Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1181

 

105/2019/1863/Э

 

 

 

  2020             09            10                                        2020/ДШМ/1181    

 

Ц.О-, М.М- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Ганзориг,

шүүгдэгч Ц.О-, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,

шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/1381 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.О-ийн өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлоор Ц.О-, М.М- нарт холбогдох эрүүгийн 1906005140302 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. О-, 1

 

2. М-,

 

Ц.О-, М.М- нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Бадамхандын нүүр лүү нь гараараа цохих, газар чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ц.О- нь 2019 оны 1 дүгээр сарын12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 34 дүгээр гудамжны 1805 тоотод /нөхөр/ М.М-тэй маргалдан түүний хэвлий хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, М.Мөнх-Эрдэнийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О-, М- нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Туулай овогт Цэнгэлийн О-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Ц.О-ийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар, М.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, М.М-д оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.О-т Эрүүгийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 5 хугацаагаар жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 143 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.О-ээс 198.000 төгрөгийг гаргуулан, М.М-д, 150.000 төгрөгийг гаргуулан, Б.Бадамхандад, шүүгдэгч М.М-эс 150.000 төгрөгийг гаргуулан, хохирогч Б.Бадамхандад тус тус олгож, М.М- нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Ц.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.О-ийн өмгөөлөгч Я.Баярсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Ц.О- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөвөөр нь мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэргийнхээ хор хөнөөлийг ухамсарлан ойлгож гэмшиж, харамсаж байгаа. Хохирогч М.Мөнх-Эрдэнийн нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Энэ хэрэгт төлөх төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэн ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хохирогч М.М- нь удаа дараагийн шүүх хуралдаанд гомдолтой гэсэн байр суурьтай байгаа. Хохиролд 6.250.000 төгрөг нэхэмжилснээс шүүх “зарим баримтын үнэ харагдахгүй, бүдгэрсэн учраас үнэлэх боломжгүй, иргэний журмаар жич нэхэмжил” гэж дүгнэсэн. Дөрвөн удаа хагалгаанд орж, гурван эрхтнээсээ салсан хүнд энэ хэмжээний зардал гарах нь тодорхой. Харин шүүгдэгч хохирлын тал дээр маргаад байдаг. Сүүлд шүүгдэгчээс 198.000 төгрөгийг нэмж төлсөн ч бодит хохирол, хор уршиг одоог хүртэл арилаагүй. Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй. Учир нь, шүүгдэгч Ц.О- энэ хэрэгт хоёр зүйл ангиар ял шийтгүүлсэн. Мөн анхан шатны шүүхэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаандаа хулгайн гэмт хэрэгт холбогдсон талаар өөрөө шүүх хуралдааны үед хэлсэн. Тухайн хэрэг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр энэ хэргийн дараа шийдвэрлэгдсэн байх. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 гэж таслалыг цэг тавьж техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгүүлэх саналтай. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ц.О-, М.М- нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Бадамхандтай “Э.Үүрцайхыг цохилоо” гэх шалтгаанаар маргалдан нүүр лүү нь гараараа цохих, газар чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйх, баруун, зүүн хацар, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хүзүү, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дээд, доод уруул, бүсэлхийд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, хамрын үзүүр, баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, нуруу, баруун, зүүн бугалга, зүүн тохой, баруун, зүүн шуу, баруун, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн Ц.О- нь 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 34 дүгээр гудамжны 1805 тоотод /нөхөр/ М.М-тэй “хүүхэд авч явах” гэлээ гэж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь аюулхай хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж, элэгний 4 дүгээр сегмэнт, цөсний ерөнхий суваг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Бадамхандын “...би гэр дотор О-т зодуулснаа бол санахгүй байна. Гэхдээ манай нөхөр Үүрцайх О-ийг миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон гэж хэлсэн. ...М- миний толгойг хаалганд мөргүүлж байсан. ...Гадаа М- намайг нуруугаар газар чирч, нуруу бөөр лүү цохиж байсан. ...” /1хх 102-103/,

гэрч Э.Үүрцайхын “…Бадмаа гэрээс нь гарахгүй гээд байхад О- гаргана гээд нүүр лүү нь гараараа 5-6 удаа цохисон. ...Бадмааг М- цохисон эсэхийг хараагүй. Гэхдээ М- Бадмааг цохисон гээд ярьж байсан. ...” /1хх 86-87/,

гэрч Х.Амархүүгийн “...Бадамхандын хацар нь хавдаад улайчихсан, нуруу өвдөөд байна гэхээр нь хувцасыг нь тайлаад үзсэн чинь тэр чигээрээ урагдаад шалбарчихсан байсан. Бадамхандаас “яасан, юу болсон юм бэ, хүн амьтан цохисон юм уу” гэхэд “Үүрээгийн найз М- намайг ийм болтол зодчихлоо” гэж хэлсэн. ...М- эхнэртэйгээ нилээн согтуу байсан, хэл амаар ойлголцохгүй тэр эхнэр нь манай Бадамханд руу дайраад үсдэж аваад цохиод байсан. …” /1хх 98-99/,

М.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...би Бадамхандыг орилоод гичий нохойгоор дуудууд байхаар нь нүүрэн тус газар нь нэг удаа алгадсан, гэрээс гарахгүй болохоор өргөөд аваад гарсан. Буцаж орж ирэх гээд байхаар нь хаалгаа түгжсэн. Орох гээд цонх хагалчихаар нь буцаж гараад дахиад нэг удаа алгадсан. …” /1хх 111-113/,

М.Мөнх-Эрдэнийн хохирогчоор өгсөн “...би эхнэртэйгээ маргалдаад хүүхдээ аваад явна гэж хэлээд найз руугаа ярьтал манай найз амжихгүй гэж хэлсэн. ...Манай эхнэр надад уурлаж аяга шидээд байснаа гал тогооны шургуулганаас хутга аваад над руу хутгаараа ширвээд дайрахаар нь би гаран дээрээс нь барьтал миний хэвлий хэсэгт хутгаараа нэг хатгасан. ...” /1хх 20-23/,

гэрч А.Урангоогийн “...М.М- ах Ц.О- эгчийг боож аваад “чи яахаараа эцэг, эхийг минь хэрүүлдээ оруулаад байдаг юм” гэсэн. Ц.О- эгчийн хоолой нь улайгаад амьсгал нь боогдоод ирэхээр нь би салгасан. ...Намайг ус буцалгагчтай усыг том өрөөнд оруулж тавиад эргээд гараад ирэхэд О- эгч би үхээд өгье гээд баруун гартаа хутга бариад зогсож байсан. М- ах О- эгчийн өөдөөс хараад зогсож байсан. Би яг яаж хутгалсныг нь хараагүй, М- ах эвгүй дуу гаргаад газарт хэвтэхэд О- эгч гартаа байсан хутгаа угаалгын машинаас гаргаж тавьсан хувцас руу шидсэн. ...” /1хх 35-36/,

Ц.О-ийн яллагдагчаар өгсөн “...манай нөхөр гал тогооны тавилганы шургуулга нээхээр нь би босохдоо дотроос нь хутга аваад эргэж хараад хэвлий хэсэгт нь хутгалсан. ...Бадмаа газар унаад миний баруун хөлний шилбэний дотор талаас аймар хазаад зуугаад тавихгүй болохоор нь би баруун гараа зангидаж байгаад Бадмаагийн нүүрэн тус газар маш хүчтэй нэг удаа цохисон. Тэр үед манай нөхөр уурлаад Бадмаагийн нэг гарын бугуйнаас бариад нөгөө гарынх нь булчингаас бариад гэрээс аваад таксинд суулгана гээд гарсан. Би гэмтэл учруусан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 45-46, 107-108/ гэх мэдүүлгүүд,

 

“...Б.Бадамхандын биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 915 дугаартай дүгнэлт /1хх 164-166/,

“...М.Мөнх-Эрдэний биед хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 1362, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 916 дугаартай дүгнэлт /1хх 29, 170-171/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Ц.О-, М.М- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, Ц.О-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Мөнх-Эрдэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар, Ц.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Ц.О-ийг 5 жил хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Ц.О-т оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Ц.О-ийн өмгөөлөгч Я.Баярсайханы “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Ц.О-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.О-ийн өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/1381 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.О-ийн өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                    Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН