| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2020/03468/И |
| Дугаар | 181/ШШ2021/01031 |
| Огноо | 2021-05-27 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2021/01031
| 2021 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 181/ШШ2021/01031 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайт гудамж 68 тоотод оршин суух, Тогооч овогт Магширын Жавзандулам /РД:НЬ58043061/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, өөрийн байранд байрлах, Бага Хандгайт Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /РД:817949/-т холбогдох,
2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны бүх хугацааны цалин олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуул, гэрч Р.Ёндон, Б.Ананд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
М.Жавзандулам нь анх 2008 онд Бага хандгайт ахмадын амралтын газарт харуулаар ажилд орсон ба давхар үйлчилгээний ажил эрхэлж байсан байдаг. Одоог хүртэл тус байгууллагад нийт 11 жил 7 cap ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа байгууллагын дотоод журам ёс зүйн хариуцлагыг нэг ч удаа зөрчиж байгаагүй. Гэтэл Бага хандгайт амралтын газрын захирал Ц.Гонгоржав нь зөвхөн хувийн ашиг сонирхолоор үндэслэлгүй тушаал гаргаж ажлаас минь чөлөөлсөнд гомдолтой байна.
М.Жавзандулам нь нас дээр гарч, хэдэн хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг бөгөөд тухайн байгууллагын цалин хөлсөөр л амьжиргаагаа авч явдаг. Гэтэл ямар учраас ямар ашиг сонирхолоос болж ажлаас халсныг ойлгохгүй байна. М.Жавзандулам нь тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа байгууллагын тэргүүний ажилтан, Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойн медаль зэрэг шагналаар шагнагдаж байсан. Гэтэл түүнийг ажил үүргээ хэвийн явуулж байхад нь цаашид ажиллах боломжтой эсэхийг асууж лавлалгүй, санал тавиагүй байж дур мэдэн ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Байгууллагын захирал маань 3 жилийн хугацаанд зөвхөн ахмадуудыг амраах зорилготой газарт амрах гэж ирсэн хүн бүрийг амрааж, тухайн ахмадын амралтын газрын үйлчилгээг алдагдуулж, зөвхөн өөрийн ашиг сонирхолоор хандаж, үйлчлүүлэгчдийн мөнгийг өөрийн дансаар авч байгаад харамсдаг юм. Уг асуудлаар зарим нэг газар гомдол бичиж өгсөн нь түүнийг ажлаас халах хувийн ашиг сонирхол байгааг илтгэж болох юм.
Тухайн байгууллагад М.Жавзандулам нь олон жил ажилласан болохоор эргэж энэ ажилдаа орж амьдрал ахуйгаа залгуулж хань, үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх хүсэлтэй байна. Иймд Бага хандгайт ахмадын амралтын газрын захирлын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг хүчингүй болгож, М.Жавзандуламыг өмнө эрхэлж байсан харуулын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговрыг олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.Жавзандуламын хувьд ажил дээрээ ямар, ямар алдаа гаргаж байсныг хавтаст хэрэгт фото зургаар өгсөн. Ёс зүйн зөрчил гаргаж байсныг аман байдлаар сануулж байсан. Ажлаас чөлөөлөхөөс 3 сарын өмнө манай ажил дээр ирээд дарга Ц.Гонгоржав зөвлөгөө аваад явж байсан. Урьдчилсан байдлаар сануулж холбогдох арга хэмжээг мэдэгд, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, өндөр настай тэтгэврийн насны хүн юм. 2008 оноос тус байгууллагад ажиллаж байсан гэдэг нь худал байна. Анх дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2014 оны шийдвэрийг үндэслэн 2015 онд тогтоол гаргаад Бага хандгайт ОНӨААТҮГазар нь үүсгэн байгуулагдсан талаархи холбогдох баримтыг шүүхэд өгсөн. Нэхэмжлэгч ажлыг давхардуулж гүйцэтгэж байсан нэмэгдэл 40 хувь гэх мэтчилэн зүйл шаардаж байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагын зарим үйл баримт нь үндэслэлгүй гэж харж байна.
Тэтгэврийн насны хүн тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд нас болон бүх зүйлээрээ тохирохгүй байгаа юм. Харуул болон манаач гэдэг ажлын чиг үүрэгт нийцэхгүй удаа дараа түүнд сануулсан. Тийм учраас М.Жавзандуламыг буцааж ажилд нь авах эгүүлэн томилох асуудал байхгүй. Бид нар хүнлэг ёсыг баримталдаг. Баримтлахдаа өмнө ажиллаж байсан ахмадуудаа шагнадаг. М.Жавзандулам нь ажил үүргийн зөрчил гаргаж байсан ба удаа дараа сануулж байсан. Дарга Ц.Гонгоржавыг хувийн асуудлаар хандаж халсан гэдэг зүйлийг ярьлаа. Энэ нь баримтаар нотлогдсон зүйл байхгүй байна. Түүнийг жилийн өмнөөс чөлөөлөх эсэх асуудал яригдсан. Иймд Бага Хандгайт Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь М.Жавзандуламыг хууль зүйн үндэслэлтэй үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнтэй 2020 оны 01 сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан цаашид сунгагдахгүй нөхцөлөөр гэрээг байгуулсан учир ажлаас нь чөлөөлсөн.
М.Жавзандуламтай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг гаргасан. Хэрэв ажил албан тушаалдаа тэнцэхгүй, зөрчил дутагдал гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн тушаал гарвал түүнд муу үр дагавартай гэж ярилцаад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан цаашид сунгагдахгүй гэсэн үндэслэлээр уг тушаалыг гаргасан байдаг.
Иймээс түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Жавзандулам нь хариуцагч Бага Хандгайт ОНӨААТҮГ-д холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан харуулын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага нь хөдөлмөрийн маргаан таслах комисс эсхүл шүүх байна.
Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол ыг шүүх хянан шийдвэрлэхээр тус тус заасан.
Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан ба хуульд заасан хугацааны дотор буюу 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч шүүхэд гомдлоо гаргажээ.
Иймд, нэхэмжлэгч М.Жавзандуламын хариуцагчид холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргааныг тус шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Нэхэмжлэгч М.Жавзандуламыг хариуцагч Бага Хандгайт Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн харуулаар авч ажиллуулсан болох нь Бага Хандгайт Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/07 дугаар тушаал, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болон 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 тоот ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүдээр тогтоогддог ба талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.
Ажил олгогч буюу хариуцагч Бага Хандгайт Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь ажилтан буюу нэхэмжлэгч М.Жавзандуламыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн харуулын үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний харилцаа ажил олгогчийн санаачилгаар цуцлагдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн зохицуулалт энэхүү маргаанд хамааралтай байна.
Гэтэл ажил олгогч буюу хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй боловч тухайн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг зөвхөн хөдөлмөрийн гэрээний хугацаагаар тодорхойлжээ.
Ажил олгогч буюу хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч буюу ажилтан М.Жавзандуламыг ажил дээрээ ямар, ямар алдаа гаргаж байсныг хэрэгт фото зургаар өгсөн. Ёс зүйн зөрчил гаргаж байсныг аман байдлаар сануулж байсан. Тэтгэврийн насны хүн тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд нас болон бүх зүйлээрээ тохирохгүй, харуул манаач гэдэг ажлын чиг үүрэгт нийцэхгүй гэж тайлбарласан боловч хэдийд, ямар зөрчил дутагдал гаргасан, түүний дагуу байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.5 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл оногдуулж байсан эсэх, фото зургаар бэхжүүлсэн гэх амралтын гэр хариуцагч байгууллагынх мөн эсэх, нэрлэсэн зөрчлийг шалгасан талаарх холбогдох материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй тул хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ...нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т ...өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасныг хариуцагч хэрэгжүүлээгүй гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна. Сахилгын зөрчил нь хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байх ёстой юм.
Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.
Хариуцагч байгууллагын дотоод журмын 6.5.2-ын Б-д: Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн буюу ноцтой зөрчил (хүндэтгэх шалтгаангүйгээр 16 цагаас дээш хугацаагаар ажил тасалсан, согтуугаар ажилдаа ирсэн, гэмт хэрэг зөрчилд холбогдсон, ажлын цагаар эрүүлжүүлэгдсэн, албан хэргийн нууцыг задруулсан, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргаж Ёс зүйн хорооны хурлаар орсон) гаргасан тохиолдолд ажлаас халах гэсэн заалт, мөн маргаж буй талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т Хөдөлмөрийн гэрээг цуцлах 12 заалт бүхий үндэслэл-ийг заасан боловч эдгээрийн алийг нь М.Жавзандулам зөрчсөн болохыг тогтоогоогүй байж ажил олгогч буюу Бага Хандгайт Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захиргаа нь ажилтанг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан түүнийг ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэлээ.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/248 тоот захирамжаар Бага хандгайт ОНӨААТҮГ-ын дүрэм, бүтэц, орон тоог батлахдаа хоёрдугаар хавсралтын гурвын 8-д ...харуул 3 гэж баталсан нь уг харуулын орон тоо байнгын ажлын байр гэж үзэхээр байна.
Гэтэл хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгч буюу ажилтантай 2015 онд анх байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шинэчлэн байгуулахдаа байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээний хугацааг 2020 оны 01 сарын 02-ны өдрөөс 2020 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл хугацаа зааж байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах тухай заалтыг зөрчсөн байна.
Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсгийн заалт нь ажилтан, ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нөхцөлийг зохицуулсан энэхүү зохицуулалтыг шүүх нотлогдохгүй байна гэж дүнэсэн болно.
Мөн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн гэрээний 9.2-д зааснаар ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө албан ёсоор мэдэгдээгүй байна.
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч М.Жавзандуламыг Бага Хандгайт ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгуулахыг хүссэн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардсан 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай Магширын Жавзандуламыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй ба эрх зүйн актын хувьд шүүх ажилтанг ажил албан тушаалд эгүүлэн томилсон учир үр дагавар үүсгэхгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан.
Иймээс, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин олговорт гаргуулах дундаж цалинг тооцоход ажил олгогч нь М.Жавзандуламтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд сарын үндсэн цалингийн хэмжээг 420,000 төгрөг гэж тохиролцсон ба 2020 оны 4 дүгээр сараас эхлэн олгож байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн зэргээр тогтоогдож байх бөгөөд Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420,000 төгрөг байхаар тогтоосон тул нэхэмжлэгчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж байсан сарын цалин хөлсийг 420,000 төгрөгөөр тооцож, нийт ажилгүй байсан 2020 оны 07 дугаар сарын 01-нээс 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацааны 4,620,000 төгрөгийг олгох нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Иймээс нэхэмжлэгч М.Жавзандуламын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгох нь зүйтэй.
Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдөх зохицуулалттай боловч нэхэмжлэгч М.Жавзандулам нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 32,774 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн байх тул буцаан олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул ажлаас халагдсан шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 4,620,000 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 88,870 төгрөг, нийт 159,070 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын төсвийн орлого болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Жавзандуламыг Бага хандгайт ОНӨААТҮГазарт харуулын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговорт 4,620,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, М.Жавзандуламд олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчид олгох цалин хөлстэй тэнцэх олговор 4,620,000 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Бага хандгайт ОНӨААТҮГазарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,774 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж М.Жавзандуламд буцаан олгож, хариуцагчаас /70,200+88,870/ нийт 159,070 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 14 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ