Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2021/00057

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2021/00057

Улаанбаатар хот

 

11 181/ШШ2021/00057

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 7/1 өөрийн байранд байрлах, Төрийн банк ХХК /РД:5341469/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10/2-21 тоотод байрлах, Жи Эм Эс Эс ХХК /РД:5338255/-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 4-р байр 41 тоот хаягт оршин суух, Олхонууд овогт Сумьяагийн Отгонсүрэн /РД:ХВ59110869/

Гэрээний үүрэгт 1,941,318,757.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Жи Эм Эс Эс ХХК болон Төрийн банк ХХК нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 162 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний иргэн С.Отгонсүрэнгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамжны 51 дүгээр байрны 2-р орцны 2112 тоот 56.8 мкв орон сууц болон В1 давхрын 05 тоот автомашины зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцааны гэрээнээс дээрх орон сууц болон авто зогсоолыг чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содномцэрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Хандмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банк 2014 оны 5 дугаар сарын 21-ны өдөр 162 тоот Барилгын санхүүжилт-ийн зориулалттай зээлийн гэрээг Жи Эм Эс Эс ХХК, компанийг төлөөлж ерөнхий захирал ажилтай Бадамсамбуу овогтой Гантөмөр, гүйцэтгэх захирал ажилтай Цэрэнсодном овогтой Мөнхбаатар нартай байгуулан 2,500,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэйгээр олгосон. Мөн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 162/3 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан байдаг.

Зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, Дүнжингарав гудамж 51 тоот хаягт байрлах 634.14 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206029925 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсан, Дүнжингарав гудамж 51 тоот хаягт байрлах 14100 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206024797 дугаартай багш, ажилчдын орон сууцны зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, Зайсангийн ам 0,2628 га ашиглах эрхтэй газрыг тус тус барьцаалсан.

Зээлдэгч компани 2009 онд Б.Гантөмөр, Ц.Мөнхбаатар нарын 2 гишүүнтэйгээр байгуулагдсан. Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, Дүнжингарав гудамж 51 тоот хаягт байрлах 188 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж байхдаа буюу 80 хувийн гүйцэтгэлтэй барилгынхаа ажлыг бүрэн дуусгах зорилгоор зээл хүсэж авсан. Зээлийн хөрөнгөөр гадна тохижилт, дотор цахилгааны ажил, дотоод холбоо, автоматикийн ажил, дотор сантехникийн угсралт, гаднах дулаалга, бохирын ажил, гадна цахилгаан зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр тооцож байсан.

Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт дутаагүй боловч хүлээгдэж байсан орлогыг өөр төсөл хөтөлбөрт зарцуулсан, тооцоолол алдсан, улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн, компанийн удирдлагын санхүүгийн сахилга бат муу зэрэг олон шалтгаанаар зээл төлөгдөхгүй хугацаа хэтэрсээр 2016 оны 3 дугаар сарын 30-ний өдөр Төрийн банкны ТААлба буюу хугацаа хэтэрсэн зээлийн өр, төлбөр барагдуулдаг нэгжид шилжсэн бөгөөд хамгийн сүүлд 50,000,000 /тавин сая/ төгрөгийн төлөлтийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хийсэн муу ангилалтай байна. Хариуцагч компанийн үүсгэн байгуулагч, захирлууд нь Зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд төлбөр барагдуулах гэрээ, амлалт, хүсэлтийг удаа дараа өгч байнгын холбоотой байсан. Гэвч тэдний банкинд өгсөн амлалт, хугацаатай авсан үүргүүд нь биелээгүй.

Банкны зүгээс уг зээлийг төлүүлэхээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байгаа боловч тодорхой үр дүн гараагүй байна. Тухайлбал компанийн хүсэлтийг судлан үзэж зохих шийдвэрүүдийг холбогдох хороогоор хэлэлцүүлэн гаргуулж байсан. ТААлбаны мэргэжилтэн нь зээлдэгч Жи Эм Эс Эс ХХК-ийн 2 захирал, ня-бо, хуульч зэрэг ажилтнуудтай олон удаагийн давтамжтайгаар утсаар холбогдох, хаягаар очиж уулзах, дуудаж биечлэн уулзах зэргээр байнга харилцсан байдаг. Ингэхдээ уулзалтын тэмдэглэл, утсаар ярьсан тэмдэглэл, зээлдэгчийн хүсэлт, тайлбар зэргийг албан тоотоор авдаг. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар Зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 841,143.54,1.72 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүүгийн үлдэгдэл 919,557,992.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 180.617,222.70 төгрөг, нийт 1.941.318.757.20 төгрөг байна.

Иймд хариуцагч Жи Эм Эс Эс ХХК-иас зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1.941.318.757.20 төгрөгийг гаргуулан Төрийн банкинд олгуулж өгнө үү. Зээлдэгч Шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээнд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жи Эм Эс Эс ХХК нь 2014 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуулийн багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх зорилгын хүрээнд нэгж талбайг 700,000 төгрөгөөр барьж ашиглалтад оруулах гэрээг байгуулсан. Тухайн үед 700,000 төгрөгөөр Хан-Уул дүүрэгт нэгж талбай байгаагүй. Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд 2,5 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийг Төрийн банк ХХК-иас зээлсэн. Төслийг хэрэгжүүлэх явцад ам.долларын төгрөгтэй харилцах ханш унасан зэргээс шалтгаалан алдагдалтай ажилласан.

Зээлийн гэрээний үүргээ бол бүрэн биелүүлж чадаагүй. Уг асуудлыг шийдвэрлэхээр Төрийн банк ХХК-д нэг бус удаа хандаж, энэ асуудлыг хамтарч барагдуулж шийдвэрлэе гэдэг хүсэлтийг тавьсан. Гэрээ маань 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр анх байгуулагдаж, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон. Төрийн банк ХХК-ийн зүгээс нэг удаа 3 сараар сунгасан. Одоо нэхэмжилж байгаа Төрийн банк ХХК-ийн 1,941,318,757.20 төгрөгийг манайх хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл зээл маань 1 жилийн хугацаатай, банк, компанитай зээлийн гэрээг 2014 онд байгуулж, 2015 онд хугацаа дуусгавар болсон. Албан ёсны зээлийн гэрээ 5 жил, 2 сарын өмнө дуусгавар болсон. Гэтэл Төрийн банк ХХК 2020 оны 03 сард шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Энэ 5 жилийн хуримтлагдсан хүү, одоогийн нэхэмжилж байгаа 1,941,318,757.20 төгрөг юм.

Төрийн банк ХХК-ийн шаардах эрх үүссэн хугацааг шүүх тогтоовол, тэр хугацаанаас хойшхи хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Шаардах эрхээ Төрийн банк ХХК яагаад хэрэгжүүлээгүй гэдэг асуудал байна. Тэгэхээр зээлийн гэрээний хугацаа дууссанаар шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд яагаад нэхэмжлэлээ гаргаагүй юм. Энэ нь 3 нотлох баримтаар батлагдаж байгаа. 1. Зээлийн гэрээний хугацаа нь дуусгавар болсон.

2. Төлбөр барагдуулах хэлцэл гэж байгаа, энэ болохоор 2017 оны 06 сард Төрийн банк ХХК, Жи Эм Эс Эс ХХК хоёр хэлцэл хийсэн. Үүний 6-р зүйлд зааснаар Төрийн банк ХХК 1 сарын дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргах бүрэн эрхтэй болсон. Хэрвээ төлбөрөө төлж чадахгүй бол шүүхэд хандана гэж тодорхой заасан.

3. Хоорондоо харилцсан мэдэгдлүүдийг өгч явагдсан. Албан бичиг, хүсэлтүүдээр аль нэг тал нь зээлийн гэрээг цуцлах үндэслэл бүрэн нээлттэй байсан. Үүнийг Төрийн банк ХХК шийдвэрлээгүй. Шаардах эрхээ цаг тухайд нь хэрэгжүүлээгүй хугацааг зориудаар өнгөрөөж, хуримтлагдсан хүү, ирээдүйд хуримтлагдсан хүүг Жи Эм Эс Эс ХХК-д дарамт учруулж байгаа нь Төрийн банк ХХК-ийн үйл ажиллагаанаас шууд харагдаж байна.

72 айлын гэрчилгээг барьцаалж, компанийн эсрэг ашигласан гэж үзэж байна. 634.14 м.кв-ыг нэмэлтээр авсан. Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэмэлтээр авахдаа 97 айлыг барьцаанаас чөлөөлөх амлалтдаа хүрээгүй. Энэ нь гэрээндээ нэмэлт барьцаалбал гээд байж байна. Компаниас шаардаж, хүсэж байгаа 634.14 м.кв-аар шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банк ХХК, Жи Эм Эс Эс ХХК-д холбогдуулж 1,941,318,757.20 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаад, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ гаргасан шаардлагын үндэслэл нь Төрийн банк ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 162 тоот зээлийн гэрээ, мөн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 162/3 тоот гэрээний үндсэн дээр барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасан. 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 162 тоотоор энэ өдөр барьцааны гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгч гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гарсан нв дараах байдлаар үндэслэлгүй.

1. Гуравдагч этгээд өмчлөгч нь тогтоогдсон хүчин төгөлдөр, шүүхийн шийдвэр гарчихсан. Яагаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэхээр 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ 12 сарын хугацаатай байсан. Дахиад зээлийн гэрээгээ 3 сараар сунгасан. Үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээ сунгасан үед гэрээний гол нөхцөлийг өөрчилж, үндсэн гэрээ нь дуусгавар болсон. Үндсэн гэрээний үүрэг дуусгавар болоход нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэл дагаад дуусгавар болдог.

2. Гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил байдаг. Энэ 3 жилийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэгч тал хэтрүүлсэн. Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн учраас зээл төлөх болон зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 162/3 тоот гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгасан. Үүгээр үндсэн гэрээний хугацаа дуусгавар болж байна. Нэмэлт гэрээний хугацаа буюу барьцааны хамгийн анх байгуулсан гэрээний хугацаа анхны гэрээний хугацааг дагаад дуусгавар болсон. Энэ нэхэмжлэлийг гаргах хууль зүйн үндэслэлгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг яаж гаргадаг талаар нарийвчлан хуульчилж өгсөн.

Үндсэн гэрээний хугацаа дуусгавар болоод дараа нь 3 сараар сунгасан. Сунгахдаа зээлийн гэрээний заалтын 2-т бичсэн. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 162/3 тоот гэрээний 2 дугаар заалтаар энэхүү нэмэлт гэрээ нь барьцааны гэрээний салшгүй хэсэг болно гэсэн, гэтэл Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд барьцааны гэрээг заавал бичгээр байгуулдаг. 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 162 тоот зээлийн гэрээг бичгээр хийсэн гэрээ байхгүй. Дахиад сунгахдаа 162/2 гэсэн барьцааны гэрээ байгуулсан. Тэр гэрээ нь бидний маргаан бүхий байрны дуусаагүй барилгууд ороогүй, зөвхөн орон сууцны үйлчилгээний зориулалттай 600 хэдэн сая төгрөгөөр үнэлсэн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан хэрэгт авагдсан. Үүгээр юу харагдаж байна гэхээр хамгийн анхны 162 тоот барьцааны гэрээ дуусгавар болсон. Нэмэлт гэрээ байгуулахдаа орон сууцны үйлчилгээний зориулалттай ганцхан тэрийг барьцаалсан болохоор 162 тоот гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийн барьцаа шаардах эрх үүсээгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгийг үүнтэй холбоотой барьцаалах эрхтэй боловч гэрээг байгуулахдаа гуравдагч этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд тусгайлан заасан бол зөвшөөрлийг авна гэж заасан. Хавтаст хэрэгт хариуцагчийн хариу тайлбар авагдсан байгаа.

Зээлийг тухайн үед хүсэхдээ, байрны мөнгө төлсөн этгээдүүдийн жагсаалтыг хавсаргаж өгч байсан гэж хариу тайлбарт байна. Эндээс юу харагдаж байна гэхээр гуравдагч этгээдийн шаардлага байгааг банкинд мэдэгдэж байсан байна. Банк хуульд заасан үүргээ биелүүлээд, энэ эрх бүхий этгээдүүдээс зөвшөөрөл авах шаардлагыг хангаагүйгээр барьцааны гэрээг бүхэлд нь Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ нь Барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. дэх хэсэгт заасан хуульд заасан журмын дагуу зөвшөөрлийг аваагүй, хуульд заасан журмаар энэ барьцааны гэрээг байгуулаагүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Тийм учраас тухайн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь хуульд заасан үндэслэлээр байгуулсан байж, барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах ёстой байтал хуульд заасан бичгээр байгуулаагүй зөрчсөн учраас хүчин төгөлдөр бус барьцааны гэрээ байгуулсан. Тийм учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагадаа: Иргэн С.Отгонсүрэн нь 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр "Жи Эм Эс Эс ХХК-тай 140/2-112 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамжны 51 дүгээр байр, 2 дугаар орцны 2112 тоот 56,8 м.кв орон сууцыг 82,360,000 төгрөгөөр, В1 давхрын 05 тоот автомашины зогсоолыг 20,000,000 төгрөгөөр нийт 102,360,000 төгрөгөөр хамт захиалсан. Ингээд орон сууц болон автомашины зогсоолын төлбөр төлөх үүргээ 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүрэн биелүүлж, Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар орон сууцыг хүлээн авч эзэмшиж ашиглаж байгаа болно.

Төлбөрөө төлж, орон сууцанд нүүж орсны дагуу Жи Эм Эс Эс ХХК-иас орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч С.Отгонсүрэнгийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг орон сууц болон авто машины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүх 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/02335 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өмчлөгчөөр тогтоосон. Ингэж өмчлөгчөөр тогтоогдсоны дараа улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар очих үед миний өмч хөрөнгөөр баригдаж, 2012 оны 11 дүгээр сарын 28-ны дүгээр сард өмчлөх эрх нь үүссэн үл хөдлөх эд хөрөнгийг Жи Эм Эс Эс ХХК нь хууль бусаар өөрийн нэр дээр бүртгүүлж, Төрийн банк-ийн зээлийн барьцааны гэрээнд барьцаалуулсан байх тул "Жи Эм Эс Эс ХХК болон Төрийн банк ХХК нь хууль ёсны өмчлөгчид нь мэдэгдэж, зохих зөвшөөрөл авалгүйгээр 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 162 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, миний өмч хөрөнгийг барьцаалсан байсныг мэдсэн.

Гэтэл С.Отгонсүрэн Жи Эм Эс Эс" ХХК-ийн өмнө аливаа үүрэг хүлээгээгүй, Жи Эм Эс Эс ХХК болон Төрийн банк ХХК-ийн хооронд үүссэн зээлийн харилцаанд огт хамааралгүй бөгөөд миний өмч хөрөнгийг дээрх Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь гуравдагч этгээд С.Отгонсүрэн болон Жи Эм Эс Эс ХХК-ийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 140/2-112 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний Тавдугаар бүлгийн 5.1.4-т Захиалагчийн захиалсан орон сууцыг гэрээний хугацааны турш гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй барьцаалахгүй байх үүрэгтэй бөгөөд барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгнө гэж тохирсон.

Гэтэл Жи Эм Эс Эс ХХК нь гуравдагч этгээд С.Отгонсүрэнг орон сууцандаа орж, засвар үйлчилгээ хийж, амьдран сууж, мөнгө төгрөгөө бүрэн төлснийг мэдсээр байж, уг орон сууцанд 80 хувийн дуусгаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан, улмаар гэрээний 5.1.4 дэх заалтаар хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж бусдад буюу Төрийн банк ХХК-ийн барьцаанд тавьж зээл авсан байна.

Мөн Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-ний Тавдугаар бүлгийн 5.2.4-т Гэрээгээр тохирсон төлбөрийг графикийн дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлж дууссанаар орон сууцны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй гэж харилцан тохирсон. Үүний дагуу С.Отгонсүрэнгийн Жи Эм Эс Эс ХХК-тай байгуулсан гэрээний 4.3-т заасан орон сууц захиалгаар бариулах гэрээний төлбөр болох 102,360,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлж, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан.

Төлбөр төлсөн байдлыг харуулбал:

1. 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 83,820,000 төгрөгийг

2. 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөгийг

3. 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 15,540,000 төгрөг нийт 102,360,000 төгрөгийг тус тус Жи Эм Эс Эс ХХК-д төлсөн.

Ийнхүү С.Отгонсүрэн гэрээний үүргээ 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бүрэн биелүүлж дууссан тул гэрээний 5.2.4-т зааснаар орон сууц нь захиалагч С.Отгонсүрэнгийн өмчлөлд шилжих бөгөөд Жи Эм Эс Эс" ХХК-д гэрээний 5.1.4-т зааснаар өмчлөлийн гэрчилгээ болон холбогдох бичиг баримтыг захиалагч С.Отгонсүрэнд саадгүй гаргаж өгөх үүрэг үүссэн юм.

Гэтэл Жи Эм Эс Эс ХХК өөрийн өмчлөлд бүртгэлтэй, 80%-ийн гүйцэтгэлтэй барилгыг захиалагч С.Отгонсүрэнгийн өмчлөлд шилжүүлэлгүй гуравдагч этгээд болох "Төрийн банк" ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсэн нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дугээр зүйлийн 11.1.9-д заасан барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх-ийн талаар тусгана гэснийг, мөн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн турээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талазр барьцаалагчид бичгээр мэдэгдэх..." гэснийг болон Иргэний хуулийн 157 дугаар зуйлийн 157.6.2-т заасан барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх шаардлагыг тус тус зөрчсөн байна.

Мөн барьцаалагч Төрийн банк ХХК-ийн хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт..-ыг бүрдүүлнэ, 23.4-т эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн эттээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлээг, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдап, үнэ, чанар зэргийг бичнэ гэсэн заалтыг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзээгүйгээс ззэлийн барьцаанд барьцаалсан хөрөнгө нь гуравдагч этгээд С.Отгонсүрэн миний эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн хэлцэл байгуулсан байна.

Иймээс Жи Эм Эс Эс ХХК болон Төрийн банк ХХК нь С.Отгонсүрэнгийн өмчлөлийн эд хөрөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр барьцаалсан дээрх үйлдэл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, түргэн борлогдох бараа материал, унэт эдлэл, үнэт цаас болон зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгө байж болно" гэж заасныг зөрчиж, иргэн миний эрх ашгийг ноцтой хохироосон үйлдэл хийжээ.

Иймд Төрийн банк ХХК, Жи Эм Эс Эс ХХК-иудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 162 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний иргэн С.Отгонсүрэнгийн өмчлөлийн ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамжны 51 дүгээр байр, 2 дугаар орцны 2112 тоот 56,8 м.кв орон сууц болон В1 давхрын 05 тоот автомашины зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хэлцлийн тухайн хэсэг хүчин төгөлдөр бус юм.

Тиймээс Төрийн банк" ХХК, Жи Эм Эс Эс ХХК-иудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул С.Отгонсүрэнгийн өмчлөгчөөр тогтоогдсон ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамжны 51 дүгээр байр, 2 дугаар орцны 2112 тоот 56,8 м.кв орон сууц болон В1 давхрын 05 тоот автомашины зогсоолыг барьцааны хөрөнгө гэж үзэхгүй бөгөөд уг хүчин төгөлдөр бус хэлцэл болох барьцааны гэрээнээс чөлөөлөхийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Отгонсүрэн шаардах эрхтэй гэж үзэж байгаа тул бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Компанитай байгуулсан гэрээний асуудал яригдаж байна. Тэр бол Улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуульд зааснаар өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тодорхойлдог. Хэний өмч юм бэ гэдгийг, тухайн зээл авах үед маргаан бүхий орон сууцны барилга бол 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн гэрчилгээтэй, Жи Эм Эс Эс ХХК-ийн нэр дээр байсан.

Банк бол Улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж зээлийг олгосон. Тэр захиалагч иргэдийн захиалагч гэдэг дээр бол 80 хувийн гүйцэтгэлтэй, 20 хувийн дутуу байгаа учраас захиалагчийн жагсаалт нь банкинд орж ирдэг. Тэр нь ямар учиртай вэ гэхээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 80 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээг даргынх нь сейфэнд хүчингүйд тооцож тамга дараад хадгалдаг. Компаниас бичиг ирээд энэ оршин суугч байрны төлбөрийг төлсөн. Ийм хүмүүсийн гэрчилгээг гаргаж өгнө үү гэсэн албан тоотыг үндэслэж чөлөөлж явдаг.

Төрийн банк ХХК тухайн Жи Эм Эс Эс ХХК-ийн өмч, тэр захиалагч иргэд, компани хоорондын асуудал тусдаа харилцаа, одоо шүүхийн шатанд хүрсэн учраас шүүхээр тогтоолгох нь зөв гэж бодож байна. Өөр тайлбар байхгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Компани айлуудын захиалгыг авч, барилга байшингаа барьсан. Барилгаа дуусгахын тулд үл хөдлөх хөрөнгө барилга маань өөрөө компанийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлжээд үүнийг барьцаалж зээл авсан. Гэхдээ энэ барьцаа маань өөрөө зээл авснаас илүү барьцаа тавьсан зүйл байдаг. Одоо энэ асуудлыг шүүхийн журмаар шийдээд явах нь зөв байх гэж бодож байна. Ямар ч байсан айлуудыг чөлөөлж өгөх бол уу гэж бодоод байна. Өөр тайлбарлах зүйл байхгүй гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Жи Эм Эс Эс ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,941,318,757.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад

Гуравдагч этгээд С.Отгонсүрэн Жи Эм Эс Эс ХХК болон Төрийн банк ХХК-ийн хооронд 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 162 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний иргэн С.Отгонсүрэнгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамжны 51 дүгээр байрны 2-р орцны 2112 тоот 56.8 мкв орон сууц болон В1 давхрын 05 тоот автомашины зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцааны гэрээнээс дээрх орон сууц болон авто зогсоолыг чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах тухай бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Жи Эм Эс Эс ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн дүнгийн үндсэн зээлийн үлдэгдэл болох 841,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад хүү, алдангийг болон зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 841,143,541.72 төгрөг, хураимтлагдсан хүүгийн үлдэгдэл 919,557,992.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 180,617,222.70 төгрөг, нийт 1,941,318,757.20 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч Жи Эм Эс Эс ХХК нь нэхэмжлэгч Төрийн банк ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 21-ны өдөр 162 тоот зээлийн гэрээг байгуулан, Барилгын санхүүжилтийн зориулалтаар, 2,500,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар авсан боловч 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 162/3 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, 162 тоот зээлийн гэрээний 2.1.6 болон 2.2.1 дэх заалтыг ...зээлийг 3 сарын хугацаатай 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгав, ...зээл хүүний төлбөрийг энэ гэрээний Хавсралт 1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлнө, мөн нэмэлт гэрээ нь Талуудын хооронд байгуулсан ...162 тоот Зээлийн гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний салшгүй хэсэг байна. гэж заажээ./хх-ийн 12-14, 17-18 дахь талд/

Төрийн банк ХХК нь дээрх Зээлийн гэрээний дагуу Батлан даалтын 162/01, 162/02 тоот гэрээг Б.Гантөмөр, Ц.Мөнхбаатар нартай байгуулсан бөгөөд мөн 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 162 тоот Үл өдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хариуцагч Жи Эм Эс Эс ХХК-ийн ерөнхий захирал Б.Гантөмөр, гүйцэтгэх захирал Ц.Мөнхбаатар нартай байгуулж, Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж 51 тоот дахь 14100 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206024797 дугаарт бүртгэлтэй 000304942 тоот гэрчилгээтэй, ажилчдын байрны зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, Зайсангийн ам 0,2628 га ашиглах эрхтэй газрыг тус тус барьцаалсан байна./хх-ийн15-16, 19-22 дахь талд/

Мөн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 162/4 тоот барьцааны гэрээг Соёмбо групп ХХК-ийг төлөөлж захирал Б.Гантөмөр, хувь нийлүүлэгч Ц.Мөнхбаатар нар байгуулж, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, Дүнжингарав гудамж 51 тоот хаягт байрлах 634.14 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206029925 дугаарт бүртгэлтэй, 000450800 гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан ба зээл хүссэн өргөдөл, зээлдэгчийн анкет зэрэг баримтууд хэрэгт авагдсан, тухайн зээлийг өгсөн, авсан талаар зохигчид маргаагүй./хх-ийн 23-24, 36-44 дэх талд/

Хариуцагч тал Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон, төлбөр барагдуулах хэлцэл хийж, 6-р зүйлд зааснаар шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шаардах эрхээ цаг тухайд нь хэрэгжүүлээгүй хугацааг зориудаар өнгөрөөж, хуримтлагдсан хүү, ирээдүйд хуримтлагдсан хүүг Жи Эм Эс Эс ХХК-д дарамт учруулсан Төрийн банк ХХК-ийн үйл ажиллагаанаас болсон гэж тайлбарласан.

Зээлийн гэрээний талууд нь 2017 оны 06 дугар сарын 14-ний өдөр Төлбөр барагдуулах хэлцэл-ийг хийсэн ба 1. Жи Эм Эс Эс ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний байдлаар: үндсэн зээл-841,143,541.72 төгрөг, үндсэн хүү 423,278,696.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,361,364.40 төгрөг, нийт - 1,345,783,603.11 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2. Жи Эм Эс Эс ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны 17/70 тоот албан тоотод дурдсан дараах хуваарийн дагуу үндсэн зээлийг эхний ээлжинд төлж барагдуулна. 2017.05.31-ний дотор 50,000,000 төгрөг, 2017.06.30-ны дотор 100,000,000 төгрөг, 2017,07,31-ний дотор 150,000,000 төгрөг, 2017,08.31-ний дотор 200,000,000 төгрөг, 2017.09.30-ны дотор 250,000,000 төгрөг, 2017.10.31-ний дотор 141,143,541 төгрөг, 3. Энэхүү хэлцлийн 1-т заасан үндсэн зээлийн төлбөрийг төлж барагдуулсны дараа 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөрт багтаан хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулна. 4. Зээлийн төлбөрийн үндсэн зээлийн дүнд өөрчлөлт орохгүй бөгөөд үндсэн зээлийн төлөлтөөс хамааран 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөх хуримтлагдсан хүүний дүнд өөрчлөлт орж болно. 5. Зээлийн эргэн төлөлтийг энэхүү хэлцлийн 1-т заасан хугацаа, хувь хэмжээгээр төлсөн тохиолдолд 50,000,000 төгрөгийн эргэн төлөлт тутамд 120 мкв-аас ихгүй орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлнө. 6. Энэхүү хэлцлээр тохирсон зээл, хүүний төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол банк зээлийн төлбөрийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тохиролцсон байх боловч хариуцагч тухайн тохиролцоогоо биелүүлээгүй байна./хх-ийн 35 дахь талд/

Зээлийн болон барьцааны гэрээнүүд, төлбөр барагдуулах хэлцлийн талууд гэрээ, хэлцлийг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, барьцааны зүйлийг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээ, хэлцлийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, хэлцлүүд нь хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч нар биелүүлэх үүрэгтэй.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээхээр хуульд заасан тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нар зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хамаарна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасны дагуу нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч компанийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлөлт хийснээс хойш 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны дотор шаардах эрхтэй байна.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч тус шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байх тул шаардах эрхээ хрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу авсан 2,500,000,000 төгрөгөөс 1,658,660,297.28 төгрөгийг, үндсэн хүүнд 485,366,351.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,783,355.50 төгрөг, нийтдээ 2,155,810,004 төгрөгийг төлсөн боловч хамгийн сүүлд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй болох нь зохигч талуудын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдож байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, Зээлийн гэрээний 2.2.1-т Зээлдэгч үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг энэ гэрээний Хавсралт-1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлнө. Хавсралт-1 нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна, 2.2.5-д гэрээний хугацаа дууссан боловч Зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нь зээлдэгчээс гаргуулах төлбөрийн шаардлагыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 841,143,541.72 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 919,557,992.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 180,617,222.70 төгрөг, нийт 1,941,318,757.20 төгрөг гаргуулахыг шаардаж байна.

Гэрээний үүргийн дагуу тооцоолсон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх зээлийн гэрээний үүргийн төлөгдөөгүй үнийн дүнгийн тооцоололтой хариуцагч тал маргаагүй тул нэхэмжлэгчийн үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол нь гэрээгээр тохиролцсон хүүний хэмжээгээр тооцоологдсон, холбогдох тооцооллыг бичгийн баримтаар хавсаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэн гэрээний үүргийн дагуу гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнээд хариуцагч Жи Эм Эс Эс ХХК-иас 1,941,318,757.20 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, хариуцагч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж 51 тоот дахь 14100 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206024797 дугаарт бүртгэлтэй 000304942 тоот гэрчилгээтэй, ажилчдын байрны зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, Зайсангийн ам 0,2628 га ашиглах эрхтэй газар, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, Дүнжингарав гудамж 51 тоот хаягт байрлах 634.14 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206029925 дугаарт бүртгэлтэй, 000450800 гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

2. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд С.Отгонсүрэн нь Жи Эм Эс Эс ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 140/2-112 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, гэрээний зүйлийг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан -Соёмбот уулын хормойд Mountain view residence орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохирсон ба бэлэн мөнгөний орлогын баримт /15,540,000+83,820,000+ 3,000,000/-аар 102,360,000 төгрөг төлсөн, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/02335 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 51 байр, 2 дугаар орцны 2112 тоот орон сууц болон В1 давхрын 05 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр түүнийг тогтоож шийдвэрлэсэн байна./хх-ийн 112-120 дахь талд/

Жи Эм Эс Эс ХХК, С.Отгонсүрэн нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээний зүйл болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 51 тоот хаягт байршилтай 14100 мкв талбайтай Ажилчдын байрны зориулалттай, 80 %-ийн үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Жи Эм Эс Эс ХХК-ийн өмчлөлд Ү-2206024797 дугаарт бүртгэгдэж, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 000304942 дугартай гэрчилгээ олгогдсон, Төрийн банк ХХК, Жи Эм Эс Эс ХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 21-ны өдөр 162 тоот зээлийн гэрээ, 162 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр Төрийн банкны барьцаанд байгаа болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2019.05.09-ний өдрийн 11-1426942 дугаартай лавлагаа, өмчлөх эрхийн гэрчилгээ, Зээлийн болон барьцааны гэрээнүүд, зохигч талуудын тайлбараар нотлогдож байна. /хх-12-17, 37-38/

С.Отгонсүрэн нь Жи Эм Эс Эс ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан байхад уг гэрээний зүйл болох ажилчдын байрны зориулалттай орон сууцны барилгыг 80%-ийн гүйцэтгэлтэй байх үед нь хариуцагч Жи Эм Эс Эс ХХК нь Төрийн банк ХХК-д 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр барьцаалсан байх бөгөөд зээлээ төлөөгүйн улмаас тухайн барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөх боломжгүй гэх хариуцагч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзнэ.

Гуравдагч этгээд С.Отгонсүрэн нь бие даасан шаардлагын үндэслэлээ хариуцагч Жи Эм Эс Эс ХХК болон Төрийн банк ХХК нар уг орон сууцыг надад мэдэгдэлгүй зээлийн барьцаанд тавьсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дугээр зүйлийн 11.1.9-д заасан барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх-ийн талаар тусгана гэснийг, мөн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр мэдэгдэх", Иргэний хуулийн 157 дугаар зуйлийн 157.6.2-т заасан барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх гэснийг тус тус зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч Орон сууц захиалгын гэрээ 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан боловч уг орон сууцыг эзэмшилдээ хэдийд авсан үйл баримт тодорхойгүй байна.

Хариуцагч нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээний харилцаа үүсч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар уг барилгыг барьцаалсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

С.Отгонсүрэн нь хариуцагч Жи Эм Эс Эс ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан тухайн үед түүний гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан дүнжингаравын гудамж 51-р байрны 2-р орцны 2112 тоотод байрлах 56.8 мкв орон сууц бий болоогүй, С.Отгонсүрэнгийн эзэмшил, ашиглалтанд шилжээгүй байсан.

Хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэвэл, хариуцагч нар барьцааны гэрээ байгуулахаас өмнө Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар С.Отгонсүрэн худалдах худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, түүнд уг орон сууцыг өмчлөх эрх үүссэн гэх үйл баримт тогтоогдоогүй. Түүнчлэн С.Отгонсүрэн нь уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр улсын бүртгэлийн газарт холбогдуулан Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасан талаар баримт байхгүй байна.

Иймээс Жи Эм Эс Эс ХХК болон Төрийн банк ХХК нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж тооцож, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар бие даасан шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: нэхэмжлэгчээс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хоёр баримтаар урьдчилан төлсөн /9,864,544+70,200/ 9,934,744 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 739,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Жи Эм Эс Эс ХХК-иас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох 9,934,744 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Жи Эм Эс Эс ХХК-иас 1,941,318,757.20 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж 51 тоот дахь 14100 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206024797 дугаарт бүртгэлтэй 000304942 тоот гэрчилгээтэй, ажилчдын байрны зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, Зайсангийн ам 0,2628 га ашиглах эрхтэй газар, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, Дүнжингарав гудамж 51 тоот хаягт байрлах 634.14 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206029925 дугаарт бүртгэлтэй, 000450800 гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд С.Отгонсүрэнгийн хариуцагч Жи Эм Эс Эс ХХК болон Төрийн банк ХХК нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 162 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний иргэн С.Отгонсүрэнгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамжны 51 дүгээр байрны 2-р орцны 2112 тоот 56.8 мкв орон сууц болон В1 давхрын 05 тоот автомашины зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцааны гэрээнээс дээрх орон сууц болон авто зогсоолыг чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хурамжжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,934,744 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 739,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Жи Эм Эс Эс ХХК-иас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 9,934,744 төгрөгийг гаргуулан Төрийн банк ХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ