| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2018/02738/И |
| Дугаар | 001/ХТ2024/00280 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2024/00280
Т.Т-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/01749 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2024/01319 дүгээр магадлалтай,
Т.Т-н нэхэмжлэлтэй
О.Б-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.А,
Өмчлөлийн газраас 73 м.кв газрыг зөвшөөрөлгүй эзэмшсэнийг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Эзэмшлийн газартай давхцуулан өмчилж байгаа 113 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Т.Т нь О.Б-д холбогдуулан өмчлөлийн газраас 73 м.кв газрыг зөвшөөрөлгүй эзэмшсэнийг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг,
хариуцагч О.Б эзэмшлийн газартай давхцуулан өмчилж байгаа 113 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасныг зохигч, гуравдагч этгээд эс зөвшөөрч, маргажээ.
2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/01749 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Т-н өмчлөлийн *** дүүргийн ** хороо ** гудамж *** тоот хаягт байршилтай ********** нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-22********** дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 73 м.кв хэмжээ бүхий газрыг хариуцагч О.Б-н эзэмшлээс чөлөөлж,
хариуцагч О.Б-н өөрийн эзэмшлийн 400 м.кв газартай давхцуулан Т.Т-н хууль бусаар өмчилж байгаа 113 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч О.Б-н төлсөн 54,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 15,250 төгрөгийг гаргуулан улсын орлогод, 70,200 төгрөг, шинжээчийн зардалд 572,589 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас төлөгдөөгүй шинжээчийн зардалд 646,574 төгрөгийг гаргуулж шинжээч Газар зохион байгуулалт, геодези, газар зүйн газарт олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2024/01319 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/01749 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч О.Б-д холбогдох, *** дүүргийн ** хороо ** гудамж *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын ********** дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 73 м.кв хэмжээ бүхий газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Т.Т-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 54,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 15,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын төсөвт оруулж, шинжээчийн зардалд 609,581 төгрөгийг нэхэмжлэгчээс, 609,581 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан шинжээч ГЗ газарт олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.Б-с 2024 оны 06 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээд Ц.А-с 2024 оны 05 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.
4.1.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг хэрэглэн нэхэмжлэгчийг хөрөнгөө шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн ч давж заалдах шатны шүүх шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Т.Т-д газар өмчлүүлсэн Засаг даргын захирамж, кадастрын зураг хүчин төгөлдөр, шинжээчийн дүгнэлтээр түүний өмчлөлийн газар дээр бусдын байшингийн суурь 73 м.кв хэмжээгээр баригдсан гэж тогтоогдсон. ... Ж.А-н газрын маргаан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн ба НГ алба, кадастрын албатай хамт шалгасан боловч бусдын газартай давхацсан баримт байхгүй гэж үзсэн. Нөгөө талаар Ж.А-н газрын маргаанд Т.Т хэргийн оролцогч биш.
4.2.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.4-т заасныг зөрчсөн. Магадлалын хянавал хэсгийн 4.3 болон 5 дахь хэсэгт “...шаардах эрх үүсэхгүй” гэсэн байна. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.08-ны шийдвэр, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018.12.03-ны тогтоолд “НЗ даргаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд НЗ даргын 2003.10.03-ны өдрийн 413-р захирамжийн Ж.А-д холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн байна.
НЗ дарга нь тухайн үед шинэ акт гаргах талаар ажиллаагүй ба одоо шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэтэл хариуцагч О.Б, гуравдагч этгээд Ц.А нарт давхацсан газар байхгүй. Хэрэв О.Б, Ц.А нарт ЗД-ын хугацаа нь дуусаагүй, хүчин төгөлдөр захирамжаар эзэмшүүлсэн газар байгаад тэр газар нь Ж.А-н газартай давхацсан бол шүүхийн шийдвэрийг биелүүлж, давхацсан хэсгээр хүчингүй болгохоор НЗ дарга шинэ захирамж гаргах учиртай болохоос ямар ч Засаг даргын өмнөх захирамж дээр шүүхийн шийдвэрээс даваад давхацсан хэсэг гэж байхад Ж.А-д өмчлүүлсэн 700 м.кв газрыг бүхэлд нь хүчингүй болгосон гэсэн элдэв тэмдэглэгээ хийдэггүй юм. ЗДТГ-ын мэргэжилтний энэ үйлдэл нь хууль зөрчсөн, шүүхийн шийдвэрээс давсан, хууль бус үйлдэл байлаа.
Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Улсын дээд шүүхийн дээрх тогтоолоос давсан шүүхийн шийдвэр болсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.01-ний өдрийн 001/ШХТ2024/01283 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
7.Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч О.Б-д холбогдуулан өмчлөлийн газрын 73 м.кв талбай бүхий хэсгийг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь эзэмших эрхтэй 400 м.кв газартай нь давхацсан гэх 113 м.кв газрыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
8.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Т.Т-н өмчлөлийн *** дүүргийн ** хороо *** гудамж ** тоот хаягт байршилтай ********** нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-22********** дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 73 м.кв хэмжээ бүхий газрыг хариуцагч О.Б-н эзэмшлээс чөлөөлөн үндсэн нэхэмжлэлийг хангаж, харин сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Т.Т-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээжээ.
9.Шүүхүүд нэхэмжлэгч Т.Т-ыг маргаж буй газрын өмчлөгч мөн эсэх, шаардах эрхтэй эсэх талаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үр дагаврыг өөр өөрөөр дүгнэж, тухайлбал анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Т нь хууль ёсны өмчлөгч учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр маргаан бүхий газрын өмчлөх эрхийг анх Ж.А-д олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр хүчингүй болсон байх тул үүнтэй холбоотойгоор Ж.А-с Т.Б-д, Т.Б-с Т.Т-д шилжсэн газар өмчлөх эрх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийг үүсгэхгүй...” гэсэн дүгнэлтийг хийснээр зөрүүтэй шийдвэр гаргасан ба Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
10.Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу энэ талаар дүгнэх шаардлагагүй байна.
Хэрэгт байгаа баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.
10.1.Нэхэмжлэгч Т.Т нь 2018.10.22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр *** дүүргийн ** хороо *** гудамж ** тоот хаягт байршилтай ********** нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-22********** дугаарт бүртгэгдсэн өмчлөлийн газрыг төрсөн эгч Т.Б-с худалдан авч, 2018.12.22-ны өдөр өмчлөх эрхээ бүртгүүлсэн баримт хэрэгт авагджээ.
Уг газрын эзэмших эрх өмнө нь Ж.А-н нөхөр Д.Т-н нэр дээр 1996 онд олгогдсон 300 м.кв газрыг эзэмшүүлэх тухай “Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх”-ээр үүссэн ба үүний дараа НЗ даргын 2003.10.03-ны өдрийн 413 дугаар захирамжаар 700 м.кв газрыг (70а тоотын гэх) Ж.А-д өмчлүүлсэн, Ж.А нь 2010.02.21-ний өдөр нас барснаар охин Т.Б-д өвийн журмаар 2018.06.20-ны өдөр уг газрын өмчлөх эрх шилжсэн байжээ.
10.2.Түүнчлэн зэргэлдээ хөрш газраас 1995 онд Б.Ц-д 400 м.кв газрыг, О.Б-д 400 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхээр “Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх” тус тус олгогдсон байсан, дараа нь СБЗ даргын 2003.04.25-ны өдрийн “Иргэдийн газар эзэмших эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” 62 дугаар захирамжаар 400 м.кв газрын (70а тоотын гэх) эзэмших эрхийг Ц.А-н (Ц-н хүүхэд) нэр дээр олгож 2003.10.06-ны өдрийн 01******** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажуулсан, харин СБЗ даргын 2014.07.09-ний өдрийн А/335 дугаар захирамжаар О.Б-д 287 м.кв (*** тоотын гэх) газрыг эзэмшүүлж, эрхийн гэрчилгээ олгосон байна.
10.3.Дээрх баримтаас үзвэл хариуцагч О.Б нь 1995 оноос, харин нэхэмжлэгчийн ээж Ж.А нөхөр Д.Т-н хамт 1996 оноос эхэлж хөрш зэргэлдээ газрыг тус тус эзэмшсэн байх ба өмчлөх эрх бүхий нэгж талбарын ********** дугаар бүхий 700 м.кв (***а тоот) газраас гадна хэн нэгэнд эзэмших эрх үүсээгүй нэгж талбарын 18******** дугаар бүхий 264 м.кв (***б тоот) газрыг Ж.А-н нэр дээр, нэгж талбарын 18********54 дугаар 278.1 м.кв (7** тоот) газрыг О.Б-н нэр дээр тус тус нэмж газрын мэдээллийн санд бүртгэсэн, нэхэмжлэгч, хариуцагч нар аль аль нь хууль ёсны эзэмшил газраас гадна дээрх илүү газрыг эзэмшиж байгаа нь тогтоогджээ.(1хх 239)
11.Ц.А, О.Б нар НЗ даргад холбогдуулан “газар өмчлүүлэх тухай” 2003.10.03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А, Г.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаж, гуравдагч этгээдээр Т.Б, Г.Д нарыг оролцуулан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.08-ны өдрийн 128/ШШ2018/0486 дугаар шийдвэрээр “...хариуцагч НЗ дарга нь хэргийн нөхцөл байдал, холбогдох нотлох баримтуудад үндэслэн дахин шинэ акт гаргах хүртэл НЗ даргын 2003.10.03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А-д холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 (гурван) сарын хугацаагаар түдгэлзүүлж, “...шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд хариуцагч НЗ даргаас шинэ акт гаргаагүй тохиолдолд НЗ даргын 413 дугаар захирамжийн Ж.А-д холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болсонд тооцсугай” гэж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018.12.03-ны өдрийн 480 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.(1хх 20-33, 238-240)
Хяналтын шатны шүүхийн 480 дугаар тогтоолын хянавал хэсэгт “...Ж.А нь өөрийн нөхөр Д.Т-н (1997 онд нас барсан) 1996 оны 96642 дугаар “Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх”-ийг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг 2003.09.02-ны өдөр СБГ албанд, “***а тоотын 40х17.5 м харьцаатай 700 м.кв газрыг өмчлөн авах хүсэлт”-ийг 2003.09.20-ны өдөр мөн дүүргийн Засаг даргад, “***а тоотын газрын илүү 256 м.кв хэсэг газрыг хамтран амьдрагч Г.Д-д шилжүүлэх хүсэлт”-ийг мөн дүүргийн газрын албанд тус тус гаргасан, НЗ даргын 2003 оны 413 дугаар захирамжаар Ж.А-д ***а-ийн 700 м.кв, Г.Д-д ***б-ийн 256 м.кв газрыг тус тус өмчлүүлсэн, Г.Д-н 256 м.кв газар өмчлөх эрхийг “2 газар өмчилсөн” гэх үндэслэлээр НЗ даргын 2005 оны 330 дугаар захирамжаар хүчингүй болгосон, уг газрыг хэн нэгэн эзэмшиж, ашиглаагүй тул чөлөөтэй байгаа ба газрын мэдээллийн санд Ж.А-н нэр дээр мөн бүртгэлтэй...”, дээрх нөхцөл байдлаас үзэхэд, 1995, 1996 онд олгосон “цагаан” гэрчилгээний дагуу хэргийн оролцогчийн хэн аль нь тус тус гэрчилгээнд заасан газрыг эзэмших эрхтэй байхад Ж.А-д 700 м.кв газрыг өмчлүүлснээр бусдын газарт давхцуулсан, энэ тохиолдлын хувьд гэрчилгээнд зааснаас илүү газрыг өмчлүүлэх болсон захиргааны актын үндэслэл болон нэхэмжлэгч нарын хэнийх нь эзэмшлийн газарт аль хэсгээр ямар хэмжээгээр давхацсан нь тодорхойгүй, үүнийг шүүхээс тодруулж шалгах боломжгүй, иймд эдгээрийг хянаж, шалгах ажиллагааг захиргааны байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэсний үндсэн дээр дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж дүгнэжээ.
11.1.Уг шийдвэрийг биелүүлж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2003 оны 413 дугаар захирамжийн Ж.А-д холбогдох хэсэгт “хүчингүй” тэмдэглэгээ хийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2020.05.13-ны өдөр дуусгавар болгосон баримт хэрэгт авагджээ. (1хх 214-215, 218-230)
11.2.Хэдийгээр хүчингүй тэмдэглэгээ хийсэн боловч газрын өмчлөх эрх Ж.А-с Т.Б-д шилжсэн, Т.Б-с худалдах-худалдан авах гэрээгээр Т.Т-д шилжсэн байна. (1хх 216-217)
Үүнээс гадна тус газрыг бүртгэсэн газрын эрхийн улсын бүртгэлийн Г-22********** дугаартай “бүртгэлийг” хяналт шалгалтаар эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн болох нь УБ газрын улсын байцаагчийн 2023.10.30-ны өдрийн 6210 дугаар дүгнэлт, зохигчийн тайлбараар тогтоогджээ. (2хх 45-48)
12.Эдгээр баримтаас дүгнэвэл Ж.А-н газар өмчлөх эрхийг үүсгэсэн Засаг даргын шийдвэрийг түдгэлзүүлсэн, Засаг даргын зүгээс дахин шинээр акт гаргаагүй байдал тогтоогдсон байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.08-ны өдрийн 128/ШШ2018/0486 дугаар шийдвэрээр газар өмчлүүлсэн шийдвэрийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгох үр дагавар үүссэнийг мэдсээр атлаа Т.Б нь газар өмчлөх эрхээ дүү Т.Т-д шилжүүлсэн, гэвч Т.Т нь өмчлөх эрх маргаантай гэдгийг мэдэх боломжтой тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар түүний эрх хамгаалагдахгүй болно.
12.1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаар газар эзэмших эрх хууль ёсоор үүсдэг ба хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч Т.Т-н өмчлөх эрх баталгаажаагүй, түүний өмчлөлийн газрын хил зааг тодорхойгүй, нөгөө талаас хариуцагч О.Б-н эзэмшил газрын хил зааг тодорхойгүй, газар эзэмших эрхийн хугацаа дууссан, сунгаагүй нөхцөлд өмчлөгчийн болон эзэмшигчийн аль алиных нь эрх зөрчигдсөн эсэх, улмаар шаардах эрх үүссэн гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл газрын өмчлөх болон эзэмших эрхэд хамаарах зохих шийдвэр гараагүй нөхцөлд шүүх хэнийх нь эрх зөрчигдсөн, газрын давхцал байгаа эсэх эрх зүйн асуудлаар дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
12.2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.08-ны өдрийн шийдвэрийн дагуу захиргааны байгууллага хянаж, шалгах ажиллагааг бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэсний үндсэн дээр дахин шинэ акт гаргасны дараа эрхийн зөрчил үүссэн эсэхийг дүгнэх үндэслэл бүрдэнэ. Хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэгч илүү 264 м.кв газрыг, хариуцагч илүү 278.1 м.кв газрыг эзэмшиж, кадастрын бүртгэлд тусгуулсан байна.
ГЗ газрын 2021.03.25-ны өдрийн А/53, 2022.09.01-ний өдрийн 1/1687 дугаар шинжээчийн дүгнэлтээр, тухайн үед эрх олгосон баримтын хүрээнд талуудын эзэмшилд байх ёстой болон эзэмших эрхгүй илүү газрын хэмжээ болон маргаан бүхий газрын давхцлыг 73 м.кв гэж тус тус тогтоосон боловч захиргааны байгууллага хянаж шалгах замаар нэхэмжлэгч Т.Т-н өмчлөлийн болон хариуцагч О.Б, гуравдагч этгээд Ц.А нарын эзэмшлийн газрын хэмжээг тогтоож, баталгаажуулах тохиолдолд нэхэмжлэгчийн эсвэл хариуцагчийн аль алины эрх зөрчигдөхгүйгээр хэрэгжиж болох юм.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” хэм хэмжээг хэрэглэх үндэслэл бүрдээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн 210/МА2024/01319 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД