| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2019/01422/И |
| Дугаар | 181/ШШ2021/00661 |
| Огноо | 2021-03-23 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2021/00661
| 2021 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 181/ШШ2021/00661 | Улаанбаатар хот |
2021 03 23 181/ШШ2021/00661
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч Ч.Ичинхорлоо, Ө.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил, 67 байр 07 тоотод оршин суух, Түмэн овогт Бямбажавын Алтанцэцэг /рд:ХД62042465/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчны гудамж, өөрийн байранд оршин байрлах, Техник спортын төв ТӨААТҮГ-ын захирал, Даяндээрхи овогт Батмөнхийн Наран-Идэр /рд:ЧН71080213/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Спортын төв ордонд оршин байрлах, Биеийн тамир, спортын газар-ын дарга, Цэрэнжанхарын Шаравжамц нарт холбогдох,
Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гутаасан мэдээлэл тараасан хэлбэрээр залруулга гаргахыг даалгах, эдийн бус гэм хорын хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагч Техник спортын төв ТӨААТҮГ-ын захирал Б.Наран-Идэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа, хариуцагч Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамцын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батцайз, иргэдийн төлөөлөгч Б.Алтанпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Б.Алтанцэцэг нь 2015 оноос эхлэн Батлан хамгаалах туслах нийгэмлэг ТББ-ын харьяа Техник спортын төв-ийн захирлаар ажиллаж байсан. Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Батлан хамгаалах туслах нийгэмлэг ТББ-д холбогдуулан Буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж, эд хөрөнгийг төрийн өмч болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/00591 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/01173 дугаартай тогтоолоор хэвээр баталсан юм.
2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр /цагаан сарын битүүний өдөр/ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынхан болон Шийдвэр гүйцэтгэгч нар, хувийн харуул хамгаалалтын ажилтнуудын дэмжлэгтэйгээр Б.Алтанцэцэгийн ажлын өрөөнд хууль бусаар нэвтрэн орж хувийн болоод албаны эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ авах үйл ажиллагаа явуулсан. Ингээд Б.Наран-Идэр гэгчийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас дээрх төвийн захирлаар томилсон.
Б.Наран-Идэр нь тус төвийн захирлаар томилогдсоны дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр http://ekhsurvalj.mn хэмээх сайтад Б.Наран-Идэр Буудлагын төвийн хуучин удирдлагууд спорт буу болон галт зэвсэг хулгайлж, техник хэрэгсэл хэмхэлсэн нэртэй нийтлэл гарч, Техник спортын төв ТӨААТҮГ-ын захирал Б.Наран-Идэр, Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц нар ярилцлага өгсөн байдаг.
Энэхүү ярилцлагандаа Б.Наран-Идэр нь сурвалжлагчийн тавьсан "ESA- Хуучин удирдлагуудад хариуцлага хүлээлгэсэн үү? гэсэн асуултанд: Одоогоор хариуцлага хүлээлгэсэн зүйл алга. ...Дутагдсан эд хөрөнгийг бүртгэхэд тамирчдын хэрэглэж байсан спорт буу болон галт зэвсгийг хуучин удирдлагууд хулгайн замаар авч явсан, техник хэрэгслийг хэмхэлсэн зэргээр хохирол учруулсан... гэсэн хариуг өгсөн байна.
Мөн ...Батлан хамгаалах туслах нийгэмлэг ТББ-ын захирлаар Б.Алтанцэцэг ажиллаж байжээ. Тэрээр ажлаа хүлгээлгэж өгөхдөө 210 ширхэг спорт загварын галт зэвсгийг хууль бусаар ашиглавал нийгэмд аюул дагуулах эрсдэлтэйг Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц ярьж байлаа гэсэн мэдээлэл сайтад тавигдсан бөгөөд миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан энэхүү мэдээллээ устгах байх гэж бодсон боловч устгахгүй жил гаруй хугацаа өнгөрч байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т "...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан байна. Б.Алтанцэцэг нь спорт буу, галт зэвсэг огт аваагүй бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынхан хууль бусаар дайрч орж ирэн ямар ч эд хөрөнгө хүлээлцэх ажиллагаа явуулахгүйгээр эд хөрөнгүүдийг авсан ба намайг спорт буу, галт зэвсэг хулгайлсан гэж нэг ч хэрэгт сэжиглэж байцаагаагүй, эрүүгийн хэрэг үүсгэгдээгүй, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр огт гаргаагүй.
Б.Алтанцэцэг нь буудлагын спортын Олон Улсын хэмжээний /мастер/, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч бөгөөд Монгол Улсын олон арван тамирчдыг Олимп, дэлхийн медалтан, дэлхийн шилдэг тамирчин болгож бэлтгэсэн, олон зуун тамирчдыг тив Олон Улсын шилдэг тамирчид болгосон мэргэжлийн өндөр зэрэглэлийн сургалтуудыг 40 жил явуулсан, Буудлага спортын материаллаг баазыг бэхжүүлж спортын буу, сум, тамирчдын хувцас, техник хэрэгслэл зэрэг өндөр өртөгтэй энэ спортын тоног төхөөрөмжийг бүрдүүлэхэд гадаад дотоодын хандивлагчдыг олж ирж ивээн тэтгүүлж байсан олон улсын буудлагын түвшинд өндөр нэр хүндтэй багш хүн юм.
Дээрх мэдээлэл гарснаас хойш Б.Алтанцэцэгийг Монголын буудлагын спортын холбооны гишүүнчлэлээс гаргасан, шавь нар нь Олон улс, тив дэлхийн тэмцээнд амжилтаараа шалгарсан боловч өөрийн тамирчидтайгаа хамт оролцох боломжгүй болсон. Мөн Монгол улсад олимпийн өндөр зэрэглэлийн тамирчид бэлтгэх гар бууны дасгалжуулагч дутагдалтай байгаа энэ үед өөрийн бэлтгэсэн тамирчидтайгаа сургалт дасгалжуулалт явуулж чадахгүй болсон нь дээрхи албан тушаалтнуудын худал хуурмаг мэдээллүүдээс болсон гэж үзэж байна.
Нөр иx хөдөлмөрийнхөө үр дүнд Олимп, Тив дэлхийн аварга олон тамирчдыг төрүүлж, Олимпод тамирчнаар 2 удаа, дасгалжуулагчаар 3 удаа оролцож явсан Б.Алтанцэцэгийн Монгол Улсын буудлагын спортод оруулсан хувь нэмэр, нэр төр, алдар хүнд үнэлж барашгүй тул олон нийтийн сүлжээгээр худал мэдээлэл тарааж, нэр төр, алдар хүндийг минь гутааж, сэтгэл зүйн дарамтанд оруулсны эдийн бус хохирлын хэмжээг 5,000,000 төгрөгөөр үнэлэгдэхгүй. Гэхдээ хариуцагч нарыг цаашид иймд байдлаар бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг битгий гутаагаасай гэсэндээ сургамж болгох үүднээс эдийн бус гэм хорын хохиролд 5,000,000 төгрөг гаргуулахаар тооцон шаардаж байна.
Иймээс Иргэний хуулийн 21, 511 дүгээр зүйлүүдэд заасныг үндэслэн спорт буу болон галт зэвсэг хулгайлсан гэж Б.Алтанцэцэгийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан хэлбэрээр буюу http://ekhsurvalj.mn вэбсайтаар залруулга гаргахыг Б.Наран-Идэр, Ц.Шаравжамц нарт даалгаж, Б.Наран-Идэр, Ц.Шаравжамц нараас нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан эдийн бус хохирол 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Техник спортын төв ТӨААТҮГ-ын захирал Б.Наран-Идэрийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Буудлагын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Алтанцэцэг гэдэг хүний буудах авьяас чадвар болон үе үеийн буудлагын тамирчид бэлдсэн гавьяа зүтгэлийг энд хэн нэгэн үгүйсгээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Техник спортын төв нь Засгийн газрын 55 дугаар тогтоолоор Төрийн өмчит үйлдвэрийн газар болж Техник спортын төвийн эд хөрөнгийг буюу буудлага болон иж бүрэн барилга байгууламжийг авах тухай асуудал үүсэхэд Батлан хамгаалах туслах нийгэмлэг нь төрийн мэдэлд өгөөгүй.
2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улсын Дээд шүүхийн тогтоолоор төрийн өмч мөн гэдгийг хэвээр үлдээсэн. Б.Алтанцэцэгийн ярьж байгаа Буудлага спортын төв, түүнтэй холбоотой сургалтын буу зэвсэг нь төрийн өмч юм. Энэ нь шүүхээр тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 2018 он хүртэл Техник спортын төвийг хүлээлгэж өгөхгүй байсан болохоор төрийн барилга байгууламжийг хүлээн авах ажлын хэсэг гарч ажилласан. Энийг Алтанцэцэг худлаа дэгсдүүлж ярьж байна.
Эдгээр буунууд нь хандиваар бий болсон. Уг буунууд Техник спортын төв дээр сургалтын зориулалтаар буудахад л хэрэглэ гэж өгсөн. Энэ нь Техник спортын төвийн үйл ажиллагаанд зориулагдсан дагалдах эд хөрөнгө хэмээн үзсэн учраас 215 ширхэг буугаа гаргуулахаар шүүхэд хандсан. Техник спортын төвийн агуулахаас шөнө 215 ширхэг бууг зөөгөөд явчихсан, энэ асуудал нь Цагдаагийн байгууллагаар тогтоогдсон, хавтаст хэрэгт байгаа. Цагдаагийн байгууллагаар асуудал шийдэгдээд Иргэний хэргийн анхан шатны шүүхээр бид нар 215 ширхэг буу болон Техник спортын төвийн 32,000,000 төгрөгийн эд хөрөнгийг Батлан хамгаалах туслах нийгэмлэгээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгчихсөн эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байна.
Бид нар Батлан хамгаалах туслах нийгэмлэг гэдэг төрийн бус байгууллагын талаар л маргаан үүсгээд шүүхээр явж байгаа. Энэ төрийн бус байгууллага нь дотроо тусдаа Техник спортын төв гэж төрд авахаас өмнө нэг салбар байсныг нь н.Ганбат, Энхжаргал болон Б.Алтанцэцэг гэх мэт маш олон хүн хариуцаж ажиллаж байсан билээ. Нэхэмжлэлд дурдсан Б.Наран-Идэр нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр ekhsurvalj.mn сайтад Буудлагын төвийн хуучин удирдлагууд спорт буу болон галт зэвсэг хулгайлж техник хэрэгслийг хэмхэлсэн гэдэг ярилцлага өгсөн байдаг. Энэ нь хэн нэгэн эдгээд рүү хандсан мэдээлэл биш. Техник спортын төв, Батлан хамгаалах туслах нийгэмлэг гэдэг байгууллагын хооронд зөрчилдөөн байсан. Энэ асуудлыг л хөндсөн болохоос биш Б.Алтанцэцэг гэдэг хүнийг 215 ширхэг буу хулгайлчихлаа гэсэн зүйл огт яриагүй. Б.Наран-Идэрийн зүгээс Б.Алтанцэцэг гэдэг хүнд зориулж ямар ч үг хэлээгүй. Б.Алтанцэцэг гэдэг хүний нэр төрд халдсан, хувь хүн талаас нь хэлсэн зүйл байхгүй. Нөгөө талаар Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд Нэр төр, алдар хүнд гутаасан мэдээлэл тараасан бодит байдал буюу буу зэвсэг хашаанаас гараад явчихсан. Техник спортын төвөөс 215 ширхэг буу байхгүй болчихсон гэдгийг бүх шүүх хуралдаанд хэлдэг. Б.Наран-Идэр нь огт худлаа, ор үндэслэлгүй мэдээлэл хэлээгүй. Тиймээс уг мэдээлэл нь бодит байдалд нийцсэн гэдэг нь харагдаж байна.
Батлан хамгаалах туслах нийгэмлэг төрийн бус байгууллагаас Техник спортын төвийг авсны дараа улсын хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдээд засвар үйлчилгээ хийсэн. Өмнө жил хүүхдийн танхим болон үндсэн байрандаа засвар хийчихсэн. Мөн төрийн өмчийн үйлдвэрийн газарт ажиллаж байгаа багш дасгалжуулагч гэрээ байгуулан ажиллаж байна. Б.Алтанцэцэг багш дасгалжуулагчаар ажиллаж байгааг мэдэхгүй байна. Тус төврүү оруулахгүй гэсэн шийдвэр гарсан гэж ярьж байна. Ийм шийдвэр, албан бичгийг Б.Наран-Идэр гаргаагүй. Хувь хүний асуудлыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбож яриад байгааг ойлгохгүй байна. Б.Алтанцэцэг нь нэр төр гутаасан гээд 5,000,000 төгрөг нэхэмжилж байна.
Б.Наран-Идэр гэдэг хүн Б.Алтанцэцэг гэдэг хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон зүйл огт байхгүй. Нэхэмжилж байгаа 5,000,000 төгрөгийн хувьд эд хөрөнгийн ямар хохирол учирсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Эдийн бус хохирол гээд мөнгө нэхэмжилж байгаа нь өөрөө ямар үндэслэлээр, ямар тоо тооцооллоор гаргаж ирсэн нь тодорхойгүй байгаа тул 5,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэх эсэх асуудлыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
Иймд Б.Наран-Идэрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Хариуцагч Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамцын шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц нь иргэн Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
1990-ээд оноос төрийн өмчийг авч хувьдаа ашиглаж, эд хөрөнгийг шамшигдуулж байсан асуудлыг л ярьж байгаа юм. Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн нэр дээр байсан буудлын талбай дээр 2 том байшин хороолол босгоод хувийн өмч бариулаад зарчихсан асуудал байгаа. Энэ асуудал Хан-Уулын Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр мөн явж байгаа. Өмнөх удирдлагууд нь газар, буу зэвсгийг хулгайд алдсан асуудал яригдсан. Гэхдээ энэ ярианд Батлан хамгаалах туслах нийгэмлэг буюу өмнөх удирдлагууд гэж ярьсан болохоос биш Б.Алтанцэцэг гэдэг хүний нэрийг онцолж хэлээгүй байдаг. 215 ширхэг бууг хулгайлаад явчихсан асуудал Цагдаагийн байгууллагаар шалгуулаад явж байгаа.
Ekhsurvalj.mn сайт дээр тавигдсан гэх ...хуучин удирдлага... гэдэгт Б.Алтанцэцэг гэдэг хүн байгаагүй. Тухайн үед өөр хүн томилогдон ажиллаж байсан. Б.Алтанцэцэг гэдэг хүний нэрийг тухайлан авч үзсэн юм байхгүй байна. Мөн нэхэмжлэгч Б.Алтанцэцэг тайлбартаа шавь нартайгаа тэмцээн уралдаанд явах, мөн олимпод оролцох эрхтэй хүүхдүүдийн эрхийг хаасан гэж байна. Тэмцээн уралдаанд явах, олимпод явах эрхийг нь хааж боосон зүйл огт байхгүй. Биеийн тамир, спортын улсын хороо олимпод оролцох тамирчдаа бэлтгээд явж байна. Нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн нэр дурдсан шавь гэх хүмүүс бэлтгэл, сургалт хийгээд явж байгаа. Б.Алтанцэцэгийн хөдөлмөрлөх эрх, шавь нартайгаа ажиллах, дасгалжуулах эрхийг хясан боогдуулсан тухай эрх зүйн акт, ямар нэгэн тушаал гаргасан зүйл огт байхгүй.
Ц.Шаравжамц нь Б.Алтанцэцэгийг гүтгэн доромжилсон зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ:
Хариуцагч нарыг Хэвлэл мэдээллээр олон нийтэд Б.Алтанцэцэгийн нэр хүндэд шууд бусаар халдсан, олон нийт болон анд нөхдийн хүрээллийн дунд түүний нэр хүндийг нь галт зэвсэг хулгайлсан гэх зэргээр буруу ойлголт өгөгдсөн гэж үзэж байна гэв.
Шүүх талуудын маргаагүй тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг нь хариуцагч Техник спортын төв ТӨААТҮГ-ын захирал Б.Наран-Идэр, Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц нарт холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг даалгах, эдийн бус хохирол 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
ESA Медиа агентлаг-ийн ekhsurvalj.mn сайтын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 10:29 цагийн мэдээлэлд Б.Наран-Идэр: Буудлагын төвийн хуучин удирдлагууд Спорт буу болон галт зэвсэг хулгайлж, техник хэрэгсэл хэмхэлсэн гэсэн гарчиг бүхий нийтлэл гарсан байна. /http://ekhsurvalj.mn/
Нэхэмжлэгч нь дээрх нийтлэл, түүний гарчгийг бодит байдалд нийцээгүй, 2015 оны 3 дугаар сараас 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Техник спортын төв ТӨААТҮГазрын захирлаар ажиллаж байсан түүнийг галт зэвсэг, буу хулгайлсан гэж олон нийтэд худал мэдээлэл тарааж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэж шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа Хуучин удирдлага гэх ойлголтод ганцхан Б.Алтанцэцэг хамаарахгүй, түүнээс гадна Д.Дашзэвэг, н.Ганбат гэх хүмүүс байсаар атал өөртөө хамаатуулж байгаа нь үндэслэлгүй. Нийтлэлд нэхэмжлэгчийн нэрийг дурдаагүйг анхаараагүй байна. Спорт загварын буунуудыг шөнийн цагаар зөөвөрлөсөн нь бодит үнэн. Энэ талаар Д.Дашзэвэг захиралд холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдлоо гаргасан. Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаагаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй. Эдийн бус гэм хорын хохирлыг хэрхэн тооцож гаргасан нь ойлгомжгүй гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1.-д Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ: гээд 1.2.-т хүний нэр төр, алдар хүнд, ...-ийг хүндэтгэх, гэж тунхагласан бөгөөд Иргэний эрх зүйгээр иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалахаар бататгаж зохицуулжээ.
Иймд Иргэний эрх зүйгээр иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалахдаа иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар мэдээг тараасан хэлбэрээр няцаах үүрэг хүлээлгэж, учирсан гэм хорыг арилгуулдаг байна.
Энэ талаар Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ., 511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ. гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн шаардлага хуулийн эдгээр зохицуулалтад хамаарч байна.
БСШУСЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Биеийн тамир спортын газрын удирдлагууд 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Техник спортын төвийн үйл ажиллагаатай танилцах явцад ESA Медиа агентлаг-аас сурвалжлага хийж, Техник спортын төв ТӨААТҮГ-ын захирал Б.Наран-Идэр, Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц нараас авсан ярилцлагыг ekhsurvalj.mn сайтдаа нийтэлж, олон нийтэд түгээсэн үйл баримт талуудын тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Уг нийтлэл нь Техник спортын төв ТӨААТҮГ-ын захирал Б.Наран-Идэр, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат нарын өгсөн яриаг тэр хэвээр нь, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцын өгсөн ярилцлагыг сэтгүүлч иш татах байдлаар:
ESA-2012 оны долдугаар сарын 5-нд Төрийн өмчийн хороо Техник спортын төвийн байрыг төрийн өмчид бүртгэж авах тухай 323 тоот тогтоол гаргаснаар Батлан хамгаалах туслах нийгэмлэг /БХТН/ Төрийн бус байгууллага, Төрийн өмчийн хороо хоёрын дунд энэ байрыг булаацалдах маргааны эх үүсвэрийг тавьжээ. Талуудын маргаан хурцаар өрнөж олон нуугдмал асуудал ил болсон. Улмаар 2015 оноос техник спортын төвийн барилга байгууламжийг төрийн өмч мөн биш хэмээн маргалдаж, шүүхээр явсны эцэст 2017 оны аравдугаар сарын 17-нд Улсын дээд шүүхээс Техник спортын төвийг УЛСЫН ӨМЧ МӨН гэсэн шийдвэрийг гаргажээ. Гэвч өнөөдөр тус төвийн барилга нурах эрсдэлд хүрч, буудлагын тамирчид бэлтгэл сургуулилт хийх боломжгүй болжээ. Энэ талаар Техник спортын төв ТӨААТҮГ-ын захирал Б.Наран-Идэртэй ярилцлаа.
ESA-Буудлагын төвийг төрийн өмч мөн биш гэж маргалдахын гол шалтгаан нь юу байв. Дээд шүүхийн шийдвэр гарсан ч өмнөх удирдлагууд шүүхийн шийдвэр биелүүлэхгүй удсан гэх мэдээлэл байна?
- Буудлага спортын төв клуб буюу Техник спортын төвийг 2015 онд Засгийн газрын тогтоолоор төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулсан. Улмаар төрийн өмчийн хорооноос барилга байгууламжаа төрд хүлээж авах гэсэн боловч тухайн үед Батлан хамгаалах туслах нийгэмлэг ТББ энэ барилгыг манай өмч гэснээр маргаан үүссэн юм. Ингээд 2015 оноос хойш шүүхээр явсан бөгөөд 2017 оны гуравдугаар сард анхан шатны шүүхээс Төрийн өмч мөн гэсэн шийдвэрийг гаргасан. Мөн 2017 оны аравдугаар сарын 17-ны өдөр улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн бүх заалтыг хэвээр үлдээснээр буудлага спортын төв клуб төрийн өмчид шилжсэн юм. Төрийн өмчид шилжсэний дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын тушаалаар өмч хөрөнгөө хүлээн авахаар ирсэн боловч БХТН-ийнхэн улсын дээд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг маргаан гаргасан ч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн юм.
Энэ байгууллага 1980 онд ашиглалтад орсон бөгөөд БХТН төрийн бус байгууллага ашиглаж байсан ч төрөөс санхүүжилтийг нь гаргадаг байсан. Жилдээ 300 сая гаруй төгрөгийн татаасыг өгдөг байсан ч 2010 оноос засвар үйлчилгээ хийгээгүй өнөөдрийг хүрсэн юм. Эд хөрөнгө нь үрэгдсэн, барилга байгууламж нурах эрсдэлтэй, дээврээс ус дусах зэргээр тамирчид бэлтгэл сургуулилалт хийхэд хүндрэлтэй байдалтай байна. Энэ байдлыг нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, БСШУСЯ-нд мэдэгдсэн юм. Одоо төр энэ байгууламжид ямархуу байдлаар үйл ажиллагаа явуулах уу? гэдгээ шийдэх хэрэгтэй учраас эхний ээлжид бэлтгэл хийх нөхцөл байдлаар хангах ёстой.
ESA-Энэ жил төсвөөс ямар нэгэн татаас байгаа юу. Нөхцөл байдлыг харахад үйл ажиллагаа явуулах боломж нь хүндрэлтэй харагдаж байна?
-Өмчийн асуудлаар шүүхийн шатанд маргаантай байсан болохоор 2018 оны төсөвт мөнгө төгрөг тусгагдаагүй. Гэхдээ холбогдох төрийн байгууллагууд анхаарал тавих байх гэж найдаж байна. Ер нь манай төв аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар учраас өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчимтай. 2015 оны Засгийн газрын тогтоолоор Яармагийн спорт цогцолбор, Хангалын бэлтгэлийн бааз, Техник спортын төвийг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгосон. Тухайн үедээ нөгөө хоёр байгууллага төрөөс эхлэлтийн хөрөнгө мөнгө шийдвэрлүүлж үйл ажиллагаагаа явуулсан. Манайх одооноос төрийн мэдэлд очиж байгаа болохоор санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа. Ямар ч байсан эхний ээлжид засвар үйлчилгээг хийх хэрэгтэй бөгөөд энэ хөрөнгийг төр шийдэж өгөөсэй гэж хүсч байгаа.
ESA-Хуучин удирдлагуудад хариуцлага хүлээлгэсэн үү?
-Одоогоор хариуцлага хүлээлгэсэн зүйл алга. Холбогдох асуудлыг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тавьсан. Дутагдсан эд хөрөнгийг бүртгэхэд тамирчдын хэрэглэж байсан спорт буу болон галт зэвсгийг хуучин удирдлагууд хулгайн замаар авч явсан, техник хэрэгслийг хэмхэлсэн зэргээр хохирол учруулсан...
ESA-Түүх сөхвөл, социализмын үед ажиллаж байсан Улсын батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлд БНГАУ 1980 онд Техник спортын төвийг үнэ төлбөргүй барьж өгсөн. 1980 онд энэ барилгыг барьснаас хойш нийгэм солигдох хүртэл Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл хэмээх байгууллага ажиллаж байсан юм. Харин ардчилал гарсны дараа яг ижил нэртэй Төрийн бус байгууллага эзэмшилдээ авч өнөөг хүртэл ашиглаж байсан юм. Буудлагын төвийн сум баригчийг цоо буудсан, эвдэрч хэмхэрсэн буутай, цонхыг хагалж гялгар тор татсан, дээврээс дусаал дусч, хана цуурсан байдалтай байх нь сурвалжлагч миний нүдэнд нурах дөхсөн балгас мэт харагдах байсныг нуух зүйлгүй. Энэ бол төрийн өмчид гамгүй, хайнга хандсан хуучин удирдлагуудын үлдээсэн Техник спортын төв юм.
ESA-Батлан хамгаалах туслах нийгэмлэг ТББ-ын захирлаар Б.Алтанцэцэг ажиллаж байжээ. Тэрээр ажлаа хүлээлгэж өгөхдөө 210 ширхэг спорт загварын галт зэвсгийг хулгайлсан бөгөөд галт зэвсгийг хууль бусаар ашиглавал нийгэмд аюул дагуулах эрсдэлтэйг Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц ярьж байлаа. Үүнээс гадна техник спортын төвийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд багагүй хөрөнгө шаардлагатай гэнэ. Одоогоор тооцоо судалгааг хийж байгаа бөгөөд зөвхөн дээврийн хэсгийг засварлахад 110 сая төгрөг зарцуулах тооцоотой байна... гэж бичигдсэн байна.
Нийтлэлийн Б.Наран-Идэр, Ц.Шаравжамц нарын өгсөн ярилцлагаас бэлтгэсэн хэсгийг уншихад Техник спортын төвийн хуучин удирдлага нь Б.Алтанцэцэг юм байна. Тэрээр ажлаа өгөхдөө байгууллагын өмчийн 210 ширхэг буу, галт зэвсгийг хулгайлсан юм байна гэх ойлголтыг олон нийтэд төрүүлэхээр болжээ.
Хэдийгээр Б.Наран-Идэрийн өгсөн ярилцлагад тодорхой нэр заагдаагүй боловч Буудлагын төвийн хуучин удирдлагууд гэж дурдагдсан энэхүү яриа нь Ц.Шаравжамцын Батлан хамгаалах туслах нийгэмлэг ТББ-ын захирлаар Б.Алтанцэцэг ажиллаж байсан гэсэн ярилцлагаар дэмжигдэж, улмаар олон нийтэд 210 ширхэг спорт загварын буу, галт зэвсэг хулгайлсан хуучин удирдлага нь Б.Алтанцэцэг юм байна гэсэн ойлголтыг шууд төрүүлж байна.
Иймд дээрх нийтлэлд Б.Алтанцэцэгийн нэр дурдагдаагүй, түүний тухай өгүүлээгүй гэх хариуцагч нарын тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.
Техник спортын төв ТӨААТҮГ-ын эзэмшилд байсан 215 ширхэг спорт загварын буунуудыг 2018 оны 2 сард тус төвөөс зэргэлдээ орших Батлан хамгаалах туслах нийгэмлэг ТББ-ын байр руу зөөвөрлөсөн үйл баримтад зохигчдын хэн аль нь маргаагүй бөгөөд нийтлэлд дурдагдсан 210 ширхэг спорт загварын буу буюу галт зэвсэг нь энэ 215 ширхэг буу болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч намайг Япон улсад томилолттой явж байхад ийм явдал болсон юм билээ. Зориулалтын хадгалах байранд л шилжүүлэн байршуулсан болохоос хууль бусаар авсан зүйлгүй. Уг нь зөөвөрлөх ажлыг эрт эхэлсэн боловч олон ширхэг байсан учраас харанхуй болтол үргэлжилсэн байх гэсэн бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа Зөөвөрлөхдөө шөнийн цагаар, зөвшөөрөлгүйгээр зөөвөрлөсөн тул хулгайлсан гэх үгийг хэрэглэсэн байх. Өмчийн маргаантай байсан учир бууг зөөвөрлөсөн үйлдэлд хуучин удирдлага Д.Дашзэвэгийг буруутай гэж үзэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, уг гомдлын дагуу Д.Дашзэвэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Прокурорын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэрэг хаагдсан гэсэн тайлбарыг гаргасан.
Энд дурдагдаад байгаа спорт загварын буунуудыг нэхэмжлэгч Б.Алтанцэцэг хууль бусаар эзэмшилдээ авсан талаар нэг ч баримт хэрэгт авагдаагүй, түүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан гэж үзэх үйл баримттай холбоотой баримт ч үгүй байна.
Үүнээс үзэхэд, Б.Наран-Идэр, Ц.Шаравжамц нарын ярианаас бэлтгэсэн нийтлэлээр олон нийтэд өгсөн Б.Алтанцэцэгийн талаарх ойлголт нь бодит үнэнд нийцээгүй гэж үзнэ.
Нэр нь хүний салшгүй хэсэг болохынхоо хувьд иргэн бүрийг бие хүн болгон тодорхойлж буй нэг хэлбэр бөгөөд иргэний эрх зүйн бүх эрхийг зөвхөн өөрийн нэрээр олж авдаг тул тухайн хүнээс өөр бусад этгээд түүний нэрийг ашиглан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээ, мэдээлэл хийх, олон нийтийг төөрөгдөлд оруулах замаар иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээг дордуулсныг нэр төрийг гутаасан, хүний нэр төртэй уялдаа холбоо бүхий, нийгэмд эзэлж байгаа түүний байр суурийн илрэл буюу үнэлэмж буурсныг алдар хүнд гутаагдсан гэж ойлгодог.
Манай тохиолдолд хариуцагч нар хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан, бодит байдалд нийцэхгүй мэдээллийг түгээсэн нь нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн талаарх олон нийтийн, тэр дундаа спортын салбарынхны эерэг үнэлгээг дордуулсан, нийгэмд эзлэх байр суурийн үнэлэмжийг бууруулсан гэж үзэх үндэслэлтэй тул энэ талаар Хэвлэл мэдээллээр олон нийтэд Б.Алтанцэцэгийн нэр хүндэд шууд бусаар халдсан, олон нийт болон анд нөхдийн хүрээллийн дунд түүний нэр хүндийг нь галт зэвсэг хулгайлсан гэх зэргээр буруу ойлголт өгөгдсөн гэж үзэж байна гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авав.
Иймд нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан хариуцагч нарыг гэм хорыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасны дагуу хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Буудлагын спортын Олон Улсын хэмжээний мастер, гавьяат дасгалжуулагч, Монгол Улсын дээд амжилтыг найман удаа шинэчлэн тогтоосон нэхэмжлэгч Б.Алтанцэцэг нь Олимпийн тэмцээнд 2 удаа тамирчнаар, 3 удаа дасгалжуулагчаар оролцож байсан ба түүний шавь нар дундаас Олимп, Тив, Дэлхийн наадам болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс медаль хүртсэн нь цөөнгүй байх бөгөөд нийтэд илэрхий энэ үйл баримтад хариуцагч нар маргаагүй.
Иймд түүнд учирсан эдийн бус гэм хорын мөнгөөр илэрхийлэгдэх хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Олон улсын олимпийн хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам-ын 1.2.1, 3.1-д заасан хувь, хэмжээтэй харьцуулах замаар тодорхойлох нь хууль зөрчихгүй гэж үзлээ.
Тухайн журмын 2.1-д зааснаар Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 60,000,000 төгрөг, хүрэл медаль хүртсэн тамирчинд 30,000,000 төгрөг, харин дасгалжуулагчид медаль хүртсэн тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг нэг удаа олгохоор, харин журмын 4.1 дэх заалтаар Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3,000,000 төгрөг, хүрэл медаль хүртсэн тамирчинд 2,000,000 төгрөгийн урамшууллыг тус тус насан туршид нь сар бүр олгохоор заасан байх тул Олимпийн наадмын мөнгө болон хүрэл медальт тамирчны дасгалжуулагч Б.Алтанцэцэгээс өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас учирсан эдийн бус гэм хорын хэмжээг 5,000,000 төгрөгөөр тооцож шаардсаныг шүүх буруутгах үндэслэлгүй, бууруулан тооцох боломжгүй гэж дүгнэв.
Иймд Буудлагын төвийн хуучин удирдлагууд Спорт буу болон галт зэвсэг хулгайлж, техник хэрэгсэл хэмхэлсэн гэх гарчиг бүхий нийтлэлээр гутаагдсан нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан эдийн бус гэм хорыг түүний нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийн хэмжээгээр тооцож арилгуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасныг тус тус баримтлан Б.Алтанцэцэгийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан ESA Медиа агентлаг /http://ekhsurvalj.mn сайтаар дамжуулан няцаалт хийхийг Техник спортын төв ТӨААТУГ-ын захирал Б.Наран-Идэр, Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц нарт даалгаж, эдийн бус хохиролд 5,000,000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 165,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 165,150 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 14 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, ийнхүү гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ИЧИНХОЛОО
Ө.УЯНГА