Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/392

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч М.****, нарийн бичгийн дарга Д.Отгонпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч **** овогт ****ын ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410010940516 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, **** оны 06 дугаар сарын 02-ны өдөр **** аймагт төрсөн, **** настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт **** аймгийн **** сум 1 дүгээр баг, 7 дугаар байр 73 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, **** тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, **** овогт ****ын **** /РД: ****/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.**** нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, **** хороололд байрлах “****” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Г.****тай мөнгөнөөс болж маргалдан түүнийг үсдэх, бие, нүүрэнд нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь духанд шарх, цээж, баруун бугалга, шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

Шүүгдэгч  М.****: “…Шүүхэд болсон асуудлын талаар мэдүүлэг гаргахгүй, хэрэг явдал 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр болсон, хохирогчид тухайн гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нь манай бэр эгч, өөртөө дүгнэлт хийж байгаа, гэмшиж байгаа, нүдний шилний мөнгийг нь шилжүүлсэн, баримтыг нь аваагүй байгаа…” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Г.**** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ...нөхрийн дүү ****тэй ярьж чамд танил ломбард байна уу гэхэд  ...байгаа ...та тэгвэл 500,000 төгрөгт тавиад надад 100,000 төгрөг зээлчих гэж хэлсэн. ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо **** хороололд байрлалтай ломбардад зурагтаа үзүүлэхэд ...400,000 төгрөгт авна гэсэн. ...тэгтэл дүү та 100,000 төгрөг өгнө гэж хэлсэн биз дээ гэхээр нь чамд өгч чадахгүй нь 500,000 төгрөгт авсан бол 100,000 чамд өгье гэж бодсон юм, 500,000 төгрөг хүрээгүй учраас өгч чадахгүй нь гэж хэлэхэд уурлаад намайг янз бүрээр харааж бид хоёр маргалдаж эхэлсэн. ...Миний бие рүү цохиод үстээд авсан би буцааж үстэлцээд бид хоёр үстэлцээд байж салцгаасан. ...Ломбардны охиноос 20,000 төгрөг бэлнээр авч бензин хий гэж хэлсэн. Тэгээд гарах гэж байснаа буцаж ирээд энэ муу гичийг би алчхаад гарна гээд намайг үстэж, дух руу цохисон...” /хавтас хэргийн 9-10 дахь тал/ гэсэн, 

 

Гэрч Ц.**** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ...ажлаа хийгээд байж байхад зурагт тэвэрсэн хоёр эмэгтэй орж ирсэн ...зурагтаа хэдээр авах талаар асуусан тэгээд би ах руугаа ярьж удирдлагагүй зурагт байна гэж хэлэхэд 400,000 төгрөгөөр авчих гэсэн. Тэгээд би тэр хоёр эмэгтэй 400,000 төгрөгөөр авах боломжтой талаар хэлэхэд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. ...Дүү нь гэх эмэгтэй зурагтын эзний дух руу гараараа нэг удаа цохиод авсан, ...ах руугаа яриад энэ хоёр хүн чинь зодолдоод байна гэхэд намайг гичий минь чи нуугдаж байгаад хэнтэйгээ яриад байгаа юм наашаа харж байгаа яриач гэж хэлсэн. ...Дүү нь эгчийгээ нэг удаа цохисон, ...хоорондоо үстэлцээд салахгүй байсан. ...Дүү гэх эмэгтэй нь аймар догшин харьцаатай эмэгтэй байсан эгчийгээ аймар, аймар хараалаар хараагаад, ...намайг муу гичий гэж хараасан...” /хавтас хэргийн 15-16 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч М.**** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ...бэр над руу залгаад 500,000 төгрөг байвал зээлээч гэхээр нь надад мөнгө байхгүй гэхэд ...таньдаг ломбард руугаа яриад өгөөч зурагтаа тавих гэсэн юм гэхээр нь би надад 100,000 төгрөг зээлчих гэхэд за гэж хэлсэн. ...Ломбард руу очоод зурагтаа үзүүлэхэд удирдлага орхисон гээд 400,000 төгрөгт тавихаар болсон чинь надад 100,000 төгрөг зээлж чадахгүй гэсэн. ...Хэлсэн ярьсандаа байсангүй гээд уурласан тэгэхэд өөдөөс манай ахын муугаас болж ингэж амьдарч байна гэхээр нь ...маргалдаж байгаад уур хүрээд мөр хэсэг рүү нь цохиход намайг үстээд бид хоёр үстэлцсэн, ...би явах гэж байхад намайг араас өшиглөсөн, ...уур хүрээд дух руу нь нэг цохисон чинь духнаас гэнэт цус гарсан...” /хавтас хэргийн 20-22, 42-43 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №374 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.****-н биед духанд шарх, цээж, баруун бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 26-27 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 5 дахь тал/,  

- Хохирлын баримт /хавтас хэргийн 45 дахь тал/,

- Шүүгдэгч М.****ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 51 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтас хэргийн 61 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч М.**** нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, **** хороололд байрлах **** барьцаалан зээлдүүлэх газарт 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Г.****тай мөнгөнөөс болж маргалдан түүнийг үстэх, бие, нүүрэн нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь духанд шарх, цээж, баруун бугалга, шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.****гийн: “...2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ...нөхрийн дүү ****тэй ярьж чамд танил ломбард байна уу гэхэд  ...байгаа ...та тэгвэл 500,000 төгрөгт тавиад надад 100,000 төгрөг зээлчих гэж хэлсэн. ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо **** хороололд байрлалтай ломбардад зурагтаа үзүүлэхэд ...400,000 төгрөгт авна гэсэн. ...тэгтэл дүү та 100,000 төгрөг өгнө гэж хэлсэн биз дээ гэхээр нь чамд өгч чадахгүй нь 500,000 төгрөгт авсан бол 100,000 чамд өгье гэж бодсон юм, 500,000 төгрөг хүрээгүй учраас өгч чадахгүй нь гэж хэлэхэд уурлаад намайг янз бүрээр харааж бид хоёр маргалдаж эхэлсэн. ...Миний бие рүү цохиод үстээд авсан би буцааж үстэлцээд бид хоёр үстэлцээд байж салцгаасан. ...Ломбардны охиноос 20,000 төгрөг бэлнээр авч бензин хий гэж хэлсэн. Тэгээд гарах гэж байснаа буцаж ирээд энэ муу гичийг би алчхаад гарна гээд намайг үстэж, дух руу цохисон...” /хавтас хэргийн 9-10 дахь тал/ гэсэн,

Гэрч Ц.****гийн: “...Дүү нь гэх эмэгтэй зурагтын эзний дух руу гараараа нэг удаа цохиод авсан, ...ах руугаа яриад энэ хоёр хүн чинь зодолдоод байна гэхэд намайг гичий минь чи нуугдаж байгаад хэнтэйгээ яриад байгаа юм наашаа харж байгаа яриач гэж хэлсэн. ...Дүү нь эгчийгээ нэг удаа цохисон, ...хоорондоо үстэлцээд салахгүй байсан. ...Дүү гэх эмэгтэй нь аймар догшин харьцаатай эмэгтэй байсан эгчийгээ аймар, аймар хараалаар хараагаад, ...намайг муу гичий гэж хараасан...” /хавтас хэргийн 15-16 дэх тал/ гэсэн,

Шүүгдэгч М.****ийн: “...2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ...бэр над руу залгаад 500,000 төгрөг байвал зээлээч гэхээр нь надад мөнгө байхгүй гэхэд ...таньдаг ломбард руугаа яриад өгөөч зурагтаа тавих гэсэн юм гэхээр нь би надад 100,000 төгрөг зээлчих гэхэд за гэж хэлсэн. ...Ломбард руу очоод зурагтаа үзүүлэхэд удирдлага орхисон гээд 400,000 төгрөгт тавихаар болсон чинь надад 100,000 төгрөг зээлж чадахгүй гэсэн. ...Хэлсэн ярьсандаа байсангүй гээд уурласан тэгэхэд өөдөөс манай ахын муугаас болж ингэж амьдарч байна гэхээр нь ...маргалдаж байгаад уур хүрээд мөр хэсэг рүү нь цохиход намайг үстээд бид хоёр үстэлцсэн, ...би явах гэж байхад намайг араас өшиглөсөн, ...уур хүрээд дух руу нь нэг цохисон чинь духнаас гэнэт цус гарсан...” /хавтас хэргийн 20-22, 42-43 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны №374 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.****-н биед духанд шарх, цээж, баруун бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 26-27 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Г.****гийн эрүүл мэндэд учирсан духанд шарх, цээж, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч М.****ийн түүнийг цохисон идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.****ийн хохирогч Г.****гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  М.****ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч М.**** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, хохирогчоос нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.****гийн эрүүл мэндэд духанд шарх, цээж, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаар 112,500 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2410010940516 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.**** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **** овогт ****ын ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын ****ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр  буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Шүүгдэгч М.****т шийтгэсэн 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр  буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.**** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2410010940516дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.**** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.**** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР