Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2019/0349

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийж, Э******* ХХК-ийн Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийн Э ХХК-д холбогдох хэсгийг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоох шаардлага бүхий нэхэмжлэлтэй Улсын гуравдугаар төв эмнэлэг, тус эмнэлгийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Тус компани нь П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгээс зарласан Лед дэлгэц худалдан авах, суурилуулах ШУГТЭ2018/11 дугаартай нээлттэй цахим тендерт шалгарахаар оролцсон.

Гэтэл захиалагч нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 77 дугаартай мэдэгдлээр танай ирүүлсэн тендер нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь хэсэгт заасны дагуу шалгараагүй болохыг мэдэгдье. Дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Э ХХК шалгарсан болно гэсэн байна.

Үүнийг бид эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яам нь манай гомдлыг хянаад 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6-1/765 дугаартай хариугаар захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, зөрчлийг арилгахыг мэдэгдсэн.

 

Гэтэл захиалагч нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 138 дугаартай мэдэгдлээр танай ирүүлсэн тендер нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь хэсэгт заасны дагуу шалгараагүй болохыг мэдэгдье. Тендерт дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Э ХХК шалгарсан болно гэж өмнөх хариугаа дахин өгсөн байна.

Ийнхүү захиалагч буюу захиргааны байгууллага тендер будлиулсны улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол дараах байдлаар зөрчигдөж байна. Үүнд: 1. Нээлттэй тендерт шударгаар, тэгш өрсөлдөх боломжгүй байна, 2. тендерээр шударгаар ажил олж хийж чадсангүй, 3. ажилгүй, орлогогүй тул ажилчид цалингүй болж байна, ажлын байраа хаахад хүрч байна, 4. ажиллагсдын нийгмийн даатгалыг төлж чадахгүй болж байна, 5. орлогогүй тул татвар төлөхгүй болж байна, 6. нээлттэй тендер гэж худал хуурмаг зүйлд маш их хүч хөдөлмөр, цаг заваа дэмий үрж байна, 7. тендерийн бичиг баримт худалдаж авахаас эхлээд мөнгө төгрөг, материал баялаг, сэтгэл санаа, итгэл үнэмшлээрээ маш их хохирч байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Э ХХК нь дараахь 3 зүйлд заасан шаардлагыг хангахгүй болно. Үүнд:

 

Нэг. Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны ТОӨЗ 18.1 (в)-д Гэрээг гүйцэтгэх, удирдах болон мэргэжлийн боловсон хүчний чадвар, ажлын туршлагын талаарх мэдээлэл ирүүлнэ. Үүнд: Мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтрийн нүүр хэсэг, төлөлт, ажилд томилсон тушаалтай хуудасны хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ. Тоног төхөөрөмжийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн жагсаалт ирүүлнэ. гэж өгөгдсөн бөгөөд уг шалгарсан гэх Э ХХК нь Электрон тоног төхөөрөмжийн худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэрчилгээ байхгүй болон өөрийн ажилчин электроникийн инженер байхгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн Техникийн чадавх болон туршлагыг үнэлэх 16.1.1-д тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар гэж заасан байна.

Хоёр. Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны ТОӨЗ 18.1 (г)-д Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил гэж өгөгдсөн бөгөөд уг шалгарсан гэх Э ХХК нь цахилгаан тоног төхөөрөмжийн системийн интеграцчлал, автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд электроникийн чиглэлийн бус, лед дэлгэцийн угсралт нийлүүлэлт хийж байгаагүй туршлагагүй компани байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн Техникийн чадавх болон туршлагыг үнэлэх 16.1.3.сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үйлчилгээ, тэдгээрийн үнийн дүн, хугацаа болон худалдан авагчдын жагсаалт, шаардлагатай бол бараа, үйлчилгээний гүйцэтгэлийн талаархи өмнөх худалдан авагчдын тодорхойлолт гэж заасан заалтуудыг хангахгүй байна.

 

Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны ТОӨЗ 12.1 (ё) -д Тендерт оролцогч дараах материалыг нэмж ирүүлнэ.

Барааны техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангасан тухай нотолсон баримт Монгол хэл дээр ирүүлнэ гэж заагдсан байхад нийлүүлэх техникийн тодорхойлолт нь заагдсан шаардлагыг хангахгүй.

Зөрчигдөж байгаа манай эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж сэргэх юм бэ гэхээр: тендерт шалгарсан гэх Э ХХК нь тендерийн шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон нөхцөлд манай компани тендерт шалгарч, ажилтай, орлоготой болох юм.

Иймд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тендер шалгаруулалтад холбогдох гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана гэж заасан тул шүүхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 103.3.1 дэх хэсэгт заасан дараах шийдвэрийг гаргуулахыг хүсэж байна. Үүнд:

 

1.   Үнэлгээний хорооны 2019 оны дүгнэлтийн Э******* ХХК-ийн ирүүлсэн тендер нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3-д заасны дагуу шалгараагүй гэсэн хэсгийг хүчингүй болгох,

2.   Үнэлгээний хорооны 2019 оны дүгнэлтийн Э ХХК-ийн ирүүлсэн тендер нь төрийн болон ороннутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д заасны дагуу шалгарсан гэсэн хэсгийг хүчингүй болгох,

3.   Захиалагчийн 2019 оны Э ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох,

4.   Захиалагчийн Э ХХК-тай байгуулсан 2019 оны гэрээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчилж, шаардлагын хэмжээг багасгах хүсэлтдээ:

Үнэлгээний хорооны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасныг үндэслэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн Э ХХК-тай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох шийдвэр хүргүүлэх гэсэн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Э******* ХХК-ийн гомдлоор Сангийн яам дахин хянаж 2019 оны 03 дугаар сарын 13-ны 6-1/1304 дугаартай шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Лед дэлгэц худалдан авах, суурилуулах ШУГТЭ2018/11 дугаартай тендерийн захиалагчийн шийдвэрийг хүчингүй тул Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж байгаа болно.

Тус эмнэлгээс Лед дэлгэц худалдан авах суурилуулах нээлттэй ШУГТЭ 2018/11 дугаартай цахим тендерийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минутад нээж хянан, үнэлгээ хийсэн болно. Сангийн яамны 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/1304 дүгээр шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийхэд Э******* ХХК нь шалгарч 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 241 дүгээр албан бичгээр гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж улмаар 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр эмнэлгийн хурлын танхимд Лед дэлгэц худалдан авах суурилуулах НТГ/13/01 дугаартай гэрээг байгуулсан болно.

Мөн тус эмнэлгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/144 дүгээр тушаалаар уг лед дэлгэцийн иж бүрдэл хүлээн авах ажлын хэсгийг томилон ажиллуулж байна. Э******* ХХК-ийн захирал Ч.Б*******гээс тус эмнэлгийн хуулийн зөвлөх тодруулга авахад нэгэнт гэрээ байгуулан лед дэлгэц суурилуулах ажилдаа орсон тул манай компанийн зүгээс гомдол гаргаагүй гэжээ.

Иймд Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх Улсын гуравдугаар төв эмнэлэг тус эмнэлгийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Э******* ХХК-ийн Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийн Э ХХК-д холбогдох хэсгийг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/575 дугаар тушаалаар тус эмнэлгийн хурлын танхимд лед дэлгэц худалдан авах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тендерийн үнэлгээний хороо хуралдаж тендерийн баримт бичгийг боловсруулахаар шийдвэрлэсэн байна. Улмаар тендерийн үнэлгээний хорооноос 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тендерийн нээлтийг хийж Х ХХК, Э ХХК, М ХХК, Н ХХК, Э ХХК, Э******* ХХК-иуд тендер ирүүлсэн болохыг бүртгэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэж заасны дагуу Тендерийн үнэлгээний хороо 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Х ХХК, Э  ХХК, М  ХХК, Н  ХХК-иудын тендерүүд нь захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангаагүй тул тендерээс татгалзаж, Э ХХК, Э ХХК-иудын ирүүлсэн тендерийн баримт бичигт нарийвчилсан үнэлгээ хийхээр шийдвэрлэжээ.

 

Тендерийн үнэлгээний хороо нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Э ХХК, Э ХХК-иудын ирүүлсэн тендерийн техникийн тодорхойлолт нь шаардлагад нийцсэн боловч бага үнийн санал ирүүлсэн Э ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн гэрээ байгуулах эрх олгосон байна. Нэхэмжлэгч Э******* ХХК нь тендерийн өгөгдлийн хүснэгтэнд заагдсан ажлын байрны сургалтыг 2 дээш хоногоор зохион байгуулах талаар мэдээлэл, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн жагсаалтыг Э ХХК ирүүлээгүй байхад шалгаруулсан гэж гомдол гаргасны дагуу Сангийн яам гомдлыг хянан үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана55.3.1-д энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх55.3.3-д зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах гэж заасан эрхийн хүрээнд хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин тендер шалгаруулалт явуулахыг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6-1/765 дугаар албан бичгээр даалгажээ.

 

Хариуцагч нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 18.1 /в/-д гэрээг хэрэгжүүлэх удирдах болон техникийн голлох боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэж заасны дагуу Э ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жагсаалт, компанийн ажилтны нийгмийн даатгалын дэвтэр, ажлын байрны сургалтыг 2-оос дээш хоногоор зохион байгуулсан эсэх баримтыг тодруулж авахаар шийдвэрлэж холбогдох материалуудыг Э ХХК-иас нөхөн авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Улмаар Тендерийн үнэлгээний хороо нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуралдан 05 дугаар тэмдэглэлийг үйлдэж Э ХХК-г дахин хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж шийдвэрлэсэн боловч Э******* ХХК Тендерийн үнэлгээний хорооны дээрх шийдвэрт Сангийн яаманд дахин гомдол гаргасан байна. Сангийн яам гомдлыг хянан үзээд тендер шалгаруулалтыг дахин хийхийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Гомдол хянасан тухай 6-1/1304 дүгээр албан бичгээр мэдэгджээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооноос зохион байгуулсан ШУГТЭ 2018-11 дугаартай Лед дэлгэц худалдан авах, суурилуулах тендерийн үнэлгээг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хийж, 07 дугаар тэмдэглэл үйлдэн Э ХХК-ийн тендерээс татгалзаж, нэхэмжлэгч Э ХХК-д гэрээ байгуулах эрхийг олгосны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр НХТ/13/01 дүгээр Эмнэлгийн хурлын танхимд лед дэлгэц худалдан авах, суурилуулах гэрээг байгуулжээ. 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын акт-р Э******* ХХК гэрээгээр хүлээсэн үүрэг болох лед дэлгэцийг суурилуулан захиалагчид хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар зөвхөн Э ХХК-ийн нөхөж ирүүлсэн баримтуудыг дүгнэж, уг компанийн тендерийг хамгийн сайн гэж үзэж гэрээ байгуулах эрх олгосон нь дараах үндэслэлээр хууль бус байсан болно.

 

Тодруулбал, Төрийн болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана, 28 дугаар зүйлийн 28.1-д Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ гэж заасны дагуу Сангийн яамнаас Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлгээ хийхийг даалгасан байтал зөвхөн нэг компанийн тендерийн материалыг нөхөн гаргуулж, уг оролцогчийн тендерт үнэлгээ өгч хамгийн сайн тендер гэж дүгнэсэн нь хуулийн зохицуулалтыг зөрчсөн үйлдэл юм.

 

Түүнчлэн Төрийн болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиалагч тендерт оролцогчдод тендер бэлтгэж ирүүлэх хангалттай, ижил хугацаа олгоно24.2-т Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацааг тендер шалгаруулалтыг анх зарлан мэдээлсэн өдрөөс эхлэн тооцож тогтооно, 25 дугаар зүйлийн 25.2-д Энэ хуулийн 21.5.6-д заасан хугацаанаас хожимдож ирсэн, эсхүл тендерийн баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тендерийг хүлээж авахгүй бөгөөд хаягаар нь буцаана гэж заасны дагуу тендер хүлээн авах хугацаа өнгөрсөн тохиолдолд холбогдох материалыг нөхөн авах хуулийн зохицуулалтгүй атал хариуцагч нь Э ХХК-иас тендерт дутуу ирүүлсэн материалыг нөхөн авч, маргаан бүхий захиргааны актаар шалгаруулсан нь хууль бус болно.

Иймд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хороо 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 тэмдэглэлээр Э ХХК-ийн тендерийг хамгийн сайн гэж дүгнэсэн шийдвэр нь худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг зөрчсөн тул Э******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж

шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.12 дахь хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Төрийн болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.124 дүгээр зүйлийн 24.124.2, 25 дугаар зүйлийн 25.2, 27 дугаар зүйлийн 27.428 дугаар зүйлийн 28.155 дугаар зүйлийн 55.355.3.155.3.3 дахь хэсэгт заасныг баримтлан Э******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийн Э ХХК-д холбогдох хэсгийг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ