| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/0115/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/122 |
| Огноо | 2024-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
Улсын яллагч А.Лхагваа,
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт *******гийн ******* /РК:*******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.******* нь согтуурсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Налайх дүүргийн*******,******* хаягт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.ийг толгой, нүүр хэсэгт цохиж зодон эрүү мэндэд нь хоншоор яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн зулай, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 21 цаг өнгөрч байхад согтуу орж ирээд хоол хийж иднэ гээд байж байсан тэгэхээр нь би чи согтуу орж ирлээ би чамайг цагдаад өгөх болно гэж хэлсэн чинь миний гар утасны цэнэглэгч тасдаад гараад явчихсан, удалгүй буцаж орж ирээд миний толгой зулай хэсэг рүү 1 удаа өшиглөөд газар унагаасан, тэгээд миний нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн тэгээ шууд гараад зугтаасан... ” гэх мэдүүлэг /хх-3-8, 53-54 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүүгээр сарын 29-ний өдрийн 217 дугаартай “...Х.ийн биед хоншоор яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн зулай, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-17-18 дахь тал/,
Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...******* ямар ч байсан гаднаас согтуу ороод ирчихсэн байсан. Тэгээд удаагүй энэ 2 бас л маргалддагаараа маргалдаад яая гээд л нэг чанга ёолох шиг болсон чинь ******* гараад зугтаасан. Тэгсэн өрөөнд орж ирээд ******* утасны цэнэглэгч тасдаад миний толгой руу өшиглөчхөөд зугтаачихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг/ хавтаст хэргийн 10 р тал/,
Хохирогч Х.ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 30-ны өдрийн хугацаанд Налайх дүүргийн эрүүл мэндийн төвөөс яаралтай тусламж авсан талаарх хуудас /хх-ийн 63-64 дэх тал/,
Шүүгдэгч Д.*******ын яллагдагчаар өгсөн: “...бид хоёр хамт архи уучхаад би согтуу байх үедээ гэртээ харих гээд явж байх замдаа маргалдсан, гэртээ ороод эхнэрийнхээ биед халдаж зодсон гэсэн мэдүүлэг /хх-48-49 дэх тал/,
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-02 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр эхнэр Х.ийн толгойн тус газар өшиглөснөөс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зүйлчилж эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй ” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Д.*******ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 21 цагийн орчим Налайх дүүргийн*******,******* хаягт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.ийг цагдаа дуудлаа гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр толгой, нүүр хэсэгт цохиж зодон эрүүл мэндэд нь хоншоор яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн зулай, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Д.*******ын өгсөн: “...бид хоёр өөрсдийн амьдарч байгаа хашаа байшинг бусдад зарах гэсэн боловч манай аав, дүү нары уурлаж улмаар зарахаа больсон. Харин энэнд манай эхнэр их уурласан . тэгээд бид 2 хамт архи уучхаад би согтуу үедээ гэртээ харих гээд явж байх замдаа маргалдсан, гэртээ ороод эхнэрийнхээ биед нь халдаж зодсон ” гэх мэдүүлэг, хохирогчийн Х.ийн өгсөн: “...манай нөхөр гэртээ согтуу орж ирчхээд хоолны хэрүүл хийгээд байхаар нь “ чи дандаа хоолны хэрүүл хийж байх юм “ гэж хэлчхээд гар утсаа цэнэглэх гээд сууж байтал миний толгой зулай хэсэг рүү 1 удаа өшиглөөд газар унагаасан, тэгээд миний нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүүгээр сарын 29-ний өдрийн 217 дугаар: “...Х.ийн биед хоншоор яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн зулай, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогч Х.ийг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Д.******* нь хохирогч Х.ийг зодож хөнгөн хохирол учруулахдаа гэр бүлийн хүчирхийллийн шинж болох түүний үг , үйлдлийг эсрэг шалтгаангүйгээр биед нь халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан хүндрүүлэх шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Х.*******ад холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, удаа дараа хүчирхийлэл үйлдэж байгаа хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид холбогдуулан хохирогчийн зүгээс иргэний нэхэмжлэл гаргаагүй, иргэний нэхэмжлэгч болох Эрүүл мэндийн даатгалын санд 134,400 төгрөгийг хохирогч Х.ийн нэрээр нөхөн төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД