Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2021/01483

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2021/01483

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, Өлгий хот, 6 дугаар баг, Хөх толгой 33 гудамж, 7б тоотод оршин суух, Шеруши хурман овогт Жанимханы Серик /РД:БЗ72122539/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Шарга морьт, ойн сургууль гудамж 34 тоотод оршин суух, Жаргал овогт Хүрэлбаатарын Ихбаяр /РД:ЧК85020974/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал, хариуцагч Х.Ихбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгч Ж.Серик, хариуцагч Х.Ихбаяр нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Зээлийн гэрээг нотариатаар батлуулсан. Тус гэрээнүүд Иргэний хуулийн 281, 156 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан.

Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлд 12,500,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 2019 оны 5 дугаар сарын 01-нийг хүртэл 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй Х.Ихбаярт зээлдүүлэхээр, 3 дугаар зүйлд Зээлдэгч төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор заасан байна.

Зээлдүүлэгч нь уг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж 12,500,000 төгрөгийг зээлдэгч Х.Ихбаярын эзэмшилд шилжүүлсэн боловч Х.Ихбаяр нь мөнгө болон түүний хүүг хугацаанд нь төлөх үүргээ гүйцэтгээгүй, уг мөнгөө төлөхийг шаардахад удахгүй өгнө гэх мэтээр хойшлуулж, хамгийн сүүлд 2019 оны 9 дүгээр сарын 1-ний дотор бүрэн төлнө, хохирлыг барагдуулах болно хэмээн өөрийн гараар баримт үйлдэж өгсөн. Гэвч өнөөдрийн байдлаар ямар нэгэн мөнгө төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна.

Иймд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 12,500,000 төгрөг, сарын 3 хувийн хүү болох 375,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 2019 оны 5 дугаар сарын 01-нийг хүртэл 6 сарын хугацаагаар тооцож 2.250.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 01-нээс нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл 131 хоногийн алдангийг хоногийн 0,5 хувь буюу 62,500 төгрөгөөр тооцоход үндсэн зээлийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар 6.250.000 төгрөг, нийт 21,000,000 төгрөгийг Х.Ихбаяраас гаргуулж нэхэмжлэгч Ж.Серикт олгуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Тус шүүхэд нэхэмжлэгч Ж.Серик, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

Х.Ихбаяр нь 2017 онд "Таванбогд ХХК-д бүсийн менежерээр ажиллаж байхдаа Ж.Серик гэдэг хүнийг ажил хэргийн шугамаар таньдаг болсон.

Найз М.Өнөрсайхан чихрийн үйлдвэр байгуулж, чихрийн бизнес хийвэл их ашигтай ажиллах юм байна, чи хөрөнгө оруулагч олооч гэж ярилцсаны дагуу би Ж.Серикэд чихрийн үйлдвэр байгуулах санал тавихад намайг Таванбогд ХХК-иас гарч хамтарч ажиллах юм бол зөвшөөрнө гэсэн.

Ингээд М.Өнөрсайхан, Ж.Серик бид 3 уулзаж ярилцаад ажил хэрэг болгохоор төлөвлөж Амин Монгол Чихэр" ХХК-ийг 2018 оны 09 сард байгуулж, Ж.Серик 34 хувь, М.Өнөрсайхан бид хоёр 33.3 хувийн эзэмшигч болсон.

Үүний дараа хөрөнгө оруулалт хийхийн тулд Ж.Серик надтай 2018 оны 10 сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. 12.500.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ байгуулсан боловч би энэ мөнгийг гар дээрээ болон дансаар хувьдаа огт аваагүй юм. Учир нь: зээлсэн гээд байгаа 12.500.000 төгрөгийг Ж.Серик надад өгөлгүйгээр, М.Өнөрсайхан, Ж.Серик бид 3 чихэр үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдаж авахаар Бээжин-Гуанжү хот руу хамтдаа явсан. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бид гурав Улаанбаатар-Замын-Үүдийн галт тэргэнд сууж, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Бээжин-Гуанжү рүү явсан. Гуанжүд очоод чихэр үйлдвэрлэх тоног төхөөрөмжөө 37.000.000 төгрөгөөр худалдаж аваад Эрээн хот хүртэл ачуулаад буцаж Монголдоо ирсэн. Нэг сарын дараа Эрээн хотод бидний ачуулсан тоног төхөөрөмж ирсэн тул М.Өнөрсайхан бид хоёр хамтдаа Эрээн хотод очиж үйлдвэрийн тоног төхөөрөмжөө Улаанбаатар хот руу ачуулсан.

Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, цэргийн хотхоны ойролцоо байдаг Will mart дэлгүүрийн 1 давхарын 3 өрөө 120 мкв талбайг үйлдвэрийн зориулалтаар түрээслэхээр болж, түрээсийн байрны засвар, тоног төхөөрөмжөө суурилуулах гэсээр байгаад он гаргаад 2019 оны 1 сард үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн.

Амин Монгол Чихэр" ХХК-ийн солонгон өнгөтэй иштэй чихэр нь 1 хайрцагт 12 ширхэг чихэр 17.500 төгрөгөөр жижиг дэлгүүрүүдээр зардаг байсан. Эхний үед үйлдвэрийн түүхий эд, байрны түрээс гээд ашиг муутай ажиллаж байсан. Гэсэн хэдий ч би чихрээ үйлдвэрлээд, борлуулалтаа хийгээд юм юмаа л амжуулаад ажиллаж байсан. Сүлжээ том дэлгүүрүүдэд чихрээ борлуулахаар ярьж тохироод байх яг тэр үед Ж.Серик нутаг явахаар болсон. Баян-Өлгий рүү явахдаа Амин Монгол Чихэр ХХК-ийн тамга, гэрчилгээг аваад явсан. Өөрийг нь эзгүйд хүү Алтыбек нь ирж тамга дарж, гарын үсэг зурна гэж хэлсэн боловч Сүлжээ дэлгүүрүүдтэй борлуулалтын гэрээ хийх үед хүү Алтыбек нь ирж өгөхгүй байсаар байгаад гэрээгээ ч хийж чадаагүй.

Үйлдвэрлэл явуулж эхэлснээс хойш 5 сарын дараа чихэр үйлдвэрлэх түүхий эдийн мөнгөгүй болж, сүүлийн 2 сарын үйлдвэрийн байрны түрээсээ төлж чадаагүй тул үйлдвэрийг хааж байдал бүр дордсон.

2019 оны 9 сарын үеэр Ж.Серик Улаанбаатар хотод ирж М.Өнөрсайхан бид хоёртой уулзаад намайг 2 сарын байрны түрээс 3.000.000 төгрөгийг төлчих, би контейнер олоод тоног төхөөрөмжөө ачиж, энэ түрээсийн байрыг чөлөөлж өгье гэж хэлсэн. М.Өнөрсайхан, Ж.Серик хоёр үйлдвэрээ үргэлжлүүлээд ажиллуулна гээд намайг өөрсдийн багаас хассан. Ингээд би Вета ХХК-д борлуулалт хариуцсан менежерээр ажилд орсон бөгөөд тухайн үед мөнгө байхгүй байсан тул түрээсийн мөнгийг төлж чадаагүй юм.

Ж.Серик миний ажилладаг компани дээр ирж, хэл ам хэрүүл шуугиан тариад байсан тул дөнгөж ажилд орчихсон байсан болохоор хүмүүсээс ичихдээ 12.500.000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн баримтанд гарын үсэг зураад өгсөн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Зээлдүүлэгч нь уг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж 12.500.000 төгрөгийг зээлдэгч Х.Ихбаярын эзэмшилд шилжүүлсэн гээд байгаа нь үндэслэлгүй худлаа зүйл юм.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу 12.500.000 төгрөгийг зээлдэгч Х.Ихбаярын эзэмшилд шилжүүлж өгөөгүй тул 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээ биш бөгөөд зээл бодитоор олгогдоогүй байхад зээлийн хүү, алданги шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна.

Иймд Ж.Серикийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ш.Серик нь хариуцагч Х.Ихбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Маргааны зүйл болсон зохигч талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээний 7-д 12,500,000 төгрөгийг ХААН банкны 5040159943 тоот дансанд шилжүүлнэ гэж тохиролцжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан, гэтэл зохигчдын хооронд байгуулагдсан дээрх Зээлийн гэрээ-ний дагуу хариуцагч Х.Ихбаярын ХААН банкны 5040159943 тоот дансанд нэхэмжлэгч Ж.Серикээс 12,500,000 төгрөг шилжүүлэн өгсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл талуудын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Харин нэхэмжлэгч Ж.Серик нь хариуцагч Х.Ихбаяртай хамтран хуулийн этгээд байгуулж, чихрийн үйлдвэрлэл эрхлэхээр харилцан тохиролцож, улмаар чихрийн үйлдвэрлэл эрхлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад хэрэгцээтэй мөнгөн хөрөнгийг Ж.Серик гаргаж, уг тоног төхөөрөмжийг БНХАУ-аас худалдан авсан ба түүнтэй холбоотой гарсан зардлаас 12,500,000 төгрөгийг Х.Ихбаяр хариуцан Ж.Серикт төлөхөөр харилцан тохиролцсон болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигч талуудын тайлбар, дансны хуулга, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн огноо бүхий 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ж.Серикээс иргэн Х.Ихбаяр тоног төхөөрөмж худалдан авахаар 12,500,000 төгрөг зээлээр авсан нь үнэн болно ... гэсэн гараар бичсэн баримт, Х.Ихбаярын гадаад паспортын хуулбар дахь Монгол улсын хилээр орсон гарсан тэмдэглэгээ, галт тэрэгний тасалбар, Амин Монгол чихэр ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд Амин монгол чихэр ХХК-ийн захирал-р Ж.Серик-г томилсныг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн болохыг тэмдэглэжээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана гэж, мөн хуулийн 14.4.2-т бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлаганягтлан бодох бүртгэлд заавал бүртгэнэ гэж заажээ.

Гэтэл Амин монгол чихэр ХХК-ийн захирал Ж.Серик нь өөрийн хөрөнгөөр худалдан авсан, чихрийн үйлдвэрлэлд ашиглагдаж байсан тоног төхөөрөмжийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу компанийн хөрөнгөд бүртгэсэн, компанийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн талаар санхүүгийн баримтаар нотлохгүй байна. Энэ нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 7/3868 тоот албан бичгээр Амин монгол чихэр ХХК /6361463/-ийн өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байна гэжээ.

Амин монгол чихэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн үүрэг, хариуцлагад өөрчлөлт оруулсан тухай бичгийн баримт байхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ...нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т ...өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасныг нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ-ний заалтуудыг үндэслэж зээлийн хүү, алданги нэхэмжилсэн, уг гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтад заасан хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад заасан анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэхээр боловч уг гэрээг хуульд зааснаар байгуулагдсанд тооцож, үр дагаврыг шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймээс, хариуцагчийн татгалзлыг хүлээн авч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээрзүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Х.Ихбаяраас 21,000,000 төгрөг гаргуулах тухай Ж.Серикийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Серикийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 262,950 /хоёр зуун жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.  

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ТҮМЭНЦЭЦЭГ