Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/105

 

 

2024 оны 07 сарын 02-ны өдөр                            Дугаар 2024/ШЦТ/105                                         Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа,

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..............д холбогдох ........... тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт:

.........................................,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг ******* *******ын 2-1 тоотод байрлах авто засварын газарт иргэн Б.*******тэй маргалдан биед нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.*******ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр би эхнэрээ ажлаас нь аваад явж байхад гэрлэн дохион дээр  машины араас нэг машин мөргөсөн. Буугаад очиход эхнэрийн ажлын газрын хүн байсан. Тэгээд засуулаад салъя гэхэд манай машиныг мөргөсөн хүн надад нэг таньдаг хүн байгаа, сайн засдаг гэхээр нь дагаад очсон. Очоод хоорондоо уулзаад юм яриад байсан. Над дээр ирээд энэ хуучин хагарсан, будагтай юм байна гэхээр нь сая мөргүүлээд хагарсан юм гэж хэлэхэд өмнө янзлуулаад будуулсан байна, хуучин юм янзлахад төвөгтэй байдаг юм, аваад яв гэж хэлсэн. Би машинаа мөргүүлээд жоохон ууртай байсан учраас уурлаад нэг удаа цохиход хамраас нь цус гарсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаагийн газар руу явсан. Цагдаа эмнэлэгт очоод цусыг нь тогтоолгоод ир гэж хэлсэн. Эмнэлэг ороод цусыг нь тогтоолгоод ярьж тохиролцоод шийдье гэхэд  одоо 2.000.000 төгрөг гаргаад өгчих, тэгвэл заавал цагдаагаар яваад байх шаардлагагүй гэж хэлсэн. Надад одоо гаргаж өгөх мөнгө байхгүй, цалин буухаар өгье гэхэд тэгвэл явдаг газраараа явъя гэж хэлээд салсан. Дараа нь хэд хоногийн дараа шөнө 03 цагт над руу согтуу залгахаар нь чи согтуу байна, дараа яръя гээд тасалсан. 06 цаг болж байхад дахиж залгаад чи хүний хамар ийм болгочхоод мөнгө өгөхгүй юм уу? гээд хэл амаа олоогүй. Цохисон нь миний буруу. Буруугаа хүлээж байна гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн мэдүүлэгт: 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумын 2 дугаар баг ******* *******ын 2-1 тоотод байх авто засвар дээрээ ажлаа хийж байхад 18 цагийн үед өмнө удаа надаар машинаа янзлуулж байсан зүс таних залуу би машины араас мөргөчихлөө үзээд өгөөч гэсэн. Би тухайн машиныг гарч үзэхэд уг машины хойд гүпер өмнө нь засвар хийгдэж байсан, засварлах боломжгүй гүпер байсан. Тухайн үед би мөргүүлсэн жолоочид засвар авахгүй тул эвдрэлтэй гүперийг соль гэж хэлсэн. Би үнэн бодит байдлыг тайлбарлаж хэллээ гэхэд миний хамар хэсэг рүү нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Би өөрийн эмчилгээний гарсан зардлыг төлүүлэх хүсэлтэй байна. Хэрэв надад учирсан хохирлоос болж олон хоног ажлаа хийж чадахгүй бол уг хоногуудад олох орлогоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэжээ. /хавтаст хэргийн 10-12 дахь тал/

 

Гэрч Б.*******гийн мэдүүлэгт: Хэдэн сарын хэдний өдөр гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэр рүүгээ харих замд гэрлэн дохион дээр зогсож байхад араас нэг машин ирээд мөргөсөн. Тухайн үед манай машинд хойд гүпер хагарсан. Цагдаа дуудалгүй шууд засвар орохоор тохиролцоод мөргөсөн хүний таньдаг засварчин дээр очсон. Тухайн засвар дээр очоод засварчинд манай машиныг үзүүлсэн. Манай нөхөр сая мөргүүлсэн машин гээд бага зэрэг маргалдсан. Маргааны улмаас манай нөхөр уг засварчинг нэг удаа нүүр хэсэгт нь цохьсон. Тэгээд засварчны хамарнаас цус нэлээд гарсан гэжээ. /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

 

Гэрч Д.*******ын мэдүүлэгт: Орой ажлаа тараад ах эгч хоёрын хамт гэр рүүгээ явж байсан. Тэгээд гэрлэн дохионы улаан гэрлэн дээр зогсож байхад араас машин ирээд мөргөсөн. Буугаад хартал хойд талын гупер цуурч хагарсан байсан. Тэр үед цагдаа дуудалгүй шууд засвар орж янзлуулахаар болсон. Тэгээд тухайн мөргөсөн жолоочийн таньдаг засвар дээр очсон. Ахын машиныг үзээд энд тэндээ тийм ч эвдрэлтэй, ийм ч эвдрэлтэй хуучин юм засахгүй гээд ахтай бага зэрэг маргалдсан. Маргааны улмаас ах ******* уг засварчинг нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Засварчин залуугийн хамарнаас цус гарсан байсан гэжээ.  /хавтаст хэргийн 18-20 дахь тал/

 

Гэрч А.*******ын мэдүүлэгт: Тухайн өдөр GB town-ны урд талын засмал замаар өөрийн эзэмшлийн 74-04 ӨМҮ улсын дугаартай Тоёота альпард маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхад гар утас шал хэсэг рүү унаад утсаа бөхийж аваад хартал машины ард тулаад ирчихсэн байсан. Тухайн үед тормоз гишгэх завдалгүй урд талын машиныг мөргөсөн. Тухайн машины эзэн ахтай ярилцаж тохиролцоод засвар орж үнэлүүлэхээр болсон. Тэгээд тухайн мөргүүлсэн машины ахын таньдаг засвар руу очиход хаалттай байсан. Тэгээд би өмнө машинаа янзлуулж байсан засвар болох ган од засвар дээр ирсэн. Тухайн засварын хүнээр мөргөсөн машинаа үзүүлэхэд хуучин замасктай гүпер байна би янзлахгүй огт шинээр соль гэхэд миний мөргөсөн машины эзэн ах тухайн засварчинг хамар хэсэгт нэг удаа шууд цохиод авсан. Тэгээд засварчин залуугийн хамраас цус гараад байсан гэжээ. /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

 

Шүүгдэгч Э.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 05 дугаар сарын 08-ны 18 цагийн үед GB town худалдааны төвийн засмал зам дээр өөрийн эзэмшлийн 90-05 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй улаан гэрлэн дээр зогсож байхад араас альпард маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн. Буугаад юу болсон талаар хэлэхэд манай эхнэр манай ажлын газрын хүний ах нь байна гэсэн. Тухайн үед мөргөсөн машины жолооч нь засварын газар янзлуулаад хохиролгүй болгоод өгье надад нэг таньдаг хүн байгаа гэсэн. Тухайн үед манай эхнэрийн ажлын газрын хүний ах нь юм чинь гээд дагаад засвар орсон. Тухайн засварын газар очиж засварчнаар үзүүлэхэд миний машиныг будагтай хагархай юм байна гэж хэлэхэд би сая мөргүүлээд хагарчихлаа гэж хэлсэн. Тухайн засварчин би хуучин хагархай будагтай юм хийхгүй гэсэн би сая мөргүүлээд ийм эвдрэлтэй болчихлоо би засуулах гэж ирсэн болохоос чамаар муулуулах гэж ирээгүй засах бол засна гэдгээ хэл үгүй бол чадахгүйгээ хэл гэхэд би ийм юм засахгүй гэж хэлээд бид хоёр маргалдсан. Маргааны улмаас уг машин мөргөсөн хүний таньдаг засварчин гэж бодоод нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон гэжээ. /хавтаст хэргийн 36-37 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2..... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.*******ийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, хамар, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл ap мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 56-57 дахь тал/

Компьютер томографын шинжилгээний хуулбар /хавтаст хэргийн 59-60 дахь тал/

Амбулаторийн үзлэгийн картны хуулбар /хавтаст хэргийн 61-62 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч Э.*******од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.*******од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.*******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг ******* *******ын 2-1 тоотод байрлах авто засварын газарт иргэн Б.*******тэй маргалдан биед нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дахь тал/, гэрч Б.*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, гэрч Д.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дахь тал/, гэрч А.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 259 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн эрүүл мэндэд тархины доргилт, хамар ясны хугарал, хамар, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 сарын 15-ны өдрийн 259 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст 26-27 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Шүүгдэгч Э.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн бие эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжилнэ гэх тайлбарыг гаргаж байсан боловч энэ талаарх холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.*******ын хувийн байдлын тухайд ........................ршин суух, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 77а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 56-57 дахь тал/ зэргээр тогтоогдож байна. 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.******* нь хохирогч Б.*******тэй маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч нь бүрэн дунд боловсролтой, ам бүл зургаа, эхнэр, зээ охин, хүүхдүүдийн хамтаар амьдардаг нөхцөл байдалтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, эрүүл мэндэд учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  хэвээр үргэлжлүүлэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.*******ын зүгээс хэлэх зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг нь шударга ёсны зарчим байхаар хуульчилсан.

Шүүх шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан ба шүүгдэгч Э.*******од оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.******* торгох ялыг шүүхээс тогтоосон энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн “...би *******од цохиулж хамартаа гэмтэл авсан цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул эмчилгээний зардлыг цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...шүүх хуралд суух боломжгүй тул эзгүйгээр хийж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн.

 Шүүх хүсэлтийг хүлээн авч хохирогчийн цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ...........н овгийн Э.............ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******од 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.******* 1.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******од оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* нь эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Э.******* цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

  7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Э.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ