэлгүүр” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолд зээлийн зориулалтыг наамал дүнзэн байшин болон экспортын зориулалттай цулгуй наамал хавтан сайн чанарын модон хаалга, цонх, шалны үйлдвэр байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт авах гэж тодорхой заасан. ...” гэж тодорхойлсон.  ”

11. Хариуцагч Б.З Б.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тайлбарын үндэслэлээ: “... “Э” ХХК нь 2014.08.25-ны өдөр С.Бгэдэг нэг хувьцаа эзэмшигчтэй үүсгэн байгуулагдсан, ... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/01038 дугаар шийдвэрээр С.Б, Д.Аийн гэрлэлтийг цуцалсан. ... С.Бнь дахин өмч хөрөнгийн маргаан гаргахгүй гэсэн ганцхан болзолтойгоор авъя гэсэн бүх өмч хөрөнгийг нь өгөхийг зөвшөөрч, эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн. Тиймээс дээрх шүүхийн шийдвэрээр бүх өмч хөрөнгийн маргаан дууссан. ... "Э” ХХК-ийн толгой компани байсан “М” ХХК болон “Э” ХХК-д Д.А нэг ч удаа хувьцаа эзэмшиж байгаагүй. Иймд "Э” ХХК-ийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. ... компанийн хувьцааг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчид тооцох боломжтой боловч “Эмсилог” ХХК-ийг гэр бүлийн дундын өмч болгож тогтоох хууль зүйн боломжгүй. ... гэр бүлийн дундын өмчийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлснээс хойш 2 жилийн дараа ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй, Б.Згийн эзэмшиж байгаа 20 хувь, Б.Бий 80 хувийн хувьцааны хэдэн хувийг ямар үндэслэлээр шилжүүлж авах гээд байгаа нь ойлгомжгүй.” гэж тодорхойлсон.

12. Хариуцагч С.Б, “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ: “... нэхэмжлэгчтэй 2007 оны 08 сараас нэг гэрт хамт амьдарч, 2007.10.26-ны өдөр охин Б.Этөрсөн. ... гэрлэлтээ 2014.12.24-ний өдөр батлуулсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2021/01038 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. ... С.Б нь тэр үед нэхэмжлэгчийн бүх хүсэлтийг биелүүлж, хуучин болон шинэ орон сууц, худалдаа үйлчилгээ явуулах зориулалттай, 2.0 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх эд хөрөнгө,  зуслангийн байшин, автомашин зарсан 400 сая төгрөг, “............. их дэлгүүр” ХХК-ийн 45 хувийн хувьцааг шилжүүлсэн. ... тэр үед зохигч маргаагүй.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. ... Бэлэглэлийн гэрээг зөвхөн Иргэний хуулийн 280 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгодог ба энд тийм үндэслэл тогтоогдохгүй. ... хоёр тал харилцан тохиролцож, гэрээ байгуулсныг үндэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байгаа. ... “М” ХХК-ийг 1996 онд анх үүсгэн байгуулсан. С.Бийн хуваарьт өмч... Нэхэмжлэгч нь “Э” ХХК-ийн хувьцааны 66 хувийг ямар үндэслэлээр хувьцаа эзэмшигч нараас шаардаж байгаа нь тодорхойгүй. Компанийн хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй. Компанийн ямар хөрөнгийг ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхой бус байна. ...” гэж тодорхойлсон.

13. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Аийн хариуцагч Д.Батсүхэд холбогдох 2000.01.01-ний өдрөөс 2014.12.12-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Э” ХХК, “М” ХХК, Б.З, Б.Б, С.Б нарт холбогдох бусад шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрт “... Хууль ёсны гэрлэлтийн баталгаатай гэрлэгч хэн нэгэнтэй хамтран амьдрахыг хуулиар хориглоогүй ... хариуцагч С.Б нь өмнөх гэрлэлтээ цуцлуулан дуусгавар болоогүй байхад нэхэмжлэгч Д.Атай 1999 онд танилцаж, 2000 оны 01 сараас хамтран амьдарч байхдаа 2007.10.26-нд охин Б.Эмүжинг төрүүлсэн ... Иймээс нэхэмжлэгч Д.Аийн С.Бтэй 2000.01.01-ний өдрөөс 2014.12.23-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй.... Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн талаарх шаардлагаа Иргэний хуулийн 126 дугаар зүйлийг үндэслэл болгон шаарджээ. Тус зүйлд заасан зохицуулалт нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойших хугацаанд хамаарах тул нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй. ... “Э" ХХК болон “Э” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох газар эзэмших эрх болон модны үйлдвэрийн 3 барилга байгууламж, агуулах, тоног төхөөрөмж зэргийг С.Б, Д.А, Б.Энарын гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй. ... Компанийг хувьцаагаар дамжуулан эзэмших бөгөөд гэрлэгч нарын хэн нэг нь компанийн хувьцаа эзэмшигч бол зөвхөн ногдол хувиас өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй болохоос компанийн тодорхой эд хөрөнгийг нэрлэн шаардах эрхгүй байна. Хариуцагч С.Бнь “Э" ХХК-ийн хувьцаа эзэмшигч байхдаа 2017.03.29-ний өдөр охин Б.Зд компанийн 100 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан заалтыг зөрчөөгүй, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. ... "Э" ХХК-ийн хувьцаа эзэмшигч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул үүнд холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй. ...” гэж дүгнэсэн.

14. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Магадлалд “... Анхан шатны шүүхээс Д.А болон С.Б нарыг хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрт энэ талаарх өөрчлөлтийг оруулна. Учир нь, дээрх шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарна. Д.А болон С.Бнар 2014.12.24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба ... шүүхийн ... шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байх тул хамтын амьдралтай байсныг тогтоох шаардлагагүй. ... Талууд "Э" ХХК нь болон тус компанийн өмч хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэх талаар маргасан байна. Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу компанийн эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байх боломжгүй буюу тухайн компанийн өөрийн хөрөнгө байна. ... нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжийн талаар үндэслэх хэсэгтээ шийдвэрлэсэн боловч тогтоох хэсэгт орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй. ...” гэж дүгнэсэн.

15. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ маргааны зүйл, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг зөрүүгүй тогтоосон боловч нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл болох хуулийн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс дундын өмчийн харилцаанаас үүссэн маргаанд үйлчлэх хууль хэрэглээний нэгдмэл байдал алдагдсан, хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр хэргийг хяналтын шатны журмаар хэлэлцлээ.

16. Нэхэмжлэгч Д.А, хариуцагч С.Б нар нь 2007 оноос хамтын амьдралаа эхлүүлж, 2014.12.24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдгээрийн дундаас 2007.10.26-ны өдөр охин Б.Э төрсөн, 2014.08.25-ны өдөр “Э” ХХК-ийг нэг хувьцаа эзэмшигч /С.Б/-ийн хамт үүсгэн байгуулсан, “............. их дэлгүүр” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг барьцаалж Худалдаа Хөгжлийн банкнаас “М” ХХК-ийн авсан их хэмжээний зээлийн хөрөнгө оруулалтаар “Э” ХХК-ийн үйл ажиллагааг санхүүжүүлж,  хөрөнгө оруулалтын дүнд бий болсон хөрөнгийг “Э” ХХК-д өмчлүүлсэн, “Э” ХХК-ийн хувьцааг 2017 онд С.Бээс Б.Зд, 2018 онд Б.Згаас “М” ХХК-д,  2019 онд “М” ХХК-аас Б.Б болон Б.З нарт тус тус бэлэглэлийн журмаар шилжүүлж, одоогийн байдлаар “Э” ХХК-ийн хувьцааны 80 хувийг Б.Б, 20 хувийг Б.З нар тус тус эзэмшиж байгаа, Д.А, С.Б нарын гэрлэлтийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2021/01038 дугаар шийдвэрээр цуцалж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийн маргааныг шийдвэрлэсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй, хоёр шатны шүүх эдгээр үйл баримтыг адил тогтоосон.  

17. Нэхэмжлэгч Д.А нь “Э” ХХК-ийн хувьцааны 33 хувийг өөрөө өмчлөх, 33 хувийг охин Б.Этус тус өмчлөх эрхтэй, учир нь тус компанийг С.Бтэй хамтран үүсгэн байгуулсан гэж маргаж байх ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 126, 127, 128 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдээгүй тул гэрлэгчдийн дундын хөрөнгө биш гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзжээ. 

18. Хоёр шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар ялгаатай дүгнэж, анхан шатны шүүх хамтын амьдралтай байсныг тогтоосон бол давж заалдах шатны шүүх тус шаардлага нь онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдвэл зохих эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэх дүгнэлт өгчээ. Зохигч хамтын амьдралтай байсныг бие даасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд авч үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, түүнийг өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг тус тус залруулбал зохино. Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хамтын амьдрал байсан эсэхийг бие даасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдэх боломжгүй гэсэн нь үндэслэлтэйн зэрэгцээ дундын өмчийн маргааныг шийдвэрлэж байгаа үед энэхүү нөхцөл байдал нь хуульд заасан материаллаг шаардах эрх бүрдсэн эсэхийг тогтооход ач холбогдолтой урьдчилсан нөхцөл тул онцгой ажиллагааны журмаар ч тогтоох шаардлагагүй. Иймд эрх бүхий этгээд тодорхой төрлийн субьектив шаардах эрх үүссэн эсэх маргааныг шийдвэрлэхдээ шаардах эрхийн бүрэлдэхүүнд дүгнэн тогтоох урьдчилсан нөхцөл гэж үзнэ.

Иймд энэ маргааны тухайд хамтын амьдралтай байсан эсэхийг бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй, харин шаардлагын үндэслэл гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэж, онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг гэх алдаатай дүгнэлтийг дээрх байдлаар залруулна.

19. Нэхэмжлэгч нь Д.А нь тэрээр С.Бтэй 2000.01.01-ний өдрөөс 2014.12.23-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох нь тэдгээрийг байнгын дотно харилцаатай байх үед “Э” ХХК-ийг хамтдаа үүсгэн байгуулсныг болон тус компанийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсныг нотлох ач холбогдолтой, улмаар тус компанийн хувьцаа гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх үндэслэл болно гэж тайлбарласан. Хариуцагч нар энэ үндэслэлийг эс зөвшөөрөхдөө нэгдүгээрт, “Э” ХХК-ийн хувьцаа нь С.Бийн хуваарьт хөрөнгө, учир нь энэ компанийг гэрлэгчид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэхээс өмнө байгуулсан, хоёрдугаарт, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг тодорхойлж, хуваарилах асуудлыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэж дуусгасан, энэ асуудлаар дахин маргаан үүсгэх боломжгүй гэж тайлбарласан байна. Хоёр шатны шүүх хариуцагч нарын татгалзлыг үндэслэлтэй гэж үзэн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч биш гэж дүгнэжээ.

Хоёр шатны шүүх маргалдагч талуудын хооронд бий болсон харилцаа нь дундын өмчийн маргаан болох нөхцөл байдлыг зөв дүгнэсэн байх боловч энэ нь гэрлэлтийн харилцаанаас үүссэн гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийн маргаан бус харин Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан хэсгээр өмчлөх дундын өмчийн харилцаа болохыг буруу тодорхойлсныг хяналтын шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа албан ёсоор баталгаажуулж хуулийн дагуу гэр бүл болохоос өмнөх 10 гаруй жилийн хугацааны хамтын амьдралын явцад бий болсон хөрөнгө дэх хамтран амьдрагч тус бүрийн оролцоо, хувь нэмрийг гагцхүү гэр бүл байгаагүй гэх үндэслэлээр үгүйсгэх нь шударга бус бөгөөд тэдгээр нь гэр бүл болоогүй ч оролцоо, хувь нэмэр, хамтын ажиллагаа нь нотлогдож байгаа үед гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн харилцаа бус, харин хэсгээр өмчлөх дундын өмчийн харилцаа үүссэн байх боломжтойг анхаарах шаардлагатай.

20. Хариуцагч талаас зохигч гэр бүлээ албан ёсоор батлуулахаас 3 сарын өмнө “Э” ХХК үүсгэн байгуулагдсан тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч биш гэж татгалзсан хэдий ч зохигчийн хамтын амьдрал 2007 онд эхэлж 2014.12.24-ний өдөр гэрлэлтээ батлуулснаар гэрлэлтээ цуцлах хүртэл үргэлжилсэн гэх үйл баримттай маргаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч Д.А нь “Э” ХХК-ийн эрхлэх үндсэн үйл ажиллагааг нөхөр С.Бийн хамт санаачлан, холбогдох этгээдтэй харилцаж ирсэн, хариуцагч С.Бийн дангаар болон хожим хүүхдүүдтэйгээ хамтран байгуулсан “М” ХХК, “............. их дэлгүүр” ХХК-ийн үйл ажиллагаанд хөдөлмөрөөрөө оролцож, С.Бийн бизнесийг дэмжиж ирсэн үйл баримтуудыг хариуцагч талаас үгүйсгээгүй.

Дээрх нөхцөл байдал нь зохигч харилцан тохирсоны үндсэн дээр хамтын амьдралтай байх хугацаандаа хэсгээр өмчлөх дундын өмчийн харилцаа үүсгэсэн буюу “Э” ХХК-ийг хамтран үүсгэж, тус компанийн гаргасан энгийн хувьцааг дундаа өмчилсөн гэж дүгнэх үндэслэл болно. Энэ нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан хэсгээр өмчлөх дундын өмчийн адил тэнцүү хэмжээгээр өмчлөх хэлбэрт хамаарна.

21. Нэхэмжлэгч Б.Эмүжингийн хувьд “Э” ХХК-ийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааг нь эхлүүлэх, үргэлжлүүлэхэд аливаа санал санаачлага гаргаж, хувь нэмрээ оруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй тул тус хөрөнгийн хувьд дундын өмчийн эрх эдлэхгүй. Эцэг, эхийн бий болгосон дундын өмчөөс хүүхэд өмчлөх эрхтэй байх нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийн хувьд үйлчлэх онцлогтой бөгөөд “Э” ХХК-ийг үүсгэн байгуулах үед нэхэмжлэгч Д.А, хариуцагч С.Бнар нь тус компанийн хувьцааг хэсгээр өмчлөх дундын өмч хэлбэрээр өмчилж байсан тул тэдгээрийн хүүхэд Б.Ээнэ дундын өмчөөс шаардах эрхгүй.

Энэ үндэслэлээр Б.Эийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан “Э” ХХК-ийн хувьцааны 33 хувийг эзэмших эрхтэй гэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

22. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч нарт холбогдуулан 2017-2019 оны хооронд байгуулсан 4 удаагийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх ийнхүү шийдвэрлэх болсон үндэслэлээ “Э” ХХК-ийн хувьцаа нь хариуцагч С.Бийн хуваарьт өмч тул өөрийн өмчийг хэрхэн захиран зарцуулах нь түүний эрхийн асуудал бөгөөд дангаар өмчлөх эрхийн хүрээнд хувьцаагаа бусдад шилжүүлснийг хүлээн авсан дараагийн өмчлөгч нар цааш дамжуулан захиран зарцуулсан нь хууль зөрчөөгүй гэх агуулгаар дүгнэсэн.  

Хоёр шатны шүүхийн дээрх дүгнэлтийг залруулах үндэстэй. Тодруулбал, “Э” ХХК-ийн хувьцаа нь С.Б, Д.А нарын хэсгээр өмчлөх дундын өмч байсан тул Д.Аийн өмчлөх эрхэд хамаарах хувьцааг түүнийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд С.Басүх бусдад бэлэглэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна. Нэхэмжлэгч Д.А тус компанийн хувьцааны өөрт ногдох хэсгийг 33 хувь гэж тодорхойлсон байх тул хэдийгээр С.Бтэй адил хувь хэмжээгээр өмчлөх эрхтэй боловч иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлсныг үндэслэн нэхэмжлэгч Д.Аийн өмчлөх эрх бүхий хувьцааг 33 хувь гэж үзнэ.

23. Хариуцагч С.Бээс бусад этгээдүүдэд хувьцааг шилжүүлэх үндэслэл болсон бэлэглэлийн гэрээ болон түүнээс хувьцаа хүлээн авсан этгээдээс хувьцааг шилжүүлсэн бусад бэлэглэлийн гэрээний 33 хувийн хувьцаатай холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байж, тэдгээр гэрээг үлдэх хэсгээр хүчин төгөлдөр гэж үзэх нь Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцнэ.

Тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасны дагуу "Э" ХХК-ийн 100 хувийн хувьцааг С.Бээс Б.Зд шилжүүлсэн 2017.03.29-ний өдрийн бэлэглэлийн гэрээний 33 хувьд холбогдох хэсэг, Б.Згаас “М” ХХК-д шилжүүлсэн 2018.03.29-ний өдрийн бэлэглэлийн гэрээний 33 хувьд холбогдох хэсэг, "Э" ХХК-ийн 80 хувийн хувьцааг “М” ХХК-аас Б.Бд шилжүүлсэн 2019.05.03-ны өдрийн бэлэглэлийн гэрээний 26.4 хувь /33*80%/-д холбогдох хэсэг, 20 хувийн хувьцааг “М” ХХК-аас Б.Зд шилжүүлсэн 2019.05.03-ны өдрийн бэлэглэлийн гэрээний 6.6 хувь /33*20%/-д холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэстэй.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээ нь үүргийн хэлцэлд хамаарах бөгөөд гэрээний талууд энэхүү үүргийн хэлцэлд суурилан хувьцааны өмчлөх эрхийг шилжүүлж хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрхийг баталгаажуулсан байна. Хэрэв бэлэглэлийн гэрээний дагуу аливаа хөрөнгийг олж авсан этгээд түүнд бэлэг шилжүүлэгч этгээд уг эд хөрөнгийг шилжүүлэх эрхгүй байсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзвэл түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсанд тооцож Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийн дагуу хамгаалагдах боломжтой.

Гэвч дээрх бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хувьцааны өмчлөх эрхийг шилжүүлж авсан этгээдүүд болох хариуцагч Б.З, “М” ХХК, Б.Б нар нь хариуцагч С.Бийн дангаар өмчлөлийн хөрөнгө биш болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь тэд нэхэмжлэгч Д.А, С.Бнарын хамтын амьдрал, гэр бүлийн харилцаа, бизнесийн хамтын ажиллагаа, тэдгээрийн хувь оролцоо, “Э” ХХК болон түүний эх, хамаарал бүхий бусад компаниудын үйл ажиллагаан дахь ашиг сонирхлын талаар хангалттай тодорхой мэдэж байсан нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна. Иймд бэлэглэлийн гэрээний дагуу бэлэг хүлээн авагч нь “Э” ХХК-ийн 33 хувийн хувьцаа өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.

24.Нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.З, Б.Б нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Гэвч тус шаардлагыг бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч нар хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас бий болсон үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин уг шаардлагад хүрэх хууль зүйн үндэслэл тус бүрийг бие даасан нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлохгүй. Өөрөөр хэлбэл, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу буцаан шилжүүлэх харилцаа үүсэх бөгөөд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хууль зүйн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхийн хууль зүйн үндэслэлүүд нь эдгээр нөхцөл байдал гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч Б.Згаас “Э” ХХК-ийн энгийн хувьцааны 6.6 хувийг, хариуцагч Б.Бээс 26.4 хувийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Ат олгох үндэстэй. Ингэснээр тус компанийн энгийн хувьцааны 53.6 хувийг  Б.Б, 33 хувийг Д.А, 13.4 хувийг Б.З нар өмчлөх байдлаар 100 хувийн хувьцааны эзэмшил бүрдэх юм. Нэхэмжлэлийн энэ шаардлагаас Б.Эмүжингийн шаардлагыг өмнө дурдсан /21 дүгээр хэсэг/ үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

25.Нэхэмжлэгч нар бүх хариуцагчид холбогдуулан "Э" ХХК-ийн нийт хувьцаа, тус компанийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн -р хороо .....................тоот хаягт байрлах, 4.5 га талбайтай, ............. тоот гэрчилгээ бүхий үйлчилгээний зориулалттай газар; модны үйлдвэрийн 3 барилга байгууламж, агуулах, тоног төхөөрөмжийг С.Б, Д.А, Б.Энарын гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах боломжгүй. Энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

“Э” ХХК-ийн хувьцааны 33 хувийн хувьцаатай холбоотой дүгнэлтийг өмнө өгсөн бөгөөд үлдэх хэсгээр нэхэмжлэгч нар өмчлөх, эсхүл дундын эд хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө, эсхүл үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой дээрх хөрөнгүүдийг чухам ямар үндэслэлээр өөрийн болон бусад этгээдийн дундын өмч гэж тайлбарлаж байгаа шаардлагын үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ нэхэмжлэгч нар биелүүлсэнгүй. Иймд энэ талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хэвээр үлдээнэ.

26. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

27. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу нэхэмжлэгч, хариуцагч, зохигчийн төлөөлөгчийн тайлбарын агуулгыг логик дэс дараалалгүй, хэт цэгцгүй байдлаар тусгаснаас шийдвэр нь бүтцийн хувьд хэргийн оролцогч, сонирхогч бусад этгээдэд ойлгомжгүй, шаардлагагүй нүсэр /нийт 66 хуудас шийдвэр байх ба үүний 48 хуудас нь тодорхойлох хэсгийг бүрдүүлсэн/ болжээ. Шийдвэр нь бүтцийн хувьд хэргийн оролцогчид ойлгомжтой байх, зохигчийн хэд хэдэн удаагийн тодруулга ба хариу тайлбарын үндсэн, гол санаа давхардаагүй, цэгцтэй байх шаардлагад нийцвэл зохихыг тэмдэглэж байна. Энэ талаар дүгнэх, анхаарах асуудлын шалтгаан, үндэслэлийг тэмдэглэх нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэр хуульд нийцсэн эсэхийг хянах давж заалдах шатны шүүхийн үндсэн чиг үүрэгт хамаарахыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/01631 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2024/03140 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

          “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан "Э" ХХК-ийн 100 хувийн хувьцааг С.Бээс Б.Зд шилжүүлсэн 2017.03.29-ний өдрийн бэлэглэлийн гэрээний 33 хувьд холбогдох хэсэг, Б.Згаас “М” ХХК-д шилжүүлсэн 2018.03.29-ний өдрийн бэлэглэлийн гэрээний 33 хувьд холбогдох хэсэг, "Э" ХХК-ийн 80 хувийн хувьцааг “М” ХХК-аас Б.Бд шилжүүлсэн 2019.05.03-ны өдрийн бэлэглэлийн гэрээний 26.4 хувьд холбогдох хэсэг, 20 хувийн хувьцааг “М” ХХК-аас Б.Зд шилжүүлсэн 2019.05.03-ны өдрийн бэлэглэлийн гэрээний 6.6 хувьд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

      “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “Э” ХХК-ийн энгийн хувьцааны 33 хувийн өмчлөгчөөр Д.Аийг тогтоож, хариуцагч Б.Бээс 26.4 хувь, хариуцагч Б.Згаас 6.6 хувийн хувьцааг гаргуулан нэхэмжлэгч Д.Ат олгож, холбогдох бүртгэлийг хийхийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд даалгасугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсэгт

        “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А, Б.Энарын хариуцагч “Э” ХХК, М ХХК, С.Б, Б.З, Б.Б нарт холбогдуулан гаргасан “Э” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн -р хороо .....................тоот хаягт байрлах, 4.5 га /Сонгинохайрхан, ...-р хороонд байршилтай, 45620 м2 талбайтай, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ............. тоот гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай/ газар, модны үйлдвэрийн 3 барилга байгууламж, агуулах, тоног төхөөрөмж зэргийг гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Б.Эийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, “Э” ХХК-ийн хувьцааны 33 хувийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн 3 дахь заалт, шийдвэрийн Тогтоох хэсэгт,

         “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу Д.Ааас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 702,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Бээс 35,100 төгрөг, Б.Згаас 105,300 төгрөг, Б.Бээс 105,300 төгрөг, “М” ХХК-аас 105,300 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Ат олгосугай.” гэсэн 4 дэх заалтыг нэмж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг 5, 4 дэх заалтын дугаарыг 6 гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.А нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.09.13-ны өдөр 351,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                                      ШҮҮГЧИД                               Н.БАТЧИМЭГ

                                                                                      Н.БАЯРМАА

                                                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                             Д.ЦОЛМОН