Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1132

 

 

      2020           9              3                                          2020/ДШМ/1132                              

 

     Б.Тд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Даваасүрэн,

шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Б.Дамба,

хохирогч М.Д, Б.О, тэдгээрийн өмгөөлөгч П.Учралгэрэл,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/1242 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т, хохирогч М.Д, Б.О нарын өмгөөлөгч П.Учралгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Тод холбогдох эрүүгийн 2006012071153 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            А овгийн Б-ийн Т, 1968 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага шар хоолойн 5 дугаар гудамжны 13 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

          Б.Т нь 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага шар хоолойн 5 дугаар гудамжны 13 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа Б.Оийг өшиглөх, цохих, бие рүү нь хутгаар хатгах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

          Мөн өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага шар хоолойн 5 дугаар гудамжны 13 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа М.Дгийн бие рүү хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Б.Тийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Б.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр нэмж нийт эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Тод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Тийг энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутга, нэг ширхэг дээлийг бүсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч М.Д, Б.О нар эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Т давж заалдах гомдолдоо: “... миний бие өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирогч Б.О, М.Д нарыг гэмтээж хохироосондоо маш их харамсаж байна. Би өөрийн үйлдсэн хэргийн улмаас хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялын гэм буруугийн байдалтай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Гэсэн хэдий ч миний бие шүүхээс оногдуулсан 5 жил 1 сарын ялыг биеэр эдлэх хугацаанд манай гэр бүлийг харах хандах хүнгүй, эрх зүйн байдал хүндрэлтэй үлдэж байна. Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарын хохирол, гомдлыг бүрэн барагдуулсан, өр төлбөргүй байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

 

Хохирогч М.Д, Б.О нарын өмгөөлөгч П.Учралгэрэл давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч М.Д, Б.О нарын өмгөөлөгч П.Учралгэрэл миний бие гаргасан давж заалдах гомдлоо дэмжин давж заалдах шатны шүүх хуралд дараах тайлбарыг хийж байна. “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хохирогч нар эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2684 дугаартай дүгнэлтэд “...М.Дгийн биед цээжний баруун хөндийд хатгагдсан нэвтэрч уушиг гэмтээсэн шарх, баруун хөндийд цус, хий хуралдалт, баруун уушгины авчилт, мэс заслын дараах байдал, баруун бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо...” гэж, мөн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2831 дугаартай дүгнэлтэд “... Б.Оийн биед хамар ясны хугарал, хамрын нуруун хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт, баруун өгзөгт шарх, баруун зүүн ташаанд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, баруун тохой, зүүн шуу, тохой, баруун дал, баруун бугалганд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо....” гэсэн байх бөгөөд дээрх олон тооны гэмтлүүд бүгд шүүгдэгч Б.Тийн хууль бус үйлдлийн улмаас учирсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. ..." гэж заасан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө хохирогч нараас 5 хуудас хохирлын баримт гаргаж өгсөн бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар хуудсанд “...хохирогч нарын өмгөөлөгч П.Учралгэрэлийн зүгээс 5 хуудас баримт гаргаж өгөв” гэснээс харагдана. Гэтэл шүүх энэ баримтыг хэрэгт хавсаргаагүй атлаа “... М.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн 1.268.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар хангалттай нотлогдож ирээгүй байх тул Б.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн 684.490 төгрөгийн нэхэмжпэл нотлох баримтаар нотлогдож ирүүлээгүй байх тул...” гэсэн нь хохирогчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчиж, илтэд үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Б.Т нь өөрийн гэмт үйлдлээ огт хүлээн зөвшөөрдөггүй, энэхүү үйлдэлдээ хохирогч нараас уучлалт гуйж байгаагүй, хохирол төлбөрийг бүрэн барагдуулаагүй. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараах зүйлийг тусгана” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгана” гэж заажээ. Гэтэл шүүхээс шүүгдэгч Б.Тд дээрх зүйл хэсгүүдэд заасан хорих ял, нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн доод хэмжээ болох 5 жилийн хорих ял, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан хууль зүйн үндэслэл, шалтгаанаа шүүх тодорхой дүгнэж, тайлбарлаагүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 1242 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хохирогч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний нэхэмжилж байгаа 1 сая гаран төгрөгийн баримтыг цуглуулахад маш хэцүү байсан. Эмнэлэгт байх хугацаанд гаднаас хоол авч иддэг байсан. Гэр хол учир унааны зардал их гарсан.” гэв.

 

Шүүгдэгч М.Тийн өмгөөлөгч Б.Дамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт маргаагүй. Хавтас хэрэгт нотлох баримтын шаардлага хангаагүй баримт ирсэн. Гэхдээ Т гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил хорих ял оногдуулахдаа нөхцөл байдлыг харгалзаж үзсэн. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэмт хэргийн үйлдсэн болохоо маргаагүй. Хэргийн үйл баримт юу болох түүнийгээ л хэлсэн. Өмгөөлөгч Ганбат            хууль зүйн үүднээс тайлбарлахдаа энэ үйл баримт нь санаандгүй юм уу болгоомжгүй үйл баримт байна гэж тайлбарласан. Яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Давж заалдах гомдолдоо мөн адил гэм буруугаа хүлээн мэдүүлсэн. Энэ хэргийн хүрээнд буюу хэрэгт авагдсан баримтын хүрээнд 700.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Т нь хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдэж байсан. Анхан шатны шүүх хохирогч нарын хууль бус харилцаа байсан гэж дүгнэлт хийсэн. Хохирогч нар 11 цаг өнгөрч байхад согтуу ирээд маргаан үүсгэсэн. Хохирогч нар өмнө ирээд 100.000 төгрөг болон гар утсыг нь авч байсан. Т ам бүл 4-үүлээ эх нь өндөр настай. Өөрөө сэтгэцийн эмгэгтэй, том хүү нь хөгжлийн бэрхшээлтэй одоо асрамжид байдаг. Хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг үндэслэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байна.” гэв.

Прокурор П.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 7 жилийн хаалттай хорих ангид ял эдлүүлэх санал гаргасан. Оногдуулсан ялын хувьд шүүхийн эрх хэмжээний асуудал учир мэтгэлцэхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэг нь ял шийтгэл болон зүйлчлэлийн хувьд үндэслэлтэй гарсан гэж үзсэн.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан байх ба шүүхийн шийдвэр нь тухайн бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зохицуулсан.

 

Тодруулбал, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл;”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл”, заасны дагуу дүгнэлтүүдийг хийхээр байна.

 

Шүүгдэгч Б.Төмөцогд холбогдох хэргийг судлан үзвэл, прокуророос Б.Тийг 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага шар хоолойн 5 дугаар гудамжны 13 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа Б.Оийг өшиглөх, цохих, бие рүү нь хутгаар хатгах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Бага шар хоолойн 5 дугаар гудамжны 13 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа М.Дгийн бие рүү хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай тус тус учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Б.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

 

          Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

 

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,  түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт бодитой хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр тухайн зүйл хэсэгт заасан хамгийн бага ял шийтгэл оногдуулсан нь дээр дурьдсан шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийлгүй орхигдуулсанаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилго, үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 

          Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “... шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож,  ...” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, мөн “... хохирогч М.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн 1,268,000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар хангалттай нотлогдож ирээгүй байх тул ...” гэж дүгнэн хохирогч нарыг эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан хохирогч Б.Дгийн “... найзынхаа гарны хүлээсийг тайлах гэхэд намайг хутгалах гээд дайрахаар нь гэрийг нь тойрч зугтаасан. Би гар руугаа хутгалуулчихаад орилсон. Араас гүйж ирээд куртикнээс татаад хутгалсан. Дараа нь хутгалах гээд дайраад байхаар нь зугтаагаад гүйсэн. ...”, хохирогч Б.Оийн “... намайг барьж аваад дээлний шар өнгийн бүсээр хоёр гар, хөлийг хүлээд гэрийн шалан дээр хэвтүүлж дээрээс өшиглөж, дэвсэж, цохиод мөн гурилын модон элдүүрээр миний хамар хэсэгт хоёр удаа цохисон. ...халуун савныхаа тагийг авч байгаад миний нүүр рүү халуун ус асгасан. ...” мэдүүлгүүдээс харахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт эргэлзээ бүхий байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тийн үйлдлийг тохиолдлын шинжтэй гэж үзсэн талаар, мөн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа дээрх байдлаар дүгнэсэн нь учир дутагдалтай, мөн шүүгдэгч Б.Т нь хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж, тарчилган зовоосон шинж байгаа эсэхийг нэг мөр гүйцэт шалгаж, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсний эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

 

          Түүнчлэн хохирогч нарын өмгөөлөгч П.Учралгэрэл анхан шатны шүүх хуралдаанд хохирлын 5 хуудас нотлох баримт гаргаж өгсөн тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан боловч хэрэгт уг баримт хавсаргагдаагүй, анхан шатны шүүх уг баримтын талаар огт дүгнэлт хийлгүйгээр хохирогч нарын нэхэмжилсэн 1,268,000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар хангалттай нотлогдож ирүүлээгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д заасан шаардлагыг зөрчсөн байх тул энэ талаар гаргасан хохирогч нарын өмгөөлөгч П.Учралгэрэлийн “... учруулсан хохирлыг нотлох баримтаар нотлогдохгүй үндэслэлээр жич нэхэмжилэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон бол шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх, харин тухайн зөрчил нь шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөөгүй гэж үзвэл шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулж шийдвэрлэх боломжтой байхаар зохицуулсан.

 

Гэтэл анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийн талаар болон хуульд заасан шаардлагын дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар зохих дүгнэлт хийж нэг мөр шийдвэрлэлгүй орхигдуулсны улмаас шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шударга ёсны зарчимд нийцсэн эсэхийг дүгнэх боломжгүй байдалд хүргэж байна.

 

          Иймд хохирогч нарын өмгөөлөгч П.Учралгэрэлийн гаргасан “...учруулсан хохирлыг нотлох баримтаар нотлогдохгүй үндэслэлээр жич нэхэмжилэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Б.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/1242 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Тд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                        Б.АРИУНХИШИГ

 

                                    ШҮҮГЧ                                                        Б.БАТЗОРИГ