Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2098

 

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/02554 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Г” ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 67 448 814 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Э.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “П” ХХК “Г” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр урьдчилсан нөхцөлтэй нефтийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээг, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн нөхцөлтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Бид 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр урьдчилсан нөхцөлтэй нефтийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний төлбөрөө хожимдуулж төлсөнд тооцсон алданги буюу 58 766 048 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 2016 оны 3 дугаар сард нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүний төлбөрийн алданги болох 8 682 766 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн нөхцөлтэй худалдах-худалдан авах гэрээний дагуу 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр №1 дугаартай нэмэлт гэрээ байгуулсан байдаг бөгөөд тус нэмэлт гэрээний дагуу 350 000 литр дизель түлшийг худалдан авахаар харилцан тохирсон байдаг. Ингээд худалдан авагч 2016 оны 3 сард нийт 464 714 461 төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Гэрээний 3.1-д зааснаар төлбөрийг сар бүрийн 10-ны дотор буюу 2016 оны 3 сард худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг 4 сарын 10-ны дотор төлөх үүрэгтэй бөгөөд Гэрээний 3.5-д зааснаар хугацаандаа төлөөгүй бол хоцорсон хоног тутамд 0.15 хувийн алданги тооцохоор заасан. Иймд “Г” ХХК-ийн 2016 оны 3 сард худалдан авсан нефтийн бүтээгдэхүүний төлбөр хожимдуулсанд тооцсон алданги 8 682 766 төгрөг, 2015 оны гэрээний дагуух алданги 58 766 048, нийт 67 448 814 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний гуравдугаар зүйлийн 3 дах хэсэгт "Худалдан авагч нь гэрээний нэмэлтээр тодорхойлогдсон төлбөрийг хугацаанд төлөөгүй хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,15 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг тооцох бөгөөд төлбөр төлөгдөх хугацаа хүртэл барааны нийлүүлэлтийг гүйцэтгэх үүрэг хүлээхгүй" гэж заасан буюу гэрээний дагуух төлбөрийг төлөөгүй бол шатахууныг нийлүүлэхгүй байхаар гэрээнд заасан. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээний алдангиас чөлөөлж, төлбөр төлөх хугацааг 2018 оны 1 дүгээр улирал хүртэл хойшлуулсан ба дараагийн худалдан авалтын гэрээг байгуулж үргэлжүүлэн урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн. Худалдагч “П” ХХК нь гэрээний зүйлийг урьдчилсан бус дараа төлбөрөөр нийлүүлж, худалдан авагчийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөр төлөх хүсэлтийг хүлээн авч, мөн нэхэмжлэх нь өөрийн албан тоотоороо мөн өдөр төлөхийг мэдэгдэж, төлбөр төлөх буюу төлбөр төлөх үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоож өгсөн байдаг.Үүний дагуу худалдан авагч нь 2016 оны 4 дүгээр сарын 12-нд 245 000 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 51 113 741 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Хариуцагч “Г” ХХК нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгчээс тогтоосон хугацаанд зохих ёсоор шударгаар гүйцэтгэсэн. 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч “П” ХХК нь "Нефтийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний алдангид 58 766 048 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 8 682 766.10 төгрөгөөр нэмэгдүүлсэнийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь “П” ХХК нь гэрээний зүйлийг урьдчилсан бус зээлийн нөхцлөөр нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд дараа төлбөрөөр төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр шатахууныг худалдагчид нийлүүлж байсан. Үүний дагуу худалдан авагч нь шатахууны үнийг бүрэн төлж барагдуулсан байдаг. Иймд хариуцагч “Г” ХХК нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Г ХХК-иас 2 316 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлээс 65 132 814 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495 194 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч хариуцагч Г ХХК-иас 52 006 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс ...Манай “П” ХХК болон “Г” ХХК-ийн хооронд 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 25/15 тоот нефтийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 22/16 тоот нефтийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийп 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “П” ХХК нь “Г” ХХК-тай Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасаан зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Талууд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг гэрээнд бүгдийг тусгасан нь гэрээний хасвралт болон гэрээний заалтаас харагддаг. Талууд гэрээний төлбөл зохих хүүгийн хэмжээг шатахууны нэг литрын үнэ дээр нэмж буй шингээж тооцсон байдаг. (жишээ: өнөөдөр бэлнээр авах нь нэг литр шатахууны үнэ 1900 төгрөг бол өнөөдөр авсан шатахууны үнийг сарын дараа төлөх үнэ 1930 г.м ). Талууд тухайн өдөр авсан шатахууны үнээр сарын дараа төлөх биш, тухайн өдөр авсан шатахууны үнийг сарын дараа хүү шингэсэн нэмэгдэлтэй үнэхээр төлөхөөр тохиролцож буй нь тухай бүр шатахуун авсан баримт болон харилцагчийн өглөг авлагын дэлгэрэнгүй дээр “П” ХХК нь хүү нэмэгдсэн үнээр нэг литр шатахууны үнийг тооцож байснаас харагдана. Иймд талууд хүүг гэрээний үнэ дээр нэмж тооцож тохиролцсон. Мөн талууд урьдчилан бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, үнэ, төлбөр төлөх хугацааг тохирсон нь гэрээний 3 дугаар зүйл болон гэрээний нэмэлтээс харагддаг. Ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан  зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан тул “П” ХХК нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан үнийг төлөхөөс өмнө худалдан авагчид барааг шилжүүлэх үүргээ гүйцэтгэн “Г” ХХК-ийг шатахуун авах хүсэлт гаргах тухай бүрт шатахуун ачилтыг хийлгэж шатахуунаар шуурхай хангаж байсан нь хавтаст хэргийн 87-142 дугаар хуудсанд байгаа шатахуун ачилтын баримтаар нотлогддог.

Нотлох баримтыг дутуу үнэлсэн. Шүүхээс ...Нэмэлт гэрээний дагуу хариуцагч нь 400 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор буюу 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төлөх үүрэгтэй байна. Гэвч хариуцагч дээрх төлбөрийг 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид төлсөн нь нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар өгсөн "Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ" гэсэн баримтаар нотлогдож байх тул... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хавтаст хэргийн 77 дугаар хуудсанд байгаа "Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ" баримт дээр “Г” ХХК нь “П” ХХК-д 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 25/15 тоот гэрээг “П” ХХК-тай байгуулахаас өмнө буюу 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 134 824 000 төгрөгийн өглөгтэй байсан. Энэхүү өглөгийг 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 400 000 000 төгрөг шилжүүлэхдээ суутгуулсан. Өөрөөр хэлбэл “Г” ХХК нь шилжүүлсэн 400 000 000 төгрөгөөсөө “П” ХХК-д өгөх байсан 134 824 000 төгрөгийг төлж үлдсэн 265 176 000 төгрөт таарах шатахууныг 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд буюу гэрээ байгуулахаас өмнө нийт 12 удаагийн ачилтаар авч дууссан нь хавтаст хэргийн 87-142 дугаар хуудсанд байгаа шатахуун авсан баримтаар нотлогдож байгаа. Иймээс 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн 400 000 000 төгрөг нь 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 25/15 тоот гэрээний дагуу төлсөн урьдчилгаа биш тул хавтаст хэрэгт цугласан нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Хавтаст хэргийн 77 дугаар хуудсан байгаа "Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ" баримтад бичигдсэн өдөр бүрийн гүйлгээ нь хавтаст хэргийн 87-142 дугаар хуудсанд байгаа шатахуун ачилтын баримттай огноо, авсан шатахууны хэмжээгээр тохирч байхад уг баримтыг шүүгч огт үнэлээгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 65 132 814 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 67 448 814 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шатахууны үнийг бүрэн төлж барагдуулсан, гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгэсэн гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 25/15 тоот нефтийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ, нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх нэмэлт гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 22/16 тоот нефтийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ, нэмэлт гэрээг тус тус байгуулагдсан болох нь хэргийн 5-7, 42-43 дахь талд авагдсан нефтийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ зэрэг бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 25/15 тоот нефтийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний 3.4 дэх хэсэгт “Худалдан авагч нь гэрээний нэмэлтээр тодорхойлогдсон төлбөрийг хугацаанд төлөлгүй хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,15 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг тооцох бөгөөд төлбөр төлөгдөх хугацаа хүртэл барааны нийлүүлэлтийг гүйцэтгэх үүрэг хүлээхгүй”, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 22/16 тоот нефтийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний 3.5 дахь хэсэгт “Худалдан авагч нь гэрээний нэмэлтээр тодорхойлогдсон төлбөрийг хугацаанд төлөлгүй хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,15 хувьтай тэнцэх хэмжээний, 1 сараас илүү хугацаанд хожимдуулсан бол 0,3 хувийн алдангийг худалдагчид төлнө” гэж тус тус тохиролцсон байна.

 

Хариуцагч гэрээний дагуу төлбөрийг 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид төлсөн болох нь хэргийн 9-12 дахь талд авагдсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй, хариуцагч нь 3 дугаар сарын захиалгын гэрээний үүргийг зөрчил гаргаагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Хариуцагч 496 500 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 245 000 000 төгрөг төлж 2 хоногийн, 15-ны өдөр 150  000 000 төгрөг, 98 500 000 төгрөгөөр тус тус төлсөн тул алдангийн хэмжээг 3 дугаар сарын захиалгын гэрээний үнийн дүнгээс тооцож, 493 500 000 төгрөгийн 2 хоногийн алданги 1 200 000 төгрөг, 248 500 000 төгрөгийн 3 хоногийн алданги 1 116 000 төгрөг, нийт 2 316 000 төгрөгийн алдангийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь төлбөрийг төлөх үүргээ гэрээнд заасан хугацааг ялимгүй хэтрүүлж биелүүлсэн тул мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу хариуцагч нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

            Иймд анхан шатны шүүх хариуцагч “Г” ХХК-иас 2 316 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “П” ХХК-д олгон, нэхэмжлэлээс 65 132 814 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн тул шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

            Зохигчид нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүн худалдан авах төлбөрийн хэмжээг сар бүрийн хэлцлээр тохиролцохоор заасан ба нэхэмжлэгч нь гэрээний бусад саруудын захиалгын гэрээний хэлцэл, бусад баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нотлох баримтаар гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/02554 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483 615 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ