| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0005/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/111 |
| Огноо | 2024-07-17 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/111
2024 оны 07 сарын 17-ны өдөр Дугаар 2024/ШЦТ/111 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ::::::::::: овгийн .....................д холбогдох ............... дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: ..........................,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.******* нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Sain electronics” үйлчилгээний газрын үүдний хэсгийн хаалга, цонхны шилийг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас хохирогч О.******* 588.600 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Sain electronics”-н үүдний шилийг хагалчихлаа гэж үйлчлэгч ******* залгасан. Тэгээд намайг яваад очиход үүдний хэсгийн хаалганы гадна 2 шил, дотор давхар хаалганы 3 шил хагарчихсан тухайн шилийг хагалсан хүнийг цагдаа нар аваад явсан байсан. Үйлчлэгчээс хэн ингэснийг асуухад үйлчлэгч *******ийн салсан нөхөр гэж хэлсэн. Би шилийг нь хагалсан хүнийг танихгүй манай үйлчлэгч *******ийн нөхөр гэж сонссон. Манай байгууллагын хагарсан шилийг бүрэн бүтэн болгож өгсөн. Одоо манайхаас ямар нэгэн гомдол санал байхгүй. Хагалсан шилийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр сольж өгсөн гэжээ. /хавтаст хэргийн 19-20 дахь тал/
Насанд хүрээгүй гэрч Т.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр орой 18 цагийн үед намайг гэртээ байхад ******* буюу ээжтэй хамт амьдарч байгаа ах гаднаас орж ирсэн. Тухайн үед орж ирэхэд гарнаас нь цус гарчихсан байсан. “Sain electronics”-н цонхыг хагалчихлаа гэсэн. Тэгээд би очоод хартал үүдний хэсгийн хаалганы хажуу тал болон дээд хэсгийн шилэн цонхыг хагалсан байсан. Буцаад намайг гэрт очиход ******* гэх залуу дахиж очиж хагална гэж хашаанаас чулуу аваад гарсан. Би араас нь гараад харахад барьж явсан чулуугаа . “Sain electronics”-н шилэн хаалга хэсэг рүү шидэж байсан. Тухайн үед чулууг шидэж байхад манай ах болох Дашноров болиулаад гэр рүү авч орсон. Тухайн үед архи нэлээд уусан байсан гуйваад яваад байсан. Нэлээд уудаг 7 хоногт 3-4 удаа уугаад байдаг. Манай ээжтэй маргалдаж муудсан зүйл байхгүй. Архи уусан үедээ агсан согтуу тавиад байдаггүй утсаар яриад байгаад байдаг. Энэ удаа яагаад ингэсэн талаар мэдэхгүй байна. /хавтаст хэргийн 22-23 дахь тал/
Гэрч Н.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөрийн гэр болох Өмнөговь аймаг Даланзадгад сум 6-р баг Нисэх 3-6 тоотод угаалга хийж байгаад 16 цагийн үед найзындаа хуушуур хийхээр очсон. Намайг гэрээс гарахад ******* байгаагүй. Хуушуур боож байхад манай охин залгаад *******ийг “Sain electronics”- цонхыг хагалчихлаа гэсэн. Тэгээд гэртээ иртэл цагдаа нар ирчихсэн байсан. Би найзындаа хуушуур хийж байхдаа утсаа машиндаа үлдээсэн байсан. Тухайн өдөр *******тэй утсаар яриагүй над руу хэд хэдэн удаа залгасан байсан. *******тэй маргалдаж муудсан зүйл байхгүй. Манай найз хуушуур хийлцээд өг гээд тухайн үед найзындаа байж байтал ******* “Sain electronics”-н үүдний шилийг чулуугаар хагалчихсан байсан. /хавтаст хэргийн 25-26 дахь тал/
Шүүгдэгч А.******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Б................. ү.............хийдэг. Тухайн өдөр амралтын өдөр байсан. Тэгээд эхнэр маань гэртээ ирэхгүй утсаа хаагаад алга болсон. Тэгээд нэлээн согтуу байсан “Sain electronics”-н үүдний хаалганы шилийг чулуугаар хагалчихсан байсан. /хавтаст хэргийн 49-50 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 8-10 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-13 дахь тал/
Бэлэн мөнгөний орлогын баримт /хавтаст хэргийн 33 дахь тал/
2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Дамно үнэлгээ” ХХК-ийн Өм............. дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “ Вакум хаалга шилний үнэ 588.600 төгрөг” гэжээ. /хавтаст хэргийн 34-41 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас “Үгүй” гэжээ. /хавтаст хэргийн 51 дэх тал/
Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 53 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 55 дахь тал/
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дахь тал/
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/
Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.*******эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.*******эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч А.*******ийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт /хавтаст хэргийн 60 дахь тал/ гаргаж 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 71-72 дахь тал/-аар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч А.*******эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.******* нь 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Sain electronics” үйлчилгээний газрын үүдний хэсгийн хаалга, цонхны шилийг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас хохирогч О.*******д 588.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч О.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, насанд хүрээгүй гэрч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/, гэрч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/, шүүгдэгч А.*******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 8-10 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн ӨмЦ-24-93 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-41 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч А.*******ийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “А.******* миний бие “Sain electronics”-н цонхыг хагалсан. Уг хохирлыг барагдуулсан тул хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 60 дахь тал/-ээр шүүгдэгч А.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.
Шүүгдэгч А.******* нь Прокуророос санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт “Sain electronics”-н төлөөлөгч хохирогч, иргэний нэхэмжлэгч О.*******д 588.600 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч О.*******ын “...Манай байгууллагын хагарсан шилийг бүрэн бүтэн болгож өгсөн. Одоо манайхаас ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.*******ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч А.******* танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч А.*******ийн хувийн байдлын тухайд ........................ болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дэх тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 53 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 55 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч А.******* нь “Sain electronics”-н төлөөлөгч хохирогч, иргэний нэхэмжлэгч О.*******д 588.600 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч А.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч А.*******ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хохирлын хэмжээг тодорхойлон хуульчилсан ба шүүгдэгч А.*******ийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган гэмтээж 588.600 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарахаар байна гэж дүгнэв.
Улсын яллагч мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, Дамно хөрөнгө оруулалт, даатгалын үнэлгээний 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 93 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч О.*******, насанд хүрээгүй гэрч Т.******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.*******ийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний газрын үүдний хэсгийн хаалганы шилийг хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас хохирогч О.*******д 588.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу хэргийг хянахад шүүгдэгч А.******* нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байна. Шүүгдэгч А.*******ийн үйлдсэн гэмт хэрэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 1 сарын хугацаанд төлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн шавар цементийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор устгах. Си Ди нэг ширхгийг хэрэгт хавсаргах. Мөн шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүхэд оруулж байна гэв.
Шүүгдэгч А.******* гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар хэлэх санал, дүгнэлт байхгүй гэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул шүүгдэгч А.*******эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 30 хоног буюу 1 сарын дотор төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******эд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч А.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан шавар цементийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээв.
Шүүгдэгч А.*******эд торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч А.******* нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........... овгийн ..........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******эд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******эд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч О.*******д 588.600 /таван зуун наян найман мянга зургаан зуу/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан шавар цементийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Шүүгдэгч А.******* цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ