| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2021/00196/И |
| Дугаар | 181/ШШ2021/01024 |
| Огноо | 2021-05-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2021/01024
| 2021 оны 05 сарын 25 өдөр | Дугаар 181/ШШ2021/01024 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Юнескогийн гудамж 28 МПМ цогцолборт оршин байрлах, Мобиком корпораци ХХК /РД:2072572/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал тауэр 8-р давхарт оршин байрлах Юнител ХХК /РД:5036895/-д холбогдох
Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний үүрэгт 730,842,796 төгрөг гаргуулах үндсэн болон Харилцаа холбооны Зохицуулах хорооноос олгосон бүх дугаарлалтыг оруулан Юнител ХХК-тай Сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээг байгуулахыг Мобиком корпораци ХХК-д даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өмөрбек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, Д.Отгонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үйлсдэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Амарбаясгалан нар оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай Мобиком Корпораци ХХК нь 1996 онд байгуулагдсан цагаасаа эхлэн харилцаа холбооны салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Тус салбарт манай компаниас гадна хэд хэдэн компаниуд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдний нэг нь Юнител ХХК юм.
Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүгд тус тусын сүлжээтэй бөгөөд сүлжээ бүхий оператор компаниуд нь өөр, өөрийн хэрэглэгчийн бусад сүлжээний хэрэглэгчтэй харилцан яриа хийх, мессеж бичих хэрэгцээг хангах үүднээс Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулсны үндсэн дээр нөгөө талын сүлжээнд холбогдох эрх нээгдэж хэрэглэгчдийг харилцан дуудлага хийх, захидал (мессэж) бичих боломжийг олгодог.
Тодруулбал дээрх Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-г Мобиком Корпораци ХХК болон Юнител ХХК хоорондоо байгуулж Мобиком Корпораци ХХК-ийн сүлжээний дугаараас Юнител ХХК-ийн сүлжээний дугаарлуу, Юнител ХХК-ийн сүлжээний дугаараас Мобиком Корпораци ХХК-ийн сүлжээний дугаарлуу холбогдох замаар хэрэглэгчид дуудлага (яриа, мессеж)-ын хэрэглээ хийх ба яриа, мессеж хэрэглээнээс хамаарч гэрээ байгуулсан талууд харилцан төлбөр тооцоо нийлж, төлбөрийг барагдуулдаг.
Дээрх нөхцөлийн дагуу Мобиком Корпораци ХХК, Юнител ХХК-иуд 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр №PD-IC-14004 UNI14/478 тоот Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-г байгуулсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Юнител ХХК болон Мобиком Корпораци ХХК-ийн сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний нэмэлт №UNI17/1544 PD-1C-14004-3 дугаартай гэрээгээр үндсэн гэрээний хугацааг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуустал сунгасан.
Гэрээний хугацаа дуусгавар болсон боловч Мобиком Корпораци ХХК болон Юнител ХХК-иуд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж сүлжээ хоорондын харилцан холболтын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, гэрээний харилцаа үргэлжилж, харилцан төлбөр тооцоогоо нийлсээр байна.
Гэрээний үүрэг, харилцан холболтын тооцоогоор Юнител ХХК болон Мобиком Корпораци ХХК нь харилцан нөгөө талдаа сүлжээ ашигласан харилцан холболтын төлбөрийг төлөх нөхцөлтэй ба тооцоо нийлсэн актын дагуу зөрүү илүү төлөлт хийх тал болох Юнител ХХК нь 2020 оны 6 дугаар сарын төлбөр 106,607,892.29 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын төлбөр 107,079,548.97 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын төлбөр 102,388,632.85 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын төлбөр 102,287,675.45 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын төлбөр 102,908,692.92 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын төлбөр 57,958,066.77 төгрөг, нийт 579,223,009.25 төгрөгийг Мобиком Корпораци ХХК-д төлөх ёстой. Манай компаниас Юнител ХХК-д дээрх төлбөрийг удаа дараа төлж барагдуулах талаар мэдэгдэл хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байна.
Мөн "Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-ний 8.1-д заасны дагуу 2020 оны 10 дутаар сарын 22-ны өдөр 1/7466 тоот албан бичгийг ХХЗХ-нд хүргүүлсний дээр 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, газрын дарга З.Эрдэнэчулуун нартай хийсэн уулзалтын үед шүүхээс гадуурх урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны дагуу Мобиком Корпораци ХХК болон Юнител ХХК хоорондын харилцан төлбөр тооцооны талаарх гомдлоо мөн танилцуулсан бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 05/2025 тоот албан бичгээр хариу ирүүлсэн.
Түүнчлэн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ №PD-IC-14004 UNI14/478 тоот гэрээний 7.2.2, 7.4-т алданги нь хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0,3 хувь байна гэж заасны дагуу Юнител ХХК-иас Мобиком Корпораци ХХК-д 2020 оны 6 дугаар сарын төлбөр төлөх хугацааг 157 хоногоор хэтрүүлж 50,208,784.77 төгрөгийн алданги, 2020 оны 7 дугаар сарын төлбөр төлөх хугацааг 126 хоногоор хэтрүүлж 40,476,069.51 төгрөгийн алданги, 2020 оны 8 дугаар сарын төлбөр төлөх хугацааг 96 хоногоор хэтрүүлж 29,487,926.26 төгрөгийн алданги, 2020 оны 9 дүгээр сарын төлбөр төлөх хугацааг 65 хоногоор хэтрүүлж 19,946,096.71 төгрөгийн алданги, 2020 оны 10 дугаар сарын төлбөр төлөх хугацааг 35 хоногоор хэтрүүлж 10,805,412.76 төгрөгийн алданги, 2020 оны 11 дүгээр сарын төлбөр төлөх хугацааг 4 хоногоор хэтрүүлж 695,496.80 төгрөгийн алданги нийт 151.619.786.81 төгрөгийн алданги үүсээд байна.
Иймд Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-ний үүрэгт 579,223,009.25 төгрөг, алданги 151.619.786.81 төгрөг, нийт 730,842,796.06 төгрөгийг Юнител ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаас хойш хариуцагч нь 106, 607,892.29 төгрөгийг төлсөн тул үүнийг нь хасч, бусад хэсгийг нь гаргуулж манай компанид олгож өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Харилцаа холбооны үйлчлэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд нь сүлжээнд холбогдох, сүлжээ хооронд харилцан холболт хийхдээ Монгол Улсын Харилцаа холбооны тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон Сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам, бусад холбогдох дүрэм журмын хүрээнд ажилладаг тусгай зохицуулалттай үйл ажиллагаа байдаг. Харилцаа холбооны тухай хуулиар заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ХХМТГазраас Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд нэмэлт орсны дагуу ХХЗХ-ноос Юнител ХХК-тай сүлжээний дугаарлалтын нэмэлт олгосон 31400014 дугаар гэрээг байгуулж, 50-хххххх, 55-хххххх дугаарлалтыг үүрэн холбоонд ашиглах эрхийг олгосон. Уг гэрээний дагуу Юнител ХХК нь бусад операторуудтай харилцан холболтын гэрээг шинэчлэн байгуулах саналаа илгээн Нэмэлт гэрээг байгуулсан. Юнител ХХК нь Мобиком корпораци ХХК-тай Нэмэлт гэрээ байгуулах саналаа 2020 оны 01 дүгээр сарын 23-нд албан бичгээр хүргүүлсэн.
Мобиком корпораци ХХК нь үндэслэлгүйгээр гэрээг шинэчлэхээс татгалзаж ирсэн. Ийнхүү Мобиком Корпораци ХХК нь захиргааны байгууллагын зүй ёсны үйл ажиллагааг саатуулж, өрсөлдөгчийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр олж авсан эрхийн хэрэгжилтийг үндэслэлгүйгээр зогсоох оролдлогыг хийж байсан боловч ШӨХТГазрын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/422 албан бичгээр ХХЗХ-ны шийдвэр болон Юнител ХХК-тай байгуулсан гэрээ нь хуульд нийцсэн гэсэн шийдвэрийг гаргасан. Түүнчлэн Мобиком корпораци XXK нь ХХЗХ-ны шийдвэр болон Юнител ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүйд тооцуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсаныг Нийслэл дэх захиргааны хэргийн шүүх 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг гэрээ хуулийн хүрээнд хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоосон.
Талуудын өмнө байгуулсан Сүлжээ хоорондын харилцан холболтын IC- 14004/UN114/478 тоот гэрээ нь 2014 онд анх байгуулагдаж ХХЗХ-д бүртгүүлсэн бөгөөд 2017 онд гэрээний нэмэлтийг тусгаж, хугацаа сунгасан ба гэрээний хүчинтэй хугацаа 2020 оны 05 дугаар сарын 11-ны өдрөөр дуусгавар болсон.
ХХЗХ-ноос Харилцан холболтын гэрээ байгуулж, журмын дагуу бүртгүүлэхийг Мобиком Корпораци ХХК-д удаа дараа мэдэгдэж, харилцан холболтын гэрээг байгуулах, бүртгүүлэхийг даалгасан боловч тус компани нь төрийн байгууллагын шийдвэрийг үл хүндэтгэн, биелүүлэхээс татгалзаж байна.
Мобиком Корпораци ХХК нь гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзаж талуудын хооронд байгуулсан Харилцан холболтын гэрээний хугацааг сунгаж бичгээр гэрээ байгуулаагүй мөртлөө гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэмж алданги тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хуульд анз алданги шаардах эрхийг зөвхөн бичгээр үйлдсэн гэрээнд олгохоор заасан ба гэрээ байгуулахаас татгалзаж ирсэн Мобиком Корпораци ХХК нь алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Монгол Улсын Татварын хууль тогтоомж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт зэргээр аливаа мөнгөн гүйлгээ нь холбогдох анхан шатны баримт, бүртгэлийн маягтыг шаарддаг бөгөөд үүний хүрээнд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байхыг шаарддаг. Мобиком Корпораци ХХК нь хууль тогтоомжийг даган биелүүлж, хууль журмын хүрээнд нийцүүлэн Сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээг байгуулсан нөхцөлд бид ч мөн хууль журам болон гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжтой байна. Манай компани нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ныг хүртэлх сүлжээ хоорондын харилцан холболтын тооцоо нийлсэн актын нийт дүн болох 579,223,009 төгрөг болон цаашид төлбөр тооцоогоо саадгүй биелүүлэхэд бэлэн байна. Харин хууль зөрчин гэрээг байгуулахаас санаатай татгалзаж өрсөлдөөнийг зориуд хясан боогдуулах арга хэрэглэж байгаа асуудалд бид гомдол гаргана. Хуульд заасан нөхцөл шаардлага хийгээд хүчин төгөлдөр гэрээний хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэгч талын буруугаас гэрээ байгуулагдаагүй зэрэг үндэслэлээр алданги төлөх үндэслэлгүй бөгөөд 151,619,786 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбартаа:
Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй Юнител ХХК-д холбогдох иргэний хэрэгт үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлүүлэхээр дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/245 тоот шийдвэрээр 2021 оны 03 дугаар сарын 03-ны дотор Сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журамд заасныг нийцүүлэн харилцан холболтын гэрээг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дотор байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо... шийднэ гэсний дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос талуудын хоорондын маргааныг шийдвэрлэсэн байтал Мобиком корпораци ХХК нь одоог хүртэл уг шийдвэрийг биелүүлэхгүй байна.
Харилцаа холбооны үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Харилцаа холбооны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Үйлчлэгч нь техникийн боломжийг харгалзан өөрийн сүлжээнд бусад сүлжээг саадгүй холбох нөхцөлийг хангана, 25 дугаар зүйлийн 25.2.12-т бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр үйлчлэх үүрэгтэй, Мөн Сүлжээ хооронд харилцан холболтыг хийх, гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмын 2 дугаар зүйлин 2.2-т заасны дагуу үйлчилгээ эрхлэгчийг өөрийн сүлжээнд харилцаа холболт хийх боломжийг бүрдүүлнэ гэсний дагуу Юнител ХХК нь хууль ёсоор эзэмшиж буй 88, 89, 86, 80, 50, 55 дугаарлалтуудыг Мобикомын сүлжээнд холбох үүрэгтэй. Гэтэл Мобиком корпораци ХХК-аас 50, 55 дугаарлалтыг холбохгүй, бусад дугаарлалтыг холбоно гэж ялгавартай хандаж байгаа нь дээрх хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ бүхэлд нь зөрчиж байна.
Үүрэн холбооны оператор компаниудын хооронд хийгддэг Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан журам, төслийн дагуу заавал хийгддэг гэрээ бөгөөд гэрээгээр зохицуулах харилцаа, гэрээний зүйлсийг урьдчилан стандартчилсан, тухайн загвараас өөрөөр хийхийг хориглодог гэрээ юм. Талууд 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр харилцан холболтын гэрээ дууссанаас хойш уг асуудлаар маргаж байгаа бөгөөд удаа дараа Харилцаа холбооны зохицуулах хороонд гомдол өгч байсан. Юнител ХХК-аас уг асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхээр олон удаа буулт хийж, тодорхой хэмжээний төлбөрүүдийг гэрээгүй байсан ч төлж байсан. Гэтэл Мобиком корпораци ХХК талаас гэрээ байгуулах үүргээ биелүүлэхгүй, гэрээний төлбөрөө шүүхээр нэхэмжлэх хэмжээнд хүрсэн тул бид сөрөг нэхэмжлэл гаргасан.
Иймд Мобиком корпораци ХХК-ийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/245 тоот шийдвэрийг биелүүлж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх замаар зохигчийн эрхийг хамгаалж Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээг Юнител ХХК-ийн 50, 55 дугаарлалтыг зохих ёсоор тусгаж байгуулахыг Мобиком корпораци ХХК-д даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, Юнител ХХК-д холбогдох Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний үүрэгт 730.842.796,06 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч "Юнител ХХК-ийн зүгээс Хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон бүх дугаарлалтыг оруулан Юнител ХХК-тай Сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээг байгуулахыг Мобиком Корпораци ХХК-д даалгахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргасан боловч уг шаардлагаа тодруулсанд нь дараах тайлбарыг гаргаж байна.
Харилцаа холбооны тухай хууль, Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журамд заасны дагуу Мобиком Корпораци ХХК Юнител ХХК-тай харилцан холболт хийх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа. Харилцан холболтын гэрээ байгуулах саналыг удаа дараа Юнител ХХК-д хүргүүлсэн бөгөөд Юнител ХХК-иас тухайн саналыг хүлээн авахгүй байгаа ба хоёр компанийн харилцан холболтын гэрээ байгуулах ажил удааширч байна.
Түүнчлэн харилцан холболтын гэрээний 88, 89, 86, 80 дугаарлалтын нөхцөлүүдийг манай Мобиком Корпораци ХХК хүлээн зөвшөөрч харилцан холболтын гэрээ байгуулах саналаа Юнител ХХК-д хүргүүлсэн. Харин 50, 55 дугаарлалт нь манай компанийн хувьд хууль бусаар олгогдсон гэж үзэж Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Юнител ХХК гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа юм.
Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох Юнител ХХК гуравдагч этгээдээр оролцож байгаа 50, 55 дугаарлалттай холбоотой захиргааны маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр давж заалдах журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл 50, 55 дугаарлалтыг хууль ёсны дагуу олгогдсон эсэхийг Захиргааны хэргийн шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад Мобиком Корпораци ХХК-ийн хувьд 50, 55 дугаарлалтыг сүлжээнд холбох нь хууль зүйн хувьд боломжгүй, үндэслэлгүй юм.
Үүрэн холбооны оператор компаниудын хооронд хийгддэг Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-гээр зохицуулах ерөнхий нөхцөл, зохицуулах зүйл, зорилгыг Төрийн захиргааны байгууллагаас тодорхойлж өгдөг.
Гагцхүү холболт хийх эсэх нь гэрээний чөлөөт нөхцөл, гэрээ байгуулагч талуудын хүсэл зоригийн хүрээнд шийдэгдэх ёстой юм.
Харин Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 202 дугаар зүйлийн 202.1-т Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж тус тус зааснаар талууд гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-ний нарийвчилсан зохицуулалтыг харилцан тохиролцох эрхтэй.
Иймд Мобиком Корпораци ХХК-ийн зүгээс Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-ний 50, 55 дугаарлалттай холбоотой нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул иргэний эрх зүйн итгэл хамгаалах зарчмыг хэрэглэх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх серөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралтай байхыг хууль тогтоогч шаардсан байна.
Иймд Юнител ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Юнител ХХК-д холбогдуулан сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний үүрэгт 730,842,796 төгрөг гаргуулах үндсэн болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/245 тоот шийдвэрийг биелүүлж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх замаар зохигчийн эрхийг хамгаалж Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээг Юнител ХХК-ийн 50, 55 дугаарлалтыг зохих ёсоор тусгаж байгуулахыг Мобиком корпораци ХХК-д даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус гаргасан боловч нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлээс хариуцагчийн төлсөн 106,607,892.29 төгрөгийг хасч, үлдэх 624,234,903.77 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган тодорхойлдог.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 472,615,117.04 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба алданги 151,619,786.81 төгрөгийг эс зөвшөөрсөн бол хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч тал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тухайн маргааныг хэлэлцэж байхад давхар сөрөг нэхэмжлэл гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар тус тус харилцан маргасан.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох бөгөөд сөрөг нэхэмжлэл бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Зохигч талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр UNI 14/478 PD-IC-14004 тоот Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар болон 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр UNI 17/1544 PD-IC-14004-3 тоот Юнитель ХХК болон Мобиком корпораци ХХК-ийн сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний нэмэлт гэрээ тус тус хийгдсэн бөгөөд тус гэрээний 1 дэх заалтад Үндсэн гэрээний 9.1-т заасан хугацаа 2016 оны 5-р сарын 11-ээр, 9.2-т заасан хугацаа 2017 оны 5-р сарын 11-нээр дуусгавар болсон тул энэхүү нэмэлт гэрээгээр Талууд үндсэн гэрээний хугацааг 2017 оны 5-р сарын 12-ны өдрөөс 2 жилийн хугацаагаар сунгаж байна., 2 дахь заалтад Гэрээний хугацаа дуусахад талуудаас цуцлах тухай санал гараагүй тохиолдолд уг гэрээг ижил нөхцлөөр дахин нэг жил буюу 2020 оны 5-р сарын 11-г дуустал сунгасанд тооцно ...гэж заажээ. /хх-ийн 8-15 дахь талд/
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Хариуцагч Юнитель ХХК нь дээрх гэрээний дагуу төлбөл зохих төлбөр буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 579,223,009.25 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 106,607,892.29 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан цахим гүйлгээний баримт №10-05-2103-0000509-аар тогтоогдож байна.
Иймээс хариуцагч гэрээний дагуух төлбөр 579,223,009.25 төгрөгийн 106,607,892.29 төгрөгийг төлсөн, үлдэх 472,615,116.96 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги нийт 151,619,789.81 төгрөгийг төлөх үндэсгүй гэж маргаж байна.
Талуудын хооронд байгуулагдсан Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний сунгасан нэмэлт хугацаа 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болсон байхад нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 6 дугаар сараас эхлэн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж түүнээс хойшхи 2020 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацааны алдангийг UNI 14/478 PD-IC-14004 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.4-т заасныг үндэслэн тооцоолж нийтдээ 151,619,789.81 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан энэхүү хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй ба хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэстэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 472,615,116.96 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 151,619,789.81 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын зүйл болсон 50хх-хххх, 55хх-хххх дугаарлалтыг хууль бусаар олгогдсон гэж үзэж Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан Юнитель ХХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 314000014 дугаар захиргааны гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүх 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2021/0109 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байна.
Тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Мобиком Корпораци ХХК нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргасан ба 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр давж заалдах журмаар уг хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, эцэслэн шийдвэрлэгдээгүй болох нь зохигч талуудын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа тохиолдолд хамаарч байна.
Иймээс, дээрх үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч тал Авилгатай тэмцэх газарт гомдол өгч шалгалтын ажил эхэлсэн гэж тайлбарласан боловч энэ талаархи бичгийн баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийнэ 243.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Юнитель ХХК-аас 472,615,116.96 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 151,619,786.81 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мобиком кропораци ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,812,164 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Юнитель ХХК-иас 2,521,026 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Юнитель ХХК-ийн Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/24 тоот шийдвэрийг биелүүлж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйийн 9.4.3-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх замаар зохигчийн эрхийг хамгаалж Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээг Юнитель ХХК-ийн 50, 55 дугаарлалтыг зохих ёсоор тусгаж байгуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, Юнитель ХХК-д буцаан олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 14 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ