| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0694/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/554 |
| Огноо | 2024-06-27 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/554
2024 6 27 2024/ШЦТ/554
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн
улсын яллагч Г.Намжил
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч А.Очбадрал
өсвөр насны шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч А.Очбадрал, Н.Дашдулам
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас:
***ад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
***, *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 2 хавтас хэргийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны 4 дүгээр сарын 17-нд **** аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, **** аймаг, **** сумын 2 дугаар баг, *** 2 дугаар гудамж 6 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт *** дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамж, ** тоотод түр оршин суудаг гэх,
ял шийтгэл:
хоёр/ ***аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн, оногдуулсан хорих ялын хэмжээг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 443 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн хорих ял эдлэх хугацааг нийт 2 жил 4 сар 29 хоногоор тогтоосон,
*** дугаарын регистртэй, *** овогт *** /эх/ ***
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны 2 дугаар сарын 14-нд *** аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** дүүргийн ***дугаар хороо, “***” хотхон *** тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 5; эцэг, эх, дүү нарын хамт *** дүүргийн ** дугаар хороо, ** байр ** тоотод түр оршин суудаг гэх,
ял шийтгэл: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,
**** дугаарын регистртэй, *** овогт *** /эх/ ***
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-нд *** аймагт төрсөн, 16 нас 10 сар 11 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6; эцэх, эх, ах, дүү нарын хамт ***аймаг, ***сумын *** ** дугаар гудамж 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, *** дугаарын регистртэй, *** овогт ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч ***, ***, өсвөр насны шүүгдэгч *** нар үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 1 дүгээр сарын 07-ны шөнө 02:00-03:00 цагийн орчимд хохирогч ***д “шагийн архи зарна” гэж тус хороонд байрлах “***” хотхоны 25/2 байрны урд тал руу түүнийг дагуулан очиж, *** нь хавсарч унагаан хүч хэрэглэж, бэлнээр 500.000 төгрөг, “Samsung А72” загварын гар утас, ХААН банкны *** дугаарын данстай карт зэргийг авч, картыг нь ашиглан нийт 1.581.550 төгрөгийн хохирол учруулсан “дээрэмдэх” гэмт хэрэгт,
шүүгдэгч *** “дээрэмдэх” гэмт хэргийг үйлдэх зорилгоор хохирогч ***ийг хавсарч унагааж, уналтын улмаас түүнд зүүн чихний дэлбэн, зүүн нүдний доод зовхи баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин мэдүүлэг өгөхгүй. Хохирлыг нөхөн төлсөн. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би бас мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Өсвөр насны шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Өмнө нь цагдаа дээр мэдүүлгээ өгсөн. Маш их гэмшиж байна. Гэртээ харимаар байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч *** “... 2023 оны 1 дүгээр сарын 07-ны шөнө 02:00 цагийн орчим шагийн архи худалдан авахаар “Өргөө” кинотеатрын урд архи асуугаад явж байтал үл таних гурван эрэгтэй тааралдаад та архи хайж байгаа юм уу машинд архи байгаа гэж хэлээд намайг дагуулаад Баянгол дүүрэг 8 дугаар хороо, “***” хотхоны 25/2 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд харанхуй хэсэгт дагуулж ирээд хавсарч унагаад куртикний халаасанд байсан бэлэн 500.000 төгрөг, “Samsung А72” загварын гар утас дээрэмдэж аваад зугтаасан. Арай жижиг биетэй нь хавсарч унагаад, алийг нь сайн мэдэхгүй байна, нэг эрэгтэй нь миний халааснаас мөнгө, гар утас авсан” /1-р хх-н 29-30/ гэж,
насанд хүрээгүй гэрч ***“... 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нагац эгчийнхээ гэрт байж байтал манай найз залуу *** тэшүүрээр гулгах уу гэхээр нь зөвшөөрөөд дүүгээ дагуулаад Гандан дээр очиход *** төрсөн дүү болох ***тайгаа хамт байсан. Тэгээд бид нар Ганданд байдаг нийтийн байранд нь орж хөзөр тоглосон. Орой нь 20 цагийн орчим ***ын найз *** /***/, *** хоёр ирсэн. *** манай найз мөсөн гулгуур ажиллуулж байгаа, би та нарыг үнэгүй тоглуулж чадна гэхээр нь бид хамт гараад 3, 4 хороолол руу алхсан. Хорооллын эцэс орчимд явж байсан чинь *** манай найз ажил дээрээ байхгүй байна, маргааш ир гэж байна гэхээр нь бид нар хорооллын эцсээс буцаад Гандан чиглэлд алхсан. Бид нар алхаж явсаар “Өргөө” кинотеатрын урд байрлах КFС түргэн хоолны газрын урд явж байтал *** манай таньдаг ах явж байна очоод мөнгө зээлээд ирье та хоёр наанаа байж байгаарай гэж хэлээд ***, ***, ***, *** /***/ нар зам гараад “Өргөө” кинотеатрын зүгт гүйгээд явчихсан.
Удалгүй 2-3 минутын дараа *** буцаж гүйж ирээд *** ах намайг та хоёртой хамт байж бай гэж хэлсэн. Тэгээд бид гурав тэд нарыг хүлээж байтал эхлээд *** ирсэн. Дараа нь ***, *** хоёр ирсэн. *** бид нарт ахаасаа картыг нь авчихлаа, 50.000 төгрөг л үрээрэй гэж хэлсэн гээд ХААН банкны карт харуулсан. Тэгээд бид нар СU орж хоол идэхээр шийдээд доошоо алхаж явсаар хаана гэдгийг мэдэхгүй байна СU түргэн хоолны газар орж бэлэн гоймон, ус, ундаа авч уусан. Тэгээд вокзал ороод ***гийн хоёр найзыг тосчихоод бид нар явж байтал ***, *** хоёр хоорондоо маргалдаад ***г *** зодчихсон чинь *** уурлаад явчихсан.
Тэгээд ***, ***, ***, *** бид нар Гандангийн тэр хавьд зочид буудал руу орох гэтэл мөнгө байхгүй байсан ба ярилцаж байгаад *** төрсөн дүү ***гийн гар утсыг ломбардад 120.000 төгрөгөөр барьцаалсан. Тэгээд бид нар зочид буудал руу хоёр ортой өрөө аваад ***, *** хоёр хүрэн өнгөтэй том пиво авч уусан. Шөнө 01:00 цагийн орчим *** дэлгүүр гарч шархны лент авчхаад буцаж орж ирээд *** ирсэн байна, оруулах уу гэхээр нь би ***аас асуу гэж хэлэхэд *** оруулчих гэж хэлсэн. Тэгээд тэр гурав юм ярьж сууж байгаад *** *** хоёр дахиж маргалдаад *** дахиад гараад явчихсан. Тухайн үед цаг 03 цаг өнгөрч байсан санагдаж байна. Маргааш нь буудлаас гараад бид нар Шинээгийн гэрт нь байж байтал *** буцаад хүрээд ирсэн” /1-р хх-н 33-34/ гэж,
насанд хүрээгүй гэрч *** *** “... *** би ахаасаа мөнгө аваад ирье гэж хэлээд ***, ***, *** нарыг дагуулаад зам гараад явчихсан. Гэтэл 2 минут орчмын дараа *** ганцаараа ирсэн. Тэгэхээр нь нөгөө гурав хаашаа явсан бэ гэж асуухад мэдэхгүй алга болчихлоо гэж хариулсан. Тэгээд ***, Марал эгч бид гурав KFC түргэн хоолны газрын урд тэд нарыг хүлээгээд байж байтал 15-20 орчим минутын дараа ***, ***, *** гурав ирээд мөнгөө авчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар доошоо алхаж яваад CU хоолны газар орж ундаа, бэлэн гоймон авч идсэн. Тэгээд вокзал ороод ***гийн хоёр найзыг тосчхоод бид нар Ганданд байрлах зочид буудал руу ***, ***, ***, Марал эгч бид нар орсон. Маргааш өглөө нь бид нар буудлаас гараад гар утас худалдаж авдаг, зардаг газар руу яваад *** ах нэг гар утас зарсан. Гар утас зарсан мөнгөөр бид нар Зурагтад нийтийн байр түрээсэлсэн” /1-р хх-н 37-38/ гэж,
насанд хүрээгүй гэрч *** *** “... “Өргөө” кинотеатрын урд талын явган хүний гарцын орчимд явж байтал *** нь ***, *** хоёрт хандаж манай таньдаг ах явж байна гэж хэлээд ***, *** ах хоёрыг дагуулаад явсан. Тэгээд би ***, *** хоёртой хамт гэрлэн дохионы цаана гараад хүлээж байтал 20-30 минутын дараа *** ах, *** хоёр гүйж ирсэн. 5 минутын дараа *** гүйж ирээд хүнээс очиж мөнгө авчхаад ирлээ, миний цалин буусан гэж хэлсэн. Тэгээд бид нар доошоо алхаж яваад Андуудын хажууд байрлах CU хоолны газар орж бэлэн гоймон идсэн” /1-р хх-н 41-42/ гэж,
гэрч *** “... манай зочид буудалд 6 хүүхэд хоносон. Гэхдээ регистрийн дугаараар насанд хүрсэн байсан. Дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй байсан. Бүртгэлээр эдгээр хүмүүс тооцоогоо картаар хийсэн байна. Манай буудалд хоёр хоносон байна” /1-р хх-н 47/ гэж,
гэрч **** “... би 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 08-ны өдрүүдэд “Монтел” худалдааны төв дээр зогсоод ажлаа хийж байхад 14 цагийн үед 3 эрэгтэй, 1 эмэгтэй залуучууд манай бусад ченж нарт гар утас үзүүлээд зогсож байсан. Яриаг нь очоод сонсоход Samsung А72 загварын гар утас зарна гээд зогсож байсан ба манай бусад ченжүүд 250.000 төгрөгөөр авъя гээд зогсож байсан. Тэгэхээр нь би 280.000 төгрөгөөр авъя гээд нөгөө хэдэд хэлсэн чинь надад зарахаар болсон. Тэгээд би утсыг нь харъя гээд харсан чинь дэлгэц нь кодтой байсан ба кодыг нь тайлуулаад харсан чинь дэлгэцэн дээр бичлэг хийгээд тавьсан байсан. Өөрсдийнхөө бичлэгийг хийсэн байсан. Тэр хэд надад хэлэхдээ буудалд байж байсан чинь мөнгө хэрэг болоод нэгнийхээ гар утсыг зарахаар болоод зарж байна гэж хэлсэн. Хар өнгийн гадаргуутай Samsung А72 загварын гар утсыг 280.000 төгрөгөөр худалдаж авсан” /1-р хх-н 49-50/ гэж тус тус мэдүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч
шүүгдэгч *** *** “... 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн найз ***, ***, хуурай дүү ***, Маралаа, ***о нарын хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Өргөө” кинотеатрын автобусны буудлын орчим явж байсан. *** нэг согтуу хүн явж байхыг нь түрүүлж хараад *** бид хоёрыг хамт араас нь дагаад яв гэж хэлсэн. Тэр эрэгтэй замын хойд талын автобусны буудлын ард байсан түргэн үйлчилгээний цэг рүү орохоор нь би араас нь дагаад орсон. Би түргэн үйлчилгээний цэгээс тамхи худалдаж авах зуураа тэр согтуу эрэгтэй хүнийг сонссон чинь тэр эрэгтэй шагийн архи байна уу гэж асууж байсан. Харин түргэн үйлчилгээний цэгийн эгч байхгүй зам гараад GS 25 дэлгүүрээс асуу гэж хэлсэн. *** бид хоёр түргэн үйлчилгээний цэгээс гарсан. *** түргэн үйлчилгээний цэгийн ард зогсож байсан. Би *** дээр очоод нөгөө согтуу хүн чинь шагийн архи хайгаад явж байна гэж хэлсэн. Харин *** тэгвэл чи наад залуугаа GS 25 орохоос нь өмнө шагийн архи авах уу гээд дагуулаад харанхуй газар руу аваад ир, бид хоёр түрүүлээд явж байя гэж хэлээд ***, *** хоёр түрүүлээд зам гараад явсан. Харин Марал, ***, *** гурав Өргөөгийн буудал дээр үлдсэн. Би нөгөө согтуу ахыг түргэн үйлчилгээний цэгээс гараад ирэхээр нь очоод шагийн юм зарж байна, араас дагаад яв гэж хэлсэн. Тэр ах намайг дагаад явсан. Би тэр согтуу эрэгтэй хүнийг дагуулж зам гараад урагшаа чигээрээ явсан. Бид хоёрын урд ***, *** хоёр дагуулаад явсан. *** нэг харанхуй булан руу орохоор нь би нөгөө согтуу хүнийг дагуулаад араас нь орсон. *** тэр согтуу хүнийг зүүн талаас нь хөлийг нь хавсарч унагаасан. ***ын гутал нь сугарсан. Тэр ах газар унасан байхад нь *** дээрээс нь дараад зүүн гараараа дарж байгаад баруун гараараа нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж, зодсон. Тэр ах газар унахдаа гар утсаа газар унагасан. Би газраас гар утсыг нь авсан. *** түрүүлээд зугтаасан. Би араас нь зугтаасан. Миний араас *** ирсэн” /1-р хх-н 95-97/ гэж,
шүүгдэгч *** *** “... доош дагуулж явсаар харанхуй гараашнууд дунд ирээд архи байгаа, автомашинаа олохгүй байна гэж хэлээд уг эрэгтэйг би хавсарч унагаад тухайн газраас шууд зугтаасан. Тэгээд өөрийн найз охин Марал дээр очоод байж байтал араас ***, *** хоёр ирэхээр нь юу болсон талаар асуулгүй хамт цааш алхаж явсаар Андуудын ойролцоо байрлах CU дэлгүүр орсон. Тэндээ бэлэн гоймон авч идчихээд салцгаасан” /1-р хх-н 102-104/ гэж,
өсвөр насны шүүгдэгч *** “... *** тэр түргэн үйлчилгээний цэг дотор байсан ахыг араас дагуулаад ирж байсан. Би ***аас энэ яасан хүн юм бэ гэж асуусан чинь *** энэ ах надтай жаахан өстэй хүн байгаа юм, ах нь дараа хэлье гэж хэлсэн. *** бид хоёр доошоо явж байгаад байран дундуур ороод зогсож байсан. Араас *** ах нөгөө ахыг дагуулаад орж ирсэн. *** ах тэр ахад шагийн архи гэж ярьж байсан чинь *** тэр ахыг араас нь хөлөөрөө хавсарч унагаасан. Би тэр ахыг нэг цохиод өшиглөсөн чинь хий өшиглөөд *** зугтаая гэхээр нь би араас нь зугтаасан. Тэр ах газар унахдаа гар утсаа унагаасан. *** газар унасан гар утсыг нь аваад зугтаасан. Бид гурав Номин дэлгүүрийн урд байдаг уулзвар дээр уулзсан. Тэнд ***, Маралаа, *** нар байсан” /1-р хх-н 117-119/ гэж тус тус мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдтэй тохирч байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1444 дугаартай дүгнэлтэд “... ***ийн биед зүүн чихний дэлбэн, зүүн нүдний доод зовхи, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” /1-р хх-н 54-55/ гэжээ.
Түүнчлэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 6-7/, ХААН банк дахь хохирогч ***ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-н 10-14/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 15-17/, “Дамно” ХХК-ны үнэлгээний тайлан /1-р хх-н 61-62/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд “дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “... бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн байхыг, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон”-оор уг гэмт хэрэг төгсдөг.
Өөрөөр хэлбэл “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө, эд зүйлсийг авахаар заналхийлж довтолдгоороо, хүч хэрэглэдгээрээ өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дотор нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцогдох ба довтолгооныг хохирогчид мэдэгдэх буюу мэдэгдэхгүйгээр үйлддэг, объектын хувьд хохирогчийн өмчлөх эрх байхаас гадна хохирогчийн амь нас, эрүүл мэндэд довтолгоо хийж халдсан байдаг онцлогтой.
Шүүгдэгч ***, ***, *** нарт холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл тэдгээр нь 2023 оны 1 дүгээр сарын 6-аас 7-нд шилжих шөнө гадуур явж байхдаа мөнгө олох зорилгоор үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогч ***т “шагийн архи зарна” гэх нэрийдлээр түүнийг дагуулан явж, хүч хэрэглэн эд зүйлсийг нь дээрэмджээ.
Уг “дээрэмдэх” гэмт хэргийг үйлдэх явцдаа шүүгдэгч *** нь хохирогч ***ийг хавсарч унаган зодсон байна.
Хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулж байгаа шүүгдэгч ***ын үйлдлийг “дээрэмдэх” гэмт хэргийг хялбарчлах зорилгоор үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал, шүүгдэгч нар “дээрэмдэх” гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эсэргүүцлийг дарах, хохирогч эсэргүүцэл үзүүлэхгүй байх үүднээс гэмт үйлдлээ “хялбарчлах зорилгоор” хохирогчийг хавсарч унаган зодсон байна.
Гэвч энэ хэргийг анхан шатны шүүх 2 удаа эцэслэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2 удаа хүчингүй болгохдоо шүүгдэгч ***ын энэ үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс гадна прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэв.
Хохирогч ***ийг дээрэмдэх явцад өсвөр насны шүүгдэгч *** мөн түүнийг “зодсон” үйл баримт тогтоогдсон байдаг. Харин өсвөр насны шүүгдэгч ***ийн хувьд тухайн цаг мөчид “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдэгдэх гэж байгааг ойлгож мэдээгүй, энэ байдал нь түүнд шүүгдэгч ***ын хэлснээр “... энэ ах надтай жаахан өстэй хүн байгаа юм, ах нь дараа хэлье гэж хэлсэн” гэсэн мэдүүлэгт тусгагдсан байгааг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч *** овогт *** ***, *** овогт *** ***, *** овогт *** нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч *** овогт *** ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Нэр бүхий шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэв.
Тухайлбал; шүүгдэгч *** урьд өмнө нь “хулгайлах” болон “дээрэмдэх” гэмт хэрэгт шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээж байжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгч ***ын хувийн байдлыг илэрхийлнэ.
Шүүгдэгч ***ын хувьд мөн ял шийтгэлтэй буюу 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор “дээрэмдэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан байна.
Шүүгдэгч ***ад холбогдох *** хохирогчтой “дээрэмдэх” энэ гэмт хэрэг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолтой хэргээс өмнө үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоос үзвэл *** нь насанд хүрээгүй байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 28-ны шөнө 22:00 цагийн үед хохирогч ***ийн эзэмшлийн “Самсунг А52” загварын гар утсыг дээрэмдсэн байдаг бөгөөд харин шүүхийн шийдвэр нь 2023 оны 2 дугаар сарын 16-нд гарчээ.
Иймд шүүгдэгч ***ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүйгээс гадна тэрээр “дээрэмдэх” гэмт хэрэгт шалгагдаж байхдаа дахин “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүний ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоов.
Шүүгдэгч *** Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор “дээрэмдэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдох үедээ 30 хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг нь хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанаас нь хасаж тооцов.
Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтуудыг журамлахын зэрэгцээ шүүгдэгч ***, *** нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялын хугацааг ялгамжтай тогтоосон болно.
Анх удаа гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгч ***ийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулав.
Өсвөр насны шүүгдэгч *** нь цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:
***ын Төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-н 122/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 129/, ***аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 443 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-н 146-151/, ***аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-н 152-155/,
***ын Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 123/, Төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-н 124/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 128/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-н 157-168/,
***ийн Төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-н 125/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 127/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Хохирол төлбөрийн хувьд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ***ийн “Samsung А72” загварын гар утас түүнд буцаан олгогдсон /1-р хх-н 24, 25/, хохирогч ***т шүүгдэгч ***аас 340.000 төгрөг, өсвөр насны шүүгдэгч ***ээс 350.000 төгрөг тус тус өгсөн, хохирогч *** нь шүүгдэгч ***ад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /1-р хх-н 237-239/ байх тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч *** 122 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж,
шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 338 хоногийг, шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 342 хоногийг тэдгээрийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт *** ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
*** овогт *** ***, *** овогт *** ***, *** овогт *** нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч ***ыг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч ***ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан 90 хоног буюу 3 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Ялтан ***ад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
5. 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 134 дугаартай шийтгэх тогтоол гарах үед ялтан ***ын тухайн хэрэгт цагдан хоригдож байсан 30 хоног буюу 1 сарын хугацааг түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас хасаж тооцон, уг хорих ялын хугацааг 1 жил 11 сарын хугацаагаар тогтоосугай.
6. Шүүгдэгч ***ад энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулж байгаа 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолын дагуу оногдуулсан 1 жил 11 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хугацааг 4 /дөрөв/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай.
7. Өсвөр насны шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулж байгаа 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж, түүний хорих ял эдлэх хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.
8. Өсвөр насны шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
9. Өсвөр насны шүүгдэгч ***т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хүлээлгэсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны шүүгдэгч *** шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг түүнд мэдэгдсүгэй.
11. Өсвөр насны шүүгдэгч *** 122 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
12. Шүүгдэгч ***ад оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч ***ад оногдуулсан 4 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
13. Шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 338 хоногийг, шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 342 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
14. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч *** гомдолтой гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдсугай.
15. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
16. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***, шүүгдэгч *** нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг, өсвөр насны шүүгдэгч ***т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ