Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2024/00289

 

 

                                  “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

                                                   хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/03267 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2024/01542 дугаар магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Н” ГХОХХК-д холбогдох

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, барьцааны эрхийг дуусгавар болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г , хариуцагчийн өмгөөлөгч С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “М” ХХК нь “Н” ГХОХХК-д холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, барьцааны эрхийг дуусгавар болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/03267 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэлгүй тул “Н” ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан 1617 дугаартай Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, барьцааны эрхийг дуусгавар болгох тухай “М” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2024/01542 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/03267 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасныг баримтлан 2019 оны 09 сарын 14-ний өдрийн 1617 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамжны ... тоот хаягт байх улсын бүртгэлийн ...  дугаартай, 290.74 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьцаалсан “Н” ХХК-ийн барьцааны эрхийг дуусгавар болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтын “...үлдээсүгэй...” гэснийг “үлдээж, хариуцагч “Н” ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ын хяналтын журмаар гаргасан гомдолд: “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.29-ний өдрийн 210/МА2024/01542 тоот магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй гэж бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч, дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна. Тухайн үеийн хэргийн нөхцөл байдал, үйл баримтын талаар товчхон дурьдах нь зүйтэй болов уу. Манай компани нь нэхэмжлэгч “М ” ХХК-тай 2019.09.14-ний өдөр “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээг байгуулж, 150ш автомашины дугуйг 102 сая төгрөгөөр худалдсан. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “М ” ХХК-ийн өмчлөлийн БЗД-ийн 11-р хороо, Хүрхрээ гудамж ... тоот хаягт байрлах 290.74 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Тухайн үед барьцааны гэрээг байгуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн талаарх бүхий л лавлагаа, мэдээллийг Улсын бүртгэлийн байгуулагаас зохих хууль дүрмийн дагуу авсан бөгөөд аливаа нэг эрхийн зөрчил байгаа талаар, гуравдагч этгээдийн эрх зөрчигдсөн эсэх талаарх мэдээлэл байгаагүй. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэл үнэн зөв байх хуулийн шаардлага дээр тулгуурлан гэрээг байгуулсан. Гэрээний нэг тал болох “М ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ огтхон ч биелүүлэлгүй, өнөөдрийг хүртэл манай компанийг хохироож буй. Гэтэл худалдан авагч тал болох “М ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 102 сая төгрөгийн төлбөрөө төлөөгүй атлаа 2023 оны 6 сард “Гэрээгээр хүлээсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа буюу 3 жилийн хугацаа 2023.01.01-ний өдөр дууссан тул” гэдэг үндэслэлээр барьцааны гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Улмаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Барьцааны гэрээ дуусгавар болгохыг” тогтоолгохоор маргасан. 2024.01.31-ний өдрийн шүүх хуралдааны явцад ч тэр, мөн давж заалдах шатны шүүх хуралдааны үед ч тэр гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн эсэх талаар мэдээгүй. Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүх руу буцаасны дараа нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Улсын Дээд шүүхийн 2021.11.09-ний өдрийн 1352 тоот тогтоолоор Ж ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн болохыг мэдсэн. Өөрөөр хэлбэл, энэ талаар мэдээгүй, мэдэх ч боломж байгаагүй, гэрээний нэг тал, барьцаалуулагч “М ” ХХК мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нуусан. Иргэн Ж  нь 2019 оны 6 сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд “Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” нэхэмжлэл гаргасан, иргэний хэрэг маргаан үүссэнийг мэдсээр атлаа 2019.09.14-ний барьцааны гэрээг байгуулсан. Манай талаас УБГ-аас лавлагаа мэдээллийг авсан, аливаа нэг хуулийн байгууллага, шүүхээс хязааарласан, хаалт хийсэн баримт сэлт авагдаагүй, үүний үндсэн дээр тухайн барьцааны гэрээг УБГ газар бүртгэсэн. Мөн 2021 онд УДШ-ийн тогтоол гарсныг мэдсээр атлаа 2023 оны 6 сард “хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон” гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан, энэ ч нөхцөл байдал, үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхэд маргасан. Хэрэгт 2021 оны УДШ-ийн тогтоол нотлох баримтаар авагдаагүй байсныг анзаарах ёстой. Харин 2024.06.20-ны өдрийн шүүх хуралдаанд “Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт зааснаар” гэж маргасан бөгөөд улмаар давж заалдах шатны шүүхэд энэ үндэслэлээр гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд дүгнэлт хийж, шударга ёсны зарчимд тулгуурлаж, шийдвэрлэсэнгүй. Нэг талдаа иргэн Ж ийн эрх ашгийг хөндөж, хохироочихсон, улмаар гэрээнийхээ үүргийг шударгаар биелүүлсэн манай компанийн эрх ашгийг хөндөж, хохироосон этгээдийн талд шийдвэрлэх нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй. Иргэн Ж  нь Барьцааны гэрээг хүчингүйд тооцуулахаар эсвэл “М ” ХХК нь гэрээгээр хүлээсэн 102 сая төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлчихээд Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бол бидний зүгээс зөвөөр ойлгож хүлээж авах төдийгүй, энэ нь ч шудрага ёсны, хууль ёсны зарчимд нийцнэ.

Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй талаар: Талуудын хооронд 2019.09.14-ний өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлэх үед шүүхийн хүчин төгөлдөр аливаа нэг шийдвэр гараагүй байсан бөгөөд 2021.11.09-ний өдөр УДШ-ийн 1352 тогтоолоор нэг мөр шийдэгдсэн байна. Гэхдээ энэ талаар манай компани огтхон ч мэдээгүй бөгөөд тухайн үед цар тахлын хууль үйлчилж, онцгой дэглэмийн байдалтай байсан. Гэхдээ манай компани Ж ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон бол илүү бодитой байсан гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Аливаа этгээдүүд үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалахдаа гэрээг Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд байгуулж, батлуулж, бүртгүүлдэг. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “...үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 “тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шудрага эзэмшигч гэж үзнэ”, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйл “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх”, 6.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журмын дагуу баталгаажуулна” гэж хуульчилсан. Манай компани эдгээр хуулийн заалт, зохицуулалтын хүрээнд барьцааны гэрээг байгуулж, бүртгүүлснийг буруутгах боломжгүй. Энэ талаар давж заалдах шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөхдөө эдгээр хуулийг хэрэглэсэнгүй.

Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн талаар: Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурьдсан хүчин төгөлдөх бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульд заасан байх тул, ... Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт барьцааны эрх дуусгавар болох үндэслэлийг заасан бөгөөд 160.1.6-д хуульд заасан бусад үндсэлэлээр”-ээр дуусгавар болсон байна гэж дүгнэсэн. Шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэхдээ Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаар “... Хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хэлцлийн зүйл болох эд хөрөнгө болон эрхийн талаар хийсэн хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг уг заалтын зохицуулалт үүсгэхгүй” гэж тайлбарласан тайлбарыг хэрхэн хэрэглэсэн, ашигласан талаар дурьдсангүй. Энэ нөхцөлд барьцааны гэрээ нь эд хөрөнгийн улсын бүртгэлд үндэслэж хийгддэг, барьцаалагчийг шудрага эзэмшигч гэж үзэх хуулийн зохицуулалт байсаар атал дээрх тайлбарыг өөрөөр хэрэглэж, хариуцагч талын хууль ёсны эрх ашгийг хөндсөн талаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.29-ний өдрийн 210/МА2024/01542 тоот магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2024/03267 тоот шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2024.11.08-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/01297 тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Н” ГХОХХК-д холбогдуулан “Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, барьцааны эрхийг дуусгавар болгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...”М” ХХК, Ж  нарын хооронд байгуулсан 2015.12.18-ны өдрийн 3742 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах” хэлцлийг шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул мөн хуулийн 56.1.10-т заасны дагуу “Н” ГХОХХК-тай 2019.09.14-ний өдөр байгуулсан 1617 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, барьцааны эрхийг дуусгавар болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Н” ГХОХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба үндэслэлээ “...манайхаас 2019.09.14-ний өдөр 150 ширхэг дугуй худалдаж аваад, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хүрхрээ гудамж, ... тоотод байрлах 290.74 м.кв талбай бүхий хаусыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, худалдан авсан дугуйныхаа төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ. 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... талуудын хооронд 2019.09.14-ний өдөр хийгдсэн ... улсын эрхийн бүртгэлийн ...  дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл гэж үзэх боломжгүй. ...энэхүү барьцааны гэрээ нь зохигчдын хооронд 2019.09.14-ний өдөр хийгдсэн 150 ширхэг авто машины дугуй худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр байгуулагдсан бөгөөд энэ гэрээ нь хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл, 2019.09.14-ний өдрийн барьцааны гэрээг “М” ХХК-ийн Ж тэй 2015.12.18-ны өдөр хийсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр байгуулагдсан хэлцэл гэж үзэхгүй. Барьцааны гэрээ нь талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй салшгүй холбоотой тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болдог ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар барьцааны эрхийг дуусгавар болгох үндэслэлгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.

8. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... “М” ХХК, Ж  нарын хооронд 2015.12.18-ны өдөр байгуулагдсан "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах" гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, ... бүртгэлийн ...  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Ж ийн өмчлөлд шилжүүлэхийг “М” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн иргэний хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.  ....нэхэмжлэгч нь Ж тэй байгуулсан дээрх гэрээний дагуу маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болж, улмаар хариуцагчид барьцаалсан тул зохигчийн хооронд 2019 онд байгуулсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал нь “М” ХХК, Ж  нарын хооронд 2015 онд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээтэй салшгүй холбоотой. Учир нь, ... шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу “М” ХХК тухайн үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Ж ийн өмчлөлд буцаан шилжүүлэхээр болсон нь “М” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд 2019.09.14-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлыг шууд хөндсөн үр дагаврыг үүсгэсэн. Иймээс зохигчийн хооронд 2019.09.14-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 160 дугаар зүйлийн 160.1.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч “Н” ХХК-ийн барьцааны эрхийг дуусгавар болно” гэсэн үндэслэлийг зааж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

10. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2019.09.14-ний өдөр байгуулагдсан “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-гээр “М” ХХК нь 1200К24 маркийн 150 ширхэг автомашины дугуйг 102,000,000 төгрөгөөр “Н” ХХК-аас зээлээр худалдан авахаар тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж, “М” ХХК нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ гудамж ... тоотод байршилтай, 290.74 м.кв талбайтай, улсын эрхийн бүртгэлийн ...  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.04-ний өдрийн 2502 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020.02.14-ний өдрийн 375 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021.11.09-ний өдрийн 1352 дугаар тогтоолоор “М“ ХХК, Ж  нарын хооронд 2015.12.18-ны өдөр байгуулагдсан "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ гудамж ... тоотод байршилтай, 290.74 м.кв талбайтай, улсын эрхийн бүртгэлийн ...  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Ж ийн өмчлөлд шилжүүлэхийг “М” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ үйл баримтыг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон байна.

11. Анхан шатны шүүх “М” ХХК болон “Н” ГХОХХК-ийн хооронд 2019.09.14-ний өдөр байгуулагдсан 1617 дугаартай барьцааны гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв хэдий ч маргааны үйл баримтад хийвэл зохих эрх зүйн дүгнэлт хийгээгүй  орхигдуулсныг хяналтын шатны шүүхээс залруулна.

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдаж байх үед “М” ХХК, Ж  нарын хооронд 2015.12.18-ны өдөр байгуулагдсан "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ний маргаан иргэний хэргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж байсан байна. Өөрөөр хэлбэл, энэ үед тухайн маргаанд хариуцагчаар татагдсан “М” ХХК нь “Н” ГХОХХК-тай дээрх маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж гэрээ байгуулсан байх бөгөөд хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд үндэслэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг байгуулжээ.

Улмаар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.04-ний өдрийн шийдвэрээр дээрх худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон үйл баримт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг “М” ХХК ба “Н” ГХОХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээнд үүсгэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд тухайн барьцаа хөрөнгийн хувьд нэхэмжлэгчийн субьектив эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сонирхогч этгээд нэхэмжлэл гаргаж болох хэдий ч нэхэмжлэл гаргагч этгээдийн эрх ашиг нь хөндөгдсөн байх учиртай. Энэ маргааны тухайд “М” ХХК, Ж  нарын хооронд 2015.12.18-ны өдөр байгуулагдсан "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах” хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчин төгөлдөр бус гэж үзсэнээр маргаан бүхий барьцааны зүйлийг өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн байна. Иймд барьцааны зүйлийн өмчлөгч биш “М” ХХК нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн нэхэмжлэл гаргах хууль зүйн боломжгүй тул түүнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан сонирхогч этгээд гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, уг хэлцлийн үр дүнд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй, түүнд барьцааны эрхийг дуусгавар болгох субьектив шаардах эрх үүсээгүй байна.

12. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу “… шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу “М” ХХК тухайн үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Ж ийн өмчлөлд буцаан шилжүүлэхээр болсон нь “М” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд 2019.09.14-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлыг шууд хөндсөн үр дагаврыг үүсгэсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Өөрөөр хэлбэл, хоорондоо харилцан хамааралгүй хэлцлүүдийг 56.1.10-т хамааруулж, нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар үндэслэлгүй  дүгнэлт хийснийг хууль хэрэглээний хувьд алдаа гэж үзнэ.  

13. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2024/01542 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/03267 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “Н” ГХОХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.ЗОЛЗАЯА

             ШҮҮГЧИД                                                  Н.БАТЗОРИГ

         Н.БАТЧИМЭГ

                                                                                            Н.БАЯРМАА

                                                                                            Д.ЦОЛМОН