Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2017/0530

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийж, иргэн Б.Б-ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.О, нэхэмжлэгч Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээБ.Б миний бие Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 1 дүгээр хорооны Засаг даргаар ажилладаг билээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар 1 дүгээр хорооны Засаг даргад сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Энэхүү сахилгын шийтгэл нь хууль зүйн үндэслэл байхгүйгээс гадна холбогдох хууль тогтоомж, миний хууль ёсны эрхийг зөрчиж байгаа тул дээрх сахилгын шийтгэл оногдуулсан захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч буюу сонгуулийн албан тушаалтай мөн тус дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын ажлыг хавсаргаж гүйцэтгэдэг.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийнхөө бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө ажлаа тасалсан, ажил үүргээ биелүүлээгүй, ажлын байран дээрээ байгаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д хууль тогтоомж хурлын шийдвэрийн биелэлт, иргэдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, хурлын шийдвэрийн биелэлт дээр Засаг дарга болон түүний орлогч хяналт тавин гэж заасан байдаг бөгөөд би үүний дагуу явж байсан. Үүний эсрэг цаг баримтлаагүй, ажлын байран дээр байх ёстой гэж хэлээд байгаа ажил үүрэг цалгардуулсан зүйл байхгүй байсан.

Тухайн өдөр би өглөө шуурхай хурал болон ажил үүргийн хувиараа хийгээд, удирдлагаар хангаад явсан. Иймд үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсныг хэрэгсэхгүй болгож, цалингийн зөрүүг гаргуулах хүсэлтэй байна. Энэ шийтгэлээ ногдуулахдаа ёс зүйн хороогоор хэлэлцүүлээгүй, тэмдэглэл хөтлөөгүй, намайг байлцуулж оролцоог нь хангаж тайлбар авах ёстой ийм зүйл болоогүй шууд захирамж гаргасан. Энэ шийдвэр гаргаснаа хурал дээр миний нэр хүндийг гутаах гэж Засаг дарга буюу түүний орлогч тамгын газрын дарга зарлаж явсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга Б.Б ын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хороодын Засаг дарга нарын ажлыг хүлээлцэх ажлын хэсэг 2017 оны 02 дугаар сарын 02-нд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд ажиллах явцад болон 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15 дугаар хороонд ажиллах явцад албан үүргээ ажлын байрандаа гүйцэтгэж төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, тасралтгүй хүргэж байх ёстой 1 дүгээр хорооны Засаг дарга Б.Б  нь 4 болон 15 дугаар хорооны байранд ирж маргаан дэгдээх, ажлын хэсгийн ажил хүлээлцэх ажилд саад учруулах зэргээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ажлын цаг ашиглалтын журам-ыг удаа дараа зөрчсөн тул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Иймд 1 дүгээр хорооны Засаг дарга Б.Б ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч Б.Б ын Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаар захирамжийг хүчингүй болгох, үндсэн цалинг 3 сарын хугацаатайгаар 20 хувь хассан зөрүүг олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн Засаг дарга нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаар захирамжаараа тус дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга Б.Б ыг ажлын цагаар ажлын байрандаа байдаггүй, удаа дараа ажил тасалсан гэж үзэн үндсэн цалинг 3 сарын хугацаатайгаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Хариуцагч дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ажлын цаг ашиглалтын журам-ын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтуудыг үндэслэсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, 31 дүгээр зүйлийн 31.1.1-д баг, хорооны Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах гэж заасны дагуу дүүргийн Засаг дарга нь харъяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгчийн хувьд хорооны Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих, сахилгын арга хэмжээ авах бүрэн эрхтэй этгээд мөн. Харин ийнхүү сахилгын арга хэмжээ авах шийдвэр нь нотлох баримтанд тулгуурласан бөгөөд үндэслэл бүхий байх ёстой.

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийн хүрээнд маргаан бүхий актыг гаргах үндэслэл болсон удаа дараа ажил тасалсан зөрчил гаргасан гэх үйл баримтыг нотлохыг хариуцагчаас шаардсан боловч шаардлагатай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан товлох урьдчилсан хэлэлцүүлэгт зохих нотлох баримт байхгүй талаар тайлбар хийсэн болно. Харин хариуцагчаас шүүхэд ирүүлсэн CD бичлэг нь хэзээ хаана хийсэн нь тодорхой биш байгаа тул шүүх уг бичлэгийг маргаан бүхий үйл баримттай холбогдуулан үнэлэлт, дүгнэлт хийх боломжгүй юм.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга нэхэмжлэгч Б.Б од сахилгын шийтгэл ногдуулах болсон талаар тайлбар авах үүрэгтэйгээс гадна холбогдох хяналт шалгалт явуулж дүгнэлт гаргах ажиллагааг хэрэгжүүлээгүй байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна, 6.1.12-т бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын орлогч гэж заасны дагуу хорооны Засаг дарга нь төрийн улс төрийн ангилалд хамаарах төрийн албан хаагч юм. Төрийн албан хаагчийн эрхэд халдаж түүнд сахилгын арга хэмжээ авч байгаа тохиолдолд захиргаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэх ёстой байтал хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогч нарын харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсгийг үндэслэн Б.Б од сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус тул 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаар захирамжийг гаргахдаа хариуцагч нь хэрэглэх ёстой зохицуулалт бүхий хуулийг хэрэглээгүй буюу хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Нэгтгэн дүгнэхэд хариуцагч нэхэмжлэгч Б.Б ын ажил тасалж үүний улмаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй буруутай үйлдэлд нь сахилгын шийтгэл ногдуулах ёстой бөгөөд энэ нь зохих нотолгоогоор хангагдах ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь ажил тасалсан гэх үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул Б.Б ын албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Б ын албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатайгаар 20 хувь хассан зөрүүг эгүүлэн олгохыг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.1Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12, 26 дугаар зүйлийн 26.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Б.Б ын Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Б ын албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатайгаар 20 хувь хассан зөрүүг эгүүлэн олгохыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ