| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 183/2023/05821/И |
| Дугаар | 001/ХТ2024/00297 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2024/00297
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэрийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/02321 дүгээр шийдвэр,
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/01623 дугаар магадлалтай,
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Д.Уд холбогдох
Гэрээний үүрэгт 208,397,500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
2023.05.10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Б.С, Т.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Д.Уд холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 150,000,000 төгрөг, алданги 56,250,000 төгрөг, нотариатын зардал 142,500 төгрөг, орчуулгын зардал 2,005,000 төгрөг, нийт 208,397,500 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, Д.У нь “Э” ХХК-д холбогдуулан 2023.05.10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/02321 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.2.8-д зааснаар хариуцагч Д.Уас 172,147,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар 2023.05.10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Д.Уын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,198,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Уас 1,018,687 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/01623 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/02321 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын "...186.1,..." гэсний дараа "219 дүгээр зүйлийн 219.1" гэж нэмж, "...232.2.8..." гэснийг "232.8" гэж, 3 дахь заалтын "…56.1..." гэсний дараа “56.2” гэж, "...1,198,537 төгрөгийг..." гэсний дараа "хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,960 төгрөгийг тус тус" гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,018,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жгийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/02321 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/01623 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.,172.2.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1 Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан "Хөдөлмөрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлага”-ыг хүлээлгэхдээ хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т заасан "Ажилтны учруулсан хохирлын хэмжээг ажил олгогчийн эд хөрөнгөд учирсан бодит хохирлоор тодорхойлох бөгөөд олох байсан орлогыг үүнд оруулан тооцохгүй. Бодит хохирлыг ажил олгогчийн эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан, тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, бодит гарсан хохирлын хэмжээгээр тооцно.” гэж хохирлыг хэрхэн тодорхойлох аргачлалыг тодорхой дурдсан. Иймд уг агуулгаар анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч байгууллагын хохирлын тооцоо буюу "Төлбөр барагдуулах хэлцэл”-д заасан 150,000,000 төгрөг нь бодитоор тогтоогдохгүй байгаа талаар маргасан. Тодруулбал нэхэмжлэгчийн шүүхэд өөрсдийн тооцоогоо нотлохоор гаргаж өгсөн баримтуудыг үзэхэд захиалгын хуудас, худалдах худалдан авах гэрээ, зээлийн гэрээ зэргийг гаргаж өгсөн байна. Үүнээс хариуцагч Д.Уд холбоотой хэсгийг нэгтгэн шүүж үзвэл:
1-р хавтаст хэргийн 70-р тал 4,300 юань /МБ хаалтын ханш 470,04 төгрөг/
1-р хавтаст хэргийн 135-р тал 5,940 юань /МБ хаалтын ханш 463,72 төгрөг/
1-р хавтаст хэргийн 200-р тал 16,473 юань /МБ хаалтын ханш 512,58 төгрөг/ зэрэг алдаатай гүйлгээний тухайн үеийн бодит алдагдал нь 13,219,399.14 төгрөг байгаа юм.
Гэтэл Д.У-ын огт хийгээгүй, оролцоогүй гүйлгээнүүдийн баримт болон “Э” ХХК-аас өөр компанийн шилжүүлгийн баримтуудыг үндэслэн хохирлыг үндэслэлгүй нэмэгдүүлсэн зүйлүүд байсан. Эдгээр хохирлыг бодит хохиролд тооцох эсэх нь эргэлзээтэй гэрээг шүүх шууд дүгнэж 150,000,000 төгрөгийн өр төлбөрт хариуцагчийг оруулсан. Түүнчлэн шүүхээс алданги 20,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн 132.2-т заасан хохиролд тооцогдох үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл “алданги” гэх ойлголт нь “Бодит хохирол”-д тооцогдох эсэх, үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь ажил олгогчид учирсан хохирол мөн үү? гэх асуултад зарчмын хувьд нийтлэг хэрэглээг тогтоох шаардлагатай байна. Эндээс үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131, 132 дугаар зүйлд заасан ажилтны хүлээх эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг ямар тооцоо судалгаанд тулгуурлаж тодорхойлох, "Бодит хохирол" гэдэг нь ажилтны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан бодитоор тухайн компанид учирсан хохирол, эсхүл талуудын хооронд гэрээгээр тохирсон үнийн дүн үү гэдгийг Улсын дээд шүүхээс бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоож өгөхийг хүсэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гэрээгээр хүлээн зөвшөөрчихсөн юм чинь энэ хохирлыг бодит хохирол гэж үзнэ гэх тайлбар хэр үндэслэлтэй эсэхийг тогтоолгох, хянуулах хүсэлтэй байна.
Д.У нь хөдөлмөрийн гэрээгээр эд хөрөнгө хариуцан шилжүүлж аваагүй, дансны гүйлгээ хийх эрх бүхий этгээд биш тул эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж буй нь албан тушаалын хувьд нийцэж байгаа эсэхэд тодорхой хууль хэрэглээний хувьд зарчмын нийтлэг асуудлыг тодорхойлох зайлшгүй шаардлага байна.
4.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд 208,397,500 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэл гаргахдаа 1,199,937.5 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу урьдчилан төлөх ёстой байсан ч 1,198,537 төгрөгийг төлсөн буюу илт дутуу төлсөн байна. Харин шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байхад нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн нь процессын хувьд ноцтой алдаа бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргах ёстой байсан. Иймд дээрх дурдсан үндэслэлээр Улсын дээд шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянаж хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 001/ШХТ2024/01337 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жгийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жгийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов.
7. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Д.Уд холбогдуулан 208,397,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Д.У нь 2022.01.01-ний өдөр "Э" ХХК-д худалдан авалтын ажилтнаар ажилд орсон. ... Д.У нь албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг зүй ёсоор гүйцэтгэж чадаагүй, ... мөнгөн хөрөнгийг дур мэдэн хувьдаа завшсан. ... энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч ... 2023.05.10-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. ... төлбөр барагдуулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу хариуцагчаас компанид төлөх үндсэн төлбөр 150,000,000 төгрөг, алданги 56,250,000 төгрөг, ... нотариатын зардал 142,500 төгрөг, орчуулгын зардал 2,005,000 төгрөг, нийт 208,397,500 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй...” гэж тодорхойлсон.
8. Хариуцагч Д.У нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... миний үүрэгт ажил доголдож эхэлсэн тул арга буюу ажил олгогчтой харилцан зөвшилцөж, гэм буруутай этгээдээр хохирлыг гаргуулах шаардлагатай болсон ч БНХАУ-ын иргэн Ван Монгол улсад оршин суудаггүй тул түүнийг олж, асуудлыг шийдэж чадаагүй. Компани дээр намайг тухайн иргэнтэй хуйвалдаж мөнгийг өөртөө шилжүүлж авсан гэх байдлаар хандаж, хохирлыг яаралтай шийдвэрлэж өг, үгүй бол цагдаагийн байгууллагад хандана гэж сүрдүүлсэн. ... Би “Э” ХХК-аас нэг ч төгрөг өөрийн данс руу хүлээн авч компанийн эд хөрөнгийг шамшигдуулсан, завшсан үйлдэл байхгүй. ... 150,000,000 төгрөгийг бодитоор компанид учруулсан хохирол гэж үзэх боломжгүй. ... миний хариуцаж хийсэн захиалгын дараа дахин захиалга хийсэнтэй холбоотой зардал, валютын хохирол гэх байдлаар огт үндэслэлгүйгээр хохирлын хэмжээг нэмэгдүүлж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. ... “Э” ХХК болон "Голомт банк" ХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хохирлын тооцоонд оруулсан нь ойлгомжгүй. ... Захиалга хийгээгүй орхисон бараа ... миний огт хийгээгүй гүйлгээг ... хохиролд тооцуулахаар өгсөн нь үндэслэлгүй.” гэж тайлбарласан.
9. Хариуцагч Д.У нэхэмжлэгчид холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шаардлагын үндэслэлээ “... Нэхэмжлэгч компани дээрх мөнгийг өөртөө шилжүүлж авсан гэх байдлаар хандаж, хохирлыг яаралтай шийдвэрлэж өг, үгүй бол цагдаагийн байгууллагад хандана гэж ярьж эхэлсэн. Миний бие, манай эцэг, эх энэ асуудалд их сандарч 2023.05.10-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан. Төлбөр барагдуулах хэлцэл, гэрээнд гарын үсгээ зурчихвал бид цагдаад өгөхгүй гэх байдлаар намайг болон миний ээж Н.С нарыг хуурч гэрээнд гарын үсэг зуруулсан. Энэ нь бодит байдлыг нуун далдлах үгэндээ итгүүлэх байдлаар хуурч мэхлэн гэрээг байгуулсан болж байгаа юм. ... Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэстэй. ...” гэж тодорхойлсон.
10. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ “... Д.Уд 2023.05.10-ны өдөр шаардах бичиг хүргүүлсэн. Түүний ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа компанид учруулсан хохиролтой холбоотой асуудлыг анх завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байсан. Гэвч яваандаа энэ нь ажил гүйцэтгэж байх үедээ хөдөлмөрийн гэрээг зөрчсөнтэй холбоотой асуудал буюу иргэний эрх зүйн маргаан байна гэж үзэж шүүхэд хандсан. Д.У нь төлбөр барагдуулах гэрээ байгуулахдаа өмгөөлөгч дагуулж ирэх боломжтой байсан. ... нөхцөл байдлыг бүгдийг тайлбарласан учраас ээж нь энэ талаар маш сайн мэдэж байсан. ... насанд хүрсэн хүн тул ямар гэрээнд гарын үсэг зурж байгаагаа мэдэж байсан. Иргэний хуульд зааснаар хэлцэл хүчин төгөлдөр хийгдсэн. ...” гэж тайлбарласан.
11. Анхан шатны шүүх хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 172,147,500 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 36,250,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шийдвэрт “...Д.У албан тушаалаа эрхэлж байхдаа компанид хохирол учруулсны улмаас 2023.05.10-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг төлбөр барагдуулах гэрээний 3.2-т “Төлбөр төлөгч нь графикт заасан төлбөрөө гэрээ байгуулснаас хойш 2023.07.10-ны дотор “Э” ХХК-д төлж дуусгахаар тохирсон. Хариуцагч Д.У ... хууль мэдэхгүйн улмаас гэрээнд гарын үсэг зурсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч Д.Уас 150,000,000 төгрөгийг гаргуулах нь хуульд нийцнэ. Нэхэмжлэгч нь төлбөр барагдуулах гэрээний 3.3-т заасны дагуу алданги 56,250,000 төгрөг нэхэмжилсэнийг илт их байна гэж үзэж 20,000,000 төгрөгийг хангах үндэслэлтэй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.У-ыг айлган сүрдүүлсэн, энэ албан бичгээр Д.У-ыг хууран мэхэлсэн гэх байдал тогтоогдсонгүй. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул Д.У-ын2023.05.10-ны өдрийн 23/01 төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж дүгнэсэн.
12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Магадлалд “... хариуцагч Д.У нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх боловч үүссэн хохирлыг талууд төлбөр барагдуулах гэрээ байгуулах замаар барагдуулахаар тохиролцсон. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар Д.У нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад учруулсан хохирол болох 150,000,000 төгрөгийг алдангийн хамт төлөх үүргийг нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар үндсэн төлбөр болон алдангид нийт 170,000,000 төгрөгийг хариуцагч Д.Уас гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. … Мөн нотариатын зардал 142,500 төгрөг, орчуулгын зардал 2,005,000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч энэхүү зардал нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан хохиролд хамаарч байгааг анхаараагүй буюу шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, мөн анзын хэмжээг багасгаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг "232.2.8" гэж буруу бичсэн, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилаагүй зэрэг алдаа гаргасныг залруулах шаардлагатай. … Хариуцагч Д.У-ын хувьд бараа захиалгын ажлыг гүйцэтгэх явцдаа байгууллагад хохирол учруулсан үйл баримтыг өөрийн тайлбараар зөвшөөрсөн, улмаар хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн өргөдлийг ажил олгогчид хандан гаргаж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан нь хоорондоо шалтгаант холбоотой, энэхүү гэрээг байгуулахдаа ажил олгогчийн дарамт, шахалт, худал мэдээлэлд автсан гэх байдал тогтоогдсонгүй. Иймд шүүх бодит хохирлыг тогтоогоогүй, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй...” гэж дүгнэсэн.
13. Хоёр шатны шүүх хариуцагч Д.У нь нэхэмжлэгч “Э” ХХК-д худалдан авалтын ажилтнаар ажиллаж байсан, Д.У нь ажлын үндсэн чиг үүрэг болох худалдан авалтын захиалга өгөх, гадаад, дотоодын харилцагчидтай гэрээ байгуулах, захиалсан барааны үнийг, эсхүл урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх гүйлгээ хийх санал гаргах, зөвшөөрөгдсөн гүйлгээг хийж гүйцэтгэх, захиалгын мөрөөр харилцагчтай холбогдох үүргийн дагуу 8 удаагийн гүйлгээг “Э” ХХК болон бусад хуулийн этгээдийн өмнөөс хийж гүйцэтгэсэн нөхцөл байдлыг тогтоосон боловч гэм хорын чухам ямар бүрэлдэхүүн бий болсон, хариуцагчийн гэм буруу хэрхэн тогтоогдсон, түүний хүлээх хариуцлагын бодит хэмжээ, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийн талаарх хоёр шатны шүүхийн хууль хэрэглээ алдаатай байгааг залруулах үндэслэл тогтоогдож байна.
14. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Д.У тус компанид 150,000,000 төгрөгийн гэм хор учруулсан гэж тайлбарлахдаа “Э” ХХК-ийн эд хөрөнгө худалдан авах захиалгын дагуу мөнгөн хөрөнгийг холбогдох этгээдрүү шилжүүлэх үйлдлийг хариуцагч Д.У зохих журамд нийцүүлэн хийсэн боловч захиалгуудыг буцаах, буцаасан мөнгөн хөрөнгийг “Э” ХХК-д бус, хамааралгүй бусад этгээд, эсхүл өөртөө шилжүүлэх зааврыг харилцагчид өгсөн, эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрсөн мөнгөн дүнг захиалгын дагуу харилцагч руу шилжүүлээгүй атал компанийн данснаас гаргуулсан зэргээр компанид хохирол учруулж гэм буруутай үйлдэл хийсэн гэх агуулгаар мэтгэлцсэн байна. Харин хариуцагч Д.У нь “Э” ХХК ба тус компанийн гадаад харилцагчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зохих журмаар шилжүүлсэн гэх боловч эдгээр мөнгийг буцаахдаа өөртөө, эсхүл өөрийн дансанд аваагүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул гэм буруугүй гэж маргасан байна.
15. Хоёр шатны шүүх хариуцагч Д.У нь төлбөр хариуцах гэрээнд гарын үсэг зурж, 150,000,000 төгрөгийн хохирол учруулснаа зөвшөөрсөн тул түүний гэм буруу тогтоогдсон гэсэн адил агуулгатай дүгнэлт хийсэн.
Гэвч төлбөр барагдуулах хэлцэл хийх үндэслэл болж буй, компаниас хариуцагчид хүргүүлсэн албан шаардлагаас үзвэл түүнийг “хорих төрлийн ялтай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон”, “ажилтны ширээнээс гэмт хэрэгтний ширээнд шилжинэ” гэх мэт үг хэллэг хэрэглэсэн айлган сүрдүүлсэн агуулгаар харилцаж байсан нь илэрхий байх тул дээрх хэлцэлд гарын үсэг зурсан нь дангаараа ажилтны гэм бурууг тодорхойлох баримт болох үндэслэлгүй. Энэ нөхцөл байдлыг харгалзалгүй дан ганц төлбөр барагдуулах гэрээнд суурилан ажилтны гэм буруу тогтоогдсон гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай.
16. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Э” ХХК-тай гэрээ байгуулах гадаад харилцагчийг хариуцагч Д.У бусдаас хамааралгүйгээр олж тогтоон, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тэдгээртэй компанийн өмнөөс харилцаж байжээ. Хэрэгт гадаад харилцагчруу мөнгө шилжүүлэх үйлдлийг компанийн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хийж байсан талаарх баримт байх боловч энэ төлбөрөө буцаан шаардах үедээ удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл авч байсан нь тогтоогдсонгүй. Түүнчлэн Д.У-ыг ажиллаж байх хугацаанд түүний сонгож харилцсан гадаад харилцагчидтай Д.Уас өөр этгээд шууд харилцаж байсан гэх баримт авагдсангүй, талууд ийм агуулгаар мэтгэлцээгүй. Хавтаст хэргийн 49, 53, 173, 175 дүгээр талд авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч Д.У шилжүүлсэн төлбөрөө өөрөө буцаан шаардсан, 146, 205, 225, 243 дугаар талуудад авагдсан баримтаас үзвэл гэрээний дагуу “Э” ХХК-аас төлбөл зохих төлбөрийг гэрээний нөгөө тал болох тодорхой этгээдэд шилжүүлээгүй нь тогтоогдсон байна.
17. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч Д.У зарим гүйлгээгээр шилжүүлсэн төлбөрийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр буцаан шаардах замаар, зарим гүйлгээний хувьд гэрээ байгуулсан талд төлбөрийг шилжүүлээгүй байдлаар нэхэмжлэгч “Э” ХХК-д хохирол учруулсан үйлдэлд гэм буруутай гэж дүгнэх үндэстэй байна. Хариуцагч Д.У нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу дээрх үйлдэлд гэм буруугүй болохоо нотолж чадсангүй.
18. Хэрэгт авагдсан баримтаас хариуцагч Д.У 2022.04.25-ны өдрөөс 2023.06.06-ны өдрийн хооронд нийт 8 удаагийн захиалга хийж гэрээ байгуулсан байх ба эдгээрээс 3013218399 харилцагчийн дугаартай 1500 юань, 3012913216 дугаартай 4400 юань, 3013597849 дугаартай 57000 юаны дүнтэй гүйлгээнд хамаарах худалдах-худалдан авах гэрээг “Ю” ХХК (2 удаагийн гүйлгээ), “Ю Ш” ХХК-ийн өмнөөс шилжүүлсэн нь тогтоогдож байх тул эдгээр компанид холбогдох хохирлыг “Э” ХХК шаардах үндэслэлгүй гэж үзэн ажил олгогчид учруулсан хохирлоос хасаж тооцох нь зүйтэй.
Харин дээрх 8 удаагийн гүйлгээнээс үлдэх 5 удаагийн гүйлгээ нь “Э” ХХК-ийг төлөөлөн бусадтай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний хэрэгжилтээс үүдэлтэй хохирол байна.
19. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Д.У-ын заавраар, компанийн зөвшөөрөлгүй харилцагчаас буцаасан мөнгөн төлбөр, компаниас шилжүүлсэн боловч харилцагчид хүрээгүй мөнгөн дүнгээр хариуцагч Д.У-ынкомпанид учруулсан хохирлыг тодорхойлж байхаас гадна компанийн банкнаас авсан зээлийн хүүд суурилсан зардал, олох байсан ашиг, алдагдал гэх нэмэлт хохирол тодорхойлсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т Ажилтны учруулсан хохирлын хэмжээг ажил олгогчийн эд хөрөнгөд учирсан бодит хохирлоор тодорхойлох бөгөөд олох байсан орлогыг үүнд оруулан тооцохгүй гэж заасантай нийцсэнгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдол үндэстэй.
“Ю” ХХК, “Ю Ш” ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд хамаарах 3 гүйлгээнээс бусад 5 гүйлгээг хариуцагч Д.У хөдөлмөрийн гэрээний чиг үүргийн хүрээнд ажил олгогч “Э” ХХК-ийн өмнөөс хийсэн байх ба эдгээр гүйлгээний дүнг хавтаст хэргийн 40-248 дугаар талд авагдсан баримтын үндсэн дээр тооцвол 47,740,345 төгрөг болжээ. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т заасан бодит хохиролд хамаарах бөгөөд мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заасан үүргээ биелүүлэхийг ажилтнаас шаардах эрх ажил олгогчид үүснэ. Нэхэмжлэгчийн тодорхойлсон бусад хохирлууд нь дээр дурдсан зүйл, заалтад заасан ажил олгогч “Э” ХХК-д учирсан бодит хохиролд хамаарахгүй. “Ю” ХХК, “Ю Ш” ХХК-д учирсан хохирлыг “Э” ХХК шаардах эрх Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу үүсэхгүй.
20. Нэхэмжлэгч “Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хариуцагч Д.У-ын байгуулаагүй гэрээ, эсхүл хийгээгүй гүйлгээнд хамаатуулан тодорхойлсон байх ба энэ тухайд 5 төрлийн захиалгыг дурдсан байна. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэн хохирол нэхэмжлэх тохиолдолд байгууллагад орох байсан эдийн засгийн ашиг хэлбэрээр хохирол нэхэмжлэх үндэслэлгүй бөгөөд энэ үндэслэлээр хийгээгүй гүйлгээтэй холбоотой хохирол, компанийн банкнаас авсан зээлийн хүүд суурилсан зардал, олох байсан ашиг, алдагдал гэх нэмэлт хохирол нь эдийн засгийн агуулга бүхий шууд бус хохирол байхын зэрэгцээ энэ төрлийн хохирол учирсан эргэлзээгүй тогтоогдохгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт дэх хэсэгт заасан аль ч үндэслэлээр шаардах боломжгүй.
21. Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагчид холбогдуулан нотариатын зардал 142,500 төгрөг, орчуулгын зардал 2,005,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу гаргуулах үндэстэй гэж дүгнэжээ. Хоёр шатны шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээ буруу болжээ. Нотариатын зардал ба орчуулгын зардал нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол мөн. Гэвч энэ хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгийг бус, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг үндэслэн хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2, 133 дугаар зүйлийн 133.1-д заасан хохирол нь ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүйтэй шууд холбоотой хохирол бөгөөд нотариатын болон орчуулгын зардал нь бодит хохирол хэдий ч хөдөлмөрийн гэрээний үүрэгтэй холбоогүйгээр ажил олгогчид учирсан хохирол тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг баримталбал зохино.
22. Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд алданги тооцсон байх ба хоёр шатны шүүх алдангийн зохих хувийг зохигчийн хооронд 2023.05.10-ны өдөр байгуулсан, 23/01 дугаартай Төлбөр барагдуулах гэрээнд үндэслэн гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хяналтын шатны шүүхээс тус дүгнэлтийг залруулж, сөрөг нэхэмжлэлийг хангасан үндэслэлээр алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
23. Хариуцагч Д.У Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэл тогтоогдож байна. Учир нь гэрээ байгуулсан тухайн өдөр нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч Д.У, түүний эцэг, эхэд шаардлага хүргүүлсэн тухай баримт хавтаст хэргийн 115 дугаар талд авагджээ. Тус шаардлагад “... байгуулагад онц их хэмжээний хохирол буюу одоогийн байдлаар ойролцоогоор 200,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдоод байна. ... Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйл. Хөрөнгө завших: Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж, үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ... Ажилтны ажлын ширээнээс гэмт хэрэгтний ширээнд шилжүүлэхийг урьтал болгохыг хүссэнгүй.” гэх зэргээр дурдсан бөгөөд тус албан бичиг дэх Эрүүгийн хуулийн дээрх зүйл, заалтыг дурдсан хэсгээс хорих ялын хамгийн өндөр хэмжээг дурдсан хэсгийг тодруулан тэмдэглэжээ. Энэхүү албан бичгийг хүлээн авсан тухайн өдрөө зохигч Төлбөр барагдуулах хэлцлийг байгуулсан байх ба ажилтанд үйлдлийнхээ талаар нягтлах, өөрийн тооцооллыг хийх бодит боломж олгосон гэж үзэхээргүй байна.
24. Хариуцагч нь тэдгээрийн хооронд байгуулсан 23/01 дугаартай Төлбөр барагдуулах гэрээг хүсэл зоригийн дутагдалтай гэж үзэн хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэстэй. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүн, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзэхээр заасан байна. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн албан тушаалтнууд хариуцагч Д.Утай түүний гаргасан гэм буруутай үйлдлийн талаар харилцахдаа өөрийн итгэл үнэмшлийг илэрхийлэх эрхтэй боловч эрүүгийн хэргийн гэм буруугийн байдал эргэлзээгүй тогтоогдсон мэт ойлгуулж, шийтгэгдэж болзошгүй ялын хамгийн хүнд хэлбэрийг онцгойлон дурдаж, хариуцагчид төдийгүй түүний эцэг, эхэд хандан дээрх үг үсэг бүхий албан шаардлагыг хүргүүлэх нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасан нөхцлийг бий болгожээ.
Иймд энэхүү албан шаардлагын үндсэн дээр байгуулсан төлбөр барагдуулах гэрээ нь хүч хэрэглэж байгуулсан гэрээний төрөлд хамаарахаар байна.
25. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т Хүч хэрэглэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд нь уг хэлцэл хийснээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй талаар заасан. Зохигч хэлцлийг 2023.05.10-ны өдөр байгуулсан байх ба хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2023.04.22-ны өдөр нэхэмжлэгчид холбогдуулан гаргасныг хуульд заасан хугацааны дотор шаардлага гаргасанд тооцох үндэстэй.
26. Дээр дурдсанчлан хүчин төгөлдөр бусд тооцогдох хэлцлийн үндсэн дээр тохирсон алдангийн төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
27. Эдгээр үндэслэлээр хариуцагч Д.Уас 49,887,845 /47,740,345+142,500+2,005,000/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 158,509,655 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2023.05.10-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/01623 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/02321 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Уас 49,887,845 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 158,509,655 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг,
“Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу 2023.05.10-ны өдрийн 23/01 дугаартай Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Д.У-ын нэхэмжлэгч “Э” ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “1,018,687” гэснийг “407,389” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.У нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.09.13-ны өдөр 1,018,700 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА