| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 101/2019/04374/И |
| Дугаар | 181/ШШ2021/00471 |
| Огноо | 2021-03-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2021/00471
| 2021 оны 03 сарын 03 өдөр | Дугаар 181/ШШ2021/00471 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 48 дугаар байрны 56 тоот хаягт оршин суух, Сартуул овогт Хаянхярваагийн Нармандах /РД:ИЭ77090701/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж 6 дугаар байрны 169 тоот хаягт оршин суух, Тайж овогт Ганболдын Түвшинтөгс /РД:УУ83061515/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Нармандах, хариуцагч Г.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
Х.Нармандах миний бие нь 2013 онд Г.Түвшинтөгстэй танилцан улмаар 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтийн 1110770743 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бид хамтран амьдрах хугацаанд 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр охин Т.Ичинхорлоог төрүүлсэн. Бид хоёр зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Нөхөр Г.Түвшинтөгс нь хамт ажиллаж байсан эмэгтэйтэйгээ 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн надаас салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш охин маань миний асрамжинд амьдарч, өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Т.Ичинхорлоог миний асрамжинд үлдээж, эцэг Г.Түвшинтөгсөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Х.Нармандахтай 2013 онд танилцаад, гэр бүл болж амьдраад, 2015 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2016 оны 8-р сард охин Т.Ичинхорлоо төрсөн. Би 2017 оны 05 сараас хойш тусдаа амьдарч байгаа нь үнэн боловч тухайн үед надад ямар нэг хамтран амьдрагч байгаагүй. Х.Нармандахтай амьдрах хугацаанд намайг болон манай ээж Н.Гаамааг удаа дараа доромжилдог байсан учраас таарч тохирохоо больж, тусдаа амьдрахаар шийдэж, гэрээсээ явсан юм. Би энэ хугацаанд охинтойгоо уулзахаар удаа дараа гэрт нь очдог байсан боловч намайг охинтой минь огт уулзуулдаггүй байсан. Миний бие охинтойгоо уулзах, өөр дээрээ хаяа авч байх сонирхолтой байна. Би гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй, охиныг эх Х.Нармандахын асрамжинд үлдээж, түүнийг тэжээн тэтгэнэ. Миний бие шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Нармандах нь хариуцагч Г.Түвшинтөгсөд холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.Түвшинтөгс нь гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээж, түүнд тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан.
Нэхэмжлэгч Х.Нармандах хариуцагч Г.Түвшинтөгс нар нь 2013 онд танилцан, 2015 оны 05 сарын 19-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүргүүлсэн байна. Тэд дундаасаа 2016 оны 08 сарын 21-ний өдөр охин Т.Ичинхорлоог төрүүлж, өсгөсөн болох нь 1110003396 дугаартай төрсний гэрчилгээ, 1110770743 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, Евро-Эм ӨЭМТ-ийн охин Т.Ичинхорлоог эрүүл бойжиж байгаа гэх тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 399 тоот Эврэлүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр гэрлэгчид цаашид эвлэрэн амьдрах боломжгүй байх бөгөөд шүүх хуралдаанд зохигчид нь хоорондын таарамжгүй зан харилцааны улмаас 2017 оны 05 сарын 10-ны өдрөөс хойш энэ өдрийг хүртэл хугацаанд тус тусдаа амьдарсан болох нь нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан гэрлэгчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, эхнэр нөхрийн дотно харьцаагүй болох, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх зэрэг үүргийг гүйцэтгээгүйгээс тэд 2017 оны 05 сарын 10-ны өдрөөс хойш тус тусдаа амьдарч, хариуцагч Г.Түвшинтөгс нь өөр хамтран амьдрагчтай болсон гэх зэрэг нь гэрлэлтээ цуцлуулах шалтгаан болжээ.
Зохигчид гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг талууд харилцан зөвшөөрсөн тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээдэг.
Нэхэмжлэгч Х.Нармандахын асрамжинд бага насны хүүхэд болох охин Т.Ичинхорлоог үлдээж, хүүхэд эхийн асрамжинд үлдсэн ч эцэгтэйгээ уулзах эрхийг эх нь хориглох болон хязгаарлахгүй байхыг нэхэмжлэгчид даалгаж, эцэг Г.Түвшинтөгсөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Г.Түвшинтөгс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, охин Т.Ичинхорлоог өөрийн асрамжинд авч, эхээр нь тэжээн тэтгүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч тухайн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцэх тул түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Гэрлэгчид нь гэр бүлийн дундын өмчийн талаар маргаангүй гэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Нармандах, хариуцагч Г.Түвшинтөгс нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Т.Ичинхорлоог эх Х.Нармандахын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Т.Ичинхорлоог 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Г.Түвшинтөгсөөр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Г.Түвшинтөгсөөс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Х.Нармандах, хариуцагч Г.Түвшинтөгс нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Д.Тунгалаг/-д даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Г.Түвшинтөгс охин Т.Ичинхорлоог өөрийн асрамжинд авч, эхээр нь тэжээн тэтгүүлэх тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Гэрлэгчид гэр бүлийн дундын өмчийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Нармандахын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /35,868+70,200/ нийт 106,068 төгрөг, хариуцагч Г.Түвшинтөгсийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Г.Түвшинтөгсөөс 106,068 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Нармандахад олгосугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ