| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2023/08706/И |
| Дугаар | 001/ХТ2024/00283 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2024/00283
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/01010 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2024/01539 дүгээр магадлалтай,
Н, М нарт холбогдох
135,201,300 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “М” ХХК нь Н, М нарт холбогдуулан 135,201,300 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/01010 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н, М нараас 135,201,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н, М нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хариуцагчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол ... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ..., үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний ... дугаартай 357 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол ... байр, 3, 4 давхар хаягт байрлах улсын бүртгэлийн ..., үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний ... дугаартай 282 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, нэг талбарын ... дугаар, иргэний газар эзэмших эрхийн ... дугаар гэрчилгээ бүхий 145 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 904,157 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н, М нараас 904,157 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2024/01539 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/01010 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, нэгж талбарын ... дугаар, иргэний газар эзэмших эрхийн ... дугаар гэрчилгээ бүхий 145 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө...” гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч “М” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...М, Н нар нь 2022.04.20-ны өдөр тус ББСБ-аас 80 сая төгрөгийг хувийн хэрэгцээндээ зориулж өөрсдийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө, газрын хамт барьцаанд тавьж зээл авсан боловч зээл хүүгээ төлөхгүй байсан тул шүүхэд өгсөн. Шүүх манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэвч М, Н нар нь өөрсдийн барьцаа хөрөнгийг өөр зээлд давхар барьцаалсан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж болохгүй гэж давж заалдсан. Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2021.06.08-ны өдөр тухайн газар эзэмших эрхийг өөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор урьд өмнө барьцаалуулсан нь 2022.04.20-ны өдөр байгуулсан барьцааны гэрээнд хамаарахгүй гэж үзээд газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн газрыг 2021.06.08-ны өдрийн мөн 2022.04.20-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд бүртгүүлсэн болох нь Улсын кадастрын нэгдсэн системийн газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолтоос харагдаж байна. Иймд үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, ... тоот нэгж талбарын дугаартай, ... тоот гэрчилгээтэй 145м2 газраар хангуулах Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
5. Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2024.11.01-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2024/01223 тогтоолоор нэхэмжлэгч “М” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон байна.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Н, М нарт холбогдуулан 135,201,300 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...Н, М нар 2022.04.20-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, 80,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, өөрсдийн өмчлөлийн амины сууц, газар барьцаалж авсан. Иймд үндсэн зээл 80,000,000 төгрөг, хүү 47,184,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,016,600 төгрөг, нийт 135,201,300 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна, мөн өдрийн БГ22/40 дугаар зээлийн барьцааны гэрээнд зааснаар Баянзүрх дүүрэг, 6 хороо, 13 хороолол, 22в байрны 357 м.кв талбайтай 2 давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 6 хороо, 13 хороолол ... тоот, 3, 4 дүгээр давхар, 282 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 6 хороо, 13 хороолол, нэгж талбарын ... дугаар бүхий 145 м.кв талбайтай амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулна.” гэжээ.
Хариуцагч Н, М нар нэхэмжлэлийн шаардлагаас 110,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан ба үндэслэлээ “...бидний барьцаанд тавьсан эд хөрөнгө мөн “Д” ХХК-ийн менежер Б-ын компанидаа хөрөнгө оруулахаар өөрийнхөө нэр дээр зээлж авсан 300,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа. “Д” ХХК нь барилгын санхүүжилт тасрах гээд байна гэж гуйхад нь бид барьцаанд тавьж өгсөн. “М” ХХК-аас авсан 80,000,000 төгрөгийг “Д” ХХК нь бидэнд өртэй учраас яаралтай төлж барагдуулна, хүүг ч төлнө гэж амласан учир зээлийг авсан. Бид дээрх амины орон сууцандаа хувийн цэцэрлэг ажиллуулдаг улсаас зарласан цэцэрлэгийн барилга авна гэсэн тендерт шалгарч цэцэрлэгээ улсад худалдахаар гэрээ хийсэн боловч “Д” ХХК барьцаа чөлөөлж өгөхгүй байгаагаас болж нэр шилжүүлж өгч чадаагүй, бид ч хохирч байгаа, ...энэ зээлийг “Д” ХХК төлөх ёстой, түүнчлэн барьцаа хөрөнгө дээр энэ компанийн зээл давхар байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй” гэсэн тайлбар гаргасан байна.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй, ...хариуцагч Н, М нар “Д” ХХК нь бидэнд өртэй, ... зээл авчих бид, үндсэн зээл, хүүг төлнө гэсэн учраас бид 80,000,000 төгрөг зээлж авсан, ...иймээс “Д” ХХК төлнө гэсэн тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагч нараас 135,201,300 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэлтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ.
8. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад “...зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, хариуцагч нараас 135,201,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлтэй. Гэвч Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ барьцаалуулах тохиолдолд ... дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэх журамтай. Гэтэл зохигчид 145 м.кв талбайтай газар эзэмших эрхийг барьцаалах гэрээ байгуулсан хэдий ч харьяа дүүргийн газрын албанд бүртгүүлээгүй учир Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, 164 дүгээр зүйлийн 164.1-т тус тус зааснаар энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Түүнчлэн “...шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хугацаа нь дууссан зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхэд хамааралгүй зохицуулалтыг баримталсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна” гэжээ.
9. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
10. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “М” ХХК нь 2022.04.20-ны өдөр Н, М нартай зээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зөвхөн зээлийн хүү төлж, хугацааны эцэст үндсэн зээлийг төлөх нөхцөлөөр орон сууцны төлбөрийн зориулалтаар зээлдүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангахаар Н, М нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, VI хороо, XIII хороолол ... тоот хаягт байрлах 357 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт бүртгэлтэй 282 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон Баянзүрх дүүрэг, VI хороо, XIII хороололд байрлах нэгж талбарын ... тоот дугаартай 145 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан байна.
11. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэж, үндсэн үүрэгт 135,201,300 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ хэргийн баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлжээ.
Харин барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас Баянзүрх дүүрэг, VI хороо, XIII хороололд байрлах нэгж талбарын ... тоот дугаартай 145 м.кв талбайтай газар эзэмших эрхийн барьцааны тухайд хоёр шатны шүүх өөр өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч талаас гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.
12. Давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6, 38 дугаар зүйлийн 38.5-д тус тус зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ барьцаалуулснаа дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэх журмыг зөрчсөн учир Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, 164 дүгээр зүйлийн 164.1-д тус тус зааснаар энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй гэсэн үндэслэлээр энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.
Нэхэмжлэгч “М” ХХК нь 2022.04.20-ны өдөр хариуцагч Н, М нартай 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар Н-гийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, VI хороо, XIII хороололд байрлах нэгж талбарын ... тоот дугаартай 145 м.кв талбайтай газар эзэмших эрхийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангасан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-7-10/
Түүнчлэн, хариуцагч Н-гийн нэр дээрх газар эзэмших ... дугаартай гэрчилгээний тэмдэглэл хэсэгт. .. “М” ХХК-ийн зээлийн гэрээг үндэслэн барьцаанд бүртгэв” гэсэн тэмдэглэл хийгдсэн байгааг дурдах нь зүйтэй.
13. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Оийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2024/01539 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/01010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Оийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД