Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2021/02023

 

 

 

 

          

 

 

 

 

 2021        10         27                                            181/ШШ2021/02023         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намьяанжугийн гудамж, 170а байр, 12 тоотод оршин суух, Хуурч овогт Данзансодовын Ариунцацрал /РД:ЕЭ83111364/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 06 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байр, 305 тоотод байрлах, МЭС /РД:1005294/-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Сандаг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Монголын эмэгтэйчүүдийн сан”-д байнгын ажлын байр болох нягтлан бодогч, санхүүгийн ажилтны орон тоон дээр томилогдон ажиллаж эхэлсэн, ийнхүү ажиллаж байгаад гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг тэтгэвэрт гарч оронд нь гүйцэтгэх захирал Б.А гэж хүн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр томилогдон ирсэн. Ийнхүү шинэ захирал томилогдон ирснээс хойш манай сангийн ажилтнуудыг хоморголон халж намайг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3/6 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг Монгол улсад Ковид-19 цар тахал хөл хорионы үед гаргаж миний бие 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дээрх 3/6 тоот тушаалыг гардан авч ажлаа хүлээлгэн өгсөн болно.

Би 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жирэмсний амралтаа авч хүүхэд төрүүлэн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3/2 тоот Хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгох тухай тушаалаар ажилдаа эргэн орсон болно. Ийнхүү ажилдаа эргэн ороход гүйцэтгэх захирал Б.Агни 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3/3 дугаар бүхий Өөр ажилд түр шилжүүлэн томилох тухай тушаал гаргаж Санхүүгийн ахлах зөвлөх гэсэн албан тушаалд 1 сарын хугацаатайгаар түр шилжүүлэн томилсон атлаа Санхүүгийн ажилтны ажлын байран дээр 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаатайгаар Хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Дээр дурдсан 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3/6 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, 13 дугаар зүйлийн 13.1,13.6, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.8, 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.2 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгосон байдаг.

Ийнхүү ажлаас чөлөөлж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаал гаргах болсон үндэслэл нь уг тушаалын 1 дэх хэсэгт санхүүгийн ажилтан Д.А нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан, байгууллагын зорилго зорилтод үл хамаарах чиглэлийн үйл ажиллагааг дур мэдэн эрхэлж, Сангийн хөрөнгөөс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ хэлцэл хийж их хэмжээний зээл олгосон, түүнтэй холбоотой баримт бичиг бүрдүүлээгүй, санхүүгийн тайлан санаатайгаар зөрүүтэй тайлагнасан санхүүгийн тайланд тусгаагүй зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан зэрэг нь “Цэбэ консалтинг аудит” ХХК-ийн аудитын тайлангаар нотлогдож байгаа тухай дурдаж үндэслэлээ болгосон байна.

Гэтэл энэхүү “Цэбэ консалтинг аудит” ХХК-ийн тайланг хэзээ, хэрхэн хийсэн, уг тайлан нь хуульд заасны дагуу үнэн зөв хийгдсэн эсэх тушаалд дурдсан зөрчлүүд дээр нягтлан бодогч миний бие болон тухай үеийн эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал Б.Эрдэнчимэгээс тодруулга тайлбар аваагүй, бидэнд тайланг эх хувиар нь танилцуулаагүй зэрэг зөрчлүүд гарсан тул уг тайланг хууль бус гэж үзэж байна. Иймд Д.А би Монголын эмэгтэйчүүдийн сангийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3/6 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тушаалыг хүчингүй болгож, МЭС санхүүгийн ажилтаны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

                  Хариуцагч МЭСшүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МЭСнь Монголын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийн өөрсдийгөө хөгжүүлэх санал, санаачлалыг дэмжихийн төлөө санхүүгийн нөөцийг хуримтлуулж дэмжлэг үзүүлэх зорилго бүхий нийгэмд үйлчилдэг сайн дурын байгууллага билээ. Нэхэмжлэгч нь манай санд 2016 оноос хойш “Хөдөлмөрийн гэрээ”-ний үндсэн дээр нягтлан бодогч, санхүүгийн ажилтны болон эд хөрөнгө хариуцсан албан тушаалыг эрхэлж ирсэн бөгөөд ийнхүү ажиллаж байх хугацаандаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж байгууллагын дүрэмд үл хамаарах үйл ажиллагааг удаа дараа явуулж, Сангийн хөрөнгөөс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ, хэлцэл хийж их хэмжээний зээл олгосон, түүнтэй холбоотой баримт бичиг бүрдүүлээгүй, санхүүгийн тайланг санаатайгаар зөрүүтэй тайлагнасан, санхүүгийн тайланд тусгаагүй зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан нь Санхүүгийн аудитийн тайлангаар нотлогдсон. Эдгээр зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, 40.1.5-т “Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоосон” гэж заасны дагуу ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгатайгаар цуцлах үндэслэл болно.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...“Цэбэ консалтинг аудит” ХХК-ийн тайланг хэзээ, хэрхэн хийсэн, уг тайлан нь хуульд заасны дагуу үнэн зөв хийгдсэн эсэх тушаалд дурдсан зөрчлүүд дээр нягтлан бодогч миний бие болон тухай үеийн эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал Б.Эрдэнчимэгээс тодруулга тайлбар аваагүй, бидэнд тайланг эх хувиар нь танилцуулаагүй зэрэг зөрчлүүд гарч байгаа учир миний бие... Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр ажил олгогчийн зүгээс гэрээг цуцалж байгаа тохиолдолд тухайн ажилтнаас гаргасан зөрчилтэй холбогдуулан тодруулга тайлбар авах үүргийг ажил олгогчид хүлээлгээгүй. Нөгөөтэйгүүр, ажилтны зөрчил гаргасантай нь холбогдуулан тайлбар аваагүй, аудитийн тайланг эх хувиар нь танилцуулаагүй нь ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болоогүй буюу уг үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч Д.Аын “МЭС”-д холбогдуулан гаргасан ажил эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч МЭС холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Д.А нь МЭС нягтлан бодогч, санхүүгийн ажилтнаар ажиллаж байгаад тус сангийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3/6 дугаар тушаалаар 2021.04.30-ний өдрөөс ажлаасаа чөлөөлөгджээ. /хх-10, 13-25х/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу Д.Ад ажлаас чөлөөлсөн тушаалыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гардуулсан байна. /хх-26х/

Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд 2020.05.18-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.А нь 2021.03.09-ны өдрөөс хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгож ажилдаа орсон байх бөгөөд Сангийн гүйцэтгэх захирлын 2021.03.09-ны өдрийн 3/3 тушаалаар Д.Аыг 2021.03.10-ны өдрөөс 2021.04.10-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар Санхүүгийн ахлах зөвлөх албан тушаалд түр шилжүүлэн томилсон байна. /хх-11-12х/ Уг хугацаа дууссанаар Д.А нь Санхүүгийн ажилтаны ажил үүргээ гүйцэтгэж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн талаар зохигч маргаагүй.

 

МЭС гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3/6 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41,1, 5 дугаар зүйлийн 5.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 14 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.8, 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Тус байгууллагын Санхүүгийн ажилтан Д.А нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан, байгууллагын зорилт, зорилгод үл хамаарах чиглэлийн үйл ажиллагааг дур мэдэн эрхэлж, Сангийн хөрөнгөөс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ, хэлцэл хийж их хэмжээний зээл олгосон, түүнтэй холбоотой баримт бичиг бүрдүүлээгүй, санхүүгийн тайланг санаатайгаар зөрүүтэй тайлагнасан, санхүүгийн тайланд тусгаагүй зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан нь “Цэбэ консалтинг аудит” ХХК-ийн аудитын тайлангаар нотлогдож байгааг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021.04.30-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-10х/

 

Хариуцагч МЭС итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул нь дээрхи тушаалын үндэслэлд заасан Д.Аын гаргасан гэх зөрчлүүдийг “Цэбэ консалтинг аудит” ХХК-ийн аудитын тайланд “... ня-бо Д.А нь 2019.02.13-ны өдөр иргэн П.Даваанамжилтай байгуулсан 70 000,0 мянган төгрөгийн зээлийн гэрээ, 2019.03.29-ний өдөр иргэн З.Хандармаатай байгуулсан 2 000,0 мянган төгрөгийн зээлийн гэрээг дур мэдэн ганцаараа байгууллагыг төлөөлж гэрээ байгуулсан, ...банкны харилцах дансны хуулгаас ня-бо Д.Аын авсан 2017.10.04-ны өдөр 4,500.0 мянган төгрөг, 2017.10.11-ний өдрийн 5,200.0 зарлагын гүйлгээ баримтгүй, 2017.11.20-ны өдрийн 6,300.0 мянган төгрөгийн зарлагын гүйлгээний утга, зарцуулалт тодорхойгүй, ...МОНЭС нь Монголын үнэт цаасны клирингийн төвтэй ямар нэгэн гэрээ, хэлцэл, үнэт цаасны арилжааны хэлцэл байгуулаагүйгээр 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 99,959.6 мянган төгрөг, 5 дугаар сарын 15-ны өдөр 50,000.0 мянган төгрөг, 6 дугаар сарын 19-ны өдөр 100,000.0 мянган төгрөг, нийт 249,959.6 мянган төгрөгийг бондын төлбөр гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Орчлон констракшн ХХК-с МОНЭС-н харилцах дансанд үнэт цаасны төлбөр 50,067.0 мянган төгрөг, үнэт цаасны хүүгийн төлбөр 2,040.4 мянган төгрөг шилжиж орж ирсэн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр ХАС банкны МОНЭС-н харилцах /энэхүү данс нь МОНЭС-н санхүүгийн тайланд бүртгэлгүй данс ба тайланд гүйлгээ нь тусгагддаггүй/ дансанд 180,629.6 мянган төгрөг бондын мөнгө гэсэн гүйлгээний утгатай тушаагдсан. Энэ өдөр тус данснаас 19,354.1 мянган төгрөг зарлагадсан ба баримтгүй байна...” гэж тусгаснаар тогтоогдсон гэж тайлбарлаж байна.

 

МЭСнь Д.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж түүнийг үүрэгт ажлаас нь халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.8, 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.2 дахь заалтуудыг тус тус баримталсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан бөгөөд МЭСнь Д.Аыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон үндэслэлээр чөлөөлсөн гэж тайлбарласан.

Сахилгын зөрчил гаргасан эсэх талаар зохигчид маргаж байгаа тохиолдолд ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлсөн шийдвэрийнхээ үндэслэл буюу ажилтны зөрчлийг нотлох үүрэгтэй байдаг.

 

Д.Аын гаргасан гэх дээрхи зөрчлүүд нь 2017, 2019 оны зөрчлүүд байхад хариуцагч МЭСнь Д.Атай 2021.03.10-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний заалтыг тушаалд баримталсан байхаас гадна Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйл “Ажилтаны үүрэг”-ийн 3.2.1, 3.2.8-д “хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн гэрээ, сангийн бусад дүрэм журам хууль тогтоомжид заасан үүргийг хүлээх” заалтыг, мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1-д “өөрийн шууд удирдлагад мэдэгдэж, зохих зөвшөөрөл авалгүйгээр ажлыг 2 ба түүнээс дээш өдөр тасалсан”, 7.4.2-д ““Ашиг сонирхолын зөрчлийн тухай мэдүүлэг”-ийг худал мэдүүлсэн, өөрчлөлт орсон тохиолдолд цаг тухайд нь мэдэгдээгүй, ашиг сонирхолын зөрчлийн тохиолдлыг нуун дарагдуулсан, ашиг сонирхолын зөрчилтэй болох нь тогтоогдсон” гэх заалтыг баримталсан нь тушаал хууль зүйн хувьд үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Мөн МЭС Д.Атай байгуулсан 2017, 2019 оны Хөдөлмөрийн гэрээ /хх-15-18х/-нд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг нэрлэн зааж тусгаагүй байх тул Д.Аыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн сангийн Д.Аын гаргасан гэх зөрчил нь 2017 онд болон 2019.02.13, 2019.03.29-ний өдрүүдэд байх тул сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сарын хугацаа нь өнгөрч сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй болсон байна.

МЭСнь “Цэбэ консалтинг аудит” ХХК-ийн аудитын тайланд дурдсан зөрчлүүд ямар учир шалтгааны улмаас гарсан, хэн хууль болон гэрээнд заасан ямар үүргийг зөрчсөнөөс уг зөрчлүүд гарах болсон, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн сангийн санхүүгийн тайланд 2016 онд Глабол капитал-адуит ХХК, 2019 онд “Энх-Мөнх-Сод Эрдэнэ аудит” ХХК аудит хийж тайлан гаргасан, “Гроут финанс аудит” ХХК нь Монголын эмэгтэйчүүдийн сангийн хэрэгжүүлсэн 2 төсөлд нь /Mama cash болон Ananda/ 2017, 2018 онд аудит хийсэн байх бөгөөд тухайн дүгнэлтүүдэд дээрхи алдаа зөрчил тусгагдаагүйг дурдах нь зүйтэй байна. /хх-95-159х/

Дээрхи үндэслэлүүдээр МЭС-ын гүйцэтгэх захирлын 2021.04.30-ны өдрийн 3/6 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Аыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар МЭС 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3/6 “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, Д.Аыг МЭС Санхүүгийн ажилтан албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Д.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монголын эмэгтэйчүүдын сангаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н. ОЮУНТУЯА