| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/0109/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/111 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
улсын яллагч Г.Ганзориг,
шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2407 0000 00142 дугаартай хэргийг *******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 3-13 насны хүүхдүүдийн хамт Налайх дүүрэг, *******,*******од оршин суух, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ны ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.******* нь -ний өдөр 18 цагийн үед Налайх дүүргийндугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Налайх Дулааны станц” ТӨХК-ийн урд явж байхдаа насанд хүрээгүй хохирогч Э.гийн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг А-54 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч, гар утасны түгжээг тайлж ашиглаж, завшсаны улмаас бусдад 725,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.******* нь Налайх дүүргийндугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Налайх Дулааны станц” ТӨХК-ийн урд -ний өдөр 18 цагийн үед явж байхдаа насанд хүрээгүй хохирогч Э.гийн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг А-54 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч, гар утасны түгжээг тайлж ашиглаж, завшсаны улмаас бусдад 725,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч А.*******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...цагаан өнгийн үүртэй, цайвар ногоон өнгийн Самсунг А52 загварын гар утас байсан, би тухайн утсыг автал унтарчихсан байсан болохоор нь гэртээ очиж цэнэглээд асаатал кодтой байсан. Тэгээд 5-6 хоногийн дараа хот руу очиж утасны кодыг тайлуулж өөрөө хэрэглэж байтал намайг цагдаагийн газраас дуудсан...” гэх мэдүүлгүүдээс гадна насанд хүрээгүй хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/, Дамно ХХК-ийн -ний өдрийн НД-24-85 дугаар шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19-22 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 31-33 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн эрх, үүргийг танилцуулж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дурын үндсэн дээр гаргасныг шүүх үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч А.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн хохирол болох Самсунг А-54 загварын гар утсыг хохирогчид биет байдлаар буцаан өгсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч А.*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай санал болгожээ.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч А.*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй, бага насны хүүхдүүдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл...эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” заалтын хүрээнд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ны *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД