Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
Хэргийн индекс | 128/2018/0766/З |
Дугаар | 128/ШШ2019/0327 |
Огноо | 2019-05-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2019/0327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийж, Б ХХК-ийн нэхэмжлэлтэй 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих төслийн барих, шилжүүлэх концессын гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа Үндэсний хөгжлийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээний 2 дугаар бүлэгт заасан үүргээ биелүүлэхийг даалгуулах, Үндэсний хөгжлийн газрын гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас концессын гэрээний хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарь 1.9 дэх заалт зөрчигдсөн тул эргэн төлөлтийн хөрөнгө санхүүжилтийг 2019 оны төсвийн төсөлд тусгуулан зуруулахыг даалгах, өрийн баталгаа гаргахгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Монгол Улсын Засгийн газар болон Б ХХК-ийн хооронд байгуулсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих төслийн барих, шилжүүлэх концессын гэрээний хүрээнд өрийн баталгаа гаргаж 2020 оны төсвийн жилийн төсөлд тусгуулах ажлыг Сангийн яаманд даалгуулах шаардлага бүхий Сангийн яам, Үндэсний хөгжлийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагч Үндэсний хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай 182 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих төслийн концессын гэрээг манай Б ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, улмаар концессын гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 22- ны өдөр байгуулсан. Бид энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу дараах ажлуудыг одоогоор хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:
1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын И******* ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хамтын ажиллагаагаа өрнүүлсэн.
2. DOUPF16******* дугаар тендерийн баталгаа гаргасан.
3. Гэрээ хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд материал бэлтгэл, захиалгын зардал, тээвэр, төслийн ажилчдын цалин, томилолт, судалгаа шинжилгээний ажил, зөвлөх үйлчилгээ авахтай холбогдуулан 4,762,231,020 төгрөгийн бодит зардал гаргасан.
4. Гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудтай удаа дараа харилцаж, асуудлыг шийдвэрлүүлэхийг зорьж ажилласан.
2016 онд Засгийн газрын агентлагуудыг шинээр зохион байгуулж, ажиллуулсантай холбоотойгоор гэрээний нэг тал Хөрөнгө оруулалтын газар татан буугдаж, чиг үүрэг нь Үндэсний хөгжлийн газарт шилжсэн тул гэрээний үүргийг тус газар хэрэгжүүлэх болсон.
Концессын гэрээнд зааснаар төслийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор гүйцэтгэхээр талууд тохиролцсон боловч манай компаниас шалтгаалахгүйгээр гэрээ, төсөл хэрэгжихгүй өдийг хүрлээ. Энэхүү гэрээний нэг тал болох Үндэсний хөгжлийн газар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Сангийн яам өрийн баталгааг зохих этгээдэд гаргаж өгдөггүй зэрэг шалтгаанаас болоод бидний ажил саатаад байна. Концессын гэрээний 1.13 дугаар зүйлд гэрээ хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлийг заасан бөгөөд бид дараах байдлаар өөрт хамаарах хэсгийг бүрэн хэрэгжүүлээд байна. Үүнд:
1.13.1 дэх заалтыг хэрэгжүүлсэн Хөрөнгө оруулагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын И******* ХХК-тай 2016.05.21-ний өдөр гэрээ хийж, 5,000,000 /таван сая/ ам.долларын хөрөнгө оруулалт авах, үлдэгдэл санхүүжилтийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэхээр тохиролцсон.
1.13.2 дахь заалтыг хэрэгжүүлсэн - Бид 1,000,000 /нэг сая/ ам.долларыг Голомт банкны дансанд байршуулан тус ажилд зарцуулж эхэлсэн тухай дансны хуулгыг хүргүүлсэн.
1.13.3 дахь заалтыг хэрэгжүүлсэн хэрэгжүүлэхтэй холбоотой Хөрөнгө оруулалтын газраас байршуулах дансны дугаарыг удаа дараа асууж, гэрээг хүчин төгөлдөр болгох ажлыг эхлүүлж өгөх талаар хүсэлт гаргасан боловч Засгийн газрын шийдвэрээр Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгаж, чиг үүргийг Үндэсний хөгжлийн газарт шилжүүлсэнтэй шууд хамааралтай ажил цалгардсан. Энэ нь биднээс огт шалтгаалаагүй, объектив хүчин зүйл байсан гэдгийг дурдах нь зүйтэй байна. /Энэхүү асуудлыг Үндэсний хөгжлийн газрын мэргэжилтнүүд сайн мэднэ./
1.13.4 дэх заалтыг хэрэгжүүлсэн - Манай компани нь 2003 оноос үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй барилга, инженерийн шугам сүлжээ угсралтын компани юм.
1.13.5 дахь заалтыг хэрэгжүүлсэн - Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газартай хамтран зураг төслийг шинэчлэн хийлгэж батлуулсан.
1.13.6 дахь заалтыг хэрэгжүүлэхээр манай компани олон удаа шаардлага гаргаж, ажил эхлүүлэх зөвшөөрөл, эргэн төлөлтийн баталгаа, ажилд шаардлагатай бусад баримт бичгийг шаардсаар өдийг хүрсэн. Гэрээний нэг талаас шалтгаалан энэхүү заалт хэрэгжээгүй байна.
Гэрээний үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бидний зүгээс зохих шаардлага, хүсэлтийг Хөрөнгө оруулалтын газар, Үндэсний хөгжлийн газар, Сангийн яам, Аж үйлдвэрийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Еренхий сайдад удаа дараа тавьсаар ирсэн. Гэсэн ч төрийн захиргааны байгууллагууд хүсэлтийг маань хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсаар байна.
Хөрөнгө оруулагч, хамтрагч байгууллагууд болох И******* ХХК, БНХАУ-ын ******* банк Засгийн газраас өрийн баталгаа, зардлыг 2017, 2018 оны төсөвт суулгах талаар тодорхойлолт гаргуулахыг хүссэн бөгөөд энэ талаар бид Сангийн яаманд зохих журмын дагуу хүсэлтээ тавьсан боловч шийдвэрлэж өгсөнгүй.
Концессын гэрээний зүйл болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт Дулааны дэд станц, дулааны болон бохирын шугам ажил нь тухайн орон нутгийг болон зэргэлдээ орших аймаг, сумдыг дулаан, цэвэр усаар хангахтай холбоотой нэн чухал, зайлшгүй хийж гүйцэтгэх учиртай ажил билээ. Гэтэл төрийн залгамж чанартай байх зарчим хэрэгжилгүй, манай компанийн болон Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөд хүрлээ.
Концессын гэрээг хэрэгжүүлэх зөвшөөрөл, өрийн баталгаа гаргасан тохиолдолд манай компани өөрийн ажлыг маргааш ч хамаагүй эхлүүлэхэд бэлэн байгаа бөгөөд бидний хөрөнгө оруулагч, хамтрагч байгууллагууд Засгийн газар, тэр дундаа Үндэсний хөгжлийн газар, Сангийн яамны шийдвэрийг хүлээж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, манай компанийн болон орон нутгийн иргэдийн эрх, ашгийг баталгаажуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 182 дугаар Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих төслийн концессын гэрээг Б ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, улмаар концессын гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан.
Энэхүү концессын үйл ажиллагаанд хөрөнгө оруулахаар БНХАУ-ын И******* ХХК-тай 21/16 дугаар гэрээ байгуулан 1******* банкнаас 5 сая ам.долларын санхүүжилт авахаар харилцан тохиролцоод байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улсын Засгийн газрын өрийн баталгаа, эргэн төлөх тухай тодорхойлолт хүсэж байна. Өрийн баталгаа гаргасан даруйд хөрөнгө оруулалт хийгдэх боломжтой.
Концесс эзэмшигч Б ХХК-ийн зүгээс өрийн баталгаа гаргуулахаар Сангийн яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 459 дугаар албан бичгээрээ ханджээ. Сангийн яам тус хүсэлтийг огт шийдвэрлээгүй байгаа бөгөөд хуульд заасан хариу өгөх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар өрийн баталгаа гаргаж өгөхгүй байгаа мөн концесын гэрээний дагуу 2019 онд хэрэгжсэнээр 2020 онд төсвийн төсөлд тусгах талаар хариу мэдэгдэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, улмаар даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Өрийн удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 33.7-д заасныг үндэслэн Засгийн газрын өрийн баталгаа гаргагчийн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасны дагуу Сангийн яам өрийн баталгаа гаргах үүрэгтэй байна. Улмаар Төсвийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээ нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна, Өрийн удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээ нь өрийн хэрэгсэлд тооцогдох бөгөөд уг гэрээгээр санхүүжих төсөл, арга хэмжээ нь энэ хуулийн 18.5.1-18.5.4, 18.5.7-д заасан шаардлагыг хангасан байна, 39 дүгээр зүйлийн 39.2-т Өрийн мэдээллийн нэгдсэн санд дараах мэдээллийг төвлөрүүлнэ, 39.2.8-д Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын санхүүжилтийн гэрээнээс үүсэх өрийн мэдээлэл 40 дүгээр зүйлийн 40.7-д Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээг хүчин төгөлдөр болсон өдрөөр өрийн мэдээллийн нэгдсэн санд оруулж, концессын гэрээний дагуу улирал бүр гарсан ашиглалтыг үндэслэж Засгийн газрын өрд бүртгэнэ гэж тус тус заасан журмын дагуу өрийн баталгаа гаргаж, концесс эзэмшигчийн үйл ажиллагааг дэмжих ёстой.
Иймд өрийн баталгаа гаргахгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Монгол Улсын Засгийн газар болон Б ХХК-ийн хооронд байгуулсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих төслийн барих-шилжүүлэх концессын гэрээний хүрээнд өрийн баталгаа гаргахыг Сангийн яаманд даалгаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагч Үндэсний хөгжлийн газраас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Монгол Улсын Их Хурлын 2009 оны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлахтухай 64 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай 317, Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар болон Б ХХК-ийн хооронд 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих төслийн барих-шилжүүлэх(ВТ) концессын гэрээг байгуулсан.
Тус гэрээний 1.13 дахь хэсэгт гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлийг зааж өгсөн бөгөөд гэрээ байгуулсан өдрөөс хойш 5 сар буюу 2016 оны 9 дугээр сарын 22-ны өдрийн дотор дараах урьдчилсан нөхцөл хангагдсан эсэх асуудлаар Эрх бүхий этгээд дүгнэлт гаргаснаар уг гэрээ нь хүчин төгөлдөр болох юм.
Гэрээний 1.13 дахь хэсэгт Талууд энэхүү Гэрээнд гарын үсэг зурснаар Гэрээ байгуулагдсанд тооцогдох бөгөөд Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд дор дурдсан урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсанаар Гэрээ хүчин төгөлдөр болно. Үүнд:
1.13.1. Төслийн санхүүжилтийн гэрээг байгуулсан байх,
1.13.2. Төслийн барилга угсралтын зардлын 5 хувьтай тэнцэх 930,973,421 (есөн зуун гучин сая есөн зуун далан гурван мянга дөрвөн зуун хорин нэгэн) төгрөгийг Монгол Улсын арилжааны аль нэг банкин дахь өөрийн дансанд байршуулж төслийн зориулалтын дагуу зарцуулж эхэлсэн байх,
1.13.3 Зөвлөх инженерийн зардлын 50 хувьтай тэнцэх 254,324,708 (хоёр зуун тавин дөрвөн сая гурван зуун хорин дөрвөн мянга долоон зуун найман) төгрөгийг Эрх бүхий этгээдийн заасан дансанд тушаасан байх,
1.13.4. Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байх /Монголын Үндэсний аж ахуйн нэгжтэй барилгын ажлын 1/3-ээс доошгүй хувийн ажлыг гүйцэтгүүлэхээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх,
1.13.5. Төслийн зураг төслийг шинэчлэн батлуулсан байх,
1.13.6. Концесс эзэмшигчийн гэрчилгээ, дүрэмтэй байх гэж тус тус заасан байна.
Тус гэрээний хугацаанд дараах шалтгааны улмаас гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөл хангагдаагүй болно. Үүнд:
1. Нэхэмжлэгч болох Б" ХХК-иас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар болон Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газарт Сангийн яамнаас эргэн төлөлтийн дараах төлбөрийн батламж захиа, Засгийн газраас өрийн баталгаа гаргуулах-аар удаа дараа шаардаж байсан. Гэтэл Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай 317 дугаар тогтоолын 719 дэх хэсэгг тус төслийг хэрэгжүүлэхэд Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах шаардлагагүй гэж заасан. Түүнчлэн концессын гэрээнд Засгийн газрын өрийн баталгаа гаргах, эргэн төлөлтийн буцаан төлөхөө баталж тодорхойлолт гаргах талаар зүйл заалт, чиг үүрэг тусгагдаагүй тул тус компанийн шаардлагыг биелүүлэх боломжгүй юм.
2. Монгол Улсын Засгийн газраас Концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай 37 дугаар тогтоолыг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр баталсан бөгөөд тус тогтоолын 2 дахь хэсэгт улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй, концессын гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх, 4 дэх хэсэгт концессын гэрээ байгуулсан боловч ажил нь эхлээгүй гэрээний үйлчлэлийг зохих журмын дагуу зогсоох-ыг Үндэсний хөгжлийн газар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон.
Иймд дээрх нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор гэрээ хүчин төгөлдөр болоогүй тул Эрх бүхий этгээд нь гэрээний 2 дугаар бүлэгт заасан үүргийг биелүүлэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн Б ХХК-иас нэхэмжлэлдээ төслийн хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг 2019 оны төсөвт суулгуулахыг даалгах гэжээ. Концессын гэрээний 1.6 дахь хэсэгт а.Төслийн барилгын ажлын эхний ээлжийн гадна дулаан, цэвэр усны шугам, гадна цэвэр усны шугамын гүйцэтгэлийн ажлыг 2016 оны 7 дугаар сарын 25-ны дотор; б.Төслийн барилгын ажлын хоёрдугаар ээлжийн дулааны дэд станц, түүний дагалдах ялтсан бойлерын барилга угсралтын ажлыг 2017 оны 7 дугаар сарын 25-ны дотор гүйцэтгэж дуусган 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон. Мөн гэрээний 1.9. дэх хэсэгт Концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн, барьж дуусган, холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгч, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 2 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас хуваарийн дагуу нөхөж авах-аар тусгасан байна. Гэтэл тус гэрээний хэрэгжилт Засгийн газрын Концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай 37 дугаар тогтоолоор зогссон, мөн гэрээний 1.6, 1.9 дэх хэсэгт заасанчлан барилга угсралтын ажил хийгдээгүй, эргэн төлөлтийн санхүүжилт хийгдэх нөхцөлүүд биелээгүй байх тул 2019 оны төсвийн төсөлд суулгах боломжгүй байна гэв.
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний хөгжлийн газар, Сангийн яаманд тус тус холбогдох Өрийн баталгаа гаргахгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Монгол Улсын Засгийн газар болон Б ХХК-ийн хооронд байгуулсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих төслийн барих-шилжүүлэх концессын гэрээний хүрээнд өрийн баталгаа гаргаж 2020 оны төсвийн жилийн төсөлд тусгуулах ажлыг Сангийн яаманд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1. Б ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны станц, бохирын шугам барих төслийн барих-шилжүүлэх концессын гэрээг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар (Одоогийн Үндэсний хөгжпийн газар)-тай байгуулсан бөгөөд концессын гэрээнд Засгийн газар баталгаа гаргах үүргийг хүлээгээгүй байна.
Концессын тухай хуулийн 10.3.2-т концессын зүйлийн жагсаалтад төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжпэг үзүүлэх, баталгаа гаргах эсэхийг тусгахаар заасан бөгөөд Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад уг төсөлд төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах шаардлагагүй гэж заасан.
Сангийн яамны зүгээс Өрийн удирдлагын тухай хуулийн 8.1.2-т заасны дагуу тухайн жилд шинээр нэмэгдүүлэх өр, гаргах өрийн баталгааны хэмжээг тухайн жилийн төсвийн тухай хуульд тусган батлуулдаг бөгөөд Өрийн удирдлагын тухай хуулийн 33.2-т Засгийн газрын гаргах өрийн баталгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан өрийн хязгаар болон Өрийн удирдлагын тухай хуулийн 17.1-д заасан дээд хэмжээнд нийцсэн байна гэж заасан, Мөн Өрийн удирдлагын тухай хуульд заасан шаардлагын дагуу тухайн баталгаа гаргуулах төсөл, арга хэмжээ нь улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туссан байх, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх гэж тус тус заасан. Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны станц, бохирын шугам барих төсөл нь Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасан дээрх шаардлагуудыг хангахгүй байгаа тул өрийн баталгаа гаргах үндэслэлгүй байна.
2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих төсөл-ийг концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхээр 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б ХХК-тай концессын гэрээ байгуулагдсан.
Концессын гэрээний 1.19-т Концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн, барьж дуусган, холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгч, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 2 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас 2017, 2018 онуудад үе шаттайгаар санхүүжилтийг нөхөн авна гэж, мөн гэрээний 1.6-д концесс эзэмшигч нь барилга угсралтын ажлыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулахаар тус тус заасан.
Гэвч Үндэсний хөгжлийн газраас тус яаманд ирүүлсэн 2018 оны 3 дугаар улирлын концессын гэрээний ашиглалт, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн тайланд уг төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажлыг одоо хүртэл эхлүүлээгүй буюу гүйцэтгэл 0 хувьтай, гэрээ хүчин төгөлдөр болоогүй байна.
3. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай 37 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй, концессын гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх, 4 дэх хэсэгт концессын гэрээ байгуулсан боловч ажил нь эхлээгүй гэрээний үйлчлэлийг зохих журмын дагуу зогсоохыг Үндэсний хөгжлийн газарт үүрэг болгосны дагуу уг төслийн концессын гэрээг цуцлахаар ажиллаж байгаа талаар Үндэсний хөгжлийн газраас мэдээлсэн.
Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Сангийн яам, Үндэсний хөгжлийн газарт тус тус холбогдуулан гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих төслийн барих, шилжүүлэх концессын гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа Үндэсний хөгжлийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээний 2 дугаар бүлэгт заасан үүргээ биелүүлэхийг даалгуулах, Үндэсний хөгжлийн газрын гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас концессын гэрээний хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарь 1.9 дэх заалт зөрчигдсөн тул эргэн төлөлтийн хөрөнгө санхүүжилтийг 2019 оны төсвийн төсөлд тусгуулан зуруулахыг даалгах, өрийн баталгаа гаргахгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Монгол Улсын Засгийн газар болон Б ХХК-ийн хооронд байгуулсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих төслийн барих, шилжүүлэх концессын гэрээний хүрээнд өрийн баталгаа гаргаж 2020 оны төсвийн жилийн төсөлд тусгуулах ажлыг Сангийн яаманд даалгуулах шаардлага бүхий Б ХХК-ийн нэхэмжлэлийг хянан хэлэлцэж шийдвэрлэлээ.
Нэг. 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих төслийн барих, шилжүүлэх концессын гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа Үндэсний хөгжлийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээний 2 дугаар бүлэгт заасан үүргээ биелүүлэхийг даалгуулах шаардлагын тухайд.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 182
дугаар Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолоор барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих төслийн концессын гэрээг Б ХХК-тай байгуулахаар шийдвэрлэсэн байна. Улмаар Б ХХК нь Хөрөнгө оруулалтын газартай /хуучин нэрээр/ 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Концессын гэрээг байгуулжээ.
Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай 37 дугаар тогтоолын 1.4-т концессын гэрээ байгуулсан боловч ажил нь эхлээгүй гэрээний үйлчлэлийг зохих журмын дагуу зогсоох ыг даалгасан бөгөөд уг тогтоолд Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаар тогтоолоор 21.Засгийн газраас улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал гэж үзэн тэргүүлэх ач холбогдол өгч байгаа 2020 он хүртэл төсөвт хүндрэл учруулахгүй концессын зарим төслийг барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхэд энэ тогтоолын 1 дүгээр зүйл хамаарахгүй гэж өөрчлөлт оруулсан байна.
Концессын гэрээний 1.13-д Талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар Гэрээ байгуулагдсанд тооцогдох бөгөөд Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш /тав/ сарын хугацаанд дор дурдсан урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсанаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу уг заалтын зарим дэд хэсгүүдийг нэхэмжлэгч Б ХХК дараах байдлаар биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал,
- 1.13.1-д Төслийн санхүүжилтийн гэрээг байгуулсан байх - БНХАУ-ын хуулийн этгээд И******* компанитай 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 21/16 дугаартай Төслийн санхүүжилтийн гэрээ байгуулсан;
- 1.13.2-т Төслийн барилга угсралтын зардлын 5 хувьтай тэнцэх 930,973,421 /есөн зуун гучин сая есөн зуун далан гурван мянга дөрвөн зуун хорин нэгэн/ төгрөгийг Монгол Улсын арилжааны аль нэг банкин дахь өөрийн дансанд байршуулж зориулалтын дагуу зарцуулж эхэлсэн байх - Б ХХК нь Голомт банктай 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 325DOUPF16******* дугаартай Банкны баталгааны гэрээ байгуулснаас гадна Голомт банк дахь өөрийн дансанд 1 сая ам.долларыг байршуулсан талаар 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 542, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 111, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 113 зэрэг албан бичгүүдээр мэдэгдэж байсан.
Харин Концессын гэрээний 1.13.3-д зөвлөх инженерийн зардлын 50 хувьтай тэнцэх 254,324,708 /хоёр зуун тавин дөрвөн сая гурван зуун хорин дөрвөн мянга долоон зуун найман/ төгрөгийг Эрх бүхий этгээдийн заасан дансанд тушаасан байх, 1.13.4-т Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байх /Монголын Үндэсний аж ахуйн нэгжтэй барилгын ажлын 1/3-ээс доошгүй хувийн ажлыг гүйцэтгүүлэхээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх/, 1.13.5-д Төслийн зураг төслийг шинэчлэн батлуулсан байх, 1.13.6-д Концесс эзэмшигчийн гэрчилгээ, дүрэмтэй байх зэрэг шаардлагыг нэхэмжлэгч нь өөрөөс үл шалтгаалах шалтгаанаар хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын зарим агентлагын талаар авах зарим арга хэмжээний тухай 04 дүгээр тогтоолоор Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгаж, Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Үндэсний хөгжлийн газрыг байгуулсан бөгөөд энэхүү бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан хариуцагч Үндэсний хөгжлийн газраас зөвлөх инженерийн зардлыг байршуулах банкны дансыг өгөөгүй, концесс эзэмшигчийн гэрчилгээг олгоогүй байна.
Нэхэмжлэгч Б ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 266, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 371, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 419, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 271, 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 542, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 113 дугаар албан бичгүүдээр концесс эзэмшигчийн хувьд өөрөөс шалтгаалсан концессын гэрээний урьдчилсан нөхцөлүүдийг хангасан талаар мэдэгдэж байсан байна. Гэвч хариуцагч Үндэсний хөгжлийн газраас Концессын гэрээний 2.4-т Концессын гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл болон энэ гэрээнд заасан бусад нөхцөлийг хангуулах талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг авна, 2.6-д Концесс эзэмшигчээс ирүүлсэн хүсэлт, мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн хянан үзэж, хариу мэдэгдлийг хүргүүлнэ, 2.9-д барилгын ажлын үе шатны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан хуваарь зөрчигдсөн тохиолдолд .... концесс эзэмшигчтэй хамтран ажиллах, 2.13-д Эрх бүхий этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд эдгээр гэрээнүүд бүрэн хэрэгжиж, залруулах арга хэмжээг яаралтай авч, концесс эзэмшигчийн хохирлыг барагдуулах арга хэмжээг авна, 2.14-т Эрх бүхий этгээд төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад бүх зөвшөөрлүүдийг авахад баталгаа гаргаж Концесс эзэмшигчид бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй, ямар нэгэн үндэслэл бүхий хариуг концесс эзэмшигчид өгөөгүйн улмаас Б ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны
өдрийн Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай 317 дугаар тогтоолд 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай 306 дугаар тогтоолын хавсралтын 719-т Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих концессын гэрээний зүйл болон Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай 182 дугаар тогтоолоор дээрх концессын гэрээг Б ХХК-тай байгуулах эрх олгосон шийдвэр хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаа бөгөөд Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.9-т улсын хэмжээнд концессын талаархи нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх гэж заасны дагуу Үндэсний хөгжлийн газраас гаргадаг концессын Барих-шилжүүлэх /ВОТ/ төслийн гүйцэтгэлийн мэдээ ёсоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих концесс хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаагаас гадна хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.
Иймээс хариуцагч Үндэсний хөгжлийн газар нь Концессын тухай хуулийн 3.1.6-д зохицуулах байгууллага гэж концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл олгох, үнэ тариф тогтоох, концессын зүйл, эсхүл түүгээр үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг батлах, мөрдүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагыг, 6 дугаар зүйлийн 6.2.8-д концессын гэрээний хэрэгжилтэд үнэлгээ хийх, хяналт тавих, концессын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй тул 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих төслийн барих, шилжүүлэх концессын гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа Үндэсний хөгжлийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээний 2 дугаар бүлэгт заасан үүргээ биелүүлэхийг даалгуулах нэхэмжлэл нь үндэслэл бүхий байх тул энэхүү шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэлээ.
Хоёр. Үндэсний хөгжлийн газрын гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас концессын гэрээний хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарь 1.9 дэх заалт зөрчигдсөн тул эргэн төлөлтийн хөрөнгө санхүүжилтийг 2019 оны төсвийн төсөлд тусгуулан зуруулахыг даалгах, өрийн баталгаа гаргахгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Монгол Улсын Засгийн газар болон Б ХХК-ийн хооронд байгуулсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих төслийн барих, шилжүүлэх концессын гэрээний хүрээнд өрийн баталгаа гаргаж 2020 оны төсвийн жилийн
төсөлд тусгуулах ажлыг Сангийн яаманд даалгуулах шаардлагын тухайд.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох Б ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 266, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 268, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 289, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 302, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 303, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 419 дүгээр албан бичгүүдээр Сангийн яам, Үндэсний хөгжлийн газарт өрийн баталгаа гаргуулахаар хандаж байжээ.
Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д Засгийн газрын өрийн баталгаа гэж баталгаа гаргуулагч нь гэрээнд заасан төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд төлбөрийг баталгаа гаргуулагчийн өмнөөс төлж барагдуулахаар Засгийн газрын хүлээсэн үүргийг, 8 дугаар зүйлийн 8.1-д Засгийн газар өрийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 8.1.4-т энэ хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу зээллэг хийх, өрийн баталгаа гаргах асуудлыг шийдвэрлэх, 8.2-т Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн өрийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 8.2.3-д Засгийн газрын зөвшөөрснөөр Засгийн газрын өрийн баталгааны болон авлага барагдуулах гэрээг байгуулах гэж заасны дагуу зөвхөн Засгийн газраас гаргасан шийдвэрт үндэслэн Сангийн сайд өрийн баталгаа гаргахаар хуульчилжээ.
Мөн Концессын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д Концессын зүйлийн жагсаалтад дараахь зүйлийг тусгана, 10.3.2-т төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх, 21 дүгээр зүйлийн 21.1-д Хууль тогтоомж, гэрээнд өөрөөр заагаагүй бол концессын гэрээг Монгол Улсын хуулийн дагуу байгуулж, тайлбарлах бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгасан байвал зохино, 21.1.7-д төрөөс концессын гэрээг хэрэгжүүлэхэд үзүүлэх санхүүгийн дэмжлэг гэж заасны дагуу Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай 306 дугаар тогтоолын хавсралтын 719-т Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих концессын зүйлд төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг, баталгаа гаргах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн байгаагаас гадна Б ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Концессын гэрээ ёсоор Засгийн газраас өрийн баталгаа гаргах талаар ямар нэгэн үүрэг хүлээгүй байна.
Өрийн удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.11-д Энэ хуульд заасан шаардлагыг зөрчиж Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг хориглоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Б ХХК-ийн байгуулсан Концессын гэрээнд Засгийн газар өрийн баталгаа гаргах зүйл заалт ороогүй, өрийн баталгаа гаргах үүрэг хүлээгээгүй, концессын жагсаалт баталсан Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих концессын зүйлд өрийн баталгаа гаргахгүй гэж шийдвэрлэсэн тул өрийн баталгаа гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Мөн Төсвийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээ нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна, 30.6-д Концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд үүсэх болзошгүй өр төлбөр, эрсдэлийн тооцооллын тухай мэдээллийг Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тодруулга хэлбэрээр оруулж тайлагнана гэж заасны дагуу хэрвээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих концессын зүйл хэрэгжсэн тохиолдолд концессын гэрээгээр Засгийн газрын хүлээсэн санхүүгийн үүрэг нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байхаар хуульчилсан тул хэрэгжээгүй концессын зүйлийг улсын төсөвт тусгах хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байгаа гэж үзэхгүй учир төсвийн жилийн төсөлд тусгуулахыг даалгах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэл байхгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.4, 8.2, 8.2.3, 33 дугаар зүйлийн 33.11, Концессын тухай хуулийн 3.1.6, 6 дугаар зүйлийн 6.2.8, 6 дугаар зүйлийн 6.2.9, 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.7, Төсвийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5, 30.6 дахь хэсгүүдийг тус тус баримтлан Сангийн яам, Үндэсний хөгжлийн газарт холбогдуулан гаргасан Б ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих төслийн барих, шилжүүлэх концессын гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа Үндэсний хөгжлийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний 2 дугаар бүлэгт заасан үүргээ биелүүлэхийг Үндэсний хөгжлийн газарт даалгаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамнаас 35100 төгрөг, Үндэсний хөгжлийн газраас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ