Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1131

 

      2020           9              3                                          2020/ДШМ/1131                              

 

 

     С.Дэд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч С.Дийн өмгөөлөгч Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/820 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Дийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлоор С.Дэд холбогдох эрүүгийн 2008019921013 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Б овгийн С-ийн Д, 1992 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 10 дугаар гудамжны 42 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

          С.Д нь “Нийгмийн халамжид хүн танина. Таны тэтгэврийг шинэчлэх, нөхрийнх нь тэтгэврийг тогтоолгож өгнө” гэж бодит байдлыг нуун хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.Бгаас 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 500.000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 26-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд банкны дансаар 1,360,000 төгрөг, 435,000 төгрөгийн үнэ бүхий модон хуур, зүү ороосон дайлин зэргийг авч нийт 2,295,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

          Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дээс нийт 2,295,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд олгож, Эрүүгийн 2008019921013 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Дийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Дийн ар гэр хохирогч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохиролд 2,295,000 төгрөгийг төлж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршгийг арилгасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлийг баримтлан, шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт тооцогддог хэргийг анх удаа үйлдсэн байдал, түүний хавтас хэрэгт авагдсан хувийн байдлуудыг харгалзан, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүссэн байна. С.Дэд шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өөрчлөх үндэслэлээр гомдол гаргаж байна. ...” гэв.

 

Прокурор Р.Очирсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 820 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч С.Д нь “Нийгмийн халамжид хүн танина. Таны тэтгэврийг шинэчлэх, нөхрийнх нь тэтгэврийг тогтоолгож өгнө” гэж бодит байдлыг нуун хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.Бгаас 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 500,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 26-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд банкны дансаар 1,360,000 төгрөг, 435,000 төгрөгийн үнэ бүхий модон хуур, зүү ороосон дайлин зэргийг авч нийт 2,295,000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь:

 

          хохирогч Б.Бгийн “... С.Д надаас “та тэтгэвэрт гарсан юм уу” гэж асуусан би “тэтгэвэрт гарсан, яасан юм” гэж асуухад “хуульд нэг удаа тэтгэврийг шинэчлэх эрх байдаг юм. Би таны тэтгэврийг шинэчлээд өгье. Бас танай нөхөр чинь тэтгэвэрт гараагүй бол тэтгэвэр тогтоолгоод өгч болно. Надад Нийгмийн халамжийн газарт ажилладаг таньдаг хүн байгаа” гэж хэлэхээр нь би итгээд “хэдэн төгрөг өгөх ёстой вэ” гэж асуухад С.Д “эхлээд 500,000 төгрөг өгчих” гэсэн. ... би бэлнээр болон өөрийн данс, нөхөр Д.Алтангэрэлийн дансаар С.Дэд нийт 1,860,000 төгрөгийг өгсөн. ...мөн 85,000 төгрөгийн үнэтэй морин хуур, 350,000 төгрөгийн зүү ороосон дайлинг тус тус өгсөн. ...Надаас 2,295,000 төгрөгийг хууран мэхэлж, залилан авсан. ...би гомдолтой байна. С.Даваанцэндээс мөнгөө эргүүлэн авмаар байна. ...” (хх 22),

 

          гэрч Д.Алтангэрэлийн “...Миний эхнэр Б.Б надад хэлэхдээ “С.Д тэтгэвэр тогтоолгож өгч чаддаг гэж байна. Мөнгө өгөх хэрэгтэй юм байна” гэж хэлээд 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед С.Дтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын хажууд байдаг сүүдрэвчид уулзаж Б.Б нь бэлнээр 500,000 төгрөг өгч байсан. ...би хамт явж байсан. ... Манай эхнэр миний дансыг ашиглах, мөнгийг захиран зарцуулах эрхтэй. ...” (хх 31),

          шүүгдэгч С.Дийн яллагдагчаар өгсөн  “... би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн  зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байна. ...” /хх 47/ гэсэн мэдүүлгүүд,

 

          “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 996 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хх 36-37/,

 

Хаан банкин дахь С.Дийн эзэмшлийн 5925450078 дугаарын дансны гүйлгээний хуулга /хх 72-82/

Хаан банкин дахь Б.Бгийн эзэмшлийн 5925284940 дугаарын дансны гүйлгээний хуулга /хх 6-10/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

          Шүүгдэгч С.Дийн “Нийгмийн халамжид хүн танина. Таны тэтгэврийг шинэчлэх, нөхрийнх нь тэтгэврийг тогтоолгож өгнө” гэж бодит байдлыг нуун хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.Бгаас 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 500,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 26-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд банкны дансаар 1,360,000 төгрөг, 435,000 төгрөгийн үнэ бүхий модон хуур, зүү ороосон дайлин зэргийг авч нийт 2,295,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн агуулсан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Оюунчимэгийг  бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Гэвч шүүгдэгч С.Д нь 4 сартай жирэмсэн, түүний артерын даралт ихэсч 180 м.у.б (мөнгөн усны багана)-д хүрдэг, хөлийн шилбээр хавантай, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэлтэй болох нь Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 345 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна. Түүнчлэн хохирогч Б.Бд давж заалдах шатны шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “... хохирол 2,295,000 төгрөг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснээс дүгнэвэл шүүгдэгч С.Даваацэрэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан хохирлыг бүрэн барагдуулсан байна.

 

Шүүгдэгч С.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний 4 сартай жирэмсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг өөрчлөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч С.Дийн өмгөөлөгч Ж.Гантулгын “…оногдуулсан хорих ялыг тэнсэж, хөнгөрүүлж өгнө үү. …” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/820 дугаартай шийтгэх тогтоолын:

 

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Дэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаатайгаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.” гэж,

 

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч С.Д 65 /жаран тав/ хоног цагдан хоригдсон, хохирогч Б.Бд 2,295,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ